| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2020/0625/З |
| Дугаар | 221/МА2022/0664 |
| Огноо | 2022-10-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0664
“Ф” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Аын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 684 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Х.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2020/0625/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “Ф” ХХК нь Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Ат холбогдуулан “Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Аын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.Давж заалдах гомдлын агуулга:
3.1.Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 16- 0030657 дугаартай шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл нь галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж үзсэн ба “Ф” ХХК нь галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн эсэх талаарх нотлох баримт зөрчлийн хэрэгт байхгүй.
3.2.Иргэн Н.Х өөрөө авто машиндаа гэрэл худалдан авч тавиагүй ба түүний машинд өөр этгээд гэрэл худалдан авч тавьсан. Гэрэл худалдан авч тавьсан этгээдэд анхааруулга, сануулга өгсөн.
3.3.Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Гал гарч болох маш олон эрсдэл байсан талаар дүгнэлт гарсан боловч яг гэрлээс болж гал гарсан асуудлыг тогтоосон зүйл байхгүй.
3.4.Анхан шатны шүүхээс өмнө хэргийг шүүх шийдвэрлэсэн “Ф” ХХК-г буруутай гэж үзсэн учраас нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж тайлбарласан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Дээд шүүхээс анхан шатны шүүхээс дахин шийтгэлийн хуудас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болохоос шийтгэлийн хуудас нь зөв байна гэж үзээгүй.
3.5.Галын байцаагчийн зүгээс зориулалтын бус буюу тавих ёсгүй гэрлийг машинд тавьж өгсөн гэж үзсэн ба зөрчлийн хэрэгт тухайн машинд яг ямар гэрэл тавьж болох эсхүл тавьж болохгүй талаарх баримт байхгүй.
3.6.Тухайн авто машин зүүн хэсгээрээ мөргөлдөж гэмтэл үүссэн, цахилгааны утас ил гарч муудсан байсныг талууд хүлээн зөвшөөрдөг, зэрэг маш олон шалгаагүй асуудал байдаг гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Гомдол гаргагч “Ф” ХХК-иас “Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Аын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Ат холбогдуулан гаргажээ.
2.Гомдол гаргагчаас “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчин шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй гаргасан, дахин захиргааны акт гаргахдаа нэмэлтээр ямар ч ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, гэрлээс шалтгаалж гал гарсан байх, гал хамгаалагчаас шалтгаалж гал гарсан байхыг үгүйсгэхгүй гэхдээ нотлоогүй, гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримтаар нотлоогүй” гэж маргасан.
Харин хариуцагчаас ““Ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй, 3 шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгдсэн” гэж маргажээ.
3.Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"галын аюулгүй байдал" гэж учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг”,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”,
4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.
4.Маргаан бүхий 0030696 шийтгэлийн хуудсаар “Ф” ХХК-ийг “үйлчлүүлэгчийн машинд засвар үйлчилгээ хийхдээ галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж 1000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, 4,069,000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Анх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авлигатай тэмцэх газрын зүүн урд талын автозамын зорчих хэсэгт иргэн А.Хгийн Тоёота Рав-4 загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг, копуд, кирлан, купер, гэрэл дохио шатсан гэх гомдол мэдээллийн[2] дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1902000584 дугаар зөрчлийн хэргийг[3] нээжээ.
Хариуцагч хяналтын байцаагч Х.Ааас нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Авлигатай тэмцэх газрын зүүн урд автозамын зорчих хэсэгт иргэн А.Хгийн 42-00 УНВ улсын дугаартай Тоёото Рав-4 загварын автомашинд гал түймэр гарсан асуудлын хүрээнд хяналт шалгалтыг явуулсан.
Улмаар “Ф” ХХК иргэн А.Хгийн автомашинд засвар үйлчилгээ хийсэн нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болох үзлэгийн тэмдэглэл[4], оролцогч нарын мэдүүлэг[5], шинжээчийн дүгнэлтээр[6] тогтоогдсон гэж үзэж 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаар шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, 4,069,000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
5.Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 шийдвэрээр[7] “маргаан бүхий 0030657 шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаар магадлалаар[8] дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор[9] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь тогтоогдов.
6.Маргааны тохиолдлын хувьд хариуцагчаас дээр дурдсан “маргаан бүхий 0030657 шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дахин шинэ шийтгэлийн хуудас гаргахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулалгүйгээр зөвхөн шийтгэлийн хуудсанд зөрчилд холбогдогч “Ф” ХХК хэмээн нэрийг нь өөрчилжээ.
7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д “оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно”, 3-т “эрх бүхий албан тушаалтан ... хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор ... /хүсэлтийг хангах эсхүл татгалзах/ шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5-д “... шийдвэрт гомдол гаргаж /болно/”,
Мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5-д “оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж тусгайлан заасан.
8.Тухайн тохиолдолд, хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ шийтгэлийн хуудас гаргахдаа уг шүүхийн шийдвэрт[10] “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин хэрэгжүүлэхэд гомдол гаргагчаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргавал шинжээчийн дүгнэлтийг өмнө нь танилцуулсан, мэдэгдсэн талаарх баримтыг үндэслэн хүсэлтийг хангах эсэх”-ийг шийдвэрлэхээр заасныг хэрэгжүүлээгүй.
Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа зөрчилд холбогдогч “Ф” ХХК-ийн төлөөлөгчөөс дахин шинжээч томилуулах хүсэлт байгаа эсэх, шинжээчийн дүгнэлтүүдийг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулаагүй, дахин шинжилгээ хийлгэх, шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгах талаарх холбогдогчийн хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хэрхэн шийдвэрлэсэн талаар энэхүү зөрчлийн хэрэгт баримт авагдаагүй.
Үүнээс үзэхэд хариуцагчаас шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, мөн гомдол гаргагчаас “шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, гал гарч болох маш олон эрсдэл байсан талаар дүгнэлт гарсан боловч яг гэрлээс болж гал гарсан асуудлыг тогтоосон зүйл байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Харин гомдол гаргагчаас тайлбарлаж байгаа шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгаагүй, энэ талаар нэмэлтээр ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс “гомдол гаргагчаас тайлбарлаж байгаа шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгаагүй, нэмэлтээр ямар ч ажиллагаа хийгээгүй, ...гэж хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд үүнийг дахин нотлон дүгнэх шаардлагагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
9.Дээрхээс гадна, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 335/30/Мэд дугаар шинжээчийн дүгнэлт[11], Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний төвийн нэгдсэн төвийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/166 дугаар шинжээчийн дүгнэлтүүд[12] болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын гал түймрийн улсын хяналтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ч.Артагын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээс[13] үзэхэд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй” гэх гомдол үндэслэлтэй, уг зөрүүг хариуцагчаас эцэслэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогоогүй гэж үзэхээр байна.
10.Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх” зарчмыг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх” зарчмыг тус тус хуульчилсан.
Энэ тохиолдолд, “Ф” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй, зөрчилд шийтгэл оногдуулах маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй байхад шийтгэл оногдуулсан гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 5, 6, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ф” ХХК-иас Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Ат холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Аын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ б.тунгалагсайхан
ШҮҮГЧ н.долгорсүрэн
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 8 дахь тал
[2] Хэргийн 119 дэх тал
[3] Хэргийн 114 дэх тал
[4] Хэргийн 123-125 дахь тал
[5] Хэргийн 126-137, 140-141 дэх тал
[6] Хэргийн 148-151 дэх тал
[7] 128/2020/0003/З индекстэй захиргааны хэргийн 95-105 дахь тал
[8] 128/2020/0003/З индекстэй хэргийн 126-150 дахь тал
[9] 128/2020/0003/З индекстэй хэргийн 150-154 дэх тал
[10] 128/2020/0003/З индекстэй хэргийн 104 дэх тал
[11] Хэргийн 112-113 дахь тал
[12] Хэргийн 143-144 дэх тал
[13] Хэргийн 89-90 дэх тал