Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч М.Т , Б.Ц , тэдний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Т, Б.Ц нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000230 дугаартай, 163/2020/0015/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Булган аймгийн ... т оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлжбайгаагүй, Н овогтой М.Т,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Оёдолчин мэргэжилтэй, малчин, Булган аймгийн ... т оршин: суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогтой Б.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т , Б.Ц  нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ... ийн нутаг “Задгай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр /Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 128 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “мод бэлтгэх эрхиин бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам“ -ын 2.6-д заасан “Эрхийн бичгийг модны тоо, хэмжээ, он, сар, өдөр зөрүүтэй, засварласан, асуултыг дутуу гаргацгүй бичсэн, тэмдгийн дугаар, бичиг мэдэгдэхгүй, гарын үсэг тэмдгээр баталгаажаагүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хүчингүйд тооцно”/ гэснийг зөрчин ойгоос 2.3242 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж **-** БУН улсын дугаартай Х.Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 662.205 төгрөгийн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 1.866.615 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000230 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Иргэний нэхэмжлэгч Ж.А гийн өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид сум дундын ойн ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм. Заасан газраас өөр газраас авах, хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг нь хүчингүй болгох үндэслэл болдог. Дээрх иргэд нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. Тухайн байгаль хамгаалагч мод бэлтгэх газраа өөрийн биеэр очиж иргэдэд заан өгч бэлтгүүлж тээвэрлэлтэнд хяналт тавих үүрэгтэй. Тус сумын Уньт багт надтай адил эрх мэдэлтэй албан тушаалтан байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.П ажиллаж байгаа. Баг тус бүрт 2-3 газарт тусгаарлалт хийгдсэн байдаг. Уньт багт Задгай, Хавчуу гэх газар тусгаарлалт хийгдсэн байгаа. Дээрх иргэд нь эдгээр газраас өөр газраас мод бэлтгэсэн байгаа юм. Иргэн Т  нь Уньт багийн Задгай гэх газраас мод бэлтгэсэн боловч тусгаарлагдсан талбайгаас гадна талаас нь модоо бэлтгэсэн байна. Цамын хүнгүй гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Ч.П ын өгсөн: “... Манай ... ийн иргэд болох Б , А , Б , У , Т , А  нар нь ... ийн нутаг болох Цамын хүнгүй, Задгай гэх нэртэй газруудаас түлшний модоо зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиггүй мод бэлтгэсэн байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад дуудагдан ирчихээд байна. Т  нь урд өмнө нь эрхийн бичиг ээ бичүүлээд авчихсан байсан. М.Т  нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Т  нь уг эрхийн бичгээрээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ойгоос мод бэлтгэж ачиж яваад цагдаад баригдсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Ш.Д гийн өгсөн: “... Энэ жил Уньт багийн хувьд Задгай, Хөтөл ус, Хавчуу, Индэрт, Хамар гэх газруудад иргэдийн түлшний модны талбай тусгаарлалт хийгдсэн. Эдгээрээс өөр газраас иргэд мод бэлтгэх зөвшөөрөд олгогдохгүй. Тухайн багийн байгаль хамгаалагч эдгээр газруудад мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдийн хүсэлтийг үндэслэж мод бэлтгэх эрхийн бичиг олгоно. Ямар нэгэн байдлаар талбай тусгаарлалт хийгдээгүй газар эрхийн бичиг бичихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 61-62 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-21 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

  Шүүгдэгч М.Т , Б.Ц  нар нь бүлэглэн дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ХутагӨндөр сумын ... ийн нутаг “Задгай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.3242 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж **-** БУН улсын дугаартай

Х.Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 662.205 төгрөгийн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 1.866.615 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч М.Т , Б.Ц  нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч М.Т , Б.Ц  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч М.Т, Б.Ц  нарын үйлдлийн улмаас ойн санд 1866615 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Ж.А гийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Т , Б.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Т , Б.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч М.Т , Б.Ц нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 93500 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн 2.3242 м3 50 ширхэг шинэс төрлийн мод тус бүрийг улсын төсөвт шилжүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУН улсын дугаартай HYUNDAI Porter загварын хөх өнгийн 5.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг хохиролд тооцуулахаар М.Т аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул тэднээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Т , Б.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овогтой М.Т, Г овогтой Б.Ц  нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Ц  нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-тзааснаар шүүгдэгч М.Т , Б.Ц  нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож,  ял оногдуулахыг сануулсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч М.Т , Б.Ц  нараас тус бүрээс 933.307 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэдзааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 93500 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь СДЦТ-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 2.3242 мерт куб буюу 50 ширхэг шинэс төрлийн модыг улсын төсөвт шилжүүлж, мөн **-** БУН улсын дугаартай Х.Портер загварын хөх өнгийн 5.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг хохиролд тооцуулахаар шүүгдэгч М.Т аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  7. Шүүгдэгч М.Т , Б.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй,иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч М.Т , Б.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН