Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 495

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, Ц.Ц, гуравдагч этгээд Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус “Н” ХХК нь 2017 онд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 1-6 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэх төсөлд шалгарсан тул Нийслэлийн Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/438 дугаар захирамжаараа батламж олгож төсөл хэрэгжүүлэх эрх олгосон юм.

Энэ төсөлд оролцохын тул манай компани:

1. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд оршин суугчдаас санал асуулга авч,

2. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “НХТЕТГ” гэж товчлох/-т тухайн байршлын дэвсгэр зураг гаргуулж авах талаар хүсэлт хүргүүлсэн боловч гаргасан дэвсгэр зураг байхгүй учир өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд уг дэвсгэр зураг нь ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэхэд зайлшгүй шаардлагатай учир бид өөрсдөө хийлгэн,

3. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд ерөнхий төлөвлөгөөний зураг, эскиз зураг зэргээ хийлгэсэн бөгөөд улмаар төсөлд шалгарч:

1. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан учир,

2. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр захирамж гарсны маргааш нь л Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах, мөн эскиз батлуулахаар өөрийн хүсэлтээ эскиз зургийн хамт хүргүүлж,

3. 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тухайн байршилд хэрэгжихээр төлөвлөсөн “Г” төслийн танилцуулга хийлгэж хэвлүүлэн,

4. 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд айл өрхүүд, оршин суугчдад зар тарааж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Н” зочид буудлын хурлын танхимд оршин суугчидтай анхны уулзалт зохион байгуулж тухайн байршилд хэрэгжихээр төлөвлөсөн “Г” төслийн талаарх танилцуулгаа хийж, оршин суугчдын санал сэтгэгдлийг сонсох зэрэг ажлуудыг цаг алдалгүй хийсэн юм. Гэвч эхнээсээ Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөөгүйгээс, эскиз батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй хоёрлосон болон цаашлаад гуравласан гэрээ хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Учир нь эдгээр нь батлагдахгүй бол айлууд бодит сонголт хийх боломжгүй, манай хийсэн батлагдаагүй зургаар сонголт хийх юм бол эцэстээ сунжирсан маргаан үүсэх магадлал их болох юм. Өөрөөр хэлбэл батлагдаагүй зурган дээр гэрээ хийх юм бол хууль зөрчсөн хэрэг болж цаашилбал залилан маягийн эрүүгийн хэрэгт ч холбогдож болох талтай юм. Айлуудын сонгосон байрнуудын план, төлөвлөлт дараа нь өөрчлөгдөж хүндрэл үүссэнээр гэрээг өөрчлөх шаардлага гарвал үүнээс үүдэн маргаан үүсэн төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч болзошгүй байсан.

Гэвч бид үүргээ биелүүлж:

1. 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд талбайн инженер-геологийн судалгаа хийлгэсэн.

2. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд тухайн байрнуудын бодит талбайн хэмжилтийг хийлгэсэн.

3. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хурлын танхимд хоёрдох гуравласан уулзалт хийсэн зэрэг ажлуудыг зохион байгуулсаар байсан.

Гэтэл 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тус дүүргийн 4-р хорооны Засаг даргын дэмжлэгтэйгээр “НБ” гэх компани тухайн байрнуудын оршин суугчидтай уулзан дахин төлөвлөлтийн ажлыг үймүүлж эхэлсэн ба 2017 оны 10 дугаар сард 4-р хорооны Засаг дарга, НБ ХХК-тай хамтран айлуудаар зар тарааж гуравласан уулзалт зохион байгуулсан байдаг. /Уулзалт зохион байгуулах тухай зар нь байгаа/

Улмаар 4-р хорооны Засаг дарга нь НБ ХХК-тай хамтран 30 оршин суугчдыг зохион байгуулалттайгаар автобусаар гэрээс нь авч явж оршин суугчдын сэтгэл санааг үймүүлэн янз бүрийн юм амлаж, төсөл хэрэгжүүлэхэд саад учруулж байсан боловч бид:

1. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны графикчилсан төлөвлөгөөг цахим шуудангаар илгээж,

2. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын тавьсан шаардлагын дагуу өөрчлөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичгээр хүргүүлсний зэрэгцээ,

3. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр манай ажлыг дэмжиж байгаа оршин суугчдын гарын үсгийг цуглуулж аван,

4. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны иргэдийн танхимд гурав дахь гуравласан уулзалт зохион байгуулсан бөгөөд,

Уг уулзалтад оршин суугчид нэлээн идэвхтэй оролцож, нийт 60 айлаас 23 айлын төлөөлөл оролцсон үед,

4-р хорооны засаг дарга эсрэг сурталчилгаа явуулж байсан /Зарим бичлэгүүд байгаа/,

5. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлагын дагуу графикчилсан төлөвлөгөөг өөрчлөн хүргүүлж,

6. Төсөл хэрэгжүүлэх ажиллагаанд хорооны удирдлагын зүгээс дээрх мэтийн саад учруулсаар байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж ажиллах талаар хүсэлт,

7. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийж буй ажлын тайлангаа тус тус хүргүүлсэн төдийгүй,

8. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хийсэн ажлын тайлангаа мөн адил хүргүүлсэн боловч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гуравласан уулзалт хийх тухай маш богино хугацаа тогтоож өгсөн тул манай зүгээс Баянгол дүүргийн засаг, захиргаатай ойлголцох, хорооны зүгээс зохион байгуулж байгаа сөрөг сурталчилгааг дарах, хийж буй ажлаа таниулахад хугацаа шаардлагатай, хөрөнгө оруулагчидтай уулзах уулзалтуудтай байсан тул уулзалтыг хойшлуулах санал гаргасан боловч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хүлээн аваагүй.

Ингээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4-р хорооны Засаг даргын хүсэлтээр, зарим оршин суугчид дэмжих боломжгүй гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн тул энэ талаар Нийслэлийн удирдлагуудад албан бичгүүд хүргүүлж, нөхцөл байдлыг судлан үзэхийг хүсэж байсны зэрэгцээ Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг дарга болон Дүүргийн Засаг дарга нартай удаа дараалан уулзах хүсэлтээ илэрхийлсээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4-р хорооны Засаг дарга дэмжиж байгаагаа албан бичгээр илэрхийлж, ажил жигдрэх байх, манай санал хүсэлтийг Нийслэлийн удирдлагаас шийдвэрлэх байх гэж бодож байтал Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар "Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хуулбараар өглөө.

Энэ нь манай бүтэн жилийн хөдөлмөрийг үрсэн, дахин төлөвлөлтийн айл өрхүүд, хамтран ажиллахаар харилцан тохиролцож байсан хөрөнгө оруулагч нарт компанийн нэр хүндийг унагасан ингэснээрээ компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон захиргааны хууль бус ажиллагаа болж байгаа тул уг захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н” ХХК нь 2017 онд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-6 дугаар орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөлтөөр шинэ орон сууц барих 2017 оны А/438 тоот захирамжаар 06 дугаар сарын 14-ний өдөр төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон. Тус төсөлд шалгарсан компани юу хийх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Үүн дээр хамгийн түрүүнд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд оршин суугчдаас санал асуулга авсан. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 06 дугаар сарын 05-ны өдөр тухайн байршлын дэвсгэр зураг гаргуулахаар хандсан. Гэвч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар дэвсгэр зургийг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас дэвсгэр зургаа “Н” ХХК өөрсдөө хийлгэсэн. 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны хооронд ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг хийлгэж цаашдаа ажиллагаа эхлэх гэж байгаа. Энэ ажиллагаанд хамгийн гол нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний ерөнхий газраас архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж авахаар 06 дугаар сарын 14-ний өдөр захирамж гарч, 06 дугаар сарын 15-ны өдөр буюу маргааш нь архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургаа батлуулахаар өгсөн. Одоог хүртэл тус төсөл батлагдаагүй. Барилгын зураг нь батлагдахгүй болохоор ямар ч хүнтэй яриа хийх боломжгүй болсон. Тэр хооронд оршин суугч нартай уулзаж ярилцсан. Мөн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зохих үүргээ биелүүлэхийг хүссэн албан тоотуудыг өгч байсан. Энэ талаарх материалуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. 

Энэ хооронд “Н” ХХК хорооны Засаг даргатай нийлж, дахин төлөвлөлтийн ажлын дундуур орсон. Энэ асуудлыг таслан зогсоохыг хүсэж Баянгол дүүргийн Засаг даргад хандсан. Мөн хорооны Засаг даргатай уулзах гэж олон удаа оролдсон. Батлагдсан зураг төсөл байхгүй болохоор оршин суугчдад танд энэ байрны, тэд дүгээр давхарт, тэр тоотын байрыг өгнө гэж хэлэх боломжгүй байсан. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандахаар янз бүрийн шаардлага гаргаад байсан учир Нийслэлийн Засаг дарга, түүний орлогч даргад хандсан. Ингээд байж байтал маргаан бүхий захиргааны акт гарсан. Тус захирамж нь хууль, дүрмийн дагуу гараагүй. “Н” ХХК нь 2018 оны хаваржин л дарга нарынх нь үүдийг сахиж, дарга нарт нь бичгээ өгөөд царайчлаад явж байсан. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/302 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “НБ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/438 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 5, 6 дугаар орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, гурван талт гэрээ байгуулах эрх авснаар төсөл хэрэгжүүлэх ажил эхэлсэн.

Төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц хэт удаашралтай, төслийн талбарын сууц өмчлөгч иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу манай байгууллагаас ажлыг эрчимжүүлэх үүднээс 2017 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 08/3040 “Хамтарсан уулзалт зохион байгуулах тухай”, 2017 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 08/3128 “Тайлбар хүргүүлэх тухай”, 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 08/3276 “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08/3707 “Шаардлага хүргүүлэх тухай”, 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 08/3936 ““Хамтарсан уулзалт зохион байгуулах тухай ”, 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 08/4214 “Шаардлага хүргүүлэх тухай” 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 08/3936 ““Хамтарсан уулзалт зохион байгуулах тухай ” журмын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх талаар албан бичгүүдийг тухай бүр явуулж анхааруулга, санамжийг өгч ажилласан. Тухай бүрт нэхэмжлэгч компани нь ямар нэг санал санаачлага гаргадаггүй ба албан шаардлагад албан бичгээр хариу өгдөг. Тухайлбал 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 017/024 “Шаардлагын хариу хүргүүлэх тухай”, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 017/027 “Шаардлагын хариу хүргүүлэх тухай”, 2017 оны 12 дугаар сарын 11 -ны өдрийн 017/032 “Хамтарсан уулзалт хойшлуулах тухай” гэх зэрэг бичгүүд ирүүлж байсан. /Албан бичгүүдийг хавсаргана./

Улмаар иргэд удаа дараагийн гомдол санал өргөдөл ирүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гарсан.

Дээрх захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.7-т заасан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 заалтуудтай нийцэж байгаа тул хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Гэвч эхнээсээ НХТЕТГ-аас архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөөгүйгээс, эскиз батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй хоёрлосон болон цаашлаад гуравласан гэрээ хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн” гэжээ. Нэхэмжлэгч нь нар нь архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зургаа батлуулах хүсэлт ирүүлэхдээ барил гажилтын төслөөс барилгын суурийн хэмжээ болон өндөр зэргийг нэмэгдүүлсэн, норм дүрэмд нийцэхгүй байхаар ирүүлж байсан бөгөөд тухай бүрт нь боломжгүй талаар хариу хүргүүлж байсан. Анх төсөлд оролцсон санал бодит байдалд барихаар ирүүлсэн эскиз зураг нь нийцэхгүй байсан. Гэтэл нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрыг Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталж өгөөгүй зэргээр нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь өөрөө үндэслэлгүй зүйл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/438 тоот захирамжаар Баянгол дүүргийн 4, 5 дугаар багцад төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэвсгэр зургийн асуудлыг ярьж байна. Гэтэл дэвсгэр зураг нь нууцын зэрэглэлтэй байдаг учраас өгөөгүй. “Н” ХХК-иас 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байдаг. Гэхдээ сонгон шалгаруулалт зарлах үед бид нар барилгажилтын төсөл гэж хавсаргаж өгдөг. Барилгажилтын төсөл нь ямар учиртай юм бэ гэхээр Улаанбаатар хотын ерөнхий хөгжүүлэлт, 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагад нийцүүлээд батлагдчихсан төсөл байдаг. Энэ төслийн хүрээнд л барилга барих боломжтой гэсэн давхрын тоо, суурийн хэмжээ заасан зураг төсөл байдаг. 

“Н” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцохдоо тухайн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Сонгон шалгаруулалтад ялаад Засаг даргын захирамж гарсны маргааш нь хүсэлт өгөхдөө суурийн талбайн хэмжээг нэмж өгсөн. Монгол Улсын Их Хурал болон Улаанбаатар хотын ерөнхий архитектур хотын ерөнхий төлөвлөгөөг баталдаг учраас суурийн хэмжээг өөрчлөх боломжгүй байдаг юм гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан. Компаниудын архитектуруудыг заавал ирж уулзах шаардлагатай гэхэд өөрөө ч сая “...дарга нарын хаалгыг сахиж хаваржингаа суусан” гэж хэллээ. Тэгэхээр мэргэжлийн хүмүүстэй уулзахгүйгээр дандаа дарга нартай уулзаад асуудлыг шийдвэрлэчихнэ гээд удаан хугацаанд явж маш их цаг алдсан. Манай байгууллага болон дарга нараас “...Хуулиа баримтал, барилгажилтын төсөл дээр юу гэж заасан тэрүүгээр нь зураг төслөө батал” гэдэг шаардлагыг тавьсан. Тус шаардлагыг “Н” ХХК нь зөвшөөрөхгүй байсаар байгаад их хугацаа алдсан.

Оршин суугчидтай уулзсан гэдэг асуудал ярьж байна. “Н” ХХК-иас 09 дүгээр сард манай байгууллагад хандаж “...Оршин суугчидтай уулзаад ойлголцохгүй байна. Тийм учраас мэргэжлийн байгууллагын зүгээс иргэдтэй уулзаад тайлбар хэлж өгнө үү” гэж байсан. Манай байгууллагаас ямар ч татгалзах зүйлгүйгээр 09 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд оршин суугчидтай 3 талт уулзалт хийсэн. Эхний уулзалтыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 11 дүгээр давхрын хурлын танхимд хийсэн байдаг. Энэхүү хурлын танхимд хийсэн уулзалтаар иргэдийн зүгээс дахин барилгажуулах ажлыг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гол нь иргэдийн зүгээс “...Компанийн барилгажих төлөвлөгөө, санхүүжилтийн байдал зэрэг мэдээллүүдээ өгөхгүй байна. Оновчтой тайлбар хийхгүй нэг, нэгээр нь уулзаад байна” гэдэг шаардлагуудыг тавьсан. Тухайн хурал дээр “Н” ХХК-ийн захирал н.Г******* бас нэг залуу ирсэн. Хурлын шийдвэрээр “...Санхүүжилтээ танилцуулъя. Компанийн зүгээс 7-14 хоногийн дараа иргэдэд бүх мэдээллээ танилцуулаад, эргээд дахиад уулзъя” гээд дахин 11 дүгээр сарын 15-ны өдөр уулзахаар товлосон. Тухайн уулзах өдөр болоход өмнөх байдал бүдэг бадаг хэвээрээ, оршин суугчдад ойлголтоо өгч чадахгүй байсан. Төрийн зүгээс тухайн төсөл хэрэгжүүлэгч бол энэ компани мөн гэдгийг оршин суугчидтай уулзах болгондоо удаа дараа ойлгуулсан. Гэхдээ компанийн зүгээс иргэдтэй 2 талт болон 3 талт гэрээ байгуулах явцдаа өөрсдийнхөө мэдээллийг бүрэн гүйцэд танилцуулаагүй байдаг. Өгье гэдэг бүдэг байдаг хэвээрээ байсан. Төрийн зүгээс энэ компани төсөл хэрэгжүүлэгч мөн гэдгийг тайлбарласан. Манай байгууллагын зүгээс өгсөн чиг үүрэг байхгүй. 

НБ ХХК-д манай байгууллагын зүгээс өгсөн ямар нэг, чиг үүрэг байхгүй. Түрүүн хэлсэнчлэн оршин суугчидтай уулзах болгондоо “Н” ХХК нь Нийслэлийн Засаг даргын батламжтай гэдгийг тайлбарлаж хэлж байсан. Компанийн зүгээс “...Архитектур төлөвлөлтийн зургийг баталж өгөхгүй байна” гэсэн гомдлыг тавьсан. Гэтэл архитектур төлөвлөлтийн зургийг нь батлах гэхээр барилгын суурийн хэмжээг урагш нь хойш нь хэд хэдэн метрээр нэмчихсэн учраас компанийн тавьсан хүсэлтийг дэмжээгүй. 

Компани иргэд хоёрыг зөвшилцүүлье, асуудлыг шийдвэрлэе гэсэн байдлаар гурав дахь удаагийн уулзалтыг хийсэн. Учир нь тус барилга нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгөнд аюул учрах учраас 14 хоног тутам нэг уулзалт зохион байгуулсан. Гэтэл хамгийн сүүлийн уулзалтад аль хэдийн иргэдээ цуглуулчихсан байхад “Н” ХХК-иас манай байгууллагад “...Манай байгууллагын удирдлагууд хөдөө томилолттой ажиллаж байгаа учраас тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн  албан хүсэлт ирүүлсэн. Манай зүгээс тус хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй байсан учраас хурлаа хийсэн. Учир нь “Н” ХХК-ийн захирал н.Г******* хурлын товыг өөрөө надаас биечлэн ирж авсан. Тухайн үед хурлын товыг 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын товын талаар юм хэлээгүй. Тэгсэн хирнээ 12 дугаар сарын 14-ний өдөр хурал хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн. Удаа дараа хурал хийгээд иргэдийн итгэл улам буурсан. Үүнтэй зэрэгцээнд манай байгууллагад иргэдээс өдөр болгон гомдол ирдэг. Хамгийн сүүлд 12 дугаар сард иргэдээс 36 үл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөс 103 хуудас “Төсөл хэрэгжүүлэгчийг цуцалж өгнө үү” гэсэн гомдол ирсэн. Энэ нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “...Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэсэн заалтыг хангахгүй болсон учраас манай байгууллагаас иргэдийн саналыг үндэслээд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Төсөл хэрэгжүүлэхэд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургаас гадна төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө гэсэн маш чухал шаардлагатай бичиг баримт байдаг. Энэхүү төлөвлөгөөг нь бид нар сонгон шалгаруулалтын материал дээр заавал ирүүлэхийг шаарддаг. Сонгон шалгаруулалтад “Н” ХХК нь хэрхэн тэнцсэн гэхээр “Барилгыг 2018 оны 12 дугаар сард ашиглалтад өгнө. Иргэдийг маш түргэн хугацаанд орон сууцаар хангана” гэсэн байсан нь маш өндөр үнэлгээ авч сонгон шалгаруулалтад тэнцсэн байдаг. Төсөл хэрэгжүүлэгч төсөл хэрэгжүүлэх эрхээ авсныхаа дараа төлөвлөгөөгөө нарийвчлан баталж ирээд, баталж ирсэн төлөвлөгөөг нь Нийслэлийн Засаг даргаар батлуулдаг. Гэтэл тус төлөвлөгөөнд 2018 оны 12 дугаар сард ашиглалт оруулна гэж байсан барилгыг 2019 оны 12 дугаар сард гээд бүтэн жилээр хойшлуулсан байдаг. Нэг жил гэдэг нь тухайн оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд маш том урт хугацаа байгаа учраас дээрх төлөвлөгөөг нь “...Сонгон шалгаруулалтад ороод шалгарсан тэр үндэслэлийн дагуу л байх ёстой” гэдэг үүднээс хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Дарга нартай уулзаад явж байх хооронд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар манай байгууллагад мэдэгдэлгүйгээр манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан”  гэж ярьж байна. Гэтэл бид нар бараг 3-4 удаагийн шаардлага хүргүүлсэн байдаг. Тус шаардлагыг “Н” ХХК-ийн захирал н.Г******* дандаа өөрөө биечлэн ирж надаас авдаг байсан. Би шуудангаар илгээж байгаагүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Үндсэн хуульд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хангана гэсэн байдаг. Тэгэхээр тус барилгууд нь Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдчихсон. Тус барилгыг буулгаж дахин барилгажуулах шийдвэр гарчихсан байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгад иргэд амьдарна гэдэг амь, нас, эд хөрөнгөнд аюултай байгаа учраас барилгыг яаралтай буулгаж, дахин барилгажуулах шаардлага байгаа. “Н” ХХК нь иргэдтэй 2 талт болон 3 талт гэрээ байгуулах ёстой. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  байдлаар багцын 24,2; 28 хувийн иргэдтэй гэрээ байгуулсан байсан. Тэгэхээр Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай 2 талт гэрээг байгуулахыг хуульчилсан байдаг. Тэгэхээр 24,2; 28 хувь гэдэг нь 80 хувь байтугай 50 хувьд ч хүрэхгүй байна. Улмаар цаашид төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй болж байгаа. Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгавар гэх загвар зураг нь батлагдаад дараагаар Барилгын хөгжлийн төвийн магадлалаар ороод, ажлын зургаа батлуулах ёстой. Гэтэл эдгээр бичиг баримтыг бүрдүүлэлгүйгээр энэ ажиллагааг хийж байгаа нь хуульд нийцээгүй гэсэн үг. Ийм учраас төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байгаа. Цаашид барилгуудыг яаралтай буулгах шаардлагатай байгаа учраас дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг батламжилсан” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би дахин төлөвлөлтийн байрны оршин суугч. Манай байр нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр “...Ашиглалтын шаардлага хангахгүй, дахин төлөвлөлтөд хамрагдана” гээд тус дүгнэлт гарснаас хойш ийм ажил явагдаж байна. Эхний хэдэн жил энэ ажил гайгүй явчих байлгүй гээд хүлээгээд суусан. Ирсэн компаниуд нь ямар ч зохион байгуулалтгүй, энэ байрыг бариад ашиглалтад оруулна гэсэн ямар ч итгэл үнэмшил төрүүлж чадахгүй, санхүүгийн чадавхгүй, байр барьсан туршлагагүй байсан. Оршин суугчид “...Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахгүй бол болохгүй юм байна гэж ярилцаад байр байрнаасаа нэг нэг хүн төлөөлүүлээд, төлөөлөгчид нь бүх мэдээллийг аваад буцаад байрныхаа хүмүүст тайлагнаж байя” гэж ярилцсан. Би “Н” ХХК-ийг Дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулах үнэлгээний хороонд байсан. Анх тус компанийг сонгон шалгаруулж байхад санхүүгийн үзүүлэлт, ажлын туршлага гэж байгаагүй. Иргэдийн зүгээс “...“Н” ХХК-ийг шалгаруулмааргүй байна. Учир нь санхүүгийн чадавх, ажлын туршлага байхгүй  байна” гэсэн. Хамтарч ажиллаж байгаа хэдэн компаниуд нь хэдэн суварга л  барьж байсан. Том хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаагүй байсан. Ийм учраас оршин суугчдын зүгээс өөр компани шалгаруулъя гэсэн. Гэтэл ямар нэгэн байдлаар “Н” ХХК нь 60 хувь гаруй оноо авч шалгарсан. 

Миний болон бусад оршин суугчдын зүгээс “...“Н” ХХК нь шалгарсан учраас компанийн хүмүүстэй хамтраад хурдхан шиг энэ байруудыг ашиглалтад оруулъя” гэсэн байр суурьтай байсан. Оршин суугчидтай “Н” ХХК-ийн захирал н.Г******* ирж уулзахад “...Бидний зүгээс энэ  барилгуудыг бариулах, энэ байранд амьдарч байгаа үр хүүхдүүдээ эрүүл, аюулгүй амьдруулах зорилготой байна. Танай компанийг оршин суугчид эхнээсээ дэмжээгүй хэдий ч сайн ажиллах юм бол дэмжье. Байгууллагын зүгээс чадах зүйлээ харуулаад хүмүүсийн итгэл үнэмшлийг төрүүлж ажилла” гэж ярилцаад хамтарч ажилласан. Гэхдээ санхүүгийн чадавх нь илэрхий болоогүй. Бид нар барьж чадна л гээд байдаг. Иргэдийн зүгээс “...Барилгыг нураасны дараа цаашид барилгын ажил тасралтгүй үргэлжилнэ гэсэн баталгаа хаана байгаа юм бэ” гэж байнга асууж байсан боловч одоо ч тодорхой болоогүй байгаа. Би өөрөө хамгийн сүүлийн хуралд оролцсон. Би өөрөө бага насны хүүхэдтэй. Манай амьдарч буй орчин маш их тоостой тийм болохоор энэ ажлыг явуулах нь чухал байсан учраас “Н” ХХК-иас иргэдэд итгэл төрүүлээд бидний хүсээд байгаа санхүүгийн тайлан, чадавхаа нотлох байх гээд дийлэнх оршин суугчид хүлээгээд сууж байтал “...Уулзалтад ирж чадахгүй” гэсэн хариуг хурал дээр хэлсэн. Иргэдийн зүгээс итгэл алдарч “...“Н” ХХК нь барилгыг барьж чадахгүй юм байна. Хөрөнгө мөнгө хэзээ ч тодорхой болгохгүй юм байна” гээд “Н” ХХК-иар барилга бариулахаас бүх оршин суугчид татгалзсан. Оршин суугчид “Н” ХХК-тай хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байхад “Н” ХХК “..Бид нар төслийн ажлыг хэрэгжүүлнэ” гээд байгааг нь гайхаж байна. Өөрсдөө бол тэнд амьдардаггүй болохоор ойлгохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгчдийн тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалж, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай А/438 дугаар захирамжаар  Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 1, 2, 3 дугаар орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах БГД-04, мөн 4, 5, 6 дугаар байруудыг орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах БГД-05 багцад тус тус шалгарсныг батламжилж, барилгажилтын төслийг хэрэгжүүлэх эрхийг “Н” ХХК-д олгож, мөн захирамжийн 2 дахь заалтаар захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/302 дугаар захирамжаар  “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх нийтийн зориулалттай орон сууцны байрны барилгажилтын төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур даалгавар, эскиз батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй гэрээ хийхэд хүндрэлтэй болсон, хорооны Засаг даргын сөрөг сурталчилгаа, НБ гэх компани оршин суугчдын сэтгэл санааг үймүүлсэн зэргээс шалтгаалан төсөл хэрэгжихэд саад учирсан, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захиргааны хууль бус ажиллагааны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон” гэх агуулгаар тайлбарладаг ба харин хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгосон гол үндэслэл нь барилга ашиглалтад оруулах хугацаа байсан, гэтэл хугацаа нь өөрчлөгдсөн, давхар нэмсэн байсан, нэхэмжлэгч компанийн төслийг явуулахын тулд хариуцагчийн зүгээс сууц өмчлөгчидтэй 2 удаагийн уулзалтыг хийсэн, 3 дахь уулзалтыг товлосон байхад мэдсээр байж уулзалтыг хойшлуулах тухай албан бичиг өгсөн өгсөн байсан, хуульд заасан сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувийн зөвшөөрлийг авч чадаагүй учраас төсөл хэрэгжүүлэх эрх цуцалсан нь хуульд нийцсэн” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үгүйсгэн маргаж байна.

1. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз баталж өгөөгүй гэх нэхэмжлэгчийн үндэслэлийн талаар:

Дээр дурдсанаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/438 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “НХТЕТГ” гэх/ нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барилгажуулах төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байх ба, тэрээр нээлттэй зарласан төсөл сонгон шалгаруулалтын урилгын иж бүрдэлд “Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан графикийн”  хамт ирүүлэхээр, “Оролцох санал гаргагчид өгөх зааварчилгаа”-ны” 3.1.8-д “Барилгажилтын төслийн дагуу төлөвлөсөн төсөл нь төлөвлөлтийн хүн амаас хэтрээгүй, бусад шаардлагыг хангасан байх”  гэж тус тус заасан ба мөн урилга, төслийн баримт бичигт “Баянгол дүүргийн орон сууцны 2, 3 дугаар хорооллын хуучин барилгыг буулгах, шинэчлэн барилгажуулах ТЭЗҮ, барилгажилтын төсөл”  гэх баримт бичгийг хавсарган өгсөн байдаг ба уг төслийн баримт бичигт Баянгол дүүргийн 2 дугаар хороолол 4 дүгээр хорооны нийтийн зориулалттай 2 давхар 1-6 дугаар байруудыг буулган 12 давхар орон сууцны барилга  барихаар тусгагдсан байжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төслийн материалд 12 давхар 1 орон сууцыг 2018 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан болох нь нэхэмжлэгчийн төслийн материалдаа хавсарган ирүүлсэн “4 дүгээр багцын 12 давхар 1 орон сууцны барилгыг ашиглалтад оруулах график”-аар,  нэхэмжлэгчээс “НХТЕТГ”-т газарт хүргүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 017/024 дүгээр албан бичигт “манай байгууллагаас хүргүүлсэн сонгон шалгаруулалтын материалд 12 давхар 1 орон сууцны барилгын ашиглалтад оруулах хугацааг 2018 оны 12 дугаар сард гэж төлөвлөсөн байгаа” гэж дурдсанаар тус тус тогтоогддог ба гэвч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсны дараа нэхэмжлэгч нь НХТЕТГазарт барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон эскиз зургийг батлуулахаар хүргүүлэхдээ барилгын давхрыг 16 давхар болгож нэмсэн, мөн хэрэгжүүлэх үйл ажиллагааны график төлөвлөгөөг өөрчлөн 4 дүгээр багцын 12 давхар 1 орон сууцны барилгыг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар өөрчлөн барилгыг ашиглалтад өгөх хугацааг бүтэн 1 жилээр хойшлуулсан болох нь нэхэмжлэгчийн “НХТЕТГ”-т газарт хүргүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 017/024 дүгээр бичигт  “...манай байгууллагаас хүргүүлсэн сонгон шалгаруулалтын материалд 12 давхар 1 орон сууцны барилгын ашиглалтад оруулах хугацааг 2018 оны 12 дугаар сард гэж төлөвлөсөн байгаа. Харин 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн “хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний саналд 4-р багцын 16 давхар орон сууцыг 2019 оны 12-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн билээ. Энэ 1 дүгээрт орон сууцны тоо 1 байснаа 2 болж нэмэгдсэн, 2 дугаарт оршин суугчдаас тавьж байгаа санал, шаардлагаас шалтгаалж оршин суугчдын нөхцлийг илүү сайжруулахын тулд орон сууцны давхрын тоо нэмэгдсэнтэй холбоотой юм...” гэж дурдсан байгаагаар тогтоогддог.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчид архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз баталж өгөөгүй талаар “...сонгон шалгаруулалт зарлах үед бид нар Улаанбаатар хотын ерөнхий хөгжүүлэлт, 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагад нийцүүлэн давхрын тоо, суурийн хэмжээг заан баталсан барилгажилтын төслийг хавсаргаж өгдөг, энэ төслийн хүрээнд л барилгыг барих ёстой, анхнаасаа нэхэмжлэгчийн барилга ашиглалтад өгөх хугацааг давуу тал болгон төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан байсан ба гэтэл нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад ялаад Засаг даргын захирамж гарсны маргааш нь архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зургаа батлуулах хүсэлт ирүүлэхдээ барилгажилтын төслөөс барилгын суурийн хэмжээ болон өндөр /давхрыг/ зэргийг нэмэгдүүлсэн, норм дүрэмд нийцэхгүй байхаар ирүүлж байсан бөгөөд тухай бүрт нь боломжгүй талаарх хариу хүргүүлж байсан. Анх төсөлд оролцсон санал бодит байдалд барихаар ирүүлсэн эскиз зураг нь нийцэхгүй байсан,” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь хууль болон холбогдох журамд заасныг зөрчин анх төслийн материалд ирүүлсэн барилгажилтын төсөл, төлөвлөгөөг өөрчилсөн нь тогтоогдож байх тул НХТЕТГ-аас нэхэмжлэгчийн ийнхүү өөрчилсөн архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зургийг баталж өгөөгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Нийслэлийн засаг даргаас барилгажилтын төслийг хэрэгжүүлэх ажлын биелэлтийг хангаж ажиллахыг НХТЕТГ-т даалгасны дагуу НХТЕТГ-аас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.г-д “зураг төсөл боловсруулах, батлуулах, түүний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагааг холбогдох хуулийн дагуу хэрэгжүүлэх”, 15 дугаар зүйлийн 15.4-д “Төсөл хэрэгжүүлэгч хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааг хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжийн зориулалт, онцлогийг харгалзан энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна”, 15.5-д “Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгажсан хэсгийг Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцүүлэн цогц байдлаар төлөвлөж, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу барилга байгууламжийг буулган батлагдсан зураг төслийн дагуу шинээр барина” гэж тус тус зааснаар боловсруулсан “Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийн “Оролцох санал гаргагчид өгөх зааварчилгаа”-ны 3.1.8-д “Барилгажилтын төслийн дагуу төлөвлөсөн төсөл нь төлөвлөлтийн хүн амаас хэтрээгүй, бусад шаардлагыг хангасан байх”  гэж, “Оролцох саналын үнэлгээ”-ний 4.1.2-д “Барилгажилтын төсөл” гэж, 4.2.2-т “Төсөл хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлал”  гэж заасныг шалгуур үзүүлэлт болгон үнэлэхээр, мөн “Барилгажилтын төсөл нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас сонгон шалгаруулалтын баримт бичгийн хавсралтаар өгсөн барилгажилтын төслийн дагуу бэлтгэсэн баримт бичиг байхаар”  тус тус заасан байжээ.

Нэхэмжлэгчээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх”, 20.1.6-д “төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байх” гэж заасныг тус тус зөрчин “Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг”-т заасан дагуу бэлтгэсэн төлөвлөгөөгөө төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсны дараа өөрчилж, барилгын ашиглалтад өгөх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь, мөн барилгын суурийн болон давхрын тоог тус тус нэмэгдүүлсэн нь дээрх байдлаар тогтоогдсон тул “Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур даалгавар, эскиз батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй гэрээ хийхэд хүндрэлтэй болсон” гэж маргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

2. “Үл хөлдөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авч чадаагүй” гэх үндэслэлийн талаар

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны журмыг тодорхойлсон байх ба 14.7.1.г-д “төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах” гэж заажээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17/022 дугаар албан бичгээр “Гурвалсан уулзалт зохион байгуулах тухай” хүсэлтийг НХТЕТГ-ын Хот дахин хөгжүүлэх хэлтэст хүргүүлсэн байх ба НХТЕТГ-аас хүсэлтийг хүлээн авч “төслийн ажлын явцыг эрчимжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэх” зорилготой нэхэмжлэгч компанийн төлөөлөл болон оршин суугчдын хамтарсан 3 талт 2 удаагийн уулзалтыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан болох нь НХТЕТГ-ын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 08/3040, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/4214 дүгээр албан бичгүүдээр  тус тус тогтоогдож байна.

Эдгээр уулзалтаар “барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилтийн төлөвлөгөө, барилгын ажлын туршлагыг эд хөрөнгө өмчлөгчдөд 7 хоногийн дотор танилцуулсны дараа 2 талт болон 3 талт гэрээг эцэслэн байгуулах тухай хэлэлцсэн” байх ба энэ талаар шаардлагыг биелүүлэн “үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг НХТЕТГ-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/4214 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Н” ХХК-иас шаардсан боловч нэхэмжлэгч компаниас шаардсан хугацаанд “үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлуулахаар ирүүлэхдээ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн төлөвлөгөөгөө дахин барилгыг ашиглалтад оруулах сүүлийн хугацааг 2020 оны 1 сар болгон өөрчилж ирүүлснээс өөрөөр санхүүжилтийн төлөвлөгөө, барилгын ажлын туршлагыг танилцуулсан ажлыг хийгээгүй байна.

Түүнчлэн 3 дахь удаагийн хамтарсан уулзалтыг зохион байгуулахаар НХТЕТГ-аас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/4499 дүгээр албан бичгийг хүргүүлэхэд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 017/032 дугаар албан бичгээр уулзалтыг тодорхой хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг НХТЕТГ-т ирүүлж, 3 дахь удаагийн 3 талт уулзалтад хүрэлцэн ирээгүй байна.

Тэрээр 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн байдлаар 4-р хорооны 1-3 дугаар байрны /8+8+9=25/ 25 эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчээс 28 хувьтай нь буюу 7, 5-6 дугаар байрны /9+8+16=33/ 33 өрхийн 24.2 хувь буюу 8 өрхтэй, нийт 58 өрх айл, эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчээс 17-той нь гэрээг байгуулсан байсан болох нь нэхэмжлэгчийн 2017.12.06-ны өдрийн017/031 дүгээр албан бичгээр  НХТЕТГ-т хүргүүлсэн “Ажлын тайлан”-аар тогтоогдож байх ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэж заасныг хангаж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгч компанийн удирдлага, төслийг хариуцсан ажилтнуудаас 3 дахь уулзалтад хүрэлцэн ирээгүйгээс оршин суугчдын итгэл буурсан талаар гуравдагч этгээд Б.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* “Би өөрөө хамгийн сүүлийн хуралд оролцсон. Би өөрөө бага насны хүүхэдтэй. Манай амьдарч буй орчин маш их тоостой тийм болохоор энэ ажлыг явуулах нь чухал байсан учраас “Н” ХХК-иас иргэдэд итгэл төрүүлээд бидний хүсээд байгаа санхүүгийн тайлан, чадавхаа нотлох байх гээд дийлэнх оршин суугчид хүлээгээд сууж байтал “...Уулзалтад ирж чадахгүй” гэсэн хариуг хурал дээр хэлсэн. Иргэдийн зүгээс итгэл алдарч “...“Н” ХХК нь барилгыг барьж чадахгүй юм байна. Хөрөнгө мөнгө хэзээ ч тодорхой болгохгүй юм байна” гээд “Н” ХХК-иар барилга бариулахаас бүх оршин суугчид татгалзсан” гэх тайлбарыг гаргасан ба 4-р хорооны 1-6 байрны сууц өмчлөгч, эзэмшигч нэр бүхий иргэдээс нэхэмжлэгч “Н” ХХК-тай гэрээ хийх боломжгүй, төслийг хэрэгжүүлэх чадамжгүй гэж үзэж байгаа тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл сонгон шалгаруулалтыг яаралтай зарлаж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлүүдийг  /өргөдөлд иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаж ирүүлсэн/ НХТЕТГ-т ирүүлсэн байдаг.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хийсэн Баянгол дүүргийн 4-р хорооны 1-6 байруудад хийсэн үзлэгээр уг байруудад хүн амьдрах нөхцөлгүй болсон буюу иргэдийн амь, нас эд хөрөнгөд ноцтой хохирол учрахуйц хүнд нөхцөл байдал тогтоогдсоныг үзлэгийн тэмдэглэлд тусган, фото зургаар бэхжүүлэн авсан бөгөөд Нийслэлийн засаг даргаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/302 дугаар захирамжийг гарган Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэж заасныг хангаж чадаагүй буюу “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх нийтийн зориулалттай 1-6 дугаар орон сууцны байрны барилгажилтын төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцалж, уг байршилд сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулахыг НХТЕТГ-т даалгасан ба хариуцагчийн гаргасан энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн оролцогчоос хариуцагч захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа “Сонсох ажиллагаа”-г явуулсан эсэх талаар маргаагүй хэдий ч Нийслэлийн засаг дарга болон НХТЕТГ-аас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс, мөн тэдгээрийн амь, нас эд хөрөнгөд ноцтой хохирол учрахуйц байдалд амьдарсаар байгаа нөхцөлд нэхэмжлэгч компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлан, улмаар барилгажилтын төсөл сонгон шалгаруулалтыг дахин шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэхдээ “сонсох ажиллагаа” явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа явуулахгүй” гэж заасантай нийцсэн байгааг, мөн шүүхээс хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтуудыг үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймээс нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Нийслэлийн засаг даргаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            С.ОТГОНТУЯА