Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01867

 

  “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01315 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1686 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Л” ХХК, А.Л нарт  холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 199.914.667 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даалтын гэрээ болон төлбөр барагдуулах гэрээний үүрэгт батлан даагч Л ХХК-ийг нөхөх хариуцлага хүлээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.Лхагвасүрэнгийн хүсэлтийг үндэслэн 80.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар, нэг сарын 4 хувийн хүүтэй олгож зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн А.Лхагвасүрэнгийн 2 өрөө орон сууцыг барьцаалж БГ/15/11 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад А.Л нь гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлт гэрээг байгуулан гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээг байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 8 сарын хугацаагаар тус тус сунгасан. А.Лхагвасүрэнг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг баталж, биелүүлээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээхээр Л ХХК нь манай байгууллагатай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/01 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаанд А.Л гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх үүргээ ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт 199.914.667 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлдэгч А.Л зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Анта финанс ББСБ ХХК болон Л ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ болон төлбөр барагдуулах гэрээний үүрэгт батлан даагч Л ХХК-ийг нөхөх хариуцлага хүлээхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Анта финанс ББСБ ХХК бидний хооронд 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ бодит байдал дээр байгуулагдаагүй буюу тус гэрээгээр миний бие 80.000.000 төгрөг зээлж аваагүй. Энэ гэрээнээс өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А ХХК-аас 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү зээлийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа сунгасан. Харин 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэх 80 000 000 төгрөгийг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа. 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бодит байдал дээр А.Лхагвасүрэнд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, дүр үзүүлж хийсэн баримтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн А.Л нь энэ баримтад гарын үсэг зур гэхээр зурсан гэх тайлбарыг гаргаж байсан. Иймд 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл учраас энэ гэрээг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн зээлийн төлбөрт 41.000.000 төгрөг үлдэж байгааг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “Л” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар 03-ны өдөр бодит байдал дээр 80.000.000 төгрөгийг аваагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01315 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Лхагвасүрэнгээс 174.154.667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.760.000 төгрөгийг, Л ХХК-д батлан даалтын гэрээний үүрэгт нөхөх хариуцлага хүлээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А. Лхагвасүрэнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030673 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 27 дугаар байрны 5 тоот, 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.297.923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Лхагвасүрэнгээс 1.028.723 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1686 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 174.154.667 /нэг зуун далан дөрвөн сая нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг гэснийг 195.715.215 /нэг зуун ерэн таван сая долоон зуун арван таван мянга хоёр зуун арван таван/ төгрөг гэж, үлдэх 25.760.000 /хорин таван сая долоон зуун жаран мянган/ төгрөгийг гэснийг 4.199.452 /дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1.297.923 төгрөг гаргуулж гэснийг 1.136.526 төгрөг гаргуулж гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.20-ны өдрийн 1686 дугаартай магадлалын өөрчлөлт оруулсан хэсгийг хуулийг буруу тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Зээлийн гэрээнд талууд 30 хоногт 4 хувийн хүүтэй байхаар гэрээ байгуулсан тул Монгол банкны хүү тооцоолох журмын дагуу 365 хоногт 48.64 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. 2015.05.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү тооцох хугацааг 761 хоног байхаар тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад давж заалдах шатны шүүх хүү тооцох хоногийг нэг талыг баримтлан хууль буруу хэрэглэн, үндэслэлгүйгээр 976 хоног гэж тооцсоны зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагын хүү тооцсон хэсгийн үнийн дүнд өөрчлөлт оруулан, нийт 195.712.215 төгрөгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Тодруулбал анхан шатны шүүх 25.760.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад үүнд 4.199.452 төгрөг гэж өөрчлөлт оруулж, 21.560.548 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч А.Лхагвасүрэн, “Л” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт 199.914.667 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даагч нөхөх хариуцлага хүлээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч нар “...мөнгийг  бодитоор хүлээн аваагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хариуцагч А.Л нь нэхэмжлэгчтэй 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 80.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлэхдээ Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 27 дугаар байрны 5 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба 2015 оны 11 дугаар сарын 3, 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулан, гэрээний хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 3-ний өдөр хүртэл сунгажээ /хэргийн  8-21 дүгээр тал/.

Талууд зээлийн болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн байх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.  Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан нь зөв боловч хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тодорхойлж чадаагүйгээс шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээ байгуулсан өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүү шаардсан боловч давж заалдах шатны шүүх зээлийн хүүг давж заалдах гомдолд заасан хэмжээгээр хязгаарлан хариуцагч А.Лхагвасүрэнгээс зээл 80.000.000 төгрөг, хүү 102.680.548 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.034.667 төгрөг нийт 195.715.215 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч “Л” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1686 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч А.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 265.760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ