Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01890

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэр,                 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч А.Дагвадоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 415 дугаар тогтоолоор эгүүлэн томилогдсон. Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 23-нд хүлээж аваад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл контрактгүй, цалин хөлс байхгүйгээр үүрэгт ажлаа хийсэн. 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр cap хүртэл цалингүй, нийгмийн даатгалын төлөлт бүтэн 9 сараар тасарч хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирч байна. Хэдийгээр контрактгүй, цалингүй ажиллаж байсан ч би улсын ажлыг хүлээж авсан учраас, улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хичээж ажиллаж байсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас надтай байгуулах контракт 7 зүйл 86 заалттай байгаа нь 2 заалт шинээр нэмж, нэг заалтыг өөрчилсөн байсан ба надад мэдэгдэлгүйгээр зөвхөн нэг тал буюу ажил олгогч тал дур мэдэн 1 заалтыг өөрчилж, 2 заалтыг нэмсэн байсан юм. Контрактад оруулсан нэмэлт заалтууд нь ажил олгогчийн зүгээс ажилтанд хэлээгүй, тохиролцоогүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг ялгаварлан гадуурхсан, ТӨБЗГ өөрийн журмын дагуу баталсан урдах захирлын контрактаас дордуулсан, бусад контрактад байхгүй заалтуудыг хүчээр оруулсан байсан учраас би харилцан тохиролцож байж контрактад гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн юм. Ажил олгогчийн ажилтныг дарамталсан хууль бус энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан учраас контрактанд гарын үсэг зураагүй тохиролцох тухай удаа дараа тайлбар бичиж өгсөөр ажлаа хийж байтал 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт дуудаад ТӨБЗГ-ын хурлаар оруулан намайг ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дүгээр тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэнэт дуудан контракт байгуулах тухай дээрх ажил олгогч 3 заалтыг дур мэдэн нэмсэн гэрээг тулгасан юм. Ингээд би ажилд эгүүлэн томилогдож үүрэгт ажлаа хийж байгаад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор ажлаа түр хүлээлгэж өгсөн болно. Үүрэгт ажлаа хэвийн хийж байсан иргэн намайг гэнэт үүрэгт ажлаас нь түдгэлзүүлчихээд үүнээс хойш cap шахам хугацаа өнгөрч байгаа ч ТӨБЗГ нь ямар нэг арга хэмжээ авахгүй дарга Ц.Ням-Осор уулзах гээд очихоор уулзахгүй байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор иргэн Б.Б-ыг Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар эгүүлэн томилж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А/160 дугаар тушаалаар ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгтэй хамтарч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Биокомбинат ТӨҮГ-т ажиллан тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Онолбаатараас захирлын ажлыг хүлээн авч иргэн Б.Б-од хүлээлцүүлэн өгсөн. Биокомбинат ТӨҮГ-ын захирлаар томилогдсон Б.Б- нь ажил хүлээн авснаас хойшхи хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хүргүүлсэн контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас контракт байгуулагдаагүй, мөн тус үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Б-од холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасны дагуу үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт контрактыг бичгээр байгуулна гэж заасны дагуу Б.Б-той контракт байгуулахаар төслийг, мөн контрактыг удаа дараа албажуулан хүргүүлсэн боловч контрактын зарим зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтгаанаар байгуулаагүй болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмыг баталсан. Тогтоолын 2 дугаар хавсралтаар контрактын үлгэрчилсэн загварыг баталсан бөгөөд контрактын 2.1-д гүйцэтгэх захиралд цалин хөлс, ажлын үр дүнд нь тохирсон шагнал, урамшууллыг энэхүү контрактад заасан нөхцөлийн дагуу олгох үүрэгтэй гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо гэрээ байгуулна гэж заасны дагуу Б.Б- нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай контракт байгуулсны дараа ажил, үүргээ гүйцэтгэх боломжтой юм. Иймд иргэн Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гаргасан давж заалдах гомдлыгхангахгүй хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Дагвадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллага”-д хамаарна, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж ... захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээдийг хэлнэ ... гэсэн хуулийн зохицуулалттай байдаг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар “Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай” тогтоол нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллагаас гаргасан шийдвэр буюу захиргааны акт юм. Дээрх тогтоолын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлд заасныг үндэслэн гарсан бөгөөд 96 дугаар зүйлийн 96.1-д “... хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ" гэж заасны дагуу тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажиллагсдаас Б.Б-од холбогдуулан удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уг тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо гэрээ байгуулна", Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардаж болохгүй" мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Контракгыг бичгээр байгуулна" гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас иргэн Б.Б-гой контракгын гэрээ байгуулах санал удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй.

Контрактын гэрээ, гэрээний нөхцөлүүдийг тохиролцож гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардах боломжгүй болсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч Б.Б-ын “...тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эс зөвшөөрөхдөө “...контракт байгуулаагүй, ...ажилчдаас удаа дараа гомдол санал гарсан” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэрээр Б.Б-ыг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийн хүчинтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 415 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон ба  2018 оны 4 дүгээр сарын 3-ний өдрийн 72 дугаар тогтоолоор  дээрх тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлжээ /хэргийн 27-28 дугаар тал/.

Хариуцагчийн санал болгосон 7 зүйл 86 заалт бүхий контракт нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын загвартай нийцээгүй, тодруулбал, гэрээний хугацааг 3 сараар тогтоосон, мөн гэрээний 3.3, 5.3.11 дэх заалт нь хууль тогтоомж зөрчсөн, ажилтны хөдөлмөрлөх эрхийг дордуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1., Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 90 дүгээр тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулахаар заасан байна.

Хөдөлмөрийн тухай 25 дугаар зүйлийн 25.1.-т “контрактыг бичгээр байгуулна”, 25.2.-т “контракт нь таван жил хүртэл хугацаатай байна”, 25.3.-т “талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна” гэж зохицуулжээ.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй контрактыг 3 сарын хугацаагаар байгуулахаар заасан нь хууль болон төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын загвартай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн тус үйлдвэрийн газрын ажилчдаас гаргасан гомдол, хүсэлт  нь ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Маргааны зүйл болж буй тогтоолд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3., 26 дугаар зүйлийн 26.1., 50 дугаар зүйлийн 50.2 дах зохицуулалт нь ажилтны ажил үүргийг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй байна.

Ажил олгогч нь гагцхүү  Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-т заасан тодруулбал хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж болох ба хариуцагч хуулийн дээрх зохицуулалтыг тогтоолд баримтлаагүйгээс гадна энэхүү нөхцөл тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талас нь үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй  орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.Дагвадоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.        

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ