Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А-д холбогдох, 

40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагч Г.А, гэрч Ц.Пүрэвбаяр, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би  2014.04.01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооллын хотхон Их тойруу гудамж, 56 тоот хаягт байрлах Г-5504025093 дугаартай 360 м.кв талбайтай гараашийг сарын 2,000,000 төгрөгөөр тооцон Г.Аад  2016.04.01-ний өдрийг хүртэл түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг бид амаар тохиролцсон бөгөөд бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй. Энэ хугацаанд Г.А 2014.04.01-ний өдөр 4,000,000 төгрөгийг төлсөн.  Дараа нь 4,000,000 төгрөг төлсөн. 2014.04.01-ний өдрөөс 2016.04.01-ний өдрийг хүртэл гараашийн төлбөр 24 сарын хугацаанд 48,000,000 төгрөг болсон. Г.Аын надад төлсөн 8,000,000 төгрөгийг хасаад үлдэх 40,000,000 төгрөгийг огт өгөөгүй. 2014 оноос 2016 оны хооронд Г.А нь мөнгийг чинь удахгүй төлнө, Хятадаас хөрөнгө оруулалт орж ирнэ, тэгээд төлбөрийг төлнө гэсээр өдийг хүрсэн. 2016.04.01-ний өдрөөс хойш Г.А нь усаа авахгүй, холбоо барихгүй байсан учраас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулсны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017.04.05-ны өдрийн 2198 дугаар тогтоолоор иргэд хоорондын маргаан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  би Г.Атай өөрийн нь гэрийн ойролцоо гарааш уруу орж явахад нь тааралдсан бөгөөд надад баталгаа болгож, 40,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх тухай бичиг хийж өгсөн. Одоог хүртэл гараашийн төлбөрийг өгөхгүй байгаа тул Г.Ааас гараашийн түрээсийн төлбөр 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тус тодруулсан шаардлагад Ч.Т 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.Атай Баянзүрх дүүрэгт байдаг гараашийн гадаа тааралдсан. Тухайн үед Ч.Т, Г.Атай уулзах гээд олж чадахгүй удаж байсан. Гэнэт тааралдсан тул авах ёстой мөнгө болох 40,000,000 төгрөгөө асууж авъя гэхэд Г.А гарааш руу дагуулан орж машиныхаа араас тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд тус 40,000,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон. Энэ хугацаандаа төлбөл 15,000,000 төгрөг төлье гээд төлбөр төлөх хугацааг дахин тохиролцож гарын үсэг зурсан. Гэвч тус тооцоог нийлж, хэлцэл хийснээс хойш Г.А 2016 онд ямар ч төлөлт хийгээгүй, утас нь холбогдохгүй алга болсон. Тус хугацаанд нэхэмжлэл гаргах гэсэн боловч төлбөрийн хугацааг тохиролцсон бөгөөд энэ хугацаа нь дуусаагүй учраас нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан авахгүй байсан. Нэхэмжлэлээ өгөх гэж 2 удаа оролдсон ч тохиролцсон хугацаа дуусаагүй байна гээд аваагүй. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаа дуусахад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2014-2016 онд Ч.Тын өмчлөлийн гараашийг түрээсэлж, ажиллуулсан төлбөрийг төлөхийг зөвшөөрч 2017 онд шинээр тооцоо нийлж баримт үйлдэн, харилцан тохиролцож гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь хуульд харшлаагүй талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл болсон. Тус хэлцлээр тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тул дээрх 40,000,000 төгрөгийг Г.Ааас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хэлцлээр нийт 40,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байгаа тул хуульд заасны дагуу шаардах эрх үүссэнийг Иргэний хуулийн 39.1, 40.1, 56.3, 186.1, 187.1-д тус тус заасныг үндэслэсэн нэхэмжилж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр Баянзүрх дүүрэгт байх 2 давхар объектын 1-р давхрыг нэг сарын 2,000,000 төгрөгөөр тооцож түрээсэлсэн. Нийт 48,000,000 төгрөг болсноос 8,000,000 төгрөгийг Г.А 2 удаа хувааж төлсөн байдаг. Ингээд үлдэгдэл 40,000,000 төгрөг дээр 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэлцэл хийсэн. Ч.Т тус гараашийг 2008 оноос хойш түрээслүүлж эхэлсэн. 2009 онд үйл ажиллагаа нь жигдэрсэн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2014 оны 08, 09 дүгээр сард тус тус 2,000,000 төгрөг бэлнээр, нэг удаа 100,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөг авсан. 2016 оны 04 дүгээр сард ажлаа хаяад явсан. 2 жил ажиллуулсан гэдгээ өөрийнхөө тайлбараар нотолсон. Г.А 18,000,000 төгрөг өгсөн гэж байгаа ч энэ нь нотлогддоггүй. 2 давхар 576 м.кв талбайтай объектын 1 давхрын 365 м.кв талбайг хэсэгчилж түрээсэлсэн учраас үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй. Иймд тус төлбөрийг Г.Ааас гаргуулж өгнө үү ...” гэв.

Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түмэнбаярын гараашийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс манай үеэл Ангараг авто угаалгын чиглэлээр 2 сараар түрээсэлсэн. Тэгээд ашгаа олж чадахгүй байна гарлаа гээд 2014 оны 05 дугаар сарын 10-ны үед Ангарагийн түрээсийн хугацаа дуусаагүй байхад би ажиллуулж эхэлсэн. Анх Ангарагийг ороход нь гэрээ хийгээрэй гэж хэлж байсан. Би 2014 оны 6 сарын 1-нээс хойш 2 сарын мөнгө 4,000,000 төгрөгийг шилжүүлээд орсон. Тухайн үед байраа ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан бэлэн мөнгөтэй байсан. Түрээсийн хугацаандаа гэрээ хийе гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Тэгж байгаад болно гээд гэрээ хийхээс цааргалдаг байсан. Ихэвчлэн бэлэн мөнгө авдаг ч баримт өгдөггүй. Гарааш дээр, гэрийн гадаа нь очиж мөнгөө өгдөг байсан. Би 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулж байгаад 2014 оны 8 сарын 5 орчмын үед түрээсээ өгөөгүй гээд хүний янзлуулж байсан машинтай хамт гараашаа цоожилсон. Хүн нь машинаа авмаар байна гээд бөөн хэл ам болсон. Тэгэхээр нь хамт ажиллаж байсан Гэрэлчулуунд өөрийнхөө киа бонго машиныг зараад, би Ч.Тт 4,800,000 төгрөгийг хэтэрсэн хугацааны төлбөртэй нь бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. 2014 оны 09 дүгээр сарын сүүлээр ББСБ-ын барьцаанаас байраа чөлөөлөөд Хас банкнаас 40,000,000 төгрөгийн зээл авсан. 8,000,000 төгрөгийг Ч.Тт өгсөн. Энэ хугацаанд гайгүй болчих байх гээд ажиллаж байгаад тэр хугацаанд 2,200,000 төгрөг өгсөн байдаг. Би удаа дараа бэлэн мөнгө өгч авалцсан баримт үйлдье, гэрээ байгуулъя гэж байсан. Би 2015 оны 11 дүгээр сарын 1 хүртэл ажиллуулахад уг гарааш замаас хол, хүн мэдэхгүй, ашиг сайн олохгүй байсан учир түрээслэхээ болилоо гэж Түмэнбаяр ахад хэлсэн. Гэтэл ахынхаа гараашийг хөл дээр нь босгоод өгөөч, хариуцаад ажиллуулаад өг, туслаач гэхээр нь туслая, тогтмол орлоготой газар болгож өгье гээд засварын хийдэг хүмүүст санал болгож хэсэгчилж түрээсэлж байсан, оройгоор гарааш, зогсоол болгож байсан. Вьетнам авчирч засварын ажил хийлгэж байсан. Аавынхаа түншээр дамжуулаад машины салон доторлодог Хятад хүн хүртэл урьж авчирч байсан. Би 2016 оны 6 дугаар сард Гадаадын иргэн, харьяатын газарт ажилд ороод гараашийг хариуцаж ажиллуулж чадахаа байсан. Тэгээд чи яах гэж байна гэхээр нь аль болох үйл ажиллагааг нь жигдрүүлэх гээд дүүгээрээ харуулъя гээд хүмүүсээ зохион байгуулж байсан. Хамгийн сүүлд Ч.Т Ц.Пүрэвбаяр гэж түрээслэгчийг оруулсан байсан. Ингэж хариуцаж ажиллуулж байхдаа бэлэн мөнгө өгдөг байсан, гараашид хамт ажилладаг байсан хүмүүсийг дагуулж явдаг байсан. 2016 оны 02 дугаар сард Гадаадын иргэн харьяатын газар ажиллаж байгаад хэрэгт холбогдоод хоригдсон байх хугацаанд Түмэнбаяр цагдаад залилсан гэж хандсанд нь би маш их гомдож байгаа. Намайг батлан даалтаар гарч ирээд удаагүй байхад Ч.Т гарааш уруу ороход араас 2 залуугийн хамт орж  ирсэн. Манай гэрийг мэддэг, гэр бүлд маань заналхийлэл үүсгэх юм байна гэж үзээд өөрийнх нь хэлснээр 40,000,000 төгрөг төлнө гэсэн бичиг хийж өгсөн, энэ хэлцэл бол хүч хэрэглэж хийсэн хэлцэл. Намайг удаа дараа гэрээ хийе гэхэд хийж байгаагүй байж хэрэгт шалгагдаад хоригдоод гарч ирсний дараа ингэж байгааг ойлгохгүй байна. Надаар бичиг хийлгэж авсныхаа маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаад намайг залилсан гэж гомдол өгсөн байдаг. Тийм учраас би камерын бичлэг авсан. Цагдаагийн байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Өмнө нь ямар нэгэн байдлаар айдастай байдал үүсгэж заналхийлж байсан учраас гэрээ хийсэн. Би гараашийг нь хариуцаж ажиллуулж тухай бүр мөнгийг нь өгч байсан учраас нэг ч төгрөг төлөх тооцоо байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Амаар байгуулсан гэх “Түрээсийн гэрээ”-г Г.А миний бие дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно. Үүнд: 1. Хүч хэрэглэж, хийсэн хэлцэл буюу “Түрээсийн гэрээ” байгуулаагүй байхад амаар байгуулсан мэт болгож, гэрээний төлбөр төлөх тухай “Батламж бичиг”-ийг хүч хэрэглэж, айлган сүрдүүлж хийлгэсэн тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн “Хүч хэрэглэж хийсэн” хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэх заалтыг зөрчсөн буюу 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй, гэрчилгээтэй объектыг надад түрээсэлсэн гэж байгаа тохиолдолд “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл Г.А надтай түрээсийн харилцаанд хэзээнээс хэдий хүртэл яаж орсон тухай тодорхойгүй, түрээсийн гэрээгүй, түүнийгээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй атлаа, “Түрээсийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг шаардаж буй нь үндэслэлгүй бөгөөд ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан Хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг бүрэн агуулж байх тул 2014 оны 04 дүгээр сарын сарын 01-ны өдөр амаар байгуулсан гэх “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...” гэв.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “... Ч.Т, Г.А нар уулзаад нийт 48,000,000 төгрөг болж байна, үүнээс 8,000,000 төгрөгийг өгсөн гэж тооцоо нийлсэн. Тухайн үед Г.А одоогоор өгөх боломжгүй байна. Энэ ондоо багтаавал 15,000,000 төгрөг өгөөд тооцоогоо дуусгая гэж тохиролцоод бичиж өгсөн бичиг байгаа. Гэтэл 15,000,000 төгрөг өгөөгүй учраас Ч.Т 40,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. 40,000,000 төгрөгийн хэлцлийг хийснээс хойш хүч хэрэглэсэн талаар гомдлоо гаргаж болох байсан. Хүч хэрэглэсэн нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 60.3-т зааснаар 1 жилийн хугацаанд гомдлоо гаргах эрхтэй байсан. Талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн бичгээр байгуулах ёстой байсан гэрээг сүүлд төлбөр дээрээ тохиролцож шинээр хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 56.1.8, 56.3, 60.3-т заасныг үндэслэсэн тул хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт хамааралгүй, шаардлага хангахгүй гэж үзэж байна…” гэв. 

 

            Шүүх зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т хариуцагч Г.Аад холбогдуулан “гарааш түрээсэлсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 40,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.А “ түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, 2014 оны 11 сарын 1 хүртэлх төлбөр тооцоог хийсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2014 оны 4 сарын 1-нээс 2014 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл хариуцагч Г.Аын үеэл болох н.Ангараг Ч.Тын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон Их тойруу 56 тоот хаягт байрлах гараашийн зориулалттай 576 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 360 м.кв талбайтай гараашийг 2 сарын хугацаатай түрээслэн ажиллуулж байгаад 2014 оны 5 сард Г.Аад шилжүүлэн өгсөн байх ба Г.А ажиллуулж байгаад 2014 оны 6 дугаар сарын 1-нээс дээрх үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг тодорхойгүй хугацаатай байгуулж, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар тутам 2,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Зохигчид уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон Их тойруу 56 тоот хаягт байрлах гараашийн зориулалттай 576 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг буюу 1 давхарт байрлах 360 м.кв талбайтай гараашийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй түрээслэх боломжтой боловч түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд талуудад түрээсийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Гэвч хариуцагч нь бодит байдалд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, үйлчилгээний зориулалттай 360 м.кв талбайтай гараашийг 2014 оны 11 дүгээр сарын 1-нээс ашиглахаа больё гэж хүсэл зоригоо илэрхийлэхэд Ч.Таас хариуцан ажиллуулж байх талаар санал гаргасны дагуу 2016 оны 4 сар хүртэл хариуцан ажиллуулж байсан болох нь тогтоогдож байх боловч хамтран ажиллах гэрээний болон хөлсөөр ажиллах харилцаа үүссэн, өөрөөр хэлбэл эдлэх эрх, гүйцэтгэх үүргийг тодорхойлж, ашиг, алдагдлаа хуваарилахаар тохиролцсон, ямар ажил үйлчилгээг ямар ажил үйлчилгээг ямар хөлсөөр хийхээр тохирсон зэрэг нь тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагчийг бусдын эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хөрөнгөө бодитоор бусдын эзэмшилд байсан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ....хариуцагчаас 8,000,000 төгрөг авсан..., түүний төлөөлөгч шүүх хуралдаанд ....8,100,000 төгрөг авсан..... гэж тус тус тайлбар гаргаж байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 8,100,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тооцох үндэслэлтэй ба хариуцагч нийт 15,000,000 төгрөг бэлнээр төлсөн гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох боломжгүй гэж тайлбарласан.

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч нь гараашийг 2016 оны 4 сар хүртэл түрээслүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй,  түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2014.11.01-нээс 2016.04.01-ний өдрийг хүртэл төлбөр шаардсаныг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал 2017 оны 1 сарын 16-ны өдөр Г.Атай тооцоо нийлж, түүнтэй “...2014.06.01-нээс 2016.04.01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 40,000,000 төгрөг төлнө, харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 жилийн дотор 15,000,000 төгрөг төлж барагдуулж санал гомдолгүй болохоор тохиролцсон болно... гэсэн хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд 2017 оны 1 сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 39.1, 40.1, 189.1-д зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй, уг 2017 оны 1 сарын 16-ны өдрийн “гараашийн түрээсийн мөнгө өгөх талаар” гэсэн баримт нь бичгээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээнд үндэслээгүй тул уг баримтыг үндэслэн 40,000,000 төгрөгийг Г.Ааас гаргуулах үндэслэлгүй болно.

Г.А уг гараашийг 2014 оны 11 сарын 1-нээс хойш үргэлжлүүлэн ашиглах хүсэл зориггүй талаараа нэхэмжлэгчид илэрхийлэхэд нэхэмжлэгч хариуцан ажиллуулахыг зөвшөөрсөн байх тул 2014.11.01-ний өдрөөс хойш Г.Аад хууль болон гэрээнд заасан үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин хариуцагчийг 2014.06.01-нээс 2014.11.01-ний өдрийг хүртэл гараашийг ашигласан гэж үзэж, зохигчдын тайлбараар сарын 2,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

Төлбөрийг 2014.06.01-нээс хойш 2014.11.01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд байрыг эзэмшил, ашиглалтдаа байлгасныг бодитой буцаах боломжгүй тул уг үр дагаврыг нэхэмжлэгч гараашийг түрээсэлсэн бол сард 2,000,000 төгрөг олох боломжтой байсан гэж үзэн 10,000,000 төгрөг төлөх үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчийн хувьд үүсэх тул түүний нэхэмжлэгчид урьдчилан төлсөн 8,100,000 төгрөгийг хасаж 1,900,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Г.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна.

 Ч.Тын төлөөлөгч Д.Нарантуяа “түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй нь үнэн боловч 40 сая төгрөг төлөх хэлцлийг хүч хэрэглэж байгуулаагүй, өөрөө хүлээн зөвшөөрсөн, 2 давхар үл хөдлөх хөрөнгийн 1 давхар буюу 360 м.кв гараашийг түрээсэлснийг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318 дугаар зүйлийн 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

Г.Аын хэрэгт өгсөн сиди бичлэгт үзлэг хийхэд Г.А, Ч.Т, гэрч Г.Түмэнжаргал нар 2017 оны 1 сарын 16-ны өдөр орон сууцны подвалд байрлах авто зогсоолд уулзаж, ярилцаж байгаа нь тогтоогдсон боловч Г.Аын сөрөг нэхэмжлэлд дурдсан ... 2017 оны 1 сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөг төлөх гэсэн бичгийг Ч.Т айлгаж сүрдүүлж, хүч хэрэглэж бичүүлж авсан... гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяагийн ... Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаагүй... гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.А нэхэмжлэгч Ч.Тын 2 давхар үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг болох 1 давхрын 360 м.кв гараашийг ашигласан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангах үндэсгүй.

Харин Ч.Т, Г.А нар үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй нь тогтоогдсон, талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тодорхойлсон хэлбэрийн шаардлагыг хангахгүй тул “хүчин төгөлдөр бус” гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2014.04.01-нээс 2014.06.01 хүртэл Ч.Т н.Ангараг нарын хооронд үүрэг үүссэн, 2014 оны 6 сарын 1-нээс хойш Ч.Т Г.А нарын хооронд хуульд заасан үүрэг үүссэн байх тул 2014 оны 6 сарын 1-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Даргалагчаас “шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинээр гаргах баримт, санал хүсэлт байна уу” гэж асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа “байхгүй” гэж хариулсан, хариуцагч Г.А “гэрч Э.Гэрэлчулууныг асуулгах” хүсэлтээ дэмжиж, хурал завсарлаж, хүсэлт шийдвэрлэснийг танилцуулсны дараа нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэлцүүлэг эхлэх үед сөрөг нэхэмжлэлд тайлбар бичиж, хуралд ажиглагчаар оролцож байгаа нэхэмжлэгч Ч.Таар гарын үсгийг нь зуруулж өгсөн.

Үүнийг нь шүүх хуралдаан даргалагчаас “хэлэлцүүлэг эхлэхээс өмнө баримт байгаа эсэхийг асуухад байхгүй гэж хариулсан, шинэ баримт биш тайлбар байна, нэгэнт шүүх хурлын өмнө болон хэргийг хэлэлцэхээс өмнө хэрэгт өгөх баримт байна уу гэхэд өгөөгүй, сая бичсэн тайлбараа шүүх хуралдаандаа гаргах боломжтой” гэсэн үндэслэлээр хэрэгт аваагүй нь нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг нь хязгаарлаагүй, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал 2018.04.19-ний өдөр гардан авснаас хойш 14 хоногийн хугацаа хангалттай өнгөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээний үнэ тодорхойгүй байх тул Г.Ааас сөрөг нэхэмжлэлд төлсөн 357,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 287,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ааас 1,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлээс 38,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Ч.Т, Г.А нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 45,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Г.Ааас төлсөн 357,950 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 287,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Г.Аад олгож, нэхэмжлэгч Ч.Таас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Аад тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.БАТЦЭЦЭГ