Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 642

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: “Н” ХХК 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.С, С.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.С, хариуцагч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр  нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ерөнхий захирал Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нар нь “Н” ХХК-ий татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад татварын төлбөр ногдуулсан Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаар акт нь татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардсанаараа манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Татварын улсын байцаагч Б.С, С.Б нар нь “Н” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “2012 онд шатахуун худалдан авсан хий бичилттэй, “Б” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 12-ны 0012327566 тоот падаанаар 4.545.454,6 /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 03-ны 0013002553 тоот падаанаар 9.163.645,5 /есөн сая нэг зуун жаран гурван мянга зургаан зуун дөчин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнан, төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан...” гэж буруутган татварын төлбөр ногдуулсан юм.

Үүнийг татвар төлөгч эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус хандсан боловч татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй байна гэж дүгнээд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл зөвхөн хүү торгуулийг хассан боловч, Татварын ерөнхий  газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд татварын төлбөрийн дүнг үлдээж шийдвэрлэсэн нь маргааны гол үндэслэлд ач холбогдол өгч хууль зүйн дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. 

Маргааны гол үндэслэл нь “Н” ХХК нь:

1. Цахим сүлжээнд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн,

2. Тодорхой татвар төлөгчийн дугаар бүхий худалдагчид,

3. Татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөд тараадаг албан ёсны баримт болох НӨАТ-ын падаан дээр,

4. Компанийн болон санхүүгийн тэмдгүүд нь жинхэнэ эхээр буюу тосон дарцаараа баримтыг үндэслэж,

5. Түүнд үндэслэсэн барааны зарлагын баримт,

6. Бэлэн мөнгөний орлогын баримтыг

тус тус үндэслэж татварын тайлангаа гаргасанд байгаа юм. Гэтэл энд тэндээс ирсэн бичгийг гол үндэслэлээ болгон татвар төлөгчид дарамт учруулах, хууль бус татвар ногдуулалт хийх, татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардах нь татварын алба, улсын байцаагчийн эрх биш гэдгийг татварын улсын байцаагчид болон Татварын алба тус тус ойлгоогүйд харамсаж байна. 

Иймд татварын алба, түүний дотор татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын дээрх хууль бус шаардлагаас болж манай компани хуулиар ногдуулаагүй татвар буюу бусдын төлөх ёстой татварыг төлөх үүрэг хүлээж байгаа нь манай эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул “Татварын улсын байцаачийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль бус татварын төлбөрөөс чөлөөлж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.С, С.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, 5469287 тоот регистрийн дугаартай, “Н” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Татварын ерөнхий газрын  2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/1535 тот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9д/225 тоот албан бичгийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг хийж, 250012608 тоот актаар 13.709.091,00 төгрөгийн зөрчилд 2.741.818,30  төгрөгийн төлбөр ногдуулсан. 

Тус компани нь Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн “Б” ХХК-иас авсан 2 ширхэг худалдан авалтын падааны мэдээллээс 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0012327566 тоот, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0013002553 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг залруулаагүй байна. 

“Б” ХХК-иас шатахуун худалдан авсан хий бичилттэй, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0012327566 тоот падаанаар 4.545.454,6 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0013002553 тоот падаанаар 9.163.645,5 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнан нийт 13.709.090,95 төгрөгийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.” гэсэн заалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн акт үйлдсэн. 

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр дээрх актыг хянаж үзээд 1.370.909,1 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, торгууль, алдангийн 1.370.909,1 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд чөлөөлснийг хуулийн дагуу, үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн шийдвэрийг гаргасан.

Тус компани Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 07/030 тоот албан бичгээр хандсан. Дээрх гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нягтлан үзээд, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолоор: “Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолд “Яллагдагч Б.Б нь ... 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байх хугацаандаа ... хуурамч борлуулалтыг хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж, баримт бичиг хуурамчаар байнга үйлдсэн ба буруутай үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар, ... яллагдагч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт төлөх нөхөн төлбөрөө илэрхийлсэн тул... гэсэн нь “Б” ХХК-ийн захирал Б.Б нь хий бичилттэй падаан бичиж өгснөө хүлээн зөвшөөрсөн” гэсэн нь гомдол гаргагчийн тухайд “Б” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0012327566 тоот падаанаар 4.545.454,5 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0013002553 тоот падаанаар 9.163.646,5 төгрөгийн шатахууны худалдан авалт бодитой хийсний үндсэн дээр бус, харин үүнийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан авч, тайландаа тайлагнаж, төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна” гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.4, Захиргааны хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 042 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан, Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 дугаар актыг хэвээр баталсан болно.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С С.Б нар “Н” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 250021323 тоот акт үйлдэн, 1.370.909,1 төгрөгийн нөхөн татвар, 685.454,6 төгрөгийн торгууль, 685.454,6 төгрөгийн алданги, нийт 2.741.818,3 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Шүүх дараах үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. “Н” ХХК 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4.545.454,6 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ), 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 9.163.645,5 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэ бүхий шатахууныг “Б” ХХК-иас худалдан авсан хэмээн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг тайлагнаж, төсөвт төлөх тухайн татварыг бууруулжээ. Үүнийг хариуцагч “бодит худалдан авалт хийгээгүй, хий бичилттэй НӨАТ-ын падаан ашиглан төсөвт төлөх татварыг бууруулсан” гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна. 

Хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9д/225 дугаар албан бичгээр “... “Б” ХХК-ийн захирал Б.Б-д 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, 128 аж ахуйн нэгжид тарааж ашиглуулсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож байгаа тул дээрх 128 аж ахуйн нэгжүүдийг харьяа татварын байгууллагаар шалгуулж, хариу мэдэгдэх” албан хүсэлтийг Татварын ерөнхий газрын даргад хүргүүлж, үүнтэй холбогдуулан татварын албанаас нэхэмжлэгч компанийн 2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

“Б” ХХК-ийн захирал Б.Б нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд (“Н” ХХК-д 12327566, 13002553 тоот падааныг 13.709,1 мянган төгрөгийн хий бичилттэй өгсөн) НӨАТ-ын падаанд хий бичилт хийж өгсөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт шалгагдан, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолоор “яллагдагч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Нэгэнт “Н” ХХК-д шатахуун худалдан борлуулсан гэх “Б” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд хий бичилттэй болохыг эрх бүхий байгууллагаас шалган тогтоосон, үүнд, нэхэмжлэгчид олгосон падаан ч хамаарч байгаа нь баримтаар тогтоогдож байгаа тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон үнээр бараа худалдан авснаа “падаан, орлого зарлагын баримт”-аас бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар эргэлзээгүй нотолж чадахгүй байна.

Харин шүүхээс хийсэн нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд, Баязүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20-05/1514 дугаар албан бичиг, “Б” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 10 дугаар сарын тайлангаар “Б” ХХК 4.545.454,6 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) борлуулалт хийж, “Н” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын 0012327566 тоот падаан өгснөө харьяа татварын албанд тайлагнасан байх тул нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын 0012327566 тоот хий бичилттэй гэх падааныг ашиглан татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Н” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган, төсөвт төлөх тухайн татварыг буурсан 4.545.454,6 төгрөгийн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг “Б” ХХК өөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа “борлуулалтын орлого” хэсэгт тайлагнан, төсөвт төлөх үүргээ хүлээсэн байхад уг татварыг дахин нэхэмжлэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “... энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй” байхаар тус тус зохицуулсан.

Иймд, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 250021323 тоот актын 13.709.090,9 төгрөгийн зөрчилд 1.370.909,1 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгээс “4.545.454,6 төгрөгийн зөрчилд ногдуулсан 454.545 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги”-ийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу татварын улсын байцаагчийн маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 тоот актаар тогтоогдсон 13.709.090,9 төгрөгийн зөрчилд ногдох 1.370.909,1 төгрөгийн нөхөн татвараас “4.545.454,6 төгрөгийн зөрчилд ногдуулсан 454.545 төгрөгийн нөхөн татвар, түүнд холбогдох торгууль, алданги”-ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021323 тоот актаар 13.709.090,9 төгрөгийн зөрчилд ногдох 1.370.909,1 төгрөгийн нөхөн татварын 9.163.645,5 төгрөгийн зөрчилд ногдуулсан 916.364,5 төгрөгийн нөхөн татварт холбогдох торгууль, алдангийг нь өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                                               ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА