Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Т, Л.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ж.Жавзандулам,

хохирогч Н.Уийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, С.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Тийн гаргасан давж заалдах гомдлоор  эрүүгийн 201301051597 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Ц.Т, 1961 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, үйлдвэрлэл технологийн мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Ц овогт Л О, 1969 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Ц.Т, Л.О нар нь 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын” гадна байрлах автомашины зогсоолын талбайд, автомашин дотор хохирогч Н.Утэй уулзаж, улмаар “Эй Ай Эм” компанийн эзэмшлийн ашигт малтмалын лиценз ашиглах эрхийг шүүхээр сэргээлгэж “Далд нууц эм эн” компанийн нэр рүү шилжүүлж өгнө гэж хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Уийн 50 000 000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ц.Т, Л.О нарыг бүлэглэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.О нарт холбогдох эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.О нараас тус бүр 25 000 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ут олгуулахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гарсан. Хэрэгт цугларсан нотлох баримтдуудаас гэрч гэх Г.Тын илт худал мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй болно. Мөн Лүй И-гээс ирсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангагдаагүй байхад нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Прокуророос яллах дүгнэлтдээ Захиргааны хэргийн шүүхийн 8 шийдвэрийг хууль бус гэж үзэж “Эй Ай Эм” ХХК-д холбогдох хэргийг хүчингүй болгож гэж бичиж, Нийслэлийн Захиргааны хэргийн 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 547 дугаар захирамжийг хууль бусаар тайлбарлаж байгаа хууль зүйн нь үндэслэлгүй юм. Мөн ашигт малтмалын газрын 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1050 тоот шийдвэрийг нотлох баримтаар хүлээн авч 7 лиценз хүчингүй болсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Захиргааны хэргийн шүүхээр 1 жил 7 сарын хугацаанд уг 1050 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулж 7 ширхэг лицензийн эрхийг сэргээлгэсэн. Гэтэл иргэн Н.У нь хуурамчаар өмгөөлөгч н.Хаш-Эрдэнэд итгэмжлэл өгөн захиргааны хэргийн шүүхэд 7 лицензтэй холбоотой шүүх хуралд оруулан шийдвэрийг унагасан байдаг. Захиргааны хэргийн шүүхийн 547 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Т нь БНХАУ-ын иргэн Лүй И-гээс итгэмжлэл авсан нь эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Захиргааны хэргийн шүүх нь итгэмжлэлийг мөн гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн тухайн шийдвэрүүдийг гаргаж байсан. Гэтэл би “Техник форум” ХХК-д итгэмжлэлээр болон гэрээгээр 3 жил гаран ажиллах хугацаандаа эрүүгийн болон иргэний нийт 12 хэрэгт оролцож 700 гаруй сая төгрөгийн нэхэмжлэлийг барагдуулах ажил хийсэн. Гэтэл Н.У нь надад 3 жилийн хугацаанд нийт ажлын хөлсөнд 1 500 000 төгрөгийг төлсөн болно. Миний ажлын хөлсөнд Шар хаданд байрлах 2 давхар хувийн орон сууц, 40 тонн “Хово” машин өгнө гэж тохиролцон гэрээ байгуулах нэр шилжүүлэх болсон боловч гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй. Тухайн үедээ энэхүү тайлбар болон нотлох баримтуудыг хавтас хэрэгт хавсаргасан болно. Гэтэл намайг 3 жилийн хугацаанд ажил хийгээгүй, хуурч, итгэл эвдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. “Техник форум” ХХК-ийн захирал Б.Э нь ажилласан хугацааны ажлын хөлс авах ёстойг тодорхойлж компанийн захирлын шийдвэр гаргаж өгсөн. Мөн ажилласан байдлыг гэрчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ бүхнийг шүүх үнэн бодитоор дүгнээгүйд гомдолтой байна. Би иргэн Н.Утэй иргэний хэргийн хуулийг баримталж иргэний эрх зүйн үндэслэлээр хамтран ажиллах гэрээ хийж гүйцэтгэнэ гэсэн боловч надад захиргааны хэрэгт итгэмжлэлээр оролцох эрх олгоогүй. Н.Уийн хувийн байдлыг тодорхойлох шаардлагатай. Учир нь олон өмгөөлөгч, цагдаа, прокурор, шүүгч нарын нэр төрд халдаж, гүтгэж хуулийн байгууллагуудыг авилга, хээл хахуульд оролцуулж хуурамч бичиг баримтуудыг байнга үйлдэж хуульчдын нэр төрийг гутаан доромжилж байгаад нь гомдолтой байна. Мөн намайг 5 жил гаруй хугацаанд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар явуулж гүтгэн доромжилж яс үндсээр ялгаварлаж үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсонд туйлын их гомдолтой байна. Иймд цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Ж.Жавзандулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын хувьд иргэний журмаар үүссэн маргаан гэж үзсэн. Хэрвээ эрүүгийн гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг сайтар анхаарах ёстой байсан. Хэд, хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоог шалгах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана гэсэн. Яагаад гэвэл 25.000.000 төгрөгийг гаргана гэж шийдвэрлэсэн нь буруу байна. Ц.Ттэй холбоотой маргааныг гэрээний журмаар үүссэн гэдэг нь хавтаст хэрэгт байгаа хамтран ажиллах гэрээ байгаа. 12 дугаар сарын 11-ний өдрийн 7 ширхэг лиценз гаргаж шийдвэрлэх тухай холбогдох хүмүүстэй хөөцөлдөж өгөөч гэж бичсэн байдаг. Мөн Н.Уийн мэдүүлэг байгаа. Ц.Т Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан талаар харагддаг. Хавтаст хэрэгт Б.Э мэдүүлэгт Н.Ут өгсөн 22.000.000 төгрөгийг тухайн мөнгөнөөс гаргаж аваач гэсэн “Техник форум” ХХК-ийн албан тоот байдаг. Н.У шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон хамтын гэрээний дагуу ажлын хөлс 50.000.000 төгрөгөөс миний болон компанийн нэрийн өмнөөс хийсэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 22.000.000 төгрөгийг суутган авахыг зөвшөөрч байна гээд “Техник форум” ХХК-ийн захирал Б.Э гэж бичсэн байгаа. Тэгэхээр Н.У биш, Б.Э нь захирал байсан учраас хөлсийг нь өгөх ёстой байсан гэж үзсэн. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Хэрвээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бол үлдэгдэл эд хөрөнгө хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдэг үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна ...” гэв.

Хохирогч Н.Уийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.  Шүүгдэгч нар хохирлын мөнгө төлөхгүй гэдэг боловч гэм буруу дээр шүүгдэгч нар маргадаггүй. Мөнгө аваад байгаа үйлдэл нь залилан мэхлэх шинжийг агуулж байна. Анхнаасаа итгэмжлэл авахдаа хуурч мэхэлсэн зөрүүтэй үйлдэл гаргасан гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Н.Уийн өмгөөлөгч С.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Алтанцэцэг өмгөөлөгчийн ярьсан зүйлтэй санал нэг байна. Иргэний эрх зүйн гэрээг халхавчилж хийсэн гэж үзэж байна. Залилангийн үйлдлийн хувьд нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар харгалзахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Т, Л.О нар нь 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын” гадна байрлах автомашины зогсоолын талбайд, автомашин дотор хохирогч Н.Утэй уулзаж, улмаар “Эй Ай Эм” компанийн эзэмшлийн ашигт малтмалын лиценз ашиглах эрхийг шүүхээр сэргээлгэж “Далд нууц эм эн” компанийн нэр рүү шилжүүлж өгнө гэж хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Уийн 50 000 000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь:

хохирогч Н.Уийн: “...2012 оны 10 дугаар сард Ц.Т нь “Эй Ай Эм” компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа, манай компанийн геологич гэж Л.Оыг танилцуулсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Ноён суманд маш их алт нүүрсний ордтой 7 ширхэг ашигт малтмалын лиценз байгаа, тус компанийн захирал нь хятад улсын иргэн Лүй гэж эмэгтэй байсан, тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэгдэж хар тамга дарагдаж Монгол улсаас гарч явсан, буцаж ирэх боломжгүй болсон учраас О бид 2 уул уурхайн лиценз болон хуулийн ажлыг хариуцдаг гэж итгэмжлэл харуулж байсан. Уг 7 ашигт малтмалын лицензийн газрын төлбөр нь төлөгдөөгүй учраас хураагдаж, бид нар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа, шүүгч нь Лхагвасүрэн гэж хүн байгаа, Лхагвасүрэн нь Удвал багшийн шавь нь юм, Удвал эгчээр хэлүүлсэн байгаа, газрын төлбөрийг нь төлчихвөл энэ лицензүүд хүчинтэй болно, хүчинтэй болохоор нь 4 ширхэг лицензийг нь чамд өгье, чи газрын төлбөрт 50 000 000 төгрөг төлчих, гэж ярьж байснаа кадастрын албаны хуулийн зөвлөх Бтай яриад “одоо газрын төлбөрөө төлчих юм бол лиценз хүчинтэй болчихно биз дээ”  Б зөвшөөрч байна газрын төлбөрөө төлчих юм бол лиценз чинь хүчинтэй гэж байна гэсэн. Л.О нь уг 7 ширхэг лицензийн талаар надад тайлбарлаж бүх төрлийн хайгуул, геологийн тайлангууд нь байгаа, маш сайн лицензүүд, авсан хүнд алдаагүй, нэг лицензийг нь зараад л гаргасан зардлаа олоод авчихна гэхээр нь би худалдаж авахаар зөвшөөрч 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын үүдэнд өөрийнхөө машин дотор Ц.Т, Л.О нарт 50 сая төгрөгийг бэлнээр нь хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулсан. Мөнгөө өгсний дараа нөгөө лицензүүд “Далд нууц эм эн” компаний нэр дээр чинь гаргаж өгье гээд хоосон 2 бланк тамгатай авсан. Түүнээс хойш хааяа нэг холбогдохоороо тэр 2 одоо болох гэж байна, хүлээж бай гэсээр байгаад 2013 он гарсан. 2013 оны 01 дүгээр сараас би худлаа гэдгийг нь мэдээд Ц.Т, Л.О нарт “би лиценз авахаа болъё, мөнгийг минь өгчих” гээд араас нь хөөцөлдсөн боловч утсаа авахгүй зугатаагаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэд хэлэхдээ Захиргааны хэргийн шүүх дээр газрын төлбөрөө төлөөгүй учраас хүчингүй болж дахин сэргээлгэхээр холбогдох материалыг өгчихсөн гэж байсан...” /1хх 4/,

гэрч Б.Эийн: “...Би “Эй Ай Эм” компанийн нэр дээрхи 7 ширхэг лицензийн талаар мэдэхгүй, Уийн ажлыг хөөцөлдөж байгаад ажлынхаа хөлсөнд 25 000 000 төгрөгийг авчихсан чинь намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байна гэхээр нь би Т өмгөөлөгчийн урд нь хийсэн ажлын гүйцэтгэлийг тооцож үзээд 22 000 000 төгрөгийг суутгаж авахыг зөвшөөрсөн юм...”/2хх 110/,

гэрч Г.Тын: “...би менежер хийхийн хажуугаар Уийн машиныг барьж өгч жолоочийг нь давхар хийдэг байсан юм. 2012 оны үед Т нь алтны компаний хуулийн зөвлөх хийдэг, лиценз зарна гээд Оаа гээд хүний хамт Утэй уулзаад яваад байдаг байсан. Тэд нарын ярианд би оролцож байгаагүй боловч ярианаас нь сонсоход Т, Оаа нар нь алтны компаний лицензийг зарна гээд өгч авалцахаар тохиролцож байсан. Захиргааны хэргийн шүүх, Ашигт малтмалын газрын үүдэн дэх Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын зогсоолын зүүн талд У бид 2 машинтайгаа очоод Т, Оаа нартай уулзаад 2 тортой мөнгө өгөөд 50 000 000 төгрөг шүү гээд өгсөн. Тэр 2 мөнгөө аваад Захиргааны хэргийн шүүхийн зүг рүү явсан юм. Мөнгө өгсөнөөс хойш хэсэг хугацааны дараа У надад “Т нөгөө лицензүүдээ шилжүүлэх гэж байгаа юм байна, чи компаний гэрчилгээг аваачаад өгчих гэж хэлээд “Далд нууц МН” компаний гэрчилгээний хуулбарыг өгөхөөр нь би аваад “Зоос гоёл”-ын зүүн талын залгаа байранд Ттэй уулзаад өгч байсан. Тэгж байтал нэг удаа У надад Т, Оаа нар худлаа ярьсан юм байна, лиценз зарах нь худлаа юм байна гэж хэлсэн. Т нь алтны компанийн хуулийн зөвлөх, Оаа нь геологичоор ажилладаг гэж хэлсэн байсан...” /2хх 70/,

шүүгдэгч Ц.Тийн: “...2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би анх Н.Утэй уулзаагүй. 2014 оны 9 дүгээр сарын 10-нд Н.У над руу утсаар яриад “та 7 лицензийн үйл ажиллагаанд явж байгаа юм уу” гэж асуусан. Би “тийм ээ, чи яах гэсэн юм бэ” гэхэд би “Пүрэвсүрэн шүүгчээс орж асуусан чинь чамайг явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүний ажлын араас яваад байгаа юм уу” гэж хэлж байсан. 2011 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Лүй Хүй гэх хүн Хятадаас ирээд надтай уулзаж чадаагүй. Л.О өөрөө 3 хятад хүнтэй хамт ирээд надад итгэмжлэл өгсөн, би Хятад хэл мэдэхгүй. Би Лүй Хүй гэх хүнтэй өөрийн биеэр уулзаагүй учир хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Хилээр орж гарсан гэх лавлагаа танилцуулах материалд авагдсан. Би энэ хэрэг дээр нэг жил долоон сарын хугацаанд ажилласан ба өөрийгөө 100 хувь өмгөөлж ажилласан гэж боддог. Дараа нь Н.Уийг надад 2-3 удаа санал тавихад нь би зөвшөөрөөгүй. Энэ миний ажил биш энэ Л.Оы ажил байсан. Би Н.Ут энэ 7 лицензийн үйл ажиллагаанд чамтай хамт явахгүй гэж хэлсэн. Би 7 лицензийн хүмүүстэй уулзаж судалсан. Н.У Хятад хэл сайн мэддэг. Би Н.Уээс чи хүнтэй нь уулзсан юм уу гэж асуухад уулзсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээ дагуулаад ир гэхэд дагуулж ирээгүй. Дараа нь Н.У, Л.О бид хоёрыг дуудаж уулзаад 7 лицензийг хийсэн. Хавтас хэрэгт хуулбарлаж хийсэн байсан материалын тал хувь алга болсон. Би өөрийнхөө материалуудыг бүгдийг нь бүрэн эхээр нь тамгалуулаад авсан байгаа. 7 лицензийн хувьд би Н.Утэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Уг лиценз алтны эсэхийг би мэдэхгүй. Би Бтай тэр хүнийг яриулаагүй, өөрөө ч тэр хүнтэй яриагүй. Тухайн үед Б гэдэг хүн надтай хамт орсон боловч өөрт нь алтны асуудлаар хэрэг үүссэн байсан ба Болормаа даргатай хамт явж байсан. Би яллах дүгнэлтэнд их гомдолтой байна. Улсын яллагч нь өөрийгөө өмнөх 6 прокуророос илүү яллах дүгнэлт бичсэн гэж бодож байгаа байх. Намайг арай дэндүү гүтгэж байна. Би хэзээ ч тэр хүнд 7 лицензнээс чи гурвыг нь ав, би энийг нь явъя, чи надад энэ мөнгийг өгчих гэж хэлээгүй. Т гэх ямар нэгэн гэрч ирээгүй, Мөнхцэцэг гэж хүн нь гэрчээр орох ёсгүй байсан. Энэ хүнийг гэрчээр орж ирж байгааг нь үнэхээр гайхаж байна. Би Мөнхцэцэгийг Эийн гэрт нэг удаа харсан. Би 2006 оноос 2015 он хүртэл Эийн протоколоор, Н.Уийн итгэмжлэлээр явсан. Надад материал хангалттай байгаа. Лүй Хүй Хятад улсад байхдаа Монгол улсын тамгыг дараад Монгол улс руу явуулдаг гэнээ. Би гүтгүүллээ гэхэд Монгол улсын тамга энд тэнд тэнээд явахгүй байх. Надад нэг ч удаа худлаа хэлсэн зүйл байхгүй, надад худал хэлэх шаардлага ч байхгүй. Би Н.Утэй хамтран ажиллах гэрээ хийсэн нь үнэн. Хамтран ажиллах гэрээ хийхдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй. Би тушаалаар ч ажиллаагүй, миний татвар, нийгмийн даатгалыг төлдөггүй. Хамтран ажиллах гэрээ дээрээ би бүгдийг нь бичүүлсэн. Н.У мөнгө надад өгчихөөд өөрөө гарын үсгээ зураагүй. Араас нь Л.Оыг явуулж байж 2 хоногийн дараа тамгыг нь даруулсан. Э нь надаар өмгөөлүүлж байсан. Н.У шоронд орж байсан ч би гаргаж байсан...” /3хх 50/,

шүүгдэгч Л.Оы: “...би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Н.Ут 7 лицензийг зарна, хувааж авна, худалдана гэх яриа мөн мөнгө төгрөгний яриа огт болоогүй. Н.У нь өөрөө надад та хоёрын хийж байгаа зүйлийг би авах хүсэлтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хятад хүн ч гэсэн хүн, энэ хүний юмыг авч болохгүй ээ гэж хэлсэн. Надаас компаний хаяг асуухаар нь өгөөгүй юм. Тэгээд өөрөө компанийг нь олоод надад 200 000 000 төгрөгөөр хийж өгье гэж байна гэж хэлэхэд нь тийм зүйл байдаггүй юмаа гэж хэлээд бид хоёр муудалцсан. Дараа нь Ц.Т эгч болон намайг гуйж байгаад өөрөө гэрээгээ хийж ирсэн. Т гэх гэрч Л.О лиценз зарах гээд явж байна гэж мэдүүлсэн  байсан. Би Т гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурал дээр Ц.Т эгч Т чинь энэ гэж хэлсэн. Чамд мөнгө өгсөн гэх үед чинь Т өөрөө шоронд байсан гэхээр нь би очиж уулзаад чи намайг таних уу гэхэд танихгүй, чи надад мөнгө өгсөн үү гэхэд өгөөгүй гэх бичлэгийг хийсэн. Надад энэ нотлох баримт нь байгаа. Хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээг Н.У өөрөө хийж ирсэн. Өмнөх орой нь Н.Уийн ажилтан нь над руу залгаж яриад миний регистрийн дугаарыг асуусан. Би юу болсон гэхэд зүгээрээ зүгээр гэж хэлсэн. Би маргааш нь Ашигт малтмал дээр эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралтай байсан. Намайг уг хуралд сууж байхад мөн Ц.Т эгчийг ажлаас нь дуудаж уулзаад өөрийнхөө хийсэн гэрээг үзүүлсэн. Би янз бүрийн юу бичсэн юм бэ гэхэд гэрээгээ аваад явсан. Мөнгөө “Далд нууц эм эн” ХХК-ийн материалтай хамт өгчихөөд яваад өгсөн. Би хэзээ ч “далд нууц эм эн” ХХК-иар гардаггүй юм, сэргээгдэж байж түүний дараагаар шилжих, шилжих үгүйг нь Лүй-тэй тохирдог юм гэж хэлсэн. Лүй надтай өөрийн биечлэн уулзаж гэрээгээ хийсэн. Би тэр хүний хүсэлтийн дагуу Хятадуудыг орчуулагчтай нь хамт Ц.Т эгч дээр дагуулж ирж уулзаад Ц.Т эгчийг өмгөөлөгчөөр авч, Захиргааны хэрэг дээр ажиллуулж байсан. Н.У өөрөө шуналтаж гүйж орж ирээд эцсийн дүнд бид нарыг ийм байдалд хүргэсэн. Би Н.У дээр ажиллаж байсан. Ийм зүйлсийг шалгаж, нотлохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж болдог юм уу. Д.Нямсүрэн прокурор надад та хоёр яасан юм, байцаагчийнхаа дургүйг нь хүргэсэн юм уу байцаагч нь та хоёрыг яллана гэж байна гэхэд нь би байцаагчийн дургүйг нь хүргэнэ гэж юу байсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд намайг оргон зайлсан гэж баривчлана гэж хэлж байсан...” /3хх 51/ гэх мэдүүлгүүд болон

Ц.Т, Л.О, Н.У нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “хамтран ажиллах, харилцан туслалцах тухай гэрээ” /хх 33/,

Н.Уээс 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Т, Л.О нар 50 000 000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт /хх 35/,

Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох “Тус хэлтсийн даргын 2009 оны 105 дугаар шийдвэрийн “Эй Ай Эм” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын 10644Х, 10626Х, 10625Х, 10624Х, 10623Х, 10622Х тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах тухай шүүгчийн захирамж /хх 41-46/,

Монголын хуульчдын холбооны албан тоот /2хх 72/,

Оы өмчийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа /2хх 74/,

Ц.Тийн ХААН банкны 5021105527 тоот дансны хуулга /хх 199-200/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Т, Л.О нарын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Ц.Т, Л.О нарын гэм бурууг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдсон тул хохирогч Н.Уийн хохирол болох 25 000 000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

“Эй Ай Эм” ХХК-н  нэр дээр  байсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон лицензийг   сэргээх талаар гаргасан нэхэмжлэлийг  Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 547 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл энэ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч Ц.Т нь Л.Оы хамт дээрх лицензүүдийн эрхийг шүүхээр сэргээлгэж, “Далд нууц эм эн” компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж Н.Утэй “хамтран ажиллах гэрээ” гэдгийг  2017 оны 11 сард хийж 50 000 000 төгрөг авч хувьдаа завшсан  үйлдэл нь шүүгдэгч нар анхнаасаа бусдын өмчлөлийн , өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй зүйлийг хохирогчид амлаж, урьдны харилцааны явцад бий болсон  бусдын итгэлийг урвуулан ашиглаж   бусдаас их хэмжээний мөнгийг  залилан мэхэлж авсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Ц.Т нь  өмгөөллийн үйл ажиллагаагаар Н.Утэй хамтран ажиллаж байсан, өмгөөллийн хөлс авах авлагатай байсан тул энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа боловч энэ шалтгаан нь хохирлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

  Иймд шүүгдэгч Ц.Тийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх”-ийг хүссэн  гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ