Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0128/З |
Дугаар | 365 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 365
“Петролуем продакшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбаяр, хариуцагч Р.Долгорсүрэн, А.Долгормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2016/0522 дугаар магадлалтай, “Петролуем продакшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Петролеум продакшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, А.Болормаа нарын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 тоот актын 349.485,152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515,27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгож,
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан маргаан бүхий актад дурдсан асуудлаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос 30 хоногийн дотор сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргасныг үндэслэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайланг нөхөн хүлээн авч, нэг удаа чөлөөлөх нь зүйтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2016/0522 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-д заасныг баримтлан “Петролиум продакшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, А.Болормаа нарын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 тоот актын 349.485.152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948.515,27 төгрөгийн нөхөн торгууль ногдуулсан хэсгийг төлөхөөс нэг удаа чөлөөлсүгэй гэж, 3 дахь заалтыг 2 гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.
Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж хуульчилсан.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго болон уг хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлох 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан үл хөдлөх хөрөнгө, орлого, үйлчилгээгээ өөрөө сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар тайландаа тусгаж, шинээр тайлагнасан, нөхөн мэдүүлсэн тохиолдолд уг хуулийн үйлчлэлд хамаарах нь тодорхой байна.
Иргэн хуулийн этгээд нь сайн дурын үндсэн дээр нуун дарагдуулсан зүйлээ эрх бүхий байгууллагад мэдүүлж, ийнхүү мэдүүлснийхээ төлөө хүлээх ёстой хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна. Харин эсрэгээрээ тус хуульд заасан хугацаанаас өмнө эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон буюу ил болгосон мэдээллийг бүртгэх, асуудал энэ хуульд хамааралгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн бөгөөд нийт 401,478,871.24 төгрөгийн зөрчил илрүүлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх үлдэгдлийг 20,537,663.50 төгрөгийн дутуу төлөлттэй баталгаажуулалт хийснийг тус компанийн удирдлага 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.
Иймд НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 дугаар акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Петролиум продакшн” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг Нийслэлийн татварын газрын улсын байцаагчид шалгаж, 2014 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдэл 19,286,320.2 төгрөгийн буцаан авалттай болохыг баталгаажуулж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 220000010 дугаар актыг үйлджээ.
Дээрх актыг хянан баталгаажуулах Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын шалгалтаар нийт 401,478,871.24 төгрөгийн зөрчлийг илрүүлэн, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 210201536 дугаар актаар “Петролиум продакшн” ХХК нь НӨАТ-ын 20,537,662.60 төгрөгийн дутуу төлөлттэй болохыг баталгаажуулсаныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч нь актын 349,485,152.74 төгрөгийн зөрчилд хамрагдах 34,948,515.27 төгрөгийн нөхөн торгууль нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд заасан дагуу чөлөөлөгдөх ёстой гэж маргасан, хэргийн оролцогчид актаар ногдуулсан зөрчил, төлбөрийн үнийн дүнгийн асуудлаар маргаагүй болно.
Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлан гаргасан “Эдийн Засгийн ил тод байдлын дэмжих тухай“ хуулийн зорилт нь “хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж 1 дүгээр зүйлд тодорхойлжээ.
Мөн энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “.Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусах”-аар заасан байна.
Дээрхээс үзвэл цаг хугацааны хувьд дээрх хууль батлагдахаас өмнө нэхэмжлэгч компанийн НӨАТ-ийн татвар төлөлтийн байдлыг шалгаж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдэн, 19286320.2 төгрөгийн НӨАТ-ийн буцаан авалттай болохыг баталгаажуулснаар нэхэмжлэгч нь “...татварыг тайланд тусган төсөвт төлөөгүй...” буруутай болохоо мэдэх боломжгүй байжээ.
Харин 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 210201536 дугаар актаар зөрчлийг илрүүлж, дутуу төлөлтийг баталгаажуулсанаар татвар төлөгч нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд орлогоо ил болгон тайлагнаж, мэдүүлэх боломжийг алдагдлуулсан талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, тухайн үед акт тогтоох биш, харин “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын “Гурав”-ын 3.1-д “Төрийн байгууллага, албан тушаалтан нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана” гэж тодорхой заасны дагуу түүнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй атлаа улсын байцаагч нар төлбөр тогтоосон нь буруу байна.
Иймээс нэхэмжлэгчийг “нуун дарагдуулсан” татварын орлогоо сайн дураар мэдүүлээгүй гэж буруутгах боломжгүй, нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байх тул шүүх “...нуун дарагдуулсан хөрөнгөө сайн дураараа мэдүүлээгүй, энэ нь аливаа шалгалтаар тогтоогдоогүй байх” тухай Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүх Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тухайн төрлийн татвараас нэг удаа чөлөөлөх байтал, актаар ногдуулсан төлбөрийг хүчингүй болгож, алдаатай шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь энэ хуульд нийцжээ.
Дээр дурдсаныг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбатын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2016/0522 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ