Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0224/Э |
Дугаар | 74 |
Огноо | 2017-03-31 |
Зүйл хэсэг | 148.3., |
Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 74
Б.Мөнхбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаар магадлалтай, 2014250006217 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батын Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мөнхбаярт прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаяраас 20,662,514 төгрөг гаргуулж, хохирогч Л.Энхбатад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч З.Алтангэрэл, Г.Баяржаргал нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг үнэн зөвөөр тогтоож чадаагүй, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан “хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан хуулийн заалтыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөрчсөн.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоохыг шаардсан байдаг. Хохирогч Л.Энхбат нь Б.Мөнхбаярт 38,000,000 төгрөг, 83,361,500 төгрөг өгсөн гэж нэхэмжилдэг. Харин прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн 23,662,514 төгрөгийг олон удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт ч тогтворгүйгээр мэдүүлдэг, хавтаст хэрэгт түүнийг нотолсон баримт огт авагдаагүй байдаг.
Улсын Дээд шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа хохирлын зөрүүг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой заах, харилцан зөрүүтэй нотлох баримтын талаар дурьдах, хуульд нийцүүлсэн нотлох баримт бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл дахин гаргах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн аль заалтыг үндэслэн шийдвэрлүүлэх талаар анхан шатны шүүх тодорхой заагаагүй учир хэргийг дахин шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан гэж өмгөөлөгч, хуульч хүний хувьд ойлгож байгаа болно. Хэрэгт гэрчээр байцаагдсан Ч.Отгонцэцэг, Ц.Гурвындаваат, н.Отгонбаатар, Ц.Алтанзул, Ж.Баттөгс, Б.Энхбаатар, Г.Батболд нар хохирогч Л.Энхбатад мөнгө зээлдүүлсэн талаар мэдүүлсэн байдаг болохоос Б.Мөнхбаярт тухайн зээлдүүлсэн мөнгөнөөс өгч байсан талаар огт ярьдаггүй, зөвхөн бусдаас авсан мөнгөө бүгдийг нь Б.Мөнхбаярт өгсөн гэж 85,361,800 төгрөг нэхэмжилж байснаа сүүлдээ яллах дүгнэлтэнд бичигдсэн мөнгөн дүнг л өгсөн гэж гүтгэх болсон.
Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 171 тоот тогтоолын “...шүүх мөрдөн байцаалтаар тогтоогдсон 23,662,514 төгрөгийн их хэмжээний хохирлыг үлэмж буюу 9,638,982 төгрөг болгон багасгаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хохирлын зөрүү болох 14,023,532 төгрөгийн хохирлыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой зааж чадаагүй, өөрөөр хэлбэл онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтын алийг нь ямар үндэслэлээр тогтоолынхоо үндэслэл болгосон талаар дүгнээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ...” гэснийг удирдлага болгон амарчилж, мөрдөн байцаалтын явцад Б.Мөнхбаяраас Л.Энхбатад төлсөн 3,000,000 төгрөг хасч тооцсоноос өөрөөр Улсын дээд шүүхийн тогтоолын заалтыг хэрэгжүүлэлгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
Харин бусдаас зээлсэн мөнгөний зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй, зээлдэгч нартай нүүр тулан уулзаж тэднээс мөнгө аваагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байтал зөвхөн хохирогч гэх хүний амаар тооцоолол хийж ял халдаах нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Мөн хохирогч Л.Энхбат нь н.Адъяа гэх ломбардны эгчээс 2,500,000 төгрөг зээлж авсан гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын явцад н.Адъяагаас мэдүүлэг аваагүй, зөвхөн мөрдөн байцаагч утсаар ярьсан тэмдэглэл /хх 179/ хэрэгт хийснээс өөр баримт байхгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, хохирлын тооцоонд оруулах боломжгүй. Гэрч Х.Дөлгөөн Л.Энхбатад 5,000,000 төгрөг зээлүүлсэн гэж мэдүүлдэг боловч энэ нь мөн л Л.Энхбатаас Б.Мөнхбаярт мөнгө өгсөн нотлох баримт болж чадахгүй байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой хуульчилсан байхад эсрэгээр нь шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөхийг хүсье...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч З.Алтангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Б.Мөнхбаярт холбогдох хэргийн хохирлын хэмжээг шүүх зөв тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Б.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Л.Энхбатаас “уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллана” гэж 23,662,514 төгрөгийг хуурч мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг энэ талаар хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын эх сурвалжийг магадлах байдлаар бүх талаас нь, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст иргэн Л.Энхбатад учруулсан шууд хохирлыг 20,662,514 төгрөг гэж тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн объектив бодит байдал бөгөөд хэргийн үйл баримтад хамаарах тул нэг мөр, эргэлзээгүйгээр тогтоогдох учиртай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “хууль тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох ажиллагаанд хамаарахгүй.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР