Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1224

 

 

“Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00982 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Оюунгэрэлд холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 49 106 190 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Оюунгэрэл нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг орон сууц барьцаалсан шуурхай зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 49 106 190 төгрөгийн өртэй болоод байна. Х.Оюунгэрэл нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлага гаргахгүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд 2105004996 тоот зээлийн гэрээний 4.2.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 29 964 539 төгрөг, 18 274 264 төгрөгийн үндсэн хүүний үлдэгдэл, 867 387 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл нийт 46 459 775 төгрөг, 6 000 төгрөгийн нотриатын зардал, нийт 49 106 190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Х.Оюунгэрэлийн зээлийн барьцаанд буй Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 24А байр, 10 тоотод байрлалтай, Ү-2204036157 дугаартай, 48,6 м.кв талбайтай орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Оюунгэрэл би 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй авсан. Зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 9 417 300 төгрөгийг Ариг банкинд төлсөн. Ариг банкнаас нэхэмжилсэн 49 106 190 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үлдэгдэл үндсэн зээл 29 964 539 төгрөг, хүү нь 12 796 175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867 387 төгрөг, нийт 42 760 714 төгрөг байхаар байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Оюунгэрэлээс 48 238 803 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 867 387 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Оюунгэрэл шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын ШШГЕГ-ын 24А байрны 10 тоотод орших, 48.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204036157 дугаартай, нэг өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 481 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Оюунгэрэлээс 399 144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлтэй эсэхийг нягталж шалгалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэт ерөнхийлөн дүгнэж ....үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 49 106 190 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, тооцооллын илт алдаатай, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч "Ариг банк" ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн "Зээлийн дансны хуулганд хариуцагч Х.Оюунгэрэлийн зээлийн хүү төлсөн төлбөрүүдийн гүйлгээг хийсэн болон үндсэн зээлийн үлдэгдэл 29 964 539 төгрөг байгаа нь харагдаж байгаа боловч үндсэн хүүгийн тооцоолол байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "Ариг банк" ХХК нь нэхэмжлэлд дурдсан 18 272 264 төгрөгийн үндсэн хүүг хариуцагч Х.Оюунгэрэл төлөх тооцоолол болон ямар хугацааг хамаарсан хүүний үлдэгдэл гэдэг нь тодорхойгүй, энэ дүнг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тус тусад нь тооцоолон гаргалгүй, нотлох баримтгүйгээр хэт ерөнхийлөн хариуцагч Х.Оюунгэрэлээс 48 238 803 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч үндсэн хүүгийн дүнгээ тооцооллын болон хугацааны хувьд нотолж чадаагүй тул 2105004996 тоот зээлийн гэрээний 1.2-т заасан зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь /Хавсралт № 01/-т заасан нийт 17 264 805 төгрөгийн зээлийн хүүгээс хариуцагч Х.Оюунгэрэл нь 9 379 823 төгрөгийн хүү төлсөн байгаа тул үлдэгдэл 7 884 982 төгрөгийн хүү төлөх үндэслэлтэй байна. Мөн үндсэн зээл 29 964 539 төгрөг, хүү 7 884 982 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 576 996 төгрөг, нийт 39 426 517 төгрөгийг хариуцагч Х.Оюунгэрэл төлөхөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан хариуцагч Х.Оюунгэрэлээс гаргуулахаар дурдсан дүнг өөрчилж, хариуцагчаас 39 426 517 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хариуцагч Х.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 49 106 190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээгээр хариуцагч Х.Оюунгэрэлд 30 000 000 төгрөгийг, сарын 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, орон сууц барьцаалсан шуурхай зээл зориулалтаар зээлдүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээгээр Х.Оюунгэрэлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204036157 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол ШШГЕГазрын 24А байр, 10 тоот 48,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэргийн 6-13 дугаар талд авагдсан зээл хүсэгчийн анкет, орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ, орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талууд дээрх орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ болон орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, уг гэрээнд заасны дагуу 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ болон орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваариас үзвэл талууд зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.8-т “зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарь хавсралт 1-т заасны дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх”-өөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч Х.Оюунгэрэл нь гэрээний 2.2-т заасны зээл, зээлийн хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нотариатын зардалд 6 000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдон нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэж анхан шатны шүүх       нотариатын зардалд 6 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний тооцооллыг буруу хийж хариуцагч Х.Оюунгэрэлээс 48 238 803 төгрөгийг гаргуулсан буруу ба хариуцагч нь үндсэн зээлд 28 936 675 төгрөг, зээлийн хүүд 15 427 863 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 085 572 төгрөг, нийт 47 450 110 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.  

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 47 456 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 782 693 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00982 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “48 238 803 төгрөг” гэснийг “47 456 110 төгрөг”, “867 387 төгрөг” гэснийг “782 693 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “399 144 төгрөг” гэснийг “395 230 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Оюунгэрэлийн төлсөн 399 144 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО    

                       

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ