Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 352

 

С.Цогбаатар нарын нэр бүхий 9 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч С.Цогбаатар, С.Батбаатар, С.Бадамгэрэл, Ч.Долгор, С.Цогнэмэх, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарандэлгэр, Б.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээд “Арвин зайсан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбаатар, Д.Бахдамдэмбэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 221/МА2016/0416 дугаар магадлалтай, С.Цогбаатар нарын 9 иргэний нэхэмжлэлтэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр: 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цогбаатар, Ч.Долгор, С.Батбаатар, С.Батсуурь, С.Бадамгэрэл, А.Жаргалсайхан, П.Эрдэнэбаяр, Б.Отгонбаатар, С.Цогнэмэх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Арвин зайсан” ХХК-д “тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ”-г нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Арвин зайсан” ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт 450 дугаар гэрчилгээгээр 0.8 га газрыг ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож,

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан шинэ акт гартал нэхэмжлэгч С.Цогбаатар, Ч.Долгор, С.Батбаатар, С.Батсуурь, С.Бадамгэрэл, А.Жаргалсайхан, П.Эрдэнэбаяр, Б.Отгонбаатар, С.Цогнэмэх нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0416 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цогбаатар, Ч.Долгор, С.Батбаатар, С.Бадамгэрэл, А.Жаргалсайхан, П.Эрдэнэбаяр, Б.Отгонбаатар, С.Цогнэмэх нарын газар ашиглахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Арвин зайсан” ХХК-ийн захирал Б.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий газарт байрлах обьектоо 1994 онд дуудлага худалдаагаар авсан бөгөөд 2007 онд тухайн газраа ашиглах эрхийн гэрчилээтэй болсон.

Тус компанийн хууль ёсны дагуу ашиглах эрх бүхий газар нь урд болон баруун хэсгээрээ бусдын эзэмшил газартай шууд хиллэдэг. Нэхэмжлэл гаргаж байгаа иргэд буухаас өмнө зүүн талаасаа орц, гарцтай байсан ч тэд хууль бусаар зөвшөөрөлгүй бууснаас ямар ч орц, гарцгүй болсон. Эдгээр иргэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалд заасны дагуу хандсан боловч ажлын хэсэг судалж үзээд боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсны зөвшөөрөл бүхий, газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих тул хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байна. Яамнаас хууль бус учир нэхэмжлэгч нарт зөвшөөрөл олгоогүй байхад хууль зөрчиж шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй.

Иргэн Долгор анх Зайсангийн аманд байрлах Ясны сүрьеэгийн эмнэлэгийн хажууд зөвшөөрөлгүй амьдарч байсан, тэндээсээ хөөгдөж, манай газар дээр гуйж буусан бөгөөд улмаар өөрийн хүүхэд С.Батбаатар, С.Батсуурь, С.Цогбаатар нарт өөрийн хашааг залгуулан барьж амьдруулсан. Анх амьдарч байсан газар нь манай ашиглах эрх бүхий газраас 1 км хүрэхгүй газар байсан бөгөөд тэнд хууль бусаар амьдарч байхдаа авсан тодорхойлолт, бүртгэлийн дэвтрээ ашиглан уугуул амьдарч байсан гэж шүүхийг төөрөгдүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайдын шүүхэд гаргасан тайлбар болон бодит нөхцөл байдлын хувьд илтэд тодорхой буюу иргэд нь хууль бусаар оршин сууж, манай хууль ёсны эрхийг зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Богдхан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх  ажлын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны  өдрийн А/235 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

Тус ажлын хэсгээс эхний ээлжид төрийн захиргааны төв байгууллагаас зохих журмын дагуу авсан бусдын газартай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байрлаагүй, бусдын орц гарцыг таглаж буугаагүй гэх зэрэг зөрчилгүй 411 иргэдэд газар ашиглах эрхийг олгож гэрчилгээжүүлж, харин дээрх байдлаар зөрчилтэй 134 иргэний газар ашиглах эрхийг баталгаажуулах боломжгүйг Хан-Уул дүүргийн Засаг мэдээлсэн, үүний дотор  ““Арвин зайсан” ХХК-ийн газартай давхцалтай” гэдгээр нэхэмжлэгч иргэд болох С.Цогбаатар, Ч.Долгор, С.Батбаатар, С.Батсуурь, С.Бадамгэрэл, А.Жаргалсайхан, П.Эрдэнэбаяр, Б.Отгонбаатар, С.Цогнэмэх нарын 9 иргэн багтсан байна.

Нэхэмжлэгч нар нь “...он удаан жил тухайн газарт амьдран сууж байгаа, ... ““Арвин зайсан” ХХК нь газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй ...” хэмээн тайлбарлаж, энэ компанид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын олгосон “Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрөл”-ийн 9 иргэнтэй давхцсан хэсгийг хүчингүй болгож, эдгээр иргэдэд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг тус сайдад даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Газрын тодорхой хэсгийн давхцалын асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгчид “...гуравдагч этгээдэд газар олгохоос өмнө бид амьдарч байсан...” гэх үйл баримтыг гол болгон маргасан болно. 

Нэхэмжлэгчдийн маргаж буй газарт амьдарч байсан хугацаа, нөхцөл зэрэг нь өөр өөр байгаагаас гадна, гуравдагч этгээд ““Арвин зайсан” ХХК-ийн тухайн байрлалд газар ашиглах болсон үндэслэл, газрын хэмжээ, нэхэмжлэгчдийн ашиглахаар хүсэлт болгож байгаа болон гуравдагч этгээдийн ашиглаж байгаа газрын давхцалтай байдлыг нотлох хангалттай нотлох баримт үгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас дээрх иргэдэд газар ашиглах эрхийг баталгаажуулах боломжгүйг “...бусдын гэрээгээр ашиглаж байгаа газартай давхцсан...” гэх үйл баримтыг үндэслэл болгон тайлбарлаж байгаа тул шүүх ийнхүү давхцалтай гэх байдлыг нэхэмжлэгч нэг бүрийн тухайд тус тусад нь авч үзэж, дүгнэх нь зөв байжээ. 

Нэхэмжлэгч иргэдийг 2000, 2001 оноос эхлэн амьдарч байгааг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын лавлагаа, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтууд хэрэгт байна.

Тухайлбал, С.Цогбаатар, С.Цогнэмэх нар 2001 оноос, Ч.Долгор, С.Батбаатар, С.Батсуурь нар 2000 оноос, Б.Отгонбаатар 2006 оноос эхлэн амьдарч байгааг Хорооны Засаг дарга нар тодорхойлсноос гадна П.Эрдэнэбаяр нь 1975, С.Бадамгэрэл нь 2008 оноос эхлэн амьдарч байгаа талаар өөрсдөө тайлбарлажээ.

Харин А.Жаргалсайханы тухайд 1987 оноос тухайн байрлалд байсан эмнэлэгийн ажилчдын байранд амьдран сууж байсан, 2003 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор уг орон сууцыг акталж, амьдарч байсан орон сууцаа худалдан авсан гэх бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт авагджээ.

Гуравдагч этгээд ““Арвин зайсан”ХХК-ийн тухайд түүнд аялал жуулчлалын зорилгоор 0.8 га. газар ашиглуулах тухай 2007 оны 11 сарын 07-ны өдрийн 450 дугаар гэрчилгээ, “газар ашиглах гэрээ зэрэг баримтууд байна.

Мөн гуравдагч этгээд “... ашиглаж байгаа газрыг анх 1994 онд дуудлага худалдаагаар 2 давхар объект  худалдан авч ашиглаж эхэлсэн. Тухайн худалдаж авах үед эдгээр иргэд газарт буугаагүй байсан...” хэмээн тайлбарлаж,  “Арвин” ББХК-ийн нэр дээрх “Зайсан дахь эмийн баазын барилга”-ын өмчлөх эрхийн гэрчилгээг хавсаргажээ.

Гэтэл нэхэмжлэгчид нь “... 1994 болон 2008 оны газрууд өөр өөр ...” гэж маргасан байна.

Иймд гуравдагч этгээд нь 1994 онд дуудлага худалдаагаар өмч худалдан авсан “Арвин” ББХК-тай ямар холбоотой болох, түүний 2007 оны 450 дугаар гэрчилгээгээр ашиглаж байгаа газар нь 1994 онд дуудлага худалдаагаар авсан эмийн барилгын газартай ямар хамааралтай болох, эдгээр нь нэг газар бол тухайн дуудлага худалдаагаар авсан үл хөдлөх хөрөнгийн газар нь ямар хэмжээтэй байсан зэргийг шалгах зайлшгүй шаардлагатай.

Дээрх нотлох баримтуудыг бүрдүүлснээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлууд ойлгомжтой болохын зэрэгцээ шүүх нэхэмжлэгч нэг бүрийн тухайд маргааны гол болох газрын давхцал ямар байгааг тодорхойлж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Нотлох баримтууд хангалттай биш, хэргийн оролцогчдын тайлбарын үндэслэлээ болгож байгаа нотлох баримтууд зөрүүтэй байхад шүүх “... үл хөдлөх эд хөрөнгө бий болгож, олон жил амьдарч байгаа...” гэж ерөнхий, хэт өрөөсгөл дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.

 

Иймээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийн нөхцөл байдал тодорхой биш байхад шүүх дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” тухай гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0416 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Л. АТАРЦЭЦЭГ