Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01686

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01315 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Л” ХХК, А.Л нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 199 914 667 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлдэгч А.Л зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд “А” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ болон төлбөр барагдуулах гэрээний үүрэгт батлан даагч “Л” ХХК-ийг нөхөх хариуцлага хүлээхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.Л-гийн хүсэлтийг үндэслэн 80 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар, нэг сарын 4 хувийн хүүтэй олгож зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн А.Л-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030673 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 27 дугаар байрны 5 тоот, 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж БГ/15/11 дугаартай барьцааны гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад А.Л нь гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлт гэрээг байгуулан гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээг байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 8 сарын хугацаагаар тус тус сунгасан. А.Л-г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг баталж, биелүүлээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээхээр “Л” ХХК нь манай байгууллагатай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/01 тоот батлан даалтын гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаанд А.Л гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх үүргээ ноцтой зөрчиж манай байгууллагад ямар ч төлөлт хийгээгүйгээс гадна батлан даагч “Л” ХХК нь ч мөн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагч болон батлан даагч нар нь дээрх байдлаар манай байгууллагатай байгуулсан гэрээнүүдийг ноцтой зөрчиж бидний эрх ашгийг зөрчсөөр байх тул зээлийн гэрээний үүрэгт 199 914 667 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлдэгч А.Л зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд “А” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ болон төлбөр барагдуулах гэрээний үүрэгт батлан даагч “Л” ХХК-ийг нөхөх хариуцлага хүлээхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК бидний хооронд 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ бодит байдал дээр байгуулагдаагүй буюу тус гэрээгээр миний бие 80 000 000 төгрөг зээлж аваагүй. Энэ гэрээнээс өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “А” ХХК-аас 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү зээлийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа сунгасан. Харин 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэх 80 000 000 төгрөгийг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа. Зээлийн гэрээгээр тухайн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь зээлдүүлэгчид шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бодит байдал дээр А.Л-д мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, дүр үзүүлж хийсэн баримтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн А.Л нь энэ баримтад гарын үсэг зур гэхээр зурсан гэх тайлбарыг гаргаж байсан. Иймд 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл учраас энэ гэрээг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин Голомт банкнаас сүүлд ирүүлсэн дансны хуулгаас харахад 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд нийт 111 653 332 төгрөгийг “А” ХХК-д шилжүүлсэн байна. Мөн А.Л анх байгуулсан 80 000 000 төгрөгийн гэрээний зээлийн гэрээний төлбөрт 2014 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, хоёр удаагийн зээлийн төлөлт 35 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 41 000 000 төгрөг үлдэж байгааг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар 03-ны өдөр бодит байдал дээр 80 000 000 төгрөгийг аваагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Лгээс 174 154 667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 760 000 төгрөгийг, “Л” ХХК-д батлан даалтын гэрээний үүрэгт нөхөх хариуцлага хүлээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Л-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030673 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 27 дугаар байрны 5 тоот, 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 297 923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Л-гээс 1 028 723 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25 760 000 төгрөгийг зээлдэгч А.Л-гээс гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, илт тооцооллын алдаа гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүг тооцож, нийт 976 хоногийн хуримтлуулсан хүү болох 106 880 000 төгрөгийг зээлдэгч А.Л-гээс гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хүү тооцох хоногийг буруу бодож, бүтэн 215 хоног буюу 7 сарын хүүг хасч, зөвхөн 761 хоногт 80 120 000 төгрөгийн хүү тооцсон нь илт тооцооллын алдаа гаргасан болохыг харуулж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1 дүгээр хавсралт болох "Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал"-ын дагуу тооцоход нийт 195 715 215 төгрөг болж байна. Иймд анхан шатны шүүхийн алдаатай тооцооллыг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч зээлийн хүүгийн хэмжээг тогтоохдоо хугацааг буруу тооцсоноос алдаа гарсан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд уг алдааг зөвтгөх боломжтой байна.

            Нэхэмжлэгч “А” ХХК нь А.Л болон “Л” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 199 914 667 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын болон төлбөр барагдуулах гэрээний дагуу батлан даагч “Л” ХХК-д нөхөх хариуцлага хүлээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/15/11 дугаартай зээлийн гэрээ болон мөн өдрийн БГ/15/11 дугаар барьцааны гэрээ байгуулагдсаныг хариуцагч үгүйсгэж маргаагүй харин, уг гэрээний дагуу 80 000 000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч хэргийг анхан шатны журмаар хэлэлцэх явцад зээлийн үндсэн төлбөрт 41 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

            Хэрэгт “А” ХХК-аас 80 000 000 төгрөгийн зээл хүссэн А.Лгийн гараар бичсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн “А” ХХК-ийн Зээлийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, зохигчдын гарын үсгээр баталгаажуулсан 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ/15/11 зээлийн гэрээ авагдсан ба талууд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

            Түүнчлэн дээрх гэрээний дагуу 80 000 000 төгрөгийг хүлээлгэн өгснийг А.Л хүлээн авч гарын үсэг зурсан 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр кассын зарлагын ордер /хх-16/, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр авсан 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээг жилийн хугацаагаар сунгуулахаар 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсанаас үзвэл зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч ашиглан, улмаар сунгуулах хүсэлт гаргаж, нэмэлт гэрээ байгуулагдсан байх тул зээлдэгчид гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэг үүссэн, 80 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэх татгалзал үндэслэлгүй байна. 

Зээлдэгчээс 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр авсан 80 000 000 төгрөгийн зээлийг буцаан төлсөн баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна зээлдүүлэгчээс гэрээний үүргийн зөрчлийг арилгуулахаар удаа дараа хүргүүлсэн мэдэгдлийн дагуу зөрчлийг арилгаагүй байх тул зээл, зээлийн хүүг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүссэн, шүүх зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Харин шүүх 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 976 хоног байхад 761 хоног гэж хугацааг буруу тооцсоноос хүүгийн хэмжээ буруу тодорхойлогдсон 80 000 000 төгрөгийн 30 хоногийн 4 хувийн хүү нь 3 200 000 төгрөг, үүнээс нэг өдрийнхийг гаргавал 106 666 төгрөг байна.

Дээрхээс тооцвол 976 хоногийн хүүгийн хэмжээ 104 106 016 төгрөг /106 666*976 өдөр/ болох ба энэ нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд зааснаас их байх тул хүүгийн хэмжээг давж заалдах гомдолд заасан хэмжээгээр хязгаарлан 102 680 548 төгрөгөөр тогтоож, нийт 195 715 215 /80 000 000+102 680 548+13 034 667/ төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнг 195 715 215 төгрөг, үлдэх буюу хэрэгсэхгүй болгосон дүнг 4 199 452 төгрөг болгосон өөрчлөлтийг оруулж, уг өөрчлөлттэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг өөрчлөн хуваарилна.

            Талууд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангах баталгаа болгож, зээлийн гэрээ байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрөө БГ/15/11 дугаар барьцааны гэрээ байгуулсан, гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан ба Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “174 154 667 /нэг зуун далан дөрвөн сая нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг гэснийг “195 715 215 /нэг зуун ерэн таван сая долоон зуун арван таван мянга хоёр зуун арван таван/ төгрөг” гэж, “үлдэх 25 760 000 /хорин таван сая долоон зуун жаран мянган/ төгрөгийг” гэснийг “4 199 452 /дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “1 297 923 төгрөг гаргуулж” гэснийг “1 136 526 төгрөг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ