Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01776

 

М.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2017/00337 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2018/00011 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХЭМГ-т холбогдох,

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлмаа, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа ажлын байран дээр ирж сонсох ажиллагааны мэдэгдэл, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал өгсөн. Тухайн мэдэгдэл, тушаалтай танилцахад 2017 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд ЭМГ ирэхийг мэдэгдсэн боловч ажлын байран дээр байхгүй ажил тасалсан гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан байсан.

Тухайн өдрүүдэд миний бие Улаанбаатараас Сангийн яаман дээр дуудагдан ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар явах асуудлыг газрын дарга Ц.Гэрэлмаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байран дээр нь очиж амаар мэдэгдсэн. Хэн дуудсаныг асууж тэмдэглэж авсан. Гэтэл мэдэгдэлгүй ажил тасалсан мэтээр тайлбарлан сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЭМГт тухайн асуудлын талаар хариу тайлбар өгсөн бөгөөд давхар байгууллагынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан.

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЭМГ-ын дарга өрөөндөө дуудсаны дагуу очиход сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн тухайн мэдэгдэлд ажлаас чөлөөлж байгаа талаар дурдсан байсан. Тушаалын үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарсан. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн.

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал өгсөн. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

М.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дугаар заалт, байгууллагын дотоод журмын 9.2.3-ын В заалтуудыг үндэслэн тушаал гаргасан.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагт ЭМГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний баг үнэлгээний дүнг танилцуулахаар Уламжлалт анагаах ухааны төвд очиход дарга М.А ажлын байран дээрээ байхгүй 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 10-ны өдрийг хүртэл ажил тасалсан байсан.

Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 37/06/46 дугаар танилцуулгаар тогтоогдсон, мөн Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны Хяналт-шинжилгээ, үнэлгээний журмын дагуу ЭМГ-ын даргын баталсан удирдамжаар Хяналт- шинжилгээ үнэлгээ хийхэд байгууллагын жилийн төлөвлөгөө батлуулаагүй, удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг тамгаар баталгаажуулаагүй, Хяналт-шинжилгээ үнэлгээний дүн хангалтгүй байсан. 

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар М.А-д 1 сарын хугацаатай цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ сахилгын шийтгэлийг үр дүнгийн гэрээ байгуулаагүй, Эрүүл мэндийн сайдын 150 дугаар тушаалаар баталсан эмч ажилчдад улирал тутам олгодог урамшууллын тайланг хугацаанд нь удаа дараа гаргаж өгөөгүй, хоцроосон, ЭМГ-ын даргын тушаал шийдвэр, зөвшөөрөлгүйгээр урамшууллын мөнгийг авсан, хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдээгүй ажилтанг зөвшилцөхгүйгээр авч ажиллуулсан, ЭМГ-ын даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ногдуулсан.  

Ажлаас халах тушаал гаргах болсон үндэслэл нь 2017 оны 03 дугаар сарын 09-нд аймгийн Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч нарын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөр 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулах чиг үүрэг өгсөн боловч  М.А  нь үр дүнгийн гэрээг хугацаа хэтрүүлэн төсөл хэлбэрээр хянасан болон боловсруулсан хүний гарын үсэггүй, шаардлага хангахгүй гэрээний төслийг бичиг хэрэгт орхиод явсан байсан. Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд хяналт шинжилгээ хийсэн ба уг шалгалтаар 2017 оны төлөвлөгөө нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, төлөвлөгөөнд төвийн 25 жилийн ой тэмдэглэх арга хэмжээний талаар тусгаагүй, чанарын баг томилоогүй, чанарын баг төлөвлөгөөгүй гэх зэрэг зөрчил илэрсэн. Хяналт, үнэлгээ хийсэн баг хяналт шинжилгээ хийсэн талаар УАУТөвд танилцуулах гэж очих үед дарга М.А  нь ажлын байрандаа байгаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үдээс хойш хүртэл ажил шалтгаангүй тасалсан. Манайхаас Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын албанд хүсэлт гаргаж, Уламжлалт анагаах ухааны төвийн 2016 он болон 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгуулсан. Шалгалтаар М.А  нь удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр ажилчиддаа болон өөртөө урамшуулал авсан нь тогтоогдсон.

М.А-г Бээжин хотод 2016 оны 10 дугаар сараас 12 сар хүртэл сурч байх хугацаанд жижүүрт гарснаар бүртгэгдэж жижүүрийн илүү цагийн мөнгийг нэмэлт урамшууллын хамт авч байсан байдал илэрсэн. Өөрийг нь байхгүй байх хугацаанд өөрийнх нь гарын үсэгтэй санхүүгийн гүйлгээ хийгдэж байсан. Мөн М.А  эмчийн талаар эмчийн ёс зүйтэй холбоотой гомдол санал өргөх бичгийг надад ирүүлж байсан. М.А  даргад гаргасан зөрчил дутагдлыг нь танилцуулах гэхэд үл хүндэтгэх шалтгаанаар удаа дараа дуудахад ирдэггүй байсан.

Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга М.А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, тус төвд нь их эмчээр ажиллуулахаар төлөвлөж байсан боловч Уламжлалт анагаах ухааны төвд албан тушаал бууруулах биш ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн гарын үсэг, регистрийн дугаарын хамт бичсэн эмч, ажилчдынх нь хүсэлт, өргөх бичиг ирсэн. Энэхүү хүсэлтийг М.А  эмчтэй цуг хамт ажилладаг эмч мэргэжилтнүүд нь авчирч өгсөн. Ийм учраас М.А-гийн албан тушаалыг бууруулах тушаал гаргахаар төлөвлөж байсан боловч хамт олноос нь М.А  даргын ёс зүйтэй холбоотой гомдол, өргөх бичиг ирсэн учраас ажлаас нь чөлөөлсөн.

Энэ өргөх бичигт Ариунаа дарга нь төвийн ажилчидтай үйлчлүүлэгч өвчтнүүдийн дэргэд хашгичиж загнан маш ёс зүйгүй харьцдаг, бид нар хамт ажиллах хүсэлгүй байна. Мөн М.А  даргыг өвчтөн хэвтүүлэх дараалал, дотоод журам зэргийг байнга зөрчдөг, өөрийн үзэмжээр дур мэдэн асуудлыг шийддэг, шуурхай хурал зөвлөгөөнд бусад эмч, ажилчиддаа үг хэлэх, саналаа илэрхийлэх боломж олгохгүй, ёс зүйгүй, дээрэнгүй харьцдаг гэх зэрэг үндэслэлээр Уламжлалт анагаах ухааны төвд цаашид ажиллах ёс зүйгүй хүн гэсэн утга бүхий гомдол, өргөх бичигт УАУТ-ийн эмч, ажилчдын гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт ирсэн гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШШ2017/00337 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.А г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч М.А-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж, тус тусын дэвтэрт нь баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагч ХЭМГ /дарга Ц.Гэрэлмаа/ болон Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.А гийн ажлаас буруу халагдсан гэх гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2018/00011 дүгээр магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч миний бие 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжпэлийн шаардлага гаргасан. Үүнээс хойш хариуцагч өмгөөлөгч авах эрх нь бүрэн нээлттэй байсан. Анхан шатны шүүхээс өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр нь боломжит хугацаагаар хангаж хариуцагч өмгөөлөгч авч эрхээ бүрэн эдэлсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй хэт нэг талыг барьж магадлалаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцоно гэсэн заалтыг зөрчсөн.

Хариуцагч Ц.Гэрэлмаа нь анх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Х.Эрдэнэчулуун оролцож эхэлсэн байдаг. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Х.Эрдэнэчулуун нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдсэн байх бөгөөд тов дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Хариуцагч Ц.Гэрэлмаа нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлт, тайлбартаа өмгөөлөгч Х.Эрдэнэчулуун нь өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох байсан боловч Улаанбаатар хотод амьдардаг, ажлын ачаалал ихтэй, олон удаа ирж очих боломжгүй байгаа тул өмгөөлөхөөс татгалзсан. Иймээс шинээр өмгөөлөгч авах шаардлагатай болж өмгөөлүүлэх эрх зүйн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр байгуулж байгаа тул, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагатайн улмаас хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт бичгээр гаргасан байдаг. Хариуцагч Х.Гэрэлмаагийн гаргасан тухайн хүсэлт нь шүүхийг үл хүндэтгэсэн шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шинээр өмгөөлөгч авах боломжит хугацаа байсаар байхад гэнэт шүүх хуралдаан дээр ийнхүү хүсэлт гаргасан нь илт шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэх боломжтой. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч тухайн хэрэг маргааныг өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа боломжит хугацаанд шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байх бөгөөд хариуцагчийн хүсэлтэд дурдсан шинэ өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулж байгаа гэх боловч ямар өмгөөлөгч авч байгаа нь тодорхой бус энэ нь мөн л нотлогдоогүй шүүхэд ирүүлсэн баримт байхгүй, шүүх хуралдаан дээр шүүгчийг асуухад “өмгөөлөгчөөр хэнийг авахаа товлоогүй байгаагаа хэлж, өмгөөлөгчгүй хуралд оролцоё” гэж хэлээд шүүх хурал хийсэн байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг нотлох баримтын хүрээнд бус хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу магадлалаа гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, шүүхийн өмнө талууд эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2., 168.1.3., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тохиолдолд зөрчил бүхий ажиллагаанд үндэслэсэн шүүхийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 226/МА2018/00011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН