Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: ТӨБЗГ-т холбогдох,

ТӨБЗГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирал Б.Б миний бие 2017 оны 10-р сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа ТӨБЗГ-ын 415-р тогтоолоор эгүүлэн томилогдсон юм.

Гэвч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажлыг 2018 оны 01-р сарын 23-нд хүлээж аваад 2018 оны 04-р сарын 06-ны өдөр хүртэл контрактгүй, цалин хөлс байхгүйгээр үүрэгт ажлаа хийсэн.

Б.Б би 2017 оны 10-р сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон ТӨБЗГ-ын 415-р тогтоол гарснаас хойш ажил хүлээлгэж өгөхгүй байснаас цалингүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 5 сараар тасарсан юм.

Шүүхийн шийдвэрээр 2018 оны 01-р сарын 23-ны өдөр л ажлаа хүлээн авч шүүхэд цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлээ хүртэл ТӨБЗГ-т итгэн эгүүлэн татсан нь бас л буруудан, 2017 оны 10-р сараас 2018 оны 04-р cap хүртэл цалингүй, түүнээс хойш одоог хүртэл дахиад цалингүй нийгмийн даатгалын төлөлт бүтэн 9 сараар тасарч хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирч байна.

Хэдийгээр контрактгүй, цалингүй ажиллаж байсан ч би улсын ажлыг хүлээж авсан учраас, улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улсын үйлдвэрийн чухал ажлыг цалгардуулахгүйгээр, хоёргүй сэтгэлээр хичээж ажиллаж байсан.

Намайг ажлаа авахад 18.2-18.8 хувьтай байсан үйлдвэрлэлийн туйлын хангалтгүй явц 2018 оны 04-р сарын 02-ны даваа гаригийн үйлдвэрлэлийн мэдээгээр 41-42.5 хувьд хүрч улсын захиалгат вакцины төлөвлөгөөт үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байсан юм. “Хөдөлмөрийн тухай” хуулийн хүрээнд ажил олгогч, ажилтан нар харилцан бүрэн ойлголцож, тохиролцож гэрээг байгуулах учиртай билээ.

to

 

ТӨБЗГ нь улсын үйлдвэрүүдийн захиралтай хийх контракгыг 2017 оны 03-р сарын 28-ны өдрийн 90-р тогтоолоор батлагдсан ’’Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-ыг үндэслэн байгуулдаг юм билээ.

ТӨБЗГ-ын төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай байгуулдаг контракт нь 7 зүйл 84 заалттай төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын сунгалт хуудсаас бүрддэг байна.

Гэтэл ТӨБЗГ-ын иргэн Б.Б надтай байгуулах контракт 7 зүйл 86 заалттай байгаа нь 2 заалт шинээр нэмж, нэг заалтыг өөрчилсөн байсан.

Иргэн Б.Б надтай байгуулах ТӨБЗГ-ын контрактад миний мэдэхгүй надтай зөвлөхгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр зөвхөн нэг тал буюу ажил олгогч тал дур мэдэн 1 заалтыг өөрчилж, 2 заалтыг нэмсэн байсан юм. Үүнд:

1. Контрактын Нийтлэг үндэслэлийн 1-р хэсгийн 1.2 дахь “1 жилийн хугацаанд хүчинтэй" заалтыг “3 сарын хугацаатай” гэж өөрчилсөн,

2. Захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг 3-р хэсгийн 3.3 дахь “Үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр гадаад, дотоодод төлөөлөх, итгэмжлэл олгох” заалтыг 3.4 дэх заалт болгож оронд нь 3.3 дахь заалтаар “Үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэх” гэж өөрчилж оруулсан,

3. Контрактад нэмэлт өөрчлөлт оруулах, контрактыг дуусгавар болгох 5-р хэсгийн 5.3.11 “Хуульд заасан бусад үндэслэл” гэсэн заалтыг 5.3.12 дахь заалт болгож оронд нь 5.3.11 дэх заалтаар “байгууллагын ажилтнуудаас захирлын үйл ажиллагаанд гомдол санал удаа дараа гаргасан” гэж нэмэлтээр оруулсан байсан юм.

Контрактад оруулсан нэмэлт заалтууд нь ажил олгогчийн зүгээс ажилтанд хэлээгүй, тохиролцоогүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг ялгаварлан гадуурхсан, ТӨБЗГ өөрийн журмын дагуу баталсан урдах захирлын контрактаас дордуулсан, бусад котрактад байхгүй заалтуудыг хүчээр оруулсан байсан учраас би харилцан тохиролцож байж контрактад гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн юм.

Ажил олгогчийн ажилтныг дарамталсан хууль бус энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан учраас контрактанд гарын үсэг зураагүй тохиролцох тухай удаа дараа тайлбар бичиж өгсөөр ажлаа хийж байтал 2018 оны 04-р сарын 03-ны өдөр гэнэт дуудаад ТӨБЗГ-ын хурлаар оруулан намайг ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 415-р тогтоолын хэрэгжилтийг “түр түдгэлзүүлсэн” юм.

Иргэн Б.Б миний зүгээс шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон 2018 оны 01-р сарын 23-ны өдрөөс хойш контрактаа байгуулан ажиллая гэсэн боловч ТӨБЗГ нь контракт байгуулахгүй явсаар 2018 оны 03-р сарын 06-ны өдөр гэнэт дуудан контракт байгуулах тухай дээрх ажил олгогч 3 заалтыг дур мэдэн нэмсэн гэрээг тулгасан юм.

Ингээд иргэн Б.Б би шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилогдож үүрэгт ажлаа хийж байгаад ТӨБЗГ-ын 2018 оны 04-р сарын 03-ны өдрийн 72-р тогтоолоор ажлаа түр хүлээлгэж өгсөн болно.

ТӨБЗГ-ын 72-р тогтоолд дурьдсан түр түдгэлзүүлэх үндэслэлүүд болох контрактын гэрээн дээр гарын үсэг зурагдаагүй, үйлдвэрийн газрын ҮЭ-ийн хороо, ажилчдаас удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэх зэрэг нь шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 415-р тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх үндэслэл биш юм. Үүнд:

1. Контракт байгуулагдаагүй гэх тухайд: Контрактын гэрээн дээр тохиролцоонд хүрээгүй, ойлголцоогүй гэрээнд гарын үсэг зурагдаагүй ч миний бие үүрэгт ажлаа ямар ч зөрчил, дутагдалгүй сайн гүйцэтгэж хийж байсан болно.

2. Биокомбинатын ҮЭ-ийн хороо болон ажилчдаас удаа дараа гомдол, санал, хүсэлт ирсэн гэх тухайд: Биокомбинат үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажилчдаас ирж байсан захирал Б.Бтой холбоотой гомдол санал, хүсэлт нь ямар ч үндэслэлгүй, үйлдвэрийн газрын ҮЭ-ийн хороог дарамт шахалтанд оруулж нэрийг нь барин санаатайгаар зохион байгуулсан хууль бус, худал үйлдэл байсан нь ТӨБЗГ-т аль хэдийнээ тодорхой болсон.

Биокомбинатын ҮЭ-ийн хороо нь тус үйлдвэрийн хэсэг хүмүүсийн тодорхой сонирхолын дагуу дарамт шахалтанд орж, хууль бус суулт хийж, улсын үйлдвэрийн ажилчдыг уруу татаж байснаа хүлээн зөвшөөрч, буруутай үйлдэлдээ уучлалт гуйсан болно. Мөн энэ хууль бус суултын тухай маш тодорхой бичсэн Биокомбинатын үйлдвэрчний хорооны шууд удирдах дээд байгууллага болох Монголын Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяагаас Биокомбинатын захирал Б.Бод 2018 оны 04-р сарын 02-ны өдөр ирсэн 09 дугаартай албан бичиг нотолно. /Албан бичгийг хавсаргав/

3. Шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх гэх тухайд: Биокомбинат ТӨААТҮГ-т 2018 оны 1-2-р сард орсон хамтарсан ажлын хэсгийн шалгалт, түүний дүгнэлт нь Б.Б миний шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон болон одоогийн миний ажиллаж байгаатай ямар ч холбоо байхгүй асуудал юм.

Харин ч иргэн Б.Б миний бие 2011 онд Биокомбинатын захирлаар очоод тухайн үеийн ТӨХ болон Салбарын яаманд анх удаа ил тод мэдээлж байсан Биокомбинатын үйл ажиллагааны тухай бүхий л зөрчил, алдаа дутагдлуудыг 7 жилийн дараа 2018 онд 3 Яам, 3 агентлагын хамтарсан ажлын хэсгийн шалгалт орж бодитой үнэн болохыг нь тогтоосон болно.

4. “Үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх гэх тухайд: Б.Б миний бие тус Биокомбинат улсын үйлдвэрийн газрын үйлдвэрлэл үйл ажиллагааны онцлог, ажилчдын мэргэшлийн түвшин, чадвар, техник технологийн хоцрогдол, алдаа, зөрчил дутагдал гээд бүгдийг маш сайн мэднэ. Биокомбинатыг яаж удирдвал үр дүнд хүрч үйл ажиллагаа нь сайжирч, технологийн дэвшилд ч хүргэж ажиллах боломж надад бий.

Биокомбинат улсын үйлдвэрийн үйлдвэрлэл үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт хүргүүлсэн МЭҮГ-ын 2018 оны 04-р сарын 03-ны өдрийн 138 дугаартай албан бичиг мөн давхар нотолно. / Албан бичгийг хавсаргав/

Биокомбинатын захирал Б.Б би хэдийгээр ТӨБЗГ-ын 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 415-р тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн 2018 оны 04-р сарын 03-ны өдрийн 72-р тогтоолыг хууль бус гэдгийг мэдэж байсан ч удирдах дээд байгууллага ТӨБЗГ, удирдлагууддаа хүндэтгэлтэй хандаж хэл ам хийлгүй хариуцлагатайгаар нэг бүрчлэн тайлбарлан бичиж ажлаа түр хүлээлгэж өгсөн юм.

Миний бие Биокомбинатын ажилчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулж, дэг журам, эмх цэгцэнд оруулан, үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, 2018 оны улсын захиалгат төлөвлөгөөг биелүүлэхэд захирлын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан хэвийн ажиллаж байгаа үйлдвэрийн газрыг түр хүлээлгэж өгсөн.

ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэтэй 2018 оны 04-р сарын 29-нд утсаар ярьж ажилдаа очьё, гэрээгээ байгуулъя гэсэн боловч хүрээд ир гээд очиход хуралтай эзгүй байсан юм.

Б.Б миний бие ажлаа хүлээлгэж өгсний дараа эмнэлэгт хэвтэж гараад ТӨБЗГ-ын удирдлагуудтай уулзах гэсэн боловч уулзах боломж олдохгүй, утсаа авахгүй, очиход ззгүй, эсвэл хүлээж авахгүй байгаа, мессэж бичээд хариу өгөхгүй ойлгомжгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Үүрэгт ажлаа хэвийн хийж байсан иргэн намайг гэнэт үүрэгт ажлаас нь түдгэлзүүлчихээд үүнээс хойш cap шахам хугацаа өнгөрч байгаа ч ТӨБЗГ нь ямар нэг арга хэмжээ авахгүй дарга Ц.Ням-Осор уулзах гээд очихоор уулзахгүй байгаа тул шүүхэд хууль бусаар хохирч байгаа эрхээ хамгаалуулж нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн Б.Б намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдсон 2018 оны 01-р сарын 23-ны өдрөөс хойш гэрээгүй, цалингүй 3 cap шахам ажиллуулчихаад дарамталж намайг шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилсон 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг үндэслэлгүйгээр түр түдгэлзүүлээд буцааж сэргээхгүй байгаад гомдолтой байна.

Ийм учраас ТӨБЗГ-ын 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн ТӨБЗГ-ын 2018 оны 04-р сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Бын ТӨБЗГгазрын 2017 оны 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн ТӨБЗГ-ын 2018 оны 72 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлтэй танилцаад хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

ТӨБЗГгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор иргэн Б.Быг “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар эгүүлэн томилж, ТӨБЗГгазрын даргын 2017 оны А/160 дугаар тушаалаар ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг "Биокомбинат” ТӨҮГ дээр 3 удаа очиж ажилласан боловч үйлдвэрийн газрын албан хаагчид, үйлдвэрчний эвлэл, ажилчдын түр хороо Б.Быг үүрэгт ажилдаа орохыг эсэргүүцэн улмаар ажлын байранд нэвтрүүлэхгүй байх мөн холбогдох байгууллагад хандан өргөдөл, гомдол, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн бөгөөд ажлын хэсгээс шийдвэрээ цуцлахыг хүртэл шаардаж шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.

Төрийн өмчийн бодпого, зохицуулалтын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж өгөх тухай албан хүсэлт 3 удаа хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, ТӨБЗГгазрын даргын тушаалаар байгуулагдсан ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгтэй хамтарч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Биокомбинат” ТӨҮГ-т ажиллан тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Онолбаатараас захирлын ажлыг хүлээн авч иргэн Б.Бод хүлээлцүүлэн өгсөн. Биокомбинат” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон Б.Б нь ажил хүлээн авснаас хойшхи хугацаанд ТӨБЗГгазраас хүргүүлсэн контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас контракт байгуулагдаагүй, мөн тус үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Бод холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасны дагуу үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ТӨБЗГгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Контрактыг бичгээр байгуулна” гэж заасны дагуу иргэн Б.Бтой контракт байгуулахаар төслийг, мөн контрактыг удаа дараа албажуулан хүргүүлсэн боловч контрактын зарим зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтгаанаар байгуулаагүй болно.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын зорилго нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, урамшуулал олгох болон холбогдох харилцааг зохицуулах юм. Тогтоолын 2 дугаар хавсралтаар “........” төрийн өмчит “......” гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын үлгэрчилсэн загварыг баталсан бөгөөд контрактын 2.1-д “Гүйцэтгэх захиралд цалин хөлс, ажлын үр дүнд нь тохирсон шагнал, урамшууллыг энэхүү контрактад заасан нөхцөлийн дагуу олгох үүрэгтэй” гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг /цаашид “захирал” гэх/ томилохдоо гэрээ байгуулна” гэж заасны дагуу Б.Б нь ТӨБЗГтай контракт байгуулсны дараа ажил, үүргээ гүйцэтгэх боломжтой юм.

Иймд иргэн Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ТӨБЗГт холбогдуулан тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн өмчийн хорооны 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаар тогтоолоор “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдон контарктын гэрээ байгуулан ажиллаж байгаад мөн Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 684 дүгээр тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактын гэрээг цуцалсан байна.. /х.х-ийн 23 дахь талд/

Уг ажлаас чөлөөлсөн тогтоолыг эс зөвшөөрч тэрээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэлээ гарган шүүх маргааныг хянан шийдвэрлэжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэрээр Б.Быг “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 53-59 дахь талд/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 162 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба ТӨБЗГгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар “Б.Быг ажилд эгүүлэн томилох тухай” тогтоолоор шүүхийн шийдвэрийг үндэслэн түүнийг “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилсон байна. /х.х-ийн 27, 60-69 дахь талд/

Хариуцагч ТӨБЗГгазрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай “Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай” тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТӨБЗГгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлжээ. /х.х-ийн 28 дахь талд/

Уг тогтоолын үндэслэл нь “ТӨБЗГгазрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдож, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажил хүлээн авсан Б.Б нь контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас контракт байгуулагдаагүй, мөн тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Бод холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уг тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх” гэжээ.

Контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас контракт байгуулагдаагүй гэх үндэслэлийн тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо байгуулах гэрээ болон гэрээнд тусгах нөхцөлийн талаар зохицуулсан байх ба мөн Төрийн, өмчийн бдлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам” болон уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын загвар”-ыг баталсан байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж зааснаар Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь контарктын гэрээ байгуулж ажиллах ажил албан тушаал ажээ.

ТӨБЗГгазраас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн он сар бүхий “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах 7 зүйл 86 заалт бүхий контрактын гэрээг Б.Бод хүргүүлсэн байх ба уг гэрээ нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах 7 зүйл 84 заалт бүхий гэрээнээс 2 заалтаар илүү буюу шинээр нэмсэн, 1 заалтыг ажилтантай харилцан тохиролцоогүй үндэслэлээр нэхэмжлэгч уг контрактын гэрээг байгуулаагүй байна. /х.х-ийн 20-26, 50 дахь талд/

Контрактын гэрээг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж зохицуулснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдох бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй нь ажилтанд хамааралгүй байна.

Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Быг “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоосноор ажил олгогч, ажилтны өмнө байгуулсан гэрээний харилцаа үргэлжлэх учиртай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь контрактын гэрээтэй холбоогүй бөгөөд байгуулагдаагүй гэрээний зүйл заалт хуульд нийцсэн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Бод холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, шаардлага ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах үндэслэлийн тухайд:

Хэрэгт талуудаас “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчдаас Б.Бын талаар гаргасан өргдөл, гомдол уг гомдлыг эрх бүхий байгууллагуудаас шийдвэрлэсэн болон шийдвэрлүүлэхээр хүргүүлж байсан албан бичиг, үйлдвэрчний эвлэлийн холбооны санал зэргийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг үндэслэл нь ажилтны ажлыг түр түдгэлзүүлэх үндэслэл болсон гэж хариуцагч тайлбарласан. /х.х-ийн 8, 166-187 дахь талд/

Хэдийгээр “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын зарим ажилчдаас Б.Бтой хамтран ажиллах боломжгүй талаар хүсэлт шаардлага гаргаж байсан байх боловч уг үндэслэл нь ажилтны ажил үүргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм.

Ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж зохицуулжээ.

Тодруулбал, хуульд заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэдэгт хуулиар эрх олгосон эрх бүхий этгээдээс хууль тогтоомжид үндэслэн гаргасан шийдвэрийг үндэслэх бөгөөд, үүнээс бусад тохиолдолд ажилтны ажил албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч ТӨБЗГгазрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай “Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай” тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” хамгаалалтын аргаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж хэргийн харьяаллын хувьд маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гаргасан захиргааны актыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болсон тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн байх, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон байх” шинжүүдийг агуулаагүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан субьектээс гаргасан шийдвэр бүр захиргааны шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээнээс үүссэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ТӨБЗГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ