Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01728

 

"С ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01068 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1473 дугаар магадлалтай,

   “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “А ” ХХК-д холбогдох

          Дутуу талбайн хэмжээний үнийн зөрүүд төлсөн 12,466,482 төгрөг, талбайн хэмжилт хийхэд гарсан зардал 30,000 төгрөг, нийт 12,496,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунсан, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч “С ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаатар нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “С ” ХХК нь 2016 оны 11 сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу гудамж, 54 тоот худалдааны зориулалттай барилгын 2 давхарт 17.75 м.кв талбайг, 1 м.кв-ыг 2,704,226 төгрөг, нийт 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар “А ” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн “А ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй, барилга бүрэн баригдаж дуусаагүй байсан учир Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. “С ” ХХК нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу 17.75 м.кв талбайн үнэ болох 48,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр “А ” ХХК-д төлж, гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлсэн. Барилга бүрэн баригдаж, дуусч “С ” ХХК-ийн зүгээс тус талбайд очиж үзэхэд 17.75 м.кв талбай хүрэхгүй мэт харагдсан тул 2017 оны 08 сарын 23-ны өдөр “Гандирс-Од” ХХК-аар дээрх талбайд хэмжилт хийлгэхэд 2017 оны 08 сарын 23-ны 10/2017 тоот дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 13.14 м.кв болох нь тогтоогдсон. Гэрээгээр тохиролцсон 17.75 м.кв-аас 4.61 м.кв дутсан байна. Талбайн хэмжээ дутсан тухай “А ” ХХК-д мэдэгдсэн боловч тухайн талбайн 30 хувь нь нийтийн эзэмшлийн талбайд хамаарагдана гэж тайлбарладаг. Гэрээгээр тохиролцсон 17.75 м.кв ашигтай талбайгаас 4.61 м.кв дутсан учир “С ” ХХК нь тухайн талбайн зөрүү мөнгийг буцаан өгөх хүртэл талбайг шилжүүлэн авахаас татгалзсан. “С ” ХХК нь тухайн талбайг худалдан авч, талбайн зөрүүний мөнгийг буцаан авах хүсэлтэй байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу талбайн метр зөрүүний үнэ болох 4,61 м.кв-ын үнэ болох 12,466,482 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. Иймд худалдагч “А ” ХХК-ийн худалдаж буй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 4,61 м.кв талбайн үнэ болох 12,466,482 төгрөг, “Гандирс-Од” ХХК-аар талбайн хэмжилт хийлгэсний төлбөр 30,000 төгрөг, нийт 12,496,482 төгрөгийг хариуцагч “А ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “А ” ХХК нь баригдаж буй барилгаас 1-р давхарт 9 тоот, 2-р давхарт 14, 15 тоот, 4 давхарт 12 тоот 7 давхарт тоот талбайг тус тус авахаар Монголын Мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоотой 2014 ны 11 сарын 24-ний өдөр Талбай, захиалгын гэрээ 11 тоот гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр талбайн хэмжээг тохиролцохдоо худалдааны байгууллага учраас гэрээний талбайд нийтийн эзэмшил, дундын өмчлөл багтсан бөгөөд нийт 30 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцож гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, тус барилгад талбай авч буй бүх байгууллага хувь хүмүүс дундын өмчлөлийн талбайгаас өөрийн талбайдаа оруулж авахаар тохиролцсон. Худалдаа, үйлчилгээний байгууллагын талбай нь дундуураа үйлчлүүлэгч нарт явах, танилцахад зориулсан талбайтай байхыг шаарддаг учраас энэхүү тохиролцоог хийж анхнаасаа барилгын зураг болон гэрээнд оруулж байсан. Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай байгуулсан талбай захиалгаар бариулах гэрээний ажил 2016 оны 9 сард талбайнуудаа хүлээн авч өөрийн эзэмшилд шилжүүлэн шилэн хана хийлгэж бэлэн болгосон. Манай байгууллагаас шилжүүлж авсан тус барилгын 2 давхрын нэг лангуугаа зарахаар зар тараахад 2016 оны 11 сард “С ” ХХК-иас худалдан авах павильоноо үзэж, павильоны м.кв болон манайхаас холбоонд захиалсан нийтийн эзэмшил орсон талбайн талаар ярьж танилцуулж байсан. Энэ тухай Г.Ганбат хэлэхдээ нийтийн эзэмшлийн талбайг оруулж тооцдог худалдааны талбайн талаар мэддэг болон ойлгож байгаагаа илэрхийлж байсан. Ингээд дахин 8 давхарт Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбооны өрөөнд орж 3 талаас Батцэрэн болон би, Г.Ганбат уулзаж барилгын талбай захиалгын гэрээг тэдний нэр дээр шилжүүлсэн. Энэхүү гэрээг шилжүүлэх шаардлага нь 11 тоот гэрээний 5.5-д гуравдагч этгээдэд эрх, үүргээ шилжүүлэхийг хориглосон байсан учраас хөрөнгө оруулалтын гэрээг солих ёстой гэж үзсэн юм. Энэ үед ч “Санхүүгийн зохицуулах групп” ХХК, Монголын мэдээлэл техник технологи хөгжүүлэлтийн холбооны хооронд байгуулах гэрээн дээрээ хэдэн метр кв гэж бичих асуудал яригдаж, яг павильоны цэвэр талбай болон нийтийн эзэмшлийн талбайн ялгаатай байгаа талаар ярилцаж харилцан тохиролцсон. Ингээд манайхаас тэдний нэр дээр шилжүүлж байгаа гэрээний утгаар нь буюу нийтийн эзэмшлийн талбай орсон тоо буюу 17.75 м.кв гэж бичихээр Батцэрэн, Ганбат нар хоорондоо тохиролцож байсан. Маргааш нь “С ” ХХК-ийн оффист очиж мөнгөө хүлээж авсан. Энэ үед худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Барилгын ажил дуусч 2017 оны 1 сараас улсын комисс хүлээж авсан бөгөөд тус байгууллага худалдаж авсан талбайдаа үйл ажиллагаагаа эрхлэх болсон. Барилгад талбай авсан бүх байгууллагын гэрээ нь дундын өмчлөлийн талбайг оруулж тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.                                             

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01068 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч “А ” ХХК-аас 12,496,477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,900 төгрөгийн 214.893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “А ” ХХК-аас 214,845 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.                                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1473 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “А ” ХХК-д холбогдох 12,496,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1473 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсгийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт талбайн хэмжээ зөрүүтэй болохыг нотолсон гэх “Гандирс-Од” ХХК-ийн хэмжилт нь “Сууцны талбай, тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон хэмжилт” байхаас гадна уг хэмжилтийг “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /ММ86058:2009/-ыг баримталсан талаар бичжээ. Уг баримтыг үндэслэн гэрээний зүйл болох “худалдааны зориулалттай” талбайг гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй” гэж дүгнэжээ. Бид үүнийг дараах байдлаар үгүйсгэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхээр хуульчилсан байдаг. Манай хэрэгт гэрээний гол зүйл болох худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбай нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа болохыг нотолсон хэд хэдэн нотлох баримтууд байдаг. Үүний нэг нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “Гандирс-Од” ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлт юм. “Гандирс-Од” ХХК нь худалдааны зориулалттай талбайн бодит хэмжээг тогтоохдоо “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” МNS 6058:2009 Монгол Улсын стандартыг үндэслэл болгосон нь өнөөдрийн байдлаар худалдааны зориулалттай талбайн хэмжээг тооцох аргачлал, стандарт байхгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, худалдааны талбайн хэмжээг тооцох аргачлал, стандарт байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 4.1 “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 “Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ...” гэж заасан байдаг. Нэгэнт худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайг хэмжих стандарт, аргачлал байхгүй тул төсөөтэй харилцааг зохицуулж буй стандартыг хэрэглэх нь хуульд нийцэж байгаа болно. Худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбай нь гэрээнд заасан талбайн хэмжээнд хүрэхгүй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч ирсэн. Тэд худалдааны зориулалттай талбайн 30 хувьд нийтийн зориулалттай зам талбай хамаарч байгаа гэсэн тайлбарыг өгдөг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийгээ нотлохоор мэтгэлцсэн байдаг. Түүнчлэн өөрсдөө мэргэжлийн байгууллагад хандан худалдааны зориулалттай талбайг хэмжүүлсэн бөгөөд энэхүү хэмжилт хийсэн дүгнэлт нь хэргийн материалд байгаа.

Магадлалд “Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд “... ашигтай талбай 17.75 м.кв...” гэж заасан хэдий ч нэг м.кв талбайг хэдэн төгрөгөөр хэрхэн тодорхойлох талаар болон талбайг гэрээний гол нөхцөл болгосон гэх байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй” гэж дүгнэжээ. Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичиг болохыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д хуульчилсан байдаг. Гэрээний зүйлийг гэрээний гол нөхцөл болгож гэрээ байгуулагч талууд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлд “...17,75 ашигтай талбайтай...”, “Талууд худалдах, худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө болох 17,75 талбайг...” гэж тодорхойлсон байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ чухал бөгөөд хамгийн их ач холбогдолтой. Талбайн хэмжээ, байршлаас хамаарч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ тогтдог. Үүний учир нэхэмжлэгч том хэмжээтэй худалдааны талбайг боломжийн үнээр худалдаж авах хүсэл зоригоо илэрхийлж талууд харилцан тохиролцсоноор гэрээ байгуулагдсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэг м.кв талбайн үнийг заагаагүй хэдий боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т “... шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах...” тухай зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлын хэмжээгээр хувь тэнцүүлэн нэхэмжлэл гаргах боломжийг олгосон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1473 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01068 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч  “С ” ХХК нь хариуцагч “А ” ХХК-д холбогдуулан үйлчилгээний зориулалттай талбай нь гэрээнд заасан хэмжээнээс  дутуу  тул  илүү төлсөн 12,466,482 төгрөг, талбайн хэмжилт хийхэд гарсан зардал 30,000 төгрөг, нийт 12,496,482 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрчээ.  

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орох, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу гудамж, 54 дугаар хаягт  байрлах барилгын хэсгээс компьютерын худалдааны зориулалттай 2 дугаар давхрын 2014 тоот 17.75 м.кв талбайг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь 48,000,000 төгрөг төлөхөөр  тохиролцсон байна. 

Нэхэмжлэгч нь 48,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн,  17.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгч авалцахаар тохиролцсон, түүнд засвар хийлгэж байхдаа талбайн хэмжээ дутуу болохыг мэдэж “Гандирс-Од” ХХК-иар хэмжилт хийлгэхэд гэрээнд заасан талбайгаас 4.61 м.кв дутсан гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан ба энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийн тоо, хэмжээний дутагдлын улмаас гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх шаардлага   байна.

“Гандирс-Од” ХХК нь дээрх хэмжилтийг хийхдээ “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /MNS6058:2009/-ыг баримталсан, энэ баримтыг үндэслэн гэрээний зүйл болох худалдааны зориулалттай талбайг гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь мөнгө шаардаж буй үндэслэлээ 1 м.кв талбайн үнийг орон сууцны үнийн  дүн 48,000,000 төгрөгийг талбайн хэмжээ 17.75 м.кв талбайд харьцуулж гаргасан гэж тайлбарласан байгаа боловч талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нд талбайн үнийг 1 м.кв талбайн нэгжээр тооцох талаар тохиролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна. 

Иймээс талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээнд .. ашигтай талбай 17.75 м.кв... гэж заасан хэдий ч нэг м.кв талбайг хэдэн төгрөгөөр, хэрхэн тодорхойлох талаар болон талбайг гэрээний гол нөхцөл болгосон гэх байдлыг  нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний маргаан үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэгч гэрээний зүйлийн доголдолтой холбоотой шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцэхгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийг талбайн нэгж хэмжигдэхүүнээр тодорхойлсон нь нотлогдоогүй, гэрээний зүйл болох худалдааны зориулалттай талбай нь хэмжээний хувьд доголдолтой гэсэн үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн    гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1473 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Нэхэмжлэгч “С ” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,850.00 /хоёр зуун арван дөрвөн мянга, найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН