Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1681

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч ТӨБЗгазарт холбогдох

ТӨБЗгазрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа ТӨБЗгазрын 415 дугаар тогтоолоор эгүүлэн томилогдсон. “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 23-нд хүлээж аваад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл контрактгүй, цалин хөлс байхгүйгээр үүрэгт ажлаа хийсэн. 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр cap хүртэл цалингүй, нийгмийн даатгалын төлөлт бүтэн 9 сараар тасарч хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирч байна. Хэдийгээр контрактгүй, цалингүй ажиллаж байсан ч би улсын ажлыг хүлээж авсан учраас, улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хичээж ажиллаж байсан. ТӨБЗгазар нь улсын үйлдвэрүүдийн захиралтай хийх контрактыг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмыг үндэслэн байгуулдаг ба контракт нь 7 зүйл 84 заалттай төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын сунгалт хуудсаас бүрддэг байна. Гэтэл ТӨБЗгазраас надтай байгуулах контракт 7 зүйл 86 заалттай байгаа нь 2 заалт шинээр нэмж, нэг заалтыг өөрчилсөн байсан ба надад мэдэгдэлгүйгээр зөвхөн нэг тал буюу ажил олгогч тал дур мэдэн 1 заалтыг өөрчилж, 2 заалтыг нэмсэн байсан юм. Контрактад оруулсан нэмэлт заалтууд нь ажил олгогчийн зүгээс ажилтанд хэлээгүй, тохиролцоогүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг ялгаварлан гадуурхсан, ТӨБЗГ өөрийн журмын дагуу баталсан урдах захирлын контрактаас дордуулсан, бусад контрактад байхгүй заалтуудыг хүчээр оруулсан байсан учраас би харилцан тохиролцож байж контрактад гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн юм. Ажил олгогчийн ажилтныг дарамталсан хууль бус энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан учраас контрактанд гарын үсэг зураагүй тохиролцох тухай удаа дараа тайлбар бичиж өгсөөр ажлаа хийж байтал 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт дуудаад ТӨБЗГ-ын хурлаар оруулан намайг ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дүгээр тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн юм. Миний зүгээс шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш контрактаа байгуулан ажиллая гэсэн боловч ТӨБЗгазар нь контракт байгуулахгүй явсаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэнэт дуудан контракт байгуулах тухай дээрх ажил олгогч 3 заалтыг дур мэдэн нэмсэн гэрээг тулгасан юм. Ингээд би ажилд эгүүлэн томилогдож үүрэгт ажлаа хийж байгаад ТӨБЗгазрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор ажлаа түр хүлээлгэж өгсөн болно. ТӨБЗгазрын 72 дугаар тогтоолд дурьдсан түр түдгэлзүүлэх үндэслэлүүд болох контрактын гэрээн дээр гарын үсэг зурагдаагүй, үйлдвэрийн газрын ҮЭ-ийн хороо, ажилчдаас удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэх зэрэг нь шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх үндэслэл биш юм.  Үүрэгт ажлаа хэвийн хийж байсан иргэн намайг гэнэт үүрэгт ажлаас нь түдгэлзүүлчихээд үүнээс хойш cap шахам хугацаа өнгөрч байгаа ч ТӨБЗГ нь ямар нэг арга хэмжээ авахгүй дарга Ц.Ням-Осор уулзах гээд очихоор уулзахгүй байгаа тул шүүхэд хууль бусаар хохирч байгаа эрхээ хамгаалуулж нэхэмжлэл гаргаж байна. Намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдсон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш гэрээгүй, цалингүй 3 cap шахам ажиллуулчихаад дарамталж намайг шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилсон 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг үндэслэлгүйгээр түр түдгэлзүүлээд буцааж сэргээхгүй байгаад гомдолтой байна. Иймд ТӨБЗгазрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨБЗгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор иргэн Б.Б-г Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар эгүүлэн томилж, ТӨБЗгазрын даргын 2017 оны А/160 дугаар тушаалаар ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг "Биокомбинат ТӨҮГ дээр 3 удаа очиж ажилласан боловч үйлдвэрийн газрын албан хаагчид, үйлдвэрчний эвлэл, ажилчдын түр хороо Б.Б-г үүрэгт ажилдаа орохыг эсэргүүцэн улмаар ажлын байранд нэвтрүүлэхгүй байх мөн холбогдох байгууллагад хандан өргөдөл, гомдол, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн бөгөөд ажлын хэсгээс шийдвэрээ цуцлахыг хүртэл шаардаж шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. ТӨБЗгазраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж өгөх тухай албан хүсэлт 3 удаа хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, ТӨБЗгазрын даргын тушаалаар байгуулагдсан ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгтэй хамтарч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Биокомбинат ТӨҮГ-т ажиллан тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Онолбаатараас захирлын ажлыг хүлээн авч иргэн Б.Б-д хүлээлцүүлэн өгсөн. Биокомбинат ТӨҮГ-ын захирлаар томилогдсон Б.Б нь ажил хүлээн авснаас хойшхи хугацаанд ТӨБЗгазраас хүргүүлсэн контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас контракт байгуулагдаагүй, мөн тус үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Б-д холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасны дагуу үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ТӨБЗгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн болно.Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт контрактыг бичгээр байгуулна гэж заасны дагуу Б.Б-той контракт байгуулахаар төслийг, мөн контрактыг удаа дараа албажуулан хүргүүлсэн боловч контрактын зарим зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтгаанаар байгуулаагүй болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмыг баталсан. Тогтоолын 2 дугаар хавсралтаар контрактын үлгэрчилсэн загварыг баталсан бөгөөд контрактын 2.1-д гүйцэтгэх захиралд цалин хөлс, ажлын үр дүнд нь тохирсон шагнал, урамшууллыг энэхүү контрактад заасан нөхцөлийн дагуу олгох үүрэгтэй гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо гэрээ байгуулна гэж заасны дагуу Б.Б нь ТӨБЗгазартай контракт байгуулсны дараа ажил, үүргээ гүйцэтгэх боломжтой юм. Иймд иргэн Б.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ТӨБЗгазрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ИХШХШТ хуулийн 12.1.4-т зааснаар хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан "төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллага"-д хамаарна, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай 2017 оны 32 дугаар тогтоолын 2.1.2-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан иргэний хэрэг шүүн таслах ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргээс бусад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгууллага, албан тушаалтанд холбогдох " маргааныг хянан шийдвэрлэнэ ... гэсэн байдаг. ТӨБЗгазар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар "Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай" тогтоол нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллагаас гаргасан шийдвэр буюу захиргааны акт юм. Дээрхи тогтоолын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлд заасныг үндэслэн гарсан бөгөөд 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажиллагсадаас Б.Б-д холбогдуулан удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уг тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу ТӨБЗгазраас иргэн Б.Б-той контрактын гэрээ байгуулах санал удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл ТӨБЗгазар иргэн Б.Б-той контрактыг бичгээр байгуулж хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхойлох юм. Контрактын гэрээ, гэрээний нөхцөлүүдийг тохиролцож гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардах боломжгүй болсныг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд. нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ТӨБЗгазарт холбогдуулан тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ТӨБЗгазар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан субьект боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах контрактын гэрээ  байгуулах явцад хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой үүссэн маргаан байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн өмчийн хорооны 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаар тогтоолоор Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдон контрактын гэрээ байгуулан ажиллаж байгаад мөн Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактын гэрээг цуцалсан, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэрээр Б.Б-г Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 162 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар Б.Б-г ажилд эгүүлэн томилох тухай тогтоолоор шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж түүнийг Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаа хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

Гэтэл хариуцагч ТӨБЗгазрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор ТӨБЗгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж зохицуулсан  байхад дээрх тогтоолд “...контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас контракт байгуулагдаагүй...”  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байхад тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Б-д холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уг тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрын зарим ажилчдаас Б.Б-той хамтран ажиллах боломжгүй талаар хүсэлт шаардлага гаргаж байгааг ажилтны ажил үүргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж  Б.Б-г Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоосноор ажил олгогч, ажилтны өмнө байгуулсан гэрээний харилцаа үргэлжлэх бөгөөд талууд шинээр гэрээ байгуулах бус өмнө нь байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд  гэрээний нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон өмнөх  гэрээнд зааснаас дордуулсан өөрчлөлт хийж болохгүй.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт  тус тус заасан үндэслэл хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч ТӨБЗгазрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.