Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01469

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Лд холбогдох

Орон сууцны үлдэгдэл төлбөр 8 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц захиалгын гэрээ ноцтой зөрчигдсөнөөс үүдэн гарсан зардал 9 552 647 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Лын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Парк-Таун хотхоны 48 дугаар байрны 92 тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 33 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж 1 м.кв талбайг 1 300 000 төгрөгөөр буюу 74.77 м.кв байрыг 97 157 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно. Гэвч  хариуцагч нь гэрээний хавсралтад заасны дагуу төлөлт хийхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж төлбөрөө төлөхгүй байна. Орон сууц захиалгаар барих гэрээний талууд нь байгуулсан гэрээний 6.2-т зааснаар 4.7-д заасан үүргээ биелүүлээгүй, 45 хоногоос хэтэрсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алданги нэхэмжилсэн. Бидний нэхэмжилж буй алдангийг тооцоход 3 800 000 төгрөг гарсан. Алданги нь төлөгдөх үнийн дүнгээс хэтрэхгүй гэж хуульд заасан байдаг учраас алдангид 2 900 000 төгрөг тооцсон. Хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6 300 000 төгрөгийн үлдэгдэл байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 500 000 төгрөг төлсөн. 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар орон сууцны үлдэгдэл төлбөр 5 800 000 төгрөг. Гэрээнд заасан төлөлт хийх сүүлийн хугацаа нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байсан. Өнөөдрийг хүртэл 5 800 000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй учраас гэрээний 6.2-т заасны дагуу 5 800 000 төгрөгөөс алданги тооцсон гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус компанитай анх 2013 оны 06 дугаар сард Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж 45 дугаар байрны 26 тоот 3 өрөө 69,89 м.кв байрыг худалдан авсан юм. Гэтэл тус байр нь гэрээнд заасан талбайн хэмжээндээ хүрэхгүй 8,78 м.кв талбай дутаж тус компани нь Орон сууц захиалгаар барих гэрээний ерөнхий нөхцөлөө ноцтой зөрчсөн. Энэ ноцтой зөрчлөөс болж бүх асуудлууд ундран гарч ирсэн.

Бид энэ их олон метр квадратын зөрүүтэй байрыг 11 414 000 төгрөгийг илүү төлж худалдаж авсан байна гэдэг асуудлыг тавихад 48 дугаар байрны 92 тоот 3 өрөө байрыг сольж авах саналыг тус компани тавьсан. Бид 8,78 м.кв талбай дутуу 11 414 000 төгрөгөөр хохирч үлдэхгүйн тулд аргагүй 48 дугаар тоотоос 92 дугаар тоот руу нүүж орсон.

...Тус компани гэрээний дээрх 4 заалтыг өөрсдөө ноцтой зөрчсөний улмаас бидэнд бөөн чирэгдэл үүсэж дахин 2 дахь удаагаа гэрээ хийгдэж засагдаж явж байна гэж ойлгон асуудлыг аль болох тус компани руу буруугаа чихэхгүй явж байтал алданги мөнгө нэхэж байгаа бол бид тус компанитай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээгээ цуцалж, байрыг нь хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж байна. Бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарч ирээгүй тус компани анхны гэрээгээ биелүүлээгүй ноцтой зөрчсөний улмаас бид тус компанид төлсөн байрны мөнгөнөөсөө гадна энэ 4 жилийн хугацаанд нийт 28.932.803 төгрөгийн зардал гаргаж хохирчхоод байна. Түүнээс биш бид тус компанийг алдагдалд оруулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би тус компанитай анх 2013 оны 6 дугаар сард Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, 45 дугаар байрны 26 тоот 3 өрөө 69,89 м.кв байрыг худалдан авсан юм. Гэтэл тус байр нь гэрээнд заасан талбайн хэмжээнд хүрэхгүй 8,78 м.кв талбай дутаж тус компани нь Орон сууц захиалгаар барих гэрээний ерөнхий нөхцөлөө ноцтой зөрчсөн. Энэ ноцтой зөрчлөөс болж бүх асуудлууд гарч ирсэн. Иймд бид сөрөг нэхэмжлэл гаргаж, тус компанид 8,78 м.кв-ын үнэ болох 11 414 000 төгрөгийг илүү төлж байр худалдаж авсан ба энэ илүү төлсөн 11 414 000 төгрөгт 2,1 жилийн хугацаанд банкны хүү л гэхэд 1 917 552 төгрөгийг төлсөн байна. Энэ 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 08 дугаар 12-ны өдөр хүртэл илүү төлсөн мөнгөний 2 жил 1 сарын хугацаанд төлсөн банкны хүү болоод өмнө шүүхэд өгсөн тайлбарт дурдсан зарим зардлуудаа тус компаниас нэхэмжилж байна. Бид тус компани гэрээгээ ноцтой зөрчсөнөөс болж 2013 оноос хойш тус компанид төлсөн байрны мөнгөнөөс гадна нийт 9 552 647 төгрөгийн зардал гаргаж хохирчихоод байна. Иймд “М” ХХК-иас 9 552 647 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн 9 552 647 төгрөгийн шаардлага нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч нарын одоо амьдарч байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг 2 хороолол 48 дугаар байрны 74,77 м.кв байрнаас 5,2мкв-ын зөрүү гарч 6 539 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь бусад зардалтай 9 552 647 төгрөг болсон гэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан огноо болон шинжээчийн дүгнэлтийн огноо зөрч байна. Ингэж гаргаж ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэл гарсны дараа шинжээчийн дүгнэлт хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн дотор 6 539 000 төгрөгийг оруулж байгаа нь Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол 8 байр 34 тоотод байрладаг Ноён халбас ХХК-ийн гаргасан дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна. Орон сууцны талбайн хэмжээг тооцох стандартыг барьсан. Стандарт дээр маргахгүй. Харин Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэ нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй гэсэн байна. Гэтэл уг компани дүгнэлт гаргахдаа гэрээ болон хавсралтыг оруулаагүй байна. Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн 1/141 дугаартай албан бичигт Төрийн захиргааны төв байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл нь гэрээ болон хавсралтын хамт хүчинтэй байдаг. Учир нь барилга хот байгуулалтын сайдын журам шинэчилэн батлах тухай 2013 оны 89 дүгээр тушаалд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээнд тодорхой асуудлыг тусгасан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээх мөн хариуцлагын асуудлыг тусгасан байдаг. Иймд энэхүү гэрээ нь хууль зүйн хүчин төгөлдөр юм. гэсэн байна. Шинжээчийн дүгнэлт нь энэ шаардлагыг хангахгүй байна. Ноён халбас ХХК нь дүгнэлт гаргахдаа гэрээ болон хавсралтыг шинжилгээ хийсэн байгууллага гаргаж өгөөгүй. 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 62 дугаартай гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдээд явах боломж нь байсан. Гэтэл хариуцагч тал эрхээ эдэлж “М” ХХК-ийн Ганболдод хандаж байгуулсан 33 дугаартай гэрээний 2.1-т 3 өрөө байрыг худалдах үнэ 104 678 000 төгрөг үүнээс 7 521 000 төгрөгийг захиалагчид урамшууллаар хөнгөлж худалдаж байна гэж заасан. Талууд м.кв зөрүүтэй байна гэдгийг ярилцаад дараагийн байрны үнийн үндсэн төлбөрөөс 7 521 000 төгрөгийг хасаж байрыг худалдсан байна. Захиалагч тал 90 857 000 төгрөгөөр сүүлийн байраа авсан. Уг үнийг нь худалдагч болон худалдан авагч тал харилцан тохиролцсон гэж үзэж байна. Хариуцагч талын сүүлд авсан байрыг анх авсан үнээр нь үнэлсэн. Захиалагч талыг байрандаа жил гарангийн хугацаанд амьдарсны дараа гэрээ байгуулсан. Байрны үлдэгдэл 6 300 000 төгрөг үлдсэн гэдгийг гэрээний хавсралтад тодорхой заасан. 5 дугаар сарын 28-ны өдөр хуучин орон сууцны үнэ 94%, үүнээс хойш 12 удаагийн төлөлтийг сарын 525 000 төгрөгөөр төлөхөөр хуваарь гаргаж харилцан тохиролцож Л гарын үсэг зурж иргэний үнэмлэхийн хуулбарын лавлагааг хавсаргасан. Энэ гэрээ хүчин төгөлдөр учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. м.кв зөрчсөн эсэхийг одоо ярих нь хуульд нийцэхгүй. Барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааны 3 жилийн хугацаа дуусгавар болсон. Гэрээ байгуулахаасаа өмнө м.кв зөрүүтэй холбоотойгоор шүүхэд хандах боломжтой байсан. Хуучин гэрээтэй холбоотой зардлууд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн байдлаар тусгагдаагүй. Энэ бол зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар зохицуулсан гэрээ. 62 дугаартай гэрээ нь дуусгавар болсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад гэрээ дуусгавар болсон байна. Тухайн үедээ захиалагч талд м.кв-ийн зөрүү дээр маргах эрх нь байсан. Гэрээг С.Лын саналаар байгуулсан. Гэрээ дуусгавар болсон, мөн захиалагч талын нэхэмжилж буй зардлын талаар гэрээнд тусгаагүй. 48 дугаар байранд 5,02 м.кв зөрүү гарсан гэх 6 539 000 төгрөгийн хувьд хариу үйлдэл хийсэн учраас нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Мөн хуульд заасан үндэслэлээр Ноён халбас ХХК дүгнэлт гаргаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагч тал тайлбар өгсөн. Гэхдээ би 5 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нь тайлбар сонссонгүй. Мөн 2015 оны гэрээтэй холбоотой асуудлаар тайлбар хэлээгүй. Хариуцагч тал 5 800 000 төгрөгийг ямар учраас төлөхгүй байсан бэ гэдэгтэй холбоотойгоор тайлбар хийхдээ тухайн үед 500 000 төлсөн гэж хэлсэн. Орон сууцны үлдэгдэл төлбөр төлөгдөхгүй явсаар байгаад 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 500 000 төгрөг төлөгдсөн. Уг төлөлт хийгдсэнээс 4 сарын дараа гэрээний хугацаа дууссан. Байрны гэрчилгээ хариуцагч талд гарсан. 2013 оны гэрээний хувьд ямар нэгэн маргаангүйгээр 2015 оны гэрээ хийгдсэн. Тус гэрээ нь “М” ХХК-ийн санаачилгаар хийгдээгүй. Гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бүрдүүлбэр зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгөх үүрэгтэй гэж заасан. Уг заалт дээр захиалагчийг гэрчилгээ авахад “М” ХХК мөнгө төлнө гэж заагаагүй. Гэрээний 3.7-д захиалагч нь төлбөр төлөх хугацааг 15 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол гүйцэтгэгч энэ талаар 2 удаа сануулна гэсэн. Энэ нь захиалагчтай холбоотой заалт. Үүнийг гүйцэтгэгч талтай холбогдуулах нь хуульд нийцэхгүй байна. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 739.000 төгрөг, алданги 369.500 төгрөг нийт 1.108.500 төгрөгийг хариуцагч С.Лаас гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, 7.591.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2.700.071 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулан хариуцагч С.Лд олгож 6.852.576 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 154.150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 167.800 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лаас улсын тэмдэгтийн хураамж 31.154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д, нэхэмжлэгч “М” ХХК-аас 58.151 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Лд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лаас 8.700.000 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйийн 256.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан “М” ХХК-аас 2.805.071 төгрөг гаргуулж С.Лд олгож, сөрөг нэхэмжлэлээс 6.747.576 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтын, “...31.154 төгрөгийг...” гэснийг “...154.150 төгрөгийг...”, “...58.151...” гэснийг “...59.831..”. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 154.150 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хурлын өмнө материалтайгаа танилцахаар шүүх дээр очиход илтгэгч шүүгч С.Энхжаргал нь магадлалаа урьдчилан гаргаад бичээд хавтаст хэргийн завсар хавчуулчихсан байсныг олж харсан. Нарийн бичиг нь хурлын дараа таньд өгнө гэж тайлбарласан. Тэгэхээр шүүх хурал болохоос өмнө магадлалаа урьдчилан гаргаад хийсэн байгааг юу гэж тайлбарлахыг С.Энхжаргал шүүгчээс өөрөөс нь хариултыг сонсох болно. Давж заалдах шатны шүүх магадлалаа гаргахдаа миний ойлгож байгаагаар шүүх хурлын явцын тайлбарыг тусгах ёстой гэж үзэж байна. Гэтэл урьдчилан магадлалаа бичсэн байсан учраас намайг ярих боломж олгоогүй өмнөх шийдвэртэй танилцсан учраас ярих шаардлагагүй. Өмнөх хурлууд удааширч хойшлогдсон учраас хурлаа хурдавчлая, давтан ярих шаардлага байхгүй гээд л шууд өмнө гаргасан байсан магадлалаа танилцуулсан. Шүүхийн процесс, хурал хэдэн минут үргэлжилсэн бүгд шүүхийн камерт байгаа учраас энэ гомдлоо товчхон дурдлаа.

Давж заалдах шатны шүүх хуулийг зөрчиж Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч тал өөрийн гаргасан доголдлыг хүлээн зөвшөөрч байраа сольж өгсөн боловч дахин 2 дахь удаагаа талбайн хэмжээн дээр зөрүү гаргаж 74,77м.кв талбайн хэмжээндээ бас л хүрэхгүй 5,02 м.кв талбай дутааж зөрчил гаргаж иргэдийг хохироож байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсоор байтал шүүх бүрэлдэхүүн ашиг сонирхлын үүднээс хандаж байна. Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасан доголдол гарсан учраас 2-3 удаа гэрээ байгуулах болсон. 2 дахь удаагаа хийгдсэн 33 дугаартай манайд өгсөн гэрээний 2.1 дэх заалтад худалдах үнэ 97 157 000 төгрөг гэж л байгаа гэтэл уг гэрээний эхний нүүрээ сольж худалдах үнээ 104 678 000 төгрөг болгон үнийн дүнгээс 7 521 000 төгрөгийг урамшуулал болгон өгсөн гэж худлаа бичиж аль ч шатны шүүхийн өмнө гологдол гаргаж байгаагаа халхавчилж шүүхийг төөрөгдүүлж байна гэж үзэж байна. Ер нь байрны зах зээлийн үнэ талбайн хэмжээгээр үржигдэж гарч ирж байгаа. Уг сольж өгсөн байр 74,74м.кв х1 300 000= 97 157 000 төгрөг /тухайн үед тус компанийн орон сууцны 1 м.кв-ын үнэ 1 300 000 төгрөг байсан/ болсон. Уг гэрээнд орон сууцны зөрүү төлбөр болох 6 300 000 төгрөг гэж тусгасан нь талбайн зөрүүний төлбөр гэтэл дараагийн сольж өгсөн байр нь 5,02 м.кв талбай дутаж манай анхны мөнгөө төлж худалдаж авсан Орон сууц захиалгын гэрээнд тусгагдсан талбайн хэмжээгээ дөнгөж хангасан байрыг сольж өгсөн болохоос биш 6 300 000 төгрөгийн илүү м.кв байраар сольж өгөөгүй 6 300 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болох нь мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа гэж үзэж байна.

Эхний байр 8.78 м.кв талбай дутаж манайх тус компанид 11 414 000 төгрөгийг илүү төлж байр худалдаж авахын зэрэгцээгээр банкинд хүү 2.1 жилийн хугацаанд 1 917 552 төгрөгийг төлж хохирсон.

Одоо харин Давж заалдах шатны шүүхийн хууль бус шийдвэрээс болж дутаж байгаа 5,02 м.кв талбайн мөнгийг өөрөөр хэлбэл 6 526 000 төгрөгийг “М” ХХК-д алдангитай төлөхийн зэрэгцээ 5,02 м.кв дутуу байраар хохирч мөн байраа Орон сууцны зээлээр авсан учраас 20 жилийн турш дутуу м.кв -ын үнийн дунд хүү болох 10 441 600 төгрөгийг банкинд илүү төлж хохирч үлдэж байгаа нь шударга явдал мөн үү. Тус компани удаа дараа доголдолтой байр худалдаж иргэдийг хохироож зөвхөн м.кв талбайн хэмжээн дээр ажиллан тус компанийг бид алдагдалд оруулаад байгаа мэтээр асуудалд хандаж байгааг Дээд шүүх бодит байдлыг зөвөөр харж шийдэж өгөхийг хүсч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг анхан шатны шүүх бүхий л талаас бодитойгоор үнэлж дүгнэж шийдвэртээ тусгасан байхад давж заалдах шатны шүүх хуулийг зөрчиж удаа дараа доголдол гаргаж иргэдийг хохироож байгаа компанийг өөгшүүлж хэт нэг талыг барьж магадлал гаргасанд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь иргэн С.Лд холбогдуулан худалдан авсан орон сууцны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 8 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 9 552 647 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №33 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан, тус гэрээгээр “М” ХХК нь иргэн С.Лд Дархан сумын 1 дүгээр баг 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай 105 дугаар байрны 92 тоот 3 өрөө байрыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөхдөө 45 дугаар байрны 26 тоот 69.89 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөрт тооцуулан, зөрүү төлбөрийг тооцон хуучин орон сууцыг шинэ орон сууцаар солих, захиалагч С.Л нь хуучин орон сууцыг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөх, зөрүү төлбөрт 6 300 000 төгрөгийг графикт заасан хуваарийн дагуу төлж барагдуулах, хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол алданги төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Зохигчдын 2013 онд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээгээр нэхэмжлэгчээс хүлээж авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчийн барьж буй барилгаас урьд хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж, өөр орон сууцыг сольж авахаар харилцан тохирч 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин гэрээ байгуулж, орон сууцаа сольсон үйл баримт тогтоогджээ.

 2015 онд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгсөн, захиалагч зөрүү төлбөр төлөөгүй талаар зохигчид маргаагүй байна.

Гагцхүү гүйцэтгэгч нь эхний гэрээний үүргээ зөрчсөнөөс захиалагчид хохирол учирсан үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2013 онд худалдаж авсан байрны үнэд 11 414 000 төгрөгийг  илүү төлсөн тул энэ төлбөрт банкны хүү, алдангид 2 876 328 төгрөгийг, дахин зээл авахын тулд материал бүрдүүлэх, зээл авахад гарсан 1 441 319 төгрөгийн зардал, хуучин байрнаас нүүж шинэ байранд ороход хуучин байранд хийлгэсэн тавилга таарахгүй тул шинээр хийлгэж, угсруулахад гарсан 4 350 000 төгрөгийн зардал, байрны талбайг хэмжүүлэхэд  эрх бүхий байгууллагад төлсөн 105 000 төгрөг, тагтны хаалт хийлгэхэд гарах 780 000 төгрөгийн зардал, нийт 9 552 647 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 1 108 500 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 2 700 071 төгрөгийг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэсгийн хууль хэрэглээний болон тооцооны алдааг зөвтгөж, нэхэмжлэгчээс 2 805 071 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа орон сууцны зөрүү талбайн үнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, үлдэх хэсэгт алданги тооцож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс засч, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хийсэн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үйл баримтад нийцсэн, нэхэмжлэгч худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангийн хамт нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөрчөөгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар зохигчид 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №33 дугаартай Орон сууц захиалан барих гэрээ байгуулснаар талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан барих гэрээ дуусгавар болсон ба дуусгавар болсон гэрээтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч, гомдол гаргаагүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй  гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг үндэслэл болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.Лын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД