Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 429

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Г,

Хариуцагч: МУЗГт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 92 тоот тогтоолыг хүч*******үй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э овогтой Г миний бие Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын С******* хотод суух Ерөнхий к*******аар томилогдон ажиллахаар болж 2017 оны 08 дугаар сарн 20-ны өдөр өмнөх Ерөнхий к******* С.Э-с тамга, тэмдэгээ хүлээн авч ажиллаж байгаа билээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 92 тоот тогтоолоор Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг үндэслэн намайг Монгол Улсын Америкийн Нэгдсэн Улсын С******* хотод суух Ерөнхий к*******аас эгүүлэн татахаар шийдвэрлэжээ. Тус шийдвэрийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий К*******ыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасан. Хэдийгээр Засгийн газарт гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий к*******ыг томилох, эгүүлэн татах эрх хуульд заасны дагуу байгаа боловч ямар ч үндэслэлгүйгээр намайг эгүүлэн татсан гэж үзэж байна. Миний бие ажлаа хүлээн авч ажиллах хугацаандаа энэхүү төрийн өндөр албыг хариуцлагатай, нэр төртэйгээр хашиж Монгол Улсын хууль, тогтоомж, Олон улсын гэрээ, дүрэм, журмыг чанд мөрдөж хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан. Мөн энэхүү албанд томилогдохдоо хууль, тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангасан билээ. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг ийнхүү эгүүлэн татсан шийдвэр нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Тиймээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн гол агуулга болох “Монгол улсын Дипломат алба нь тогтвортой байх ёстой” гэх зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Тогтвортой байх зайлшгүй шаардлага байдаг учраас хуульд 4 жилийн хугацааг зааж өгсөн. Энэхүү хугацаанаас өмнө “тухайн хүн энэхүү албыг хаших шаардлагыг хангахгүй, албан тушаал хашиж байх хугацаандаа сахилгын болон эрүүгийн зөрчил зэрэг асуудал үүссэн тохиолдолд” эгүүлэн татах үндэслэл болно. Хэргийг шийдвэрлэх явцад Э.Г нь тухайн албан тушаалыг хашиж байхдаа ямар нэгэн байдлаар сахилгын, ёс зүйн, мөн эрүүгийн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд уг асуудлаар түүнд оногдуулсан шийтгэл, шийдвэр болон энэ талаар талуудад маргаан байхгүй. Гадаад харилцааны яамны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/1715 тоот албан бичгээс харахад “шаардлага хангаж байгаа эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй бөгөөд тодорхойгүй байна” гэдэг нь Э.Г нь тухайн албан тушаалын шаардлагыг хангасан эсэх тодорхойгүй байна гэсэн үг биш юм. Тодорхойгүй байна гэдэг нь уг асуудал дээр ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байна гэж ойлгож байна. “... Э.Г хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад шууд томилсон” гэж байгаа. Э.Г-ыг тухайн албан тушаалын шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад ямар нэгэн дүгнэлт гарах ёстой. Хуульд Засгийн газарт шууд томилох эрхийг хуульчилж өгсөн байгаа. Гэтэл дээрх тодорхойгүй, үндэслэлгүй асуудлаар эгүүлэн татаж байна. Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах үндэслэл гарах ёстой байсан.

Дипломат албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “Дипломат албан тушаал нь төрийн тусгай албан тушаал байна”, 16 дугаар зүйлийн 16.7-д “Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 4 жил байна” гэж тус тус заасныг хангалгүйгээр эгүүлэн татаж байгааг нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

К*******ын патентыг өмнөх Засгийн газрын тогтоолыг үндэслэж гаргасан гэдэг. Гадаад харилцааны яам, К*******ын газар нь 119 дүгээр тогтоолоор Э.Гыг томилогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа агуулга харагдаж байна. Хүлээн зөвшөөрсөн бол нэхэмжлэгчийн талаар тайлбар аваагүй, хуулийн ямар заалтыг зөрчсөн, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаагүй талаар саналыг ирүүлэх боломжтой байтал ирүүлээгүй. Гэтэл үүрэгт ажлаа хүлээж авснаас нь хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн байхад яриагүй байж албан тушаалаас нь эгүүлэн татах санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гадаад харилцааны яамнаас Э.Гыг томилохтой холбогдуулан санал авах ёстой байсан бөгөөд тухайн саналыг аваагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг”-ийг тодорхой зааж өгсөн байдаг. Уг чиг үүрэг дотор “Ерөнхий К*******ыг томилохтой холбогдуулан санал, дүгнэлтийг Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана” гэсэн зүйл байхгүй. Иймд Засгийн газрын 92 дугаар тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж заасан. Гэтэл тухайн үед холбогдох яам буюу Гадаад харилцааны яамнаас албан ёсоор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг, танилцуулга, Засгийн газрын тогтоолын төслийг хүргүүлээгүй байхад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өмнөх ерөнхий к******* С.Э-ийг чөлөөлсөн тогтоол 118 тоотоор гарч, мөн өдрийн 119 тоот тогтоолоор Э.Гыг томилсон байдаг. Энэ нь иргэн Э.Гыг томилсон тогтоол үндэслэлгүйг илтгэж байна.

Дипломат албаны тухай хуулийн 16.2-т энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий к*******ыг Засгийн газар томилж, эгүүлэн татна гэж заасан. Хуульд заасны дагуу МУЗГт ажлаас чөлөөлөх, эгүүлэн татах, томилох эрх байгаа. Иймээс, Монгол Улсын Засгийн газраас 92 дугаар тогтоолд эрх олгосон заалтаа үндэслэл болгосныг буруутгах үндэслэл байхгүй. Америкийн Нэгдсэн Улсын С******* хотод 5000 монгол иргэд оршин суудаг. Тус оронд ажиллаж амьдардаг дээрх тооны иргэдийн эрх, ашиг сонирхол тус мужид байрлах Ерөнхий к*******ын газрын үйл ажиллагаанаас бүрэн хамаардаг. Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах нь аль ч Засгийн газрын нэн тэргүүнд тавигдах үүрэг тул Ерөнхий к******* нь суугаа орны монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад нэн шаардлагатай шалгуур үзүүлэлтийг хангасан  байх нь чухал юм.

Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд дипломат албан тушаал эрхлэх болзол, журмын тухай тусгаж өгсөн. Ингэхдээ, 15.1, 15.2, 15.3-д заасан болзлыг хангасан иргэн, цаашилбал 15.1-д “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын иргэн эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” гэж, 15.2-т “Ажлын зайлшгүй шаардлага, онцгой мэргэшл, дадлага туршлагыг харгалзан түгээмэл нэг гадаад хэл эзэмшсэн хүнийг дипломат ажилд томилон ажиллуулж болно” гэж тус тус нарийвчлан тусгаж өгсөн байдаг. Мөн тус хуулийн 16.9-д “Дипломат төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг томилон ажиллуулахдаа мэргэжлийн бэлтгэл, мэргэшил, боловсрол болон ажилласан хугацааг нь харгалзана” гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу баталсан Сан-Фрациско дахь ерөнхий к*******ын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага хэсэгт Олон улсын харилцаа, эрх зүй чиглэлээр бакалавр зэрэгтэй, төрийн албанд 10 жил ажилласан байх, ур чадварын хувьд багаар ажиллах, багийн бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулах, англи хэл эзэмшсэн байх гэж тусгажээ. Гэтэл иргэн Э.Г нь олон улсын харилцаа, эрх зүйн чиглэлээр сурч байгаагүй бөгөөд суугаа орны хэлийг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй байхад шууд томилсон шийдвэр өмнөх Засгийн газрын үед гаргасан нь буруу байна. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд  дээрх тогтоолыг гаргасан. Мөн хуулийн 16.1-д “Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна” гэж заасны дагуу шийдвэр гаргасан. Мөн Засгийн газрын хуралдаанд оруулсан тэмдэглэлд “Э.Г ажлаа бүрэн хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодруулаагүй байхад томилсон” гэж үзэж байгаа. Манайх гадаад хэргийн яам буюу холбогдох газраас нь Э.Гын ажлын байрны тодорхойлолт гаргаагүй, гарын үсэг зуруулаагүй байна. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 92 дугаар тогтоолыг гаргах үндэслэл нь “... 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дүгээр тогтоолыг гаргахдаа Гадаад харилцааны яамнаас саналыг аваагүй” гэж байгаа юм. Дүгнэлт гараагүй гэж байгаагийн хувьд Засгийн газар шууд томилдог бол эгүүлэн татах эрхтэй бөгөөд шууд томилоход ямар нэгэн үндэслэл байх ёстойн адил эгүүлэн татах асуудалд үндэслэл буюу Гадаад харилцааны яамнаас санал авсан байх ёстой. Ажлын байрны тодорхойлолтыг заавал баримтлах ёстой гэсэн үг биш. Гол нь дээрх тодорхойлолтын ерөнхий зарчмуудыг баримтлах ёстой. Бид тухайн үед дүгнэлтийг гаргах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор  Э.Гыг Монгол Улсаас Америкийн нэгдсэн улсын С******* хотод суух Ерөнхий к*******аар томилсон ба мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоолоор  Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг үндэслэл болгон Монгол Улсаас Америкийн нэгдсэн улсын С******* хотод суух Ерөнхий к******* Э.Гыг эгүүлэн татсан байна.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Ерөнхий к*******ыг эгүүлэн татах тухай” 92 дугаар тогтоолыг хүч*******үй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...92 дугаар тогтоолыг гарган нэхэмжлэгчийг эгүүлэн татахдаа Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д заасан “Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 4 жил байна”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн,  ямар ч үндэслэлгүйгээр татсан. Нэхэмжлэгч томилогдохдоо хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байсан” гэх агуулгаар тайлбарлаж байх ба харин хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “...нэхэмжлэгчийн томилохдоо Гадаад харилцааны яамнаас албан ёсоор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг, танилцуулга, Засгийн газрын тогтоолын төслийг хүргүүлээгүй байхад Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ийн 6-д заасныг зөрчиж томилсон, нэхэмжлэгч нь Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан дипломат албан тушаал эрхлэх болзлыг хангаагүй” гэх агуулга бүхий тайлбар гарган нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үндэслэлийг үгүйсгэн маргасан.

Дипломат албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Дипломат алба нь төрийн тусгай алба мөн” 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын дипломат албыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн удирдана”, 6 дугаар зүйлийн 6.2-т “К*******ын алба нь дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Монгол Улсын Ерөнхий К*******ын газар, К*******ын газар болон К*******ын төлөөлөгчийн газар нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тойрогт үйл ажиллагаагаа явуулна” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлд “Дипломат албан тушаал эрхлэх болзол, журам”-ыг тодорхойлсон байх ба мөн зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 15.2,15.3-т заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн дипломат албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй”, 15.2-т “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Засгийн газрын хуралдаанд бэлтгэх, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална”, 29 дүгээр зүйлийн 2-ийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь ... зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж тус тус заасан байгаагаас үзвэл “олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн /үүнээс нэг нь түгээмэл гадаад хэл/ байх шаардлагыг хангасан иргэнийг ерөнхий к*******аар томилуулах тухай шийдвэрийн төсөл, санал, танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайдаас хянан үзэж зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснээр Монгол Улсын Засгийн газраас Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан дагуу “Ерөнхий к*******ыг томилох” тухай тогтоолыг гаргахаар байна.

1. Шүүхээс “нэхэмжлэгч Э.Гыг ерөнхий к*******аар томилохтой холбоотой танилцуулга, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг Гадаад харилцааны яамнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан ёсоор хүргүүлсэн” эсэх талаар нотлох баримтуудыг ирүүлэхийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/4013 дугаар,  2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/4770 дугаар албан бичгээр  тус тус Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шаардахад Энхтөрийн Галбадралын Төрийн албан хаагчийн анкет,  Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай Авлигатай тэмцэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/6766 дугаар албан бичиг  зэргээс өөр Гадаад харилцааны яамны санал гэж үзэхээр баримтыг ирүүлээгүй ба мөн сайдаас танилцуулга, төслийг хянан үзэж холбогдох саналыг явуулаагүй болох нь Гадаад харилцааны сайдаас Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/1715 дугаар албан бичиг,  түүнд хавсаргасан “Танилцуулга”,  Монгол Улсын Засгийн газрын Хуралдааны тэмдэглэл  зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.Гыг ерөнхий к*******аар томилохдоо Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг 2-ийн 6-д заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

2. Хариуцагчаас нэхэмжлэгч Э.Гын өөрийн гараар бөглөсөн “Төрийн албан хаагчийн анкет”,  компьютер дээр бичиж хэлбэржүүлсэн “Төрийн албан хаагчийн анкет”-уудыг  /цаашид “анкет” гэх/ нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тус бүр дээр “үнэн зөв болохыг баталж” гарын үсгээ зурсан байна.

2.1. Дээрх хоёр анкетын “Сургуулийн нэр” гэх хэсэгт “2.Боловсролын талаарх мэдээлэл”  гэх хүснэгтийн “Батлан хамгаалах их сургууль” 2005-2009,“эзэмшсэн боловсрол, мэргэшил, гэрчилгээ, дипломын дугаар” гэсэн хэсэгт “Бакалавр” гэж;

Мөн анкетийн “Сургуулийн нэр” гэх хэсэгт “Бизнесийн Дээд сургууль” 2009-2010, “эзэмшсэн боловсрол, мэргэшил, гэрчилгээ, дипломын дугаар” гэсэн хэсэгт “Бизнесийн удирдлагын магистр” /сургуульд орсон сар, төгссөн сарыг бичээгүй, эзэмшсэн боловсрол, мэргэжилээ, дипломын дугаараа дутуу бичсэн/ гэж бичсэн;

Мөн дээрх 2 анкетад

-“Удирдлагын академи” 2009-2010 “Төрийн удирдлагын менежер”, 

-“Удирдлагын академи” 2013-2016 “Төрийн удирдлагын магистрантур”, 

-“Америкийн Нэгдсэн улсын Вержиняа мужийн их сургууль” 2012-2012 “мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр”, 

“Т*******ы М******* Ч******* их сургууль” 2013-2013 “мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр” гэж “2.Боловсролын талаарх мэдээлэл”, “3.Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл”-д тус тус

давхардуулсан бичсэн, *******эхдээ “эхэлсэн дууссан он, сар, өдөр, ямар чиглэлээр, үнэмлэх гэрчилгээний дугаар, олгосон он, сар өдөр” гэх мэдээллийг бичээгүй;

мөн анкетийн “3.Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл”-д “Сантис” 2011 “45 хоног” “Англи хэл” гэх мэдээллийг тус тус бичсэн байна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын /цаашид “журмын” гэх/ Хоёрын 9.2-т “Төрийн албан хаагчийн анкетыг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан маягт (Маягт 1)-ын дагуу энэ журмын 5 дугаар хавсралтад заасан “Анкет бичих санамж”-ийг ашиглаж бичнэ”, “Төрийн албан хаагчийн анкетын асуулт бүрийг бүрэн хариулж бичнэ. Байгууллага, албан тушаалын нэрийг товчлон бичиж болохгүй. Төрийн албан хаагчийн анкетын эцэст түүнд орсон мэдээлэл үнэн зөв болохыг баталж бичсэн хүн гарын үсгээ зурж, огноо бичнэ” гэж заасан байх ба дээр дурдсан мэдээллийг анкетад бичсэн бусад мэдээлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан Э.Гын боловсрол, мэргэшлийн сургалтын талаарх нотлох баримтуудтай харьцуулан судалж үзэхэд дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

-“Монгол Улсын Бизнесийн дээд сургууль”-ийн №D******* дугаартай бакалаврын дипломд  Э.Гыг тус сургуулийг 2005-2009 онд “Бизнесийн эдийн засаг, удирдлага” мэргэжлээр суралцан төгссөн гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь дээр дурдсан өөрийн гараар болон компьтерээр бичин үнэн зөв болохыг батлан гарын үсгээ зурсан “анкет”-уудад энэхүү сургуульд суралцан төгссөн талаар мэдээллээ огт бичээгүй, харин “2005-2009” онуудад Батлан хамгаалах их сургуульд суралцсан гэж бичсэн байх боловч Батлан хамгаалахын Төв архивын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн /Энхтөрийн Галбадрал нь БХИС-ийн захирлын 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 435 дугаар тушаалаар тус сургуулийн санхүүгийн удирдлага, ар талын албанд оюутнаар элссэн. Тус сургуулийн захирлын 2010 оны тушаалыг шүүн үзэхэд төгссөн тухайд нэр гарахгүй байна” гэж дурдсан/ 494 дүгээр албан бичиг , Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5988 дугаар лавлагаа  зэрэг бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Э.Г БХИС элссэн боловч төгсөөгүй гэх” тайлбараар тус тус нэхэмжлэгч Э.Г нь Батлан Хамгаалах их сургуульд суралцаж төгсөөгүй болох нь, “Бизнесийн Дээд сургууль”-д 2009-2010 онд “Бизнесийн удирдлагын магистр” гэх мэдээллийг нотлох диплом болон өөр ямар нэг баримтыг нэхэмжлэгч, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг боловсрол, эзэмшсэн мэргэшлийн талаарх мэдээллээ анкетад худал мэдүүлж бичсэн гэж үзлээ.

Учир нэхэмжлэгчийн боловсрол, эзэмшсэн мэргэжил, сургуульд элссэн, төгссөн он, сар, дипломын дугаар зэрэг мэдээллийг түүнээс өөр хэн нэгэн этгээд мэдэж бичих боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь “Монгол Улсын Бизнесийн дээд сургууль”-д “Бизнесийн эдийн засаг, удирдлага” мэргэжлээр 4 жилийн хугацаагаар суралцан төгсөж дээд боловсрол эзэмшсэн бол энэ талаарх мэдээллээ бичих учиртай. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар анкетад огт бичээгүй, улмаар БХИС болон Удирдлагын академид суралцсан гэж худал мэдүүлж бичсэн болох нь тогтоогдож байх ба дээр дурдсанаар өөрөөс нь өөр хэн нэгэн этгээд мэдэж бичих  боломжгүй түүнийг дээд боловсрол эзэмшсэн болохыг нотлох, шүүхээс ийнхүү үнэлж болохоор цорын ганц баримт болох №D******* дугаартай “Монгол Улсын Бизнесийн дээд сургууль”-ийн “Бизнесийн эдийн засаг, удирдлага” мэргэжлээр суралцсан тухай мэдээллээ бичээгүй байна. Уг бакалаврын дипломийг Э.Гынх мөн гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр байгаа хэдий ч нотариатаар гэрчлүүлэн хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул уг дипломыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Дипломын хавсралтаас  үзвэл олон улсын эрх зүй, олон улсын эдийн засаг, улс төрийн харилцааны онолын огт хичээлийг судлаагүй, мөн зөвхөн англи хэлийг 5 кредит цаг судалсан байна. Гадаад хэл гэдгийг түгээмэл хэрэглэгддэг нэг гадаад хэл, эсхүл тухайн томилогдон ажиллах улсын албан ёсны хэлийг ажил явуулах шаардлагын хүрээнд эзэмшсэн байхаар ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн 5 цаг кредит цаг англи хэл судалсныг ажил явуулах шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Иймээс нэхэмжлэгчийг олон улсын эрх зүй, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, 2 буюу түүнээс дээш гадаад хэл, үүнээс түгээмэл гадаад хэл англи хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн буюу дипломат албан тушаал эрхлэх болзол, журмыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2.2. Түүнчлэн анкетын 2.“Боловсролын талаарх мэдээлэл”, 3.“Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл”-д давхардуулан бичсэн “Удирдлагын академи” 2009-2010 “Төрийн удирдлагын менежер”, “Удирдлагын академи” 2013-2016 “Төрийн удирдлагын магистрантур”-аар суралцсныг нотлох ямар нэг баримтыг гаргаагүй тул мөн энэ мэдээллийг худал бичсэн гэж үзэх үндэслэлтэй, харин Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх” 8 кредит цагийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн гэх  № 1421 Сертификат-аар  нэхэмжлэгчийг “Төрийн удирдлагын менежер”-ээр 01 жилийн хугацаанд, 2013-2016 онуудад 03 жилийн хугацаанд “Төрийн удирдлагын магистрантур”-т суралцсан гэж үзэх боломжгүй юм.

-Мөн “Америкийн Нэгдсэн улсын Вержиняа мужийн их сургууль” 2012-2012 “мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр”, 

“Т*******ы М******* Ч******* их сургууль” 2013-2013 “мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр” гэж бичсэн байх боловч тэрээр “эхэлсэн дууссан он, сар, өдөр, ямар чиглэлээр суралцсан, үнэмлэх гэрчилгээний дугаар, олгосон он, сар өдөр” зэрэг мэдээллээ огт бичээгүй байна. Тэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс холбогдох баримтыг  англи хэл дээр бичигдснээр шүүхэд гарган өгсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ”Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” 8.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэж заасныг зөрчиж гаргасан нотлох баримтыг шүүх үнэлээгүй боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн боловсрол, эзэмшсэн мэргэшлийн талаар баримт нь эх хувиараа зөвхөн нэхэмжлэгчид байх боломжтой ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8-д заасны дагуу “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

-Мөн анкетын “Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл”-д “Сантис” сургалтын төвд 2011 онд 45 хоногын хугацаагаар “Англи хэл” сурсан гэж бичсэн боловч хэрэгт нотлох баримтаар “T******* G*******” гэх сургалтын төвийн нэхэмжлэгчийн нэртэй, 2012 оны 10 дугаар сарын 2 гэсэн огноотой, мөн англи хэл дээр бичигдсэн сертификатыг  ирүүлсэн ба энэ нь анкетийн мэдээллээс зөрүүтэй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гарган өгсөн англи хэлээр бичигдсэн сертификатыг гарган өгсөн тул “монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байх” хуулийн шаардлагыг хангаагүй баримтыг шүүхээс үнэлэх боломжгүй ба Э.Гыг гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймээс өөрөөс нь өөр хэн нэгэн этгээд мэдэх боломжгүй анкет дахь мэдээлэл нь бусад баримтаар нотлон тогтоогдохгүй, шүүхэд гарган өгсөн боловсрол, эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн бэлтгэлийг нотлох баримтууд нь анкетад дурдагдаагүй буюу анкетад дурдагдсан зарим мэдээлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй, тэрээр анкет дахь мэдээллээ худал бичсэн тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан дагуу дээр дурдсан боловсролын, мэргэшлийн бэлтгэлийн талаар зарим нотлох баримтууд, анкетыг тус бүрд нь үнэлэхгүй орхих нь зүйтэй байна. 

Дээр дурдсаныг бүхэлд нь дүгнэвэл нэхэмжлэгч нь Э.Гыг дипломат албан тушаалд ажиллах болзол шаардлагыг хангаагүй, дипломат албанд ажиллах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий акт болох Монгол улсын Засгийн газрын 92 дугаар тогтоол улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

Төрийн тусгай албан тушаал цаашлаад Монгол улсыг гадаад улсад төлөөлөх “дипломат албан тушаал”-д томилогдохооор “Төрийн албан хаагчийн анкет”-ийг гаргахдаа “үнэн зөв, товч тодорхой“ бичих журмыг зөрчин мэдээллээ худал бичсэн нэхэмжлэгчийн хариуцлагагүй, шударга бус үйлдлийг шүүхээс зөвтгөх үндэслэл, нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийг дипломат албан тушаалд томилогдох хуульд заасан болзол шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн тул “...Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг зөрчин үндэслэлгүйгээр эгүүлэн татсан, ерөнхий к*******ын ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй” зэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл, эдгээрт холбогдох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иймээс Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн дипломат албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй”, 15.2-т “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж заасныг тус тус хангаагүй иргэнийг ерөнхий к*******аас эгүүлэн татсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоол үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Э.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ийн 6, Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан МУЗГт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Ерөнхий к*******ыг эгүүлэн татах тухай” 92 дугаар тогтоолыг хүч*******үй болгуулах” шаардлага бүхий Э.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            С.ОТГОНТУЯА