Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 325

 

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Пүрэвтогтох,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Г,

иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И ,

шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч Э.Г,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Од холбогдох 201726030338 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт Д.О, 1986 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эмчээр ажиллаж байсан, ам бүл 3, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../;

Д.О нь 2016 оны  12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Г.Мын биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, Г.Мын амь насыг хохироож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: Д.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.      

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.О-гэмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О-г мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 15.000.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гт олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өвчтөн Г.М нас барсанд маш их харамсаж, гэмшиж байна. Тухайн үед ханиадны дэгдэлт их болсон үе байсан бөгөөд маш их ачаалал, очертой, эмнэлэгт орны хүрэлцээ дутагдсан, газраар коридиорт маш олон хүүхэд хэвтүүлсэн байсан. Хүүхдийн биеийг дунд зэрэг байсанд хэт их үнэлгээ өгч, зөвлөгөө өгч буцаасандаа маш их харамсаж байна. Надад оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байх үед өвчтөн Г.Мыг үзэж, амьсгал дутлын шинжгүй, амин үзүүлэлт хэвийн байсан тул зөвлөгөө өгч буцаасан үйлдлийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж шууд механикаар ойлгож хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ёстой.

Шүүхийн тогтоолд “Гэм буруу болон хэргийн улмаас учирсан хохирлын талаар” дүгнэлт хийхдээ “...М-ыг эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 4 сартай Г.М “Уушгины артерын даралт ихдэлт, уушгины хатгалгаа, амьсгууртас” өвчний улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн...” гэж дүгнэсэн нь эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, эмгэг судлаач гэрч Г-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 543, 762 дугаартай дүгнэлтээр тогтоосон үндсэн өвчин болох Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажиг /1.2 см голчтой/ өвчнийг уг өвчинтэй шууд холбоотой үүсдэг “Уушгины артерын даралт ихдэлт” эмгэгээс салгаж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдлыг буруу дүгнэж, шалтгаант холбоог зөв тогтоож чадаагүй байна.

Өвчтөн Г.Мын цогцост задлан шинжилгээ хийсэн эмгэг судлаач Ганхүүгийн “Эмгэг судлалын протокол”-д

1. Үндсэн онош: Зүрхний ховдол хоорондын таславчийн төрөлхийн цоорхой /гажиг/,

2. Хүндрэл: Уушгины артерын даралт ихдэлт, уушгины хатгалгаа гэж үндсэн өвчин, түүнтэй шууд холбоотой үүссэн хүндрэлийг зөв тогтоосон байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 543, 762 тоот 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр “Эмгэг судлаач Ганхүүгийн эмгэг судлалын онош, дүгнэлт үндэстэй байна” гэж батлагдсан.

Анагаах ухаанд аливаа өвчин эмгэгийг оношлох, эмчлэхдээ Олон улсын өвчний онош, нэршлийн дагуу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын өвчний 10 дугаар ангилалыг мөрддөг.

Мөн Монгол улсын “Оношийн бүтэц-MNS:5377:2004” стандартыг мөрдөж нэгдүгээрт үндсэн онош буюу өвчин, хоёрдугаарт хүндрэл буюу үхлийн шууд шалтгаан, гуравдугаарт хавсарсан дагалдах өвчин гэж ялгаж онош тавьдаг.

Дээрх стандартын дагуу Г.Мын хувьд: Үндсэн өвчин нь Зүрхний төрөлхийн ховдол хоорондын таславчийн цоорхой /гажиг/, хүндрэл нь уушгины артерын даралт ихдэлт, хатгалгаа өвчин байсан нь эргэлзээгүй тогтоогдсон байхад шүүх зөв ойлгож дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх асуудлыг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 543 тоот дүгнэлтийн 6, 7 дугаар хэсэгт: Талийгаач Г.М нь зүрхний төрөлхийн гажиг ховдол хоорондын таславчийн цоорхой, тунгалаг дутмагшилын шүүдэст эмгэгшил, дархлаа дутмагшил өвчтэй байсан ба дээрх эмгэгтэй хүүхэд уушгины хатгалгаагаар өвчлөхөд өвчин маш цочмог, түргэн явцтай, тавилан муутай бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж муутай гэж дүгнэсэн болон давтан бүрэлдэхүүнтэй гаргасан 762 дугаартай дүгнэлтийн 1, 2 дахь хэсэгт “Эмгэг судлаач Ганхүүгийн тогтоосон онош зөв байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 543 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байсан” 12 дахь хэсэгт “Талийгаач Г.М уушгины хатгалгаа хүнд хэлбэртэй ба бусад өвчин эмгэг хавсарсан тул эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийлгэсэн ч амь насыг аврах боломж бага”, 13 дахь хэсэгт “Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагт үзүүлэх үед зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой өвчин, эмгэгийг зөв оношилж, яаралтай тусламж үзүүлсэн ч бусад өвчин эмгэгтэй хавсарсан тул амь насыг аврах боломж бага байна” гэсэн дүгнэлтийг шүүх эргэлзээгүй гэж үзсэн боловч үндэслэлээ тогтоолд заагаагүй, шинжээчийн дүгнэлтийг баримтлаагүй үндэслэл нь тодорхойгүй байна.

Иймд Д.О нь өвчтөн Г.Мын үхэлд буруугүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт нотлогдоогүй,эмнэлэгт хэвтүүлэхгүй зөвлөгөө өгч буцаасан үйлдэл, үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоогүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гийн өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч Э.Гаас “... хохирогч нь эмчээс хамаарахгүй нөхцөл байдалд байсан, орны хүрэлцээ хангалтгүй, Г.Мын биеийн байдал дунд зэрэг байсан...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Г.Мын биеийн байдал дунд зэрэг байсан байх боломжгүй болох нь хавтас хэргийн 125, 128 дахь хуудсуудад авагдсан мэдүүлгүүдээс харахад хатгалгаа өвчин нь богино хугацаанд хүндрэх боломжгүй өвчин байдаг. Гэтэл Г.Мыг Д.О эмчид үзүүлснээс хойш 6 цагийн дараа нас барсан ба анагаах ухаан талаас нь  үзэхэд тухайн үед биеийн байдал нь дунд зэрэг байсан байх боломжгүй байдаг. Тухайн үед орны хүрэлцээ муу байсан гэж өмгөөлөгч ярьж байна. Энэ талаар авагдсан нотлох баримт хэргийн материалд байхгүй, харин ганцаараа ажиллаж байсан гэдэг талаар анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Хоёрдугаарт, үндсэн онош нь зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой, хавсрах өвчин нь хатгалгаа байсан гэж өмгөөлөгч гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр хатгалгаа нь хүндэрсний улмаас Г.Мын амь нас хохирсон байдаг. Г.Мыг оношийг зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гэж оношилсон боловч хатгалгаа өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрвээ зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гэсэн өвчтэй бол хатгалгаа хурдан хүндэрдэг гэсэн зүйл ярьж байна. Дээрх өвчтэй бол хатгалгаа нь хурдан хүндэрдэг хэдий боловч Д.О нь Г.Мыг үзэх үед илэрхий мэдэгдэхээр байсан гэж үзэж байна. Гэтэл Д.О нь хатгалгаа биш, гуурсан хоолойн үрэвсэл гэсэн онош тавьж, утлага хийлгэх эмчилгээ бичиж өгч буцаасан байдаг. Тэгэхээр буруу оношилсон нь тогтоогдож байна. Д.Оэс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа боловч хуульд заасан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал огт байхгүй. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил гаруй хугацаанд Д.О нь хохирогчтой нэг ч удаа уулзаагүй, уулзахаараа би буруугүй, яагаад хүүхэд нас барсныг мэдэхгүй гэдэг зүйл ярьдаг. Иймд миний үйлчлүүлэгчийн хохирлыг огт барагдуулаагүй тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс 15.000.000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь анхан шатны шүүх нь Д.О нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм уу, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан юм уу гэдгийг тогтоогоогүй. Өөрөөр  хэлбэл, Д.О-н Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ аль нь болох нь тодорхой бус байна. Байнгын ажлын байранд бол хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Харин хугацаатай ажиллуулж байгаа тохиолдолд нөхцлөө тохиролцдог. Тиймээс Д.О-н байгуулсан гэрээ тодорхой бус гэрээ байгаа юм. Тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан үндэслэл үүсэх эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан захирах, захирагдах ёс үүсэж байж хариуцлагыг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүлээх ёстой. Хэрвээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол энэ гэрээ нь харилцан тэгш эрхийн хүрээнд явагддаг тул захирах, захирагдах ёсны харилцаа үүсэх ёсгүй. Тийм учраас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Хэрвээ шүүхээс албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагч гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдал нь цаг хугацааны хувьд оновчгүй. Яагаад гэвэл тухайн хэрэг болсноос 14-30 хоногийн дараа гэрээ байгуулагдсан байгаа. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт захиргааны арга хэмжээ авч болох боловч хариуцлага хүлээлгэх үндэслэл мөн болохгүй юм. Хоёрдугаарт хохирогчоос оршуулгын зардалд 5.200.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Эдгээр баримтуудыг харахад санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй баримт олон байхад шүүхээс дээрх баримтуудыг үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн сэтгэл санааны хохиролд мөнгө нэхэмжилсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд хуульд заасан тохиолдолд сэтгэл санааны хохирол яригдана гэж заасан. Тийм учраас сэтгэл санааны хохирол 9.732.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна ...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... эмчээс шалтгаалаагүй, тухайн үед үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал хүнд биш байсан...” гэсэн гомдол гаргаж байна. Гэтэл Г.Мыг 16 цагийн үед үзүүлэхэд Д.О нь хүнд биш гэж буруу оношилсон нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Норовсүрэнгийн “... Г.М нь уушгины хүнд хэлбэрийн хатгалгаатай байсан, уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа нь 8 цагийн дотор хүндрэнэ гэж байхгүй, тухайн үед энэ хүүхэд хүнд хэлбэрийн хатгалгаатай байсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн Г.Мын зүрхний өвчин нь үхэлд хүргэх шалтгаан болоогүй талаарх шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын мэдүүлгүүд зэргээр нотлогддог ба Г.Мын нас барсан шалтгаан нь уушгины хатгалгаа өвчин байсан. Хэрвээ Д.О нь уушгины хатгалгаа өвчнийг  уушгины рентген зураг авахуулаад оношлох боломжтой байсан. Гэтэл энэ эмчилгээ үйлчилгээгээ зохих журмаар үзүүлээгүйн улмаас 8 цагийн дараа хүүхдийн биеийн байдал хүндрээд Г.М нь амьсгал, хүчилтөрөгчийн дутагдалд ороод шокийн байдалтай байж байгаад нас барсан байдаг. Эмчилгээг цагт нь хийгээд, зохих ёсоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол нас барахгүй байх боломжтой байсан талаар гэрч нар мэдүүлсэн байгаа. Хохирлын хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон Иргэний хуульд заасны дагуу шүүх хохирлыг тогтоосон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Г.Мын биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, Г.Мын амь насыг хохироож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Гийн “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Г.М босохдоо цээж нь хэржигнүүртэй, уйлаад босоод ирсэн. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул хорооноос өрхийн эмнэлгийг асуухад онгорхой байна гэсэн. Тэгээд 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт очиж, очерлож зогсоод, нилээн удаж байж Н эмчид үзүүлсэн. Н эмч үзлэг хийчихээд хамрын хоёр угалз хөхрөлттэй байна, та хоёр хэвт гэсэн. Тэгээд хэвтэх бичиг хийж өгсөн. Н эмч чагнаж үзсэн, халууныг нь үзсэн, хувцсыг нь сөхүүлж үзэж байсан. Хэвтэх бичгээ аваад гэртээ очиж хувцсаа янзлаад, хэвтэх бичгээ аваад гарсан. Манай нөхөр хөдөөнөөс ирсэн ба аавыг нь дагуулаад, хүүхдээ аваад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 16 цаг 00 минутын үед ирсэн. Тэгэхэд Д.О гэх эмч жижүүртэй байсан. Тэгээд Г.Мыг үзээд амьсгалыг нь тоолсон, савхаар хоолойг нь дарж үзсэн, халууныг хэмжсэн, чагнуураар чагнаж үзсэн. Д.О эмч “та хоёр өрхийн эмнэлгээр утлага хийлгүүлж, эм уу” гээд эм бичиж өгсөн. Сайжруулсан ампоксилин, цэр шингэлдэг эм, нэрийг нь мэдэхгүй байна, пулмикан эмээр утлага хий гэж бичиж өгсөн. Би “ампоксилин хэрэглэсэн” гэсэн чинь “нэмээд уу” гэж хэлсэн. Г.Мыг аваад гэртээ ирсэн. Тэгээд Нарантуяа эмчид утсаар хэлсэн чинь өрхийн эмнэлэг хагас ажиллаад амарсан, маргааш ирээд утлаганд орж болно гэж хэлсэн. Энэ өдөр орой хүүхэд унтаж байснаа 22 цагийн үед босож ирэнгүүтэй хий огиж, хөхрөөд эхэлсэн. Би хүүхдээ цэрэндээ хахаж байна гэж бодоод цээжин дээр нь тогшоод, тэврээд сандраад, 103 руу залгаад “манай хүүхэд цэрэндээ хахаж байгаа юм шиг огиод байна” гэхэд нуруун дээр нь тогшилт хийгээд өгөөрэй гэж хэлээд утсаа салгасан. Би дахин залгаад “хүүе, огиод хөхрөөд болохгүй байна” гэхэд “горчичник дээр хөлийг нь дүр” гэж хэлээд салгасан. Тэгээд горчичникэнд хөлийг нь дүрэх гэхэд дүрүүлэхгүй байхаар нь 103 руу дахин залгаж “болохгүй байна” гэхэд дуудлагыг хүлээж авлаа гэсэн. Түргэн ирэлгүй 1 цаг гаран болсон. Түргэний эмч ирж үзээд амьсгалыг нь тоолж үзээд “за эгчээ, явах уу” гэсэн. Би охиноо хувцсыг нь өмсүүлж, хөнжлөөр ороогоод явсан. Түргэний эмч доошоо малчны хэсэгт очиж хүн үзээд гарсан. Тэгээд бид хоёрыг Яармагийн эмнэлэгт хүргэж өгсөн. Бид хоёрыг оруулахад жижүүр эмч “хүүхэд чинь хүйтэн халуурал явагдаад байна” гээд бужигнасан. Тэгээд эрчимт эмчилгээнд оруулаад, дараа нь дээшээ авъя гэж хэлсэн. Г.Мын зүүн гуяанд тариа хийсэн. Би “юу тарьсан бэ” гэхэд “унтуулдаг, тайвшруулдаг тариа” гэж хэлсэн. Хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт оруулаад, хамар луу нь гуурс хийж, хүчилтөрөгч залгасан. Сувилагч судас тариа тарих гээд хөл рүү нь хатгах гэхэд судас нь хагараад олдохгүй байсан. Би охиноо тэвэрч байсан. Охины толгой гулжийж, гар дээр унжсан байсан. Би охиныхоо толгойг өргөх гэсэн чинь хацар нь хатуураад эвгүй болоод ирсэн. Би “юу болов оо, эмчээ дууд” гэсэн чинь эмч нь ирсэн. Эмч нь ирээд зүрхний массаж хийсэн. Тэгээд өнгөрсөн ...” /1хх-107-108/,

Гэрч М.Н-ийн “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 00 цагийн үед би Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байхад хүлээн авахаас хүнд хүүхэд ирлээ гэж дуудсан. Намайг ирэхэд 3 сартай, биеийн байдал нь маш хүнд, толгой дохилзож, хамар цахиралтсан, ухаантай, амьсгалын дутагдалтай, зүрхний цохилт 200, амьсгал зүрх судасны дутагдалтай маш хүнд хүүхэд байсан. Хүүхэд тайван бус, уйлагнасан, 37.9 градусын халуунтай, нүдээ анисан, дөрвөн мөч нь хүйтэн, арьс нь эрээнтсэн, захын судсанд пульс буюу судасны цохилттой хүүхэд байсан. Яаралтай тусламжийн өрөөнд анелген 0.1, демидрол 0.3, полокойн 0.5 мл хөлийн булчинд хийлгээд хүчилтөрөгч өгсөн. Энэ хугацаанд хүлээн авахын эмч, сувилагч хоёр өвчний түүх нээж байсан. Ээжээс нь асууж байгаад эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Судасыг хоёр удаа хатгахад захын судас олдоогүй. Тэгж байтал хүүхэд амьсгалаа татаж, амьсгал зогссон. Амбуугийн тусламжтайгаар амьсгал өгч, зүрхэнд массаж хийсэн. Амьсгал огт орж ирээгүй болохоор цагаан мөгөөрсөн хоолойд гуурс хийж, 100 хувийн хүчилтөрөгчтэй амьсгалыг удирдсан. Энэ хугацаанд зүрхний массаж хийж байсан. Ясанд хатгалт хийж, 0.40 хувийн натри хлорид 140 граммыг урсгасан. 30 минутын турш сэхээн амьдруулах арга хэмжээг гурваас таван удаа давтан хийсэн боловч амьсгал зүрх судас нэг ч удаа орж ирээгүй. Сэхээн амьдруулах арга хэмжээ үр дүнгүй байсан болохоор 30 минутын дараа зогсоосон. Үхлийн шинж тэмдэгүүд илэрч эхэлсэн...” /1хх-113-116/,

Гэрч Ц.Ц-ийн “... Би Г.Мын цогцост хийсэн эмгэг судлалын шинжилгээнд оролцсон. Эмгэг судлалын шинжилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн патанатомийн эмч буюу эмгэг судлалын эмч Ганхүү ирж хийсэн. Эмгэг судлалын шинжилгээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн байранд хийгдсэн. Эмгэг судлалын шинжилгээгээр хүүхдийн хэвлийн хөндий, гавал тархийг нээж шинжилж үзсэн. Эмгэг судлалын эмч зүрхний гажигтай, сэрээ булчирхай том, хатгалгаа өвчтэй байна гэсэн. Зүрхний төрөлхийн гажигтай байдлын улмаас хатгалгаа нь хүндэрч нас барсан байна гэж хэлсэн. Эмгэг судлалын эмч Г.Мын сэрээ булчирхайг үзүүлж, сэрээ булчирхай нь том байна гэж хэлсэн. Үзэхэд сэрээ булчирхай нь хэвийн хэмжээнээс том байсан. Г.Мын уушги нь хийрхэг байдлаа алдаж, хатуурсан байсан. Үүнийг эмгэг судлаач эмч хатгалгааны шинж байна гэж харуулсан ...” /1хх-119-121/,

Гэрч Г.Г-ийн “... 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын байранд 4 сартай, эмэгтэй, Г.М гэх хүүхдийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийсэн. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 55 дугаар тушаалаар эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан 16 нас хүрээгүй бүх хүүхдийн цогцост заавал эмгэг судлалын шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тогтоох, эмгэг бүтцийн шинжилгээ хийж онош тогтоох журамтай юм. Г.Мын цогцост шинжилгээ хийж үндсэн онош, хүндрэл, дагалдах өвчин гэж оношийг тогтоосон. Г.Мын үндсэн онош нь зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой 1.2 см хэмжээтэй, энэ өвчний олон улсын ангилал нь Q21.0, хүндрэл нь уушгины артерийн даралт ихсэлт, хоёр талын уушгины хатгалгаа, хямрал, бөөрний сувганцарын голомтлог үхжил, дагалдах өвчин нь тунгалаг дутмагшилын шүүдэст эмзэгшил-дархлаа дутмагшил, сэрээ булчирхайн томрол 33.1 грамм, тунгалагийн булчирхайн тархмал томрол, дэлүүний фолликулын олширол томрол, бөөрний дээд булчирхайн хатангиршал, аденом гэж онош тогтоогдсон. Г.М нь төрөлхийн зүрхний гажигтай байсны улмаас цус эргэлтийн алдагдал үүсч, баруун ховдолын ачаалал нэмэгдэж уушгины артерын даралт ихсэлт үүсдэг. Уушгины артерын даралт ихэссэн нь уушгины эмгэгээр өвчлөх, өвчин хүндрэх магадлалтай юм. Г.М нь дээрх өвчний улмаас хүндэрч амьсгал, хүчилтөрөгчийн дутмагшил гүнзгийрч нас барсан. Дагалдах өвчнүүд нь үхэлд шууд хүргээгүй боловч тухайн өвчтөний бие махбодид байгаа өвчнийг хэлдэг. Тунгалаг дутмагшилын шүүдэст эмзэгшил нь төрөлхийн бөгөөд мөн дархлаа дутмагшил төрүүлдэг...” /1хх-122-123/,

“... Г.Мыг үхэлд хүргэсэн оношийг уушгины артерын даралт ихсэлтийн суурин дээр үүссэн хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа өвчний улмаас амьсгал хүчилтөрөгчийн дутмагшилаар нас барсан гэж дүгнэсэн. Иймээс уушгины артерын даралт ихсэлтийн суурин дээр үүссэн хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа өвчний улмаас амьсгал хүчилтөрөгчийн дутмагшил өвчнийг эмгэг судлалын оношийн хоёрт бичсэн байгаа юм. Г.Мын үндсэн онош зүрхний төрөлхийн ховдол хоорондын таславчийн цоорхой өвчин байсан. Г.М нь зүрхний төрөлхийн ховдол хоорондын таславчийн цоорхой өвчтэй байсны улмаас цус эргэлтийн алдагдал гүнзгийрч уушгины артерын даралт ихсэх өвчин үүссэн. 8 цагийн дотор амь тэнссэн байдалтайгаар уушгины хатгалгаа өвчин нь хүндэрнэ гэж бодохгүй байна. Эмнэлзүйн тохиолдлоос үзэхэд хөнгөн зэргийн хатгалгаатай байсан хүүхэд 8 цагийн дотор амь тэнссэн шокийн байдалтай болж хүндрэх боломжгүй байдаг...” /1хх-124-125/,

Гэрч А.Н-ийн “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 00 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд оршин суух Г.М гэх 4 сартай хүүхдийг түргэн тусламжийн машинаар авч ирж хүлээлгэж өгсөн. Г.М гэх хүүхдийг үзэхэд уйлагнасан, царай цонхигор, хүнд, сэхээнд орох заалттай, амьсгаадсан, уйлагнасан байдалтай байсан. Ээж нь тухайн үед сандраагүй, хүнд гэдгээ мэдээгүй байсан. Ээжээс нь асуумж авахад хүүхэд халуураагүй, уйлаад байсан гэж хариулсан. Хэмжиж үзэхэд 37.9 градусын халуунтай. Хүүхдийн мөчдүүд нь хүйтэн, толгой, цээж хэсэг нь халуун байсан. Зүрхний цохилт минутад 200 гаруй, хүчил төрөгчийн ханамж буюу сатураци 95-аас дээш байх ёстой атал 83 орчим, 4 сартай хүүхэд 50-иас дээш гарах ёсгүй байтал амьсгалын тоо 60-аас дээш байсан. Би дотуур утас байхгүй болохоор хүүхдийн тасгийн жижүүр эмч рүү залгаж хүнд хүүхэд орж ирлээ гэж мэдэгдсэн. Хүүхдийн тасгийн жижүүр эмч Нямсүрэн удалгүй бууж ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт 3 ор байдаг ба ор дүүрэн байсан. Н эмч амин үзүүлэлтийг үзээд ямар ч байсан халуунаа бууруулаад байж бай, ороо зохицуулж хүүхдээ хүлээж авъя гэж хэлсэн. Халуунтай байсан учраас өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй “тайвшруулах хольц” буюу “смесь” нэртэй эмийг булчинд тарьж, хүчилтөрөгч хамраар өгч байсан. Би өвчний түүхийг нээж бичиж байсан.  Н эмч ор нэмээд тавьчихлаа гээд Г.Мыг ээжтэй нь хамт эрчимт эмчилгээний тасаг руу аваад явсан. Хэсэг хугацааны дараа асрагчаар хүүхэд муудаад байна гэж Нямсүрэн эмч дуудуулсан байсан. Намайг очиход хүчилтөрөгч буюу амбуу сэхээн амьдруулах ажиллагаа хийж байсан. Би энэ үйл ажиллагаанд оролцсон. Би цээжний шахалт хийж тусалсан. Амьсгал, зүрхийг чагнаж хянахад зүрх орж ирэхгүй 30, 40 минут болсон...” /1хх-126-128/,

Гэрч Ө.А-ын “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 00 цаг 30 минутын үед түргэн тусламж 103-аар уушгины хатгалгаа гэсэн оношоор Г.Мыг ээж нь тэвэрсэн ирсэн. Энэ хүүхдэд 103-ын эмч хэвтэх бичиг хийж өгөөд явсан. Н эмч бид хоёр хүүхэд үзээд сууж байсан. Н эмч Г.Мд тайвшруулах тариа хийсэн. Норовсүрэн эмч анелгин 0,1, демидрол 0,3-ыг новокайнаар шингэлээд нэг граммыг булчинд нь хий гээд би эмчийн зааснаар бөгсөнд нь тайвшруулах тариа хийсэн. Хүчилтөрөгч өгөөд хүлээж бай гэхээр нь хүчилтөрөгч өгөөрэй гээд Эрчим эмчилгээний тасагт өгсөн. Болортунгалаг сувилагч Г.Мыг авч явсан. Би доошоо бууж ирээд жижүүрийн өрөөнд 40 градусын халуунтай хүүхдийн биеийг спиртээр арчаад сууж байхад эрчимтийн тасгийн асрагч хүүхэд онцгүй болчихлоо гэж орж ирсэн. Тэгээд хүлээн авахын тасагт байсан Нацагмаа эмчийг дуудсан. Нацагмаа эмч бид хоёрыг очиход эрчимт эмчилгээний тасагт  Г.Мын биеийн байдал муудсан хэвтэж байсан. Н эмч бид нартай хамт орсон. Тэгээд яаралтай арга хэмжээг авсан. Амбугаар гараар хүчилтөрөгч өгч, цээжийг өндөрлөж хэвтүүлсэн. Болортунгалаг эмч уян зүү тавиагүй байсан учраас би уян зүү тавих гээд гаранд хатгахад цус орж ирэхгүй байсан. Хүүхэд хөшсөн байсан. Болортунгалаг эмч адерналин хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Н эмч дээрээс бууж ирсэн. Тэгээд ямар нэгэн үр дүнд хүрээгүй, хүүхэд нас барсан. Ээж нь хэлэхдээ өдөр хэвтэх бичигтэй ирэхэд хэвтүүлээгүй, хэвтсэн бол ийм юм гарахгүй байсан гэж ярьж байсан...” /1хх-131-132/,

Гэрч Д.Н-йн “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12-оос 13 цагийн хооронд Ц.Г гэх эмэгтэй хүүхдээ үзүүлэхээр ирсэн. Энэ эмэгтэй эхлээд ирж дуудлага өгөх гээд ирэхэд нь би хүүхдээ аваад ир гэж явуулсан санагдаж байна. Тэгээд Г.Мыг ээж нь авчирч үзүүлсэн. Энэ хүүхдийг үзэхэд амьсгаадсан, хэвтэхээр хүүхэд байсан. Амьсгаадна, халуурна, цээж нь хэржигнүүртэй, уйлагнана зэрэг зовиуртай байсан. Амьсгал нь минутад 57 удаа, цээж нь хонхолзоно, нярайн пулсоксометр байхгүй учраас зүрхний цохилтыг үзээгүй, биеийн халуун 38 градустай байсан. Биед нь үзлэг хийхэд цээж хонхолзоно, зүрхийг чагнаж үзэхэд ямар нэг дуу чимээ шуугиан сонсогдоогүй, уушгийг сонсоход амьсгал суларсан, хэржигнүүртэй байсан. Илт харагдах тууралт байгаагүй. Хоолойг үзэхэд илэрхий улайсан юм байгаагүй. Хамраас нь гоожсон  нус харагдаагүй. Ээжээс нь хэзээнээс ханиалгаж эхэлсэн бэ гэхэд 3 хоног болж байна гэж хэлсэн. Энэ хүүхдэд уушгины хатгалгаа гэсэн онош тавьж яаралтай хэвтэж эмчлүүл гэж хэвтэх бичиг хийж өгсөн. Ц.Г би яаж хэвтэх вэ, аав нь Хэнтий аймгаас ирж байгаа гэж ярьж байсан. Дараа нь Ц.Г 16 цагаас 17 цагийн хооронд Яармагийн эмнэлэгт очсон чинь хэвтүүлэхгүй байна, утлага бичиж өгсөн гэж хэлсэн. Би түүнд “чи яаж байгаа юм бэ, хэвтэхгүй яасан бэ” гэхэд “хэвтүүлэхгүй байна, утлага бичиж өгсөн” гэж ярьж байсан. Би түүнд “манай өрхийн эмнэлэг дээр утлага хийдэг, та маргааш ирээд утлага хийлгүүлээрэй, болохгүй бол түргэн дуудаарай” гэж захиж хэлсэн. Маргааш нь ээлжинд Ундрал эмч гарсан ба амралтын өдөр байсан тул би амарч байсан. 2017 оны 1 дүгээр сарын эхэнд ажил цугларсны дараа Ц.Гийн утас руу залгаж асуухад бие нь муудаад түргэн дуудсан. 3 удаа дуудахад ирэхгүй, горчичник тавь гэж хэлсэн. 3 дахь дуудлагаар ирсэн. Түргэний эмч ирж био дотор дуудлаганд зэрэг яваад, яармагийн эмнэлэгт очсон. Эмнэлэгт очоод удалгүй нас барсан гэж хэлсэн...” /1хх-135-136/,

Гэрч Д.Б-ийн “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цаг болж байхад биеийн байдал хүнд хүүхдийг хүлээн авч сэхээн амьдруулах тасагт хүлээж авсан. Хүлээж авах үед биеийн байдал маш хүнд хөхөрсөн, дөрвөн мөч хүйтэн, хүнд байдалтай байсан. Манай тасгийн ор дүүрэн байсан тул дунд нь ор тавьж хэвтүүлсэн. Эмч хүчилтөрөгч өгч, уян зүү тавь гэсэн. Хүчилтөрөгч өгсөн, уян зүү тавих гээд хоёр удаа хатгахад судас нь олдоогүй. Хүүхэд дохилзоод эхэлсэн. Би Н эмчийг дуудсан. Хүүхдэд амбуу өгсөн. Хүүхдийн судас олдохгүй болохоор зүүн хөлний ясанд хатгалт хийж 140 грамм натри урсгаж явуулсан. Сэхээн амьдруулалт хийсэн боловч 20-30 минутад ямар нэг үр дүн өгөлгүй нас барсан...” /1хх-138-139/,

Гэрч М.Х-ын “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед 4 сартай хүүхэд бөглөрших гэсэн дуудлагыг хүлээж авсан. Дуудлагын дагуу 23 цаг 20 минутын үед очсон. Очиход ээж нь “өнөөдөр өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Өрхийн эмнэлэг хэвтэх бичиг хийж өгсөн. Орой 16 цагийн үед хүүхдээ аваад Яармагийн эмнэлэгт очиж хэвтэх бичгээ өгч, үзүүлэхэд, хүүхэд чинь халуураагүй юм чинь гэрээр утлага хий гээд буцаасан” гэж хэлсэн. Би хүүхдийг үзэхэд хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, амьсгалын дутагдлын шинж илэрсэн байсан тул Яармагийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн...” /1хх-142-143/,

Гэрч Д.С-ийн “... Ц.Г нь Эрүүл мэнд, спортын яаманд гаргасан гомдлыг Эрүүл мэнд, спортын яамнаас манай байгууллага руу шалгуулахаар шилжүүлсэн. 2017 оны 2 дугаар сарын 6-наас 9-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Г.М нас барсан асуудалтай холбоотой Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шалгалт хийсэн. Шалгалт хийхэд дараах зөрчил дутагдал илэрсэн. Үүнд:

1. Хүлээн авах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Д.О эмч эрэмбэлэн ангилалтын хуудас бөглөж бичээгүй буюу эмнэлгийн анхан шатны бүртгэл маягтыг хөтлөөгүй. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаалд эмнэлгүүд ямар баримт хөтлөх ёстой талаар заасан байдаг. Уг тушаалд зааснаар хүлээн авахад эрэмбэлэн ангилалтын маягт бөглөх ёстой гэсэн заалттай.

2. Хүлээн авахын эмч нь үзлэг дутуу хийсэн гэж үзсэн. Учир нь хүлээн авахын эмч нь өвчтний бүх амин үзүүлэлтийг үзэж эрэмбэлэн ангилалтын хуудсанд бичих ёстой байсан. Гэвч энэ хуудас байгаагүй.

3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 тоот тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг. Уг ёс зүйн хэм хэмжээнд эмнэлгийн мэргэжилтнүүд бие биеэ хүндэтгэх ёстой гэсэн заалттай. Д.О эмчийн хувьд өрхийн эмчээс энэ хүүхдийг хэвтэж эмчлүүлье гэж байхад хүндэтгэн үзээгүй, хайхрамжгүй хандсан.

4. Жижүүр эмч Д.О нь яаралтай тусламж шаардлагатай хүүхдийг буцаасан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2, 28.4.3, 20.2.1-ээс 20.2.3 дахь заалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 10.2 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалаар хүүхдийн амин үзүүлэлтийг үзээд биеийн байдал хүнд байвал яаралтай тусламж үзүүлэх тухай заасныг зөрчсөн байна...” /1хх-146-149/,

Д.О-н сэжигтнээр өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас 17 цагийн үед өвчтөн Г.Мыг үзэж амьсгал дутлын шинжгүй, одоогоор хэвтэх шаардлагагүй тул зөвлөгөө өгч гэрээр эмчилгээ хийлгэхээр зөвлөж буцаасан. Би Г.Мын амин үзүүлэлтийг үзэхэд халуунгүй, амьсгалын тоо хэвийн, цусан дахь хүчилтөрөгчийн хангамж хангалттай, цээж хонхолзоогүй, захын судасны цохилт хангалттай тэмтрэгдэнэ, зүрхний авиа тод, зүрхний хэм жигд, нэг минутад барагцаагаар 130-135 хооронд байсан. Амин үзүүлэлтүүд тогтвортой хэвийн байсан. Өвчний амбулаторын картанд үзлэг хийсэн тухай бичиж тэмдэглээд гуурсан хоолойн үрэвсэл гэсэн онош тавьсан. Амбулаторын картанд амин үзүүлэлтийг бичээгүй юм. Тухайн үед хүүхдийн үзлэгийн тоо 100 гаруй, 5 минутын зайтай нэг хүүхдийг үзэж байсан, ачаалал хэт их байсан учраас яаралтай тусламж үзүүлсэн тухай маягт бөглөөгүй юм. Би Ц.Гт гэрээр эмчилгээ хийлгэх, тухайлбал флемоксинсалвтаб 125 мг-аар нэг ширхэгийг хоногт 8 цагаар, 5 хоног, витамин С хоёр хувийн 200 мл-аар цайны халбагаар өдөрт 3 удаа 5 хоног, Калийн иод 2 хувийн 100 мл-аас цайны халбагаар өдөрт 3 удаа хэрэглэх, хэрэв яаралтай шинж илэрвэл буцаж ирэх, өрхийн эмчийн хяналтанд буцаасан...” /1хх-224/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Эмгэг судлаач эмч Г.Г-ийн онош үндэслэлтэй байна. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмч Д.Н , хүлээн авсан эмч А.Н , эмчлэгч эмч М.Н нарын талийгаач Г.Мт тавьсан онош үндэслэлтэй байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Д.О-н талийгаач Г.Мт тавьсан онош үндэслэл муутай байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.О нь бодит үзлэг хангалтгүй хийснээс онош буруу тавьсан ба Г.Мыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай байжээ. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмч Д.На, хүлээн авсан эмч А.Н, эмчлэгч эмч М.Н нар шаардлагатай зохих үзлэг, эмчилгээг хийсэн байна. Талийгаач Г.М нь зүрхний төрөлхийн гажиг, ховдол  хоорондын таславчийн цоорхой, тунгалаг дутмагшлын шүүдэст эмгэгшил дархлаа дутмагшил өвчтэй байсан ба дээрх эмгэгтэй хүүхэд уушгины хатгалгаагаар өвчлөхөд өвчин маш цочмог, түргэн явцтай, тавилан муутай бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврах боломж муутай. 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Нийслэл өргөө нэгдүгээр амаржих газар төрөх үед зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойг оношлоогүй байна. Ц.Г нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 4 сартай жирэмсэн байх үедээ Влабур эмнэлэгт эхо хийлгэсэн бөгөөд дээрх шинжилгээгээр урагт ховдол хоорондын таславчийн цоорхой оношлогдоогүй байна. Хоёр сарын дараа давтан харуул гэсэн боловч дахин эход  харуулсан гэх бичиг байхгүй байна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-174-178/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Эмгэг судлаач эмч Г.Г-ийн онош зөв байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 543 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Г.М нь уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан байна. Зүрхний төрөлхийн гажиг ховдол хоорондын таславчийн цоорхой, тунгалаг дутмагшлын шүүдэст эмгэгшил, дархлаа дутмагшил, цус эргэлтийн хямрал, уушгины артерын даралт ихсэлт зэрэг өвчин нь уушгины хатгалгаа өвчнийг хүндрэхэд нөлөөлсөн байна. Талийгаач Г.М нь хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа өвчтэй байсан байна. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үеийн байдлаар уушгины хатгалгаа өвчин нь хүнд явцтай байсан байх боломжтой. Учир нь үүнээс хойш богино хугацаанд биеийн байдал нь муудаж үхэлд хүрсэн байна. Энгийн ханиад, гуурсан хоолойн хурц үрэвсэл нь ямар хугацаанд хүндэрч уушгины хүнд хэлбэрийн хатгалгаанд шилжихийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дөрвөн сартай хүүхдийн сэрээ булчирхайн хэвийн хэмжээ нь 21-35 грамм байдаг ба Г.Мын сэрээ булчирхай нь 33.1 грамм байгаа нь хэвийн хэмжээнд байна. Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой төрөлхийн гажигтай байсан нь амь насанд аюултай боловч шинж тэмдэг өгч зүрхний дутагдал илрэх хүртлээ оношлогдохгүй байх боломжтой. Хэдий хугацааны дараа шинж тэмдэг илрэхийг тогтоох боломжгүй. Зүрхний хэт авиан шинжилгээ болон бусад багажийн шинжилгээг хийсэн тохиолдолд оношлогдох боломжтой. Талийгаачид шинж тэмдэг илрээгүй, багажийн шинжилгээ хийгээгүй байх тул оношлохгүй байх боломжтой. Талийгаач Г.М уушгины хатгалгаа нь хүнд хэлбэртэй ба бусад өвчин эмгэгтэй хавсарсан тул эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийгдсэн ч амь насыг аврах боломж бага. Талийгаач Г.Мын 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед, мөн 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх үед зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой өвчин, эмгэгийг зөв оношилж, улмаар яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч бусад өвчин эмгэгтэй хавсарсаны улмаас өвчлөл хүнд хэлбэртэй, цочмог түргэн явцтай байгаа тул амь насыг аврах боломж бага байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Д.О нь бодит үзлэг хангалтгүй хийснээс онош буруу тавьж бүрэн гүйцэд оношлоогүй байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчтөн Г.Мын биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэлзүйн шинж тэмдэгүүд зэргийг буюу бодит үзлэгийг бүрэн гүйцэд хийж, эрэмбэлэн ангилах ажиллагааг шуурхай хийсэн бол Г.Мыг үхэлд хүргэсэн уушгины хатгалгаа өвчнийг бүрэн оношлох боломжтой байсан...” гэх 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 762 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-208-213/,

Эмгэг судлаач эмч Г.Г-ийн гаргасан “... Эмнэлзүй эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд хүүхэд зүрхний төрөлх гажиг ховдол хоорондын таславчийн цоорхойтой, тунгалаг дутмагшлын шүүдэст эмгэгшил, дархлаа дутмагшил, цус эргэлтийн хямрал, уушгины артерын даралт ихсэлттэй байсан ба уушгины хатгалгаагаар өвчлөн амьсгал хүчил төрөгчийн дутмагшил гүнзгийрэн нас барсан байна. Эмнэлзүй болон эмгэг судлалын онош үндсэн өвчнөөс зөрсөн, зөрөөний шалтгаан бодит оношлох хугацаа богино. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг эрэмбэлэн ангилалт хийгээгүй, үзлэг хангалтгүй, биеийн байдлыг дутуу үнэлэн буцаасан, шокийн эсрэг гарааны эмчилгээ хожуу авсан зэрэг нь эмчилгээ үйлчилгээний дутагдал болно...” гэх 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт /2хх-11-13/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-14, 27-28, 80/, 2 сараас 5 хүртэлх насны өвчтэй хүүхдийн үзлэгийн маягт /1хх-15-16/, өвчний түүх /1хх-31-138, 167-168/, Эмгэг судлалын шинжилгээний протокол /1хх-39/, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл /1хх-40/, Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийсэн тухай тэмдэглэл /1хх-41-45/, Гомдлын дагуу хяналт шалгалт хийх тухай удирдамж /1хх-46/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн албан шаардлагын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /1хх-47-53/, өвчний түүхийн танилцуулга /1хх-54-56/, цогцсыг оршуулсан газраас гаргаж үзлэг хийх тухай тогтоол /1хх-192/, цогцсыг оршуулсан газраас гаргаж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-194-197/, цогцсыг буцааж оршуулсан тухай тэмдэглэл /1хх-198-199/, хохирлын баримтууд /2хх-116-131/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Д.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн  байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Д.О-гэмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О-гмэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.О нь “... Надад оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү ...”, Д.О-н өмгөөлөгч Э.Г “... Д.О нь өвчтөн Г.Мын үхэлд буруугүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нотлогдоогүй, эмнэлэгт хэвтүүлэхгүй зөвлөгөө өгч буцаасан үйлдэл, үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоогүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргасан байх боловч шинжээчийн дүгнэлтүүдээр “хохирогч Г.М нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлийн улмаас нас барсан, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчтөн Г.Мын биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэлзүйн шинж тэмдэгүүд зэргийг буюу бодит үзлэгийг бүрэн гүйцэд хийж, эрэмбэлэн ангилах ажиллагааг шуурхай хийсэн бол Г.Мыг үхэлд хүргэсэн уушгины хатгалгаа өвчнийг бүрэн оношлох боломжтой байсан” гэснээс үзэхэд Д.О нь гэм буруутай болох нь тогтоогдсон.

Талийгаач Г.М нь зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой төрөлхийн гажигтай байсан, энэ нь урьд өмнө нь оношлогдоогүй байсан ч шууд үхэлд хүргэх шалтгаан болоогүй, өөрөөр хэлбэл уушгины хатгалгаа өвчнийг зөв оношлон цаг хугацаа алдалгүй эмчилгээг эхлүүлсэн бол түүний амь нас аврагдах боломжтой байсан байна.

Энэ нь гэрч Д.С-гийн “...хүлээн авахын эмч нь үзлэг дутуу хийсэн, Д.О эмчийн хувьд өрхийн эмчээс энэ хүүхдийг хэвтэж эмчлүүлье гэж байхад хүндэтгэн үзээгүй, хайхрамжгүй хандсан, яаралтай тусламж шаардлагатай хүүхдийг буцаасан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2, 28.4.3, 20.2.1-ээс 20.2.3 дахь заалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 10.2 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалаар хүүхдийн амин үзүүлэлтийг үзээд биеийн байдал хүнд байвал яаралтай тусламж үзүүлэх тухай заасныг зөрчсөн байна...” гэх мэдүүлэгээр давхар нотдлогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Иймээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч  Д.О-н гэм буруугийн хэр хэмжээ, энэ хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг зэрэгт дүгнэлт хийхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн үндэслэл байхгүй гэж үзлээ.

 Түүнчлэн Д.О нь тухайн гэмт хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн их эмчээр ажиллаж байсан болох нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тушаал /2хх-176/, Ерөнхий эмчийн тушаалын хавсралт /1хх-177/, хүүхдийн тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлэх тухай гэрээ /1хх-243/, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн гэрээ /1хх-244-245/, гэрч Б.С /2хх-199-200, гэрч Г.Од /2хх-195-196/, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц  /2хх-190/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Иймд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН