Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2017/00230

 

         

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Т ХХК,

 

            Хариуцагч: Э.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,165,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баасансүрэн, хариуцагч нарын төлөөлөгч Ч.Содончимэг, өмгөөлөгч Д.Энхтунгалаг, гэрч С.Т, П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.А- шүүхэд болон түүний төлөөлөгч Д.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б-д 2015 оны 01 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 26-ны өдөр 3,500,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлж буцаан төлөхгүй байсан тул 2016 оны 02 сарын 02-ны өдөр ажил дээр нь очиж 2016 оны 09 сарын 1-нд төлж барагдуулахаар тохиролцож 1,665,000 төгрөг нэмж зээлээд, нийт 10,165,000 төгрөг бэлнээр зээлэн авч, хугацаандаа төлөөгүй тохиолдолд сарын 7 хувийн хүүтэйгээр цаашид гэрээ хийж барагдуулахаар өөрөө бичиг хийж өгч харилцан тохиролцсон. Хариуцагч Э.Байгалиас зээл 8,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,750,000 төгрөг, Т ХХК-иас зээл 1,665,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 171,178 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

 

       Хариуцагч Э.Б- шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Т ХХК нь Б.А-тай 2015 оны 02 сарын 02-ны өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 02 сарын 02-ны өдөр 1,665,000 төгрөг зээлсэн асуудал байхгүй бөгөөд эхнэр Туултай холбоотой асуудал байсан. Мөнгийг өгөөд дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

       Хариуцагч Э.Б- болон Т ХХК-ийн төлөөлөгч Ч.Содончимэг, өмгөөлөгч Д.Энхтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль нь хариу тайлбартаа мөнгийг аваагүй гэдгээ бичсэн. Э.Байгалийн эхнэр Туул Б.А-аас мөнгө зээлээд төлбөрийг төлж бүрэн барагдуулсан. Э.Б-д 2015 оны 01 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 26-ны өдөр 3,500,000  төгрөгийг өгсөн  зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Т ХХК-иас 1,665,000 төгрөг, хүү 171,178 төгрөг нэхэмжлэх эрхгүй. Зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. 2016 оны 02 сарын 02-ны өдөр дарамталж байгаад 10,165,000 төгрөг төлнө гэж бичүүлж авсан. Энэ нь зээл авсан гэсэн баримт биш “Тохиролцооны бичиг”-ийг /хх-ийн 5 талд/ хүч хэрэглэж бичүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

       Гэрч С.Тшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 02-ны өдөр гэдгийг сайн санахгүй байна. Б.А-ын байрны гадаа байнга зогсдог. Би таксийн үйлчилгээ үзүүлдэг. Миний утасны дугаар Б.А- эгчид байдаг. Бид хоёр паспортын хэлтсийн өөдөөс харсан нотариатын газар очсон. Би машин дотор байсан ба нэг хүнтэй зээлийн гэрээ хийгээд байх шиг байсан. Цуг явж байсан эмэгтэйн дүүд нь мөнгө зээлдүүлнэ гээд нотариат орсон. Тэгээд Баянбүрд орсон. Нотариат ороод хүнд мөнгө өгчихлөө гэж хэлсэн. Хэнд хэдэн төгрөг өгөхийг нь хараагүй гэв.

 

      Гэрч  П.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед дүү Солонго намайг мөнгө зээлэх хүн олоод өгөөч гэсэн. Би Б.А-тай 7-8 жилийн өмнөөс мөнгө зээлж авдаг харилцаатай болсон. Дүү Солонго Б.А-аас мөнгө авсан. Б.А- ойрхон ирсэн дээрээ вакум цонхны хүмүүстэй гэрээгээ байгуулж мөнгө өгнө гэж байсан. Хэнд хэдэн төгрөг өгсөн гэдгийг хараагүй. Мөнгөтэй явж байсан гэв.

    

     Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

       Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

        Нэхэмжлэгч Б.А- хариуцагч Э.Б-, хариуцагч Т ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,750,000 төгрөг, Т ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,665,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 171,178 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         Хариуцагчийн төлөөлөгч Ч.Содончимэг нь Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Б- тул нэг итгэмжлэлээр хэн алиныг нь төлөөлөн оролцоно гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан зохицуулалтанд нийцэж байна.

 

        Хариуцагчийн төлөөлөгч Ч.Содончимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж маргаж байна.

 

        Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Э.Б-д 2015 оны 01 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 26-ны өдөр 3,500,000  төгрөг зээлдүүлсэн болох нь хариуцагч Э.Байгалийн “Энэбиш овогтой Байгаль миний бие Бэгзсүрэн овогтой Амаржаргалаас 10,165,000 төгрөгийг цаад талын хугацаа нь 2016 оны 09 сарын 01-нд төлж барагдуулахаар тохиролцов. Хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд сарын 7 хувийн хүүтэйгээр цаашид гэрээ хийж барагдуулна. /10,165,000/-г зээлж авсан нь үнэн болно” гэж /хх-ийн 5 талд/ бичсэн баримт, 2015 оны 02 сарын 02-ны өдөр 350,000 төгрөг,  2015 оны 03 сарын 26-ны өдөр 595,000 төгрөг,  2015 оны 03 сарын 31-ний өдөр 245,000 төгрөг,  2015 оны 04 сарын 28-ны өдөр 400,000 төгрөг,  2015 оны 06 сарын 25-ны өдөр 245,000 төгрөг,  2015 оны 07 сарын 07-ны өдөр 420,000 төгрөгийг шилжүүлсэн Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талуудын хороонд гэрээ байгуулагдсанд тооцох үндэстэй.

 

       Хариуцагч Э.Б- зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байх тул төлбөрт шилжүүлсэн 2,235,000 төгрөгийг хасч үлдэх 6,265,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

       Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч Б.А- талуудын хооронд байгуулсан дээрх тохиролцооны бичгийг /хх-ийн 5 талд/ үндэслэн хүүгийн төлбөрт 1,750,000 төгрөг шаардах эрхгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

       Талуудын хооронд байгуулсан дээрх тохиролцооны бичигт /хх-ийн 5 талд/ 2016 оны 02 сарын 02-ны өдөр 1,665,000 төгрөгийг Т ХХК-нд шилжүүлсэн, зээлийн гэрээний үүрэг үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,665,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 171,178 төгрөг гаргуулах  Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

       Хариуцагч тал  “Тохиролцооны бичиг”-ийг  /хх-ийн 5 талд/ хүч хэрэглэж бичүүлсэн гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан  бөгөөд хүч хэрэглэж бичүүлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ хэрэгжүүлээгүй  гэж үзнэ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн  115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Э.Байгалиас 6,265,000  /зургаан сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,985,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Т ХХК-иас 1,836,178 төгрөг гаргуулах Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Байгалиас улсын тэмдэгтийн хураамжид 115,190 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НАРАНГЭРЭЛ