Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01666

 

Ө.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалтай

Ө.Бын нэхэмжлэлтэй

Дд холбогдох

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, нийгмийн даатгал нөхөн төлөлт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие нь 2016 орны 07 дугаар сараас эхлэн тус сургуулийн архив бичгийн хэргийн эрхлэгчийн ажлыг хууль журмын дагуу гүйцэтгэж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй. Мөн 2017 оны байгууллагын Ажил мэргэжлийн аваргаар шалгарсан нь миний ажилдаа амжилттай ажилласныг хамт олноос үнэлж дүгнэсэн явдал гэж үзэж байна. Гэтэл Дийн захирал Н.Сүхбаатар нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалаар намайг ажлын байран дээр архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан нь дарамталсан бөгөөд гүтгэсэн үйлдэл хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дийн захирал Н.Сүхбаатар хариу тайлбартаа: ...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалаар архив бичгийн хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Быг ажлаас халсан. Тус тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.7, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон ба энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал юм. Учир нь Ө.Ба 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээр архи уусан болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тухайн төрлийн ноцтой зөрчил гаргаж ажлын байран дээр архи уусан талаараа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Миний зүгээс Ө.Быг дарамталсан гүтгэсэн зүйл огт байхгүй бөгөөд яг ямар шалтгаанаар илт үндэслэлгүй зүйл бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг ойлгохгүй байна. Ө.Бын ажлын байран дээр архи уусан, Ширээ нурууны дэлгүүрээс архи авч ирсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн тушаалын үндэслэлд бичигдсэн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл төдийгүй, Бага дунд боловсролын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын сар бүрийн 17-ны өдөр согтууруулах ундаа худалдан борлуулах, хэрэглэхийг хориглосон захирамжийг зөрчсөн ноцтой зөрчил юм. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Быг Дийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Диас 1.296.716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Бад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Ба нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 105.871 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар магадлалыг хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тус сургуульд Архив, бичиг хэргийн эрхлэгч ажилтай Ө.Ба нь 2018.01.17-ны өдөр ажлын байрандаа архи уусан, архинд явж архи авч ирсэн зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.6-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.1, 7.1.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.2.7-д заасныг тус тус баримтлан 2018.01.22-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгч Ө.Ба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2018.01.22-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” гэж гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг залруулсангүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.

Нэхэмжлэгч Ө.Ба нь ажлын байран дээрээ архи уусан, архинд явж гаднаас архи авч ирж архидан согтуурах үйл явцыг зохион байгуулсан хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан болох нь тус сургуулийн ажилтан, гэрч Л.Ганзориг, Очирхуяг, Ундрахцэцэг нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг болон 4 дүгээр сургуулийн захиргаанд 2018.01.17-ны өдөр ажлын байран дээр Ө.Ба нь архи уусан, архи авч ирсэн талаарх ажилтнуудын бичгээр гаргаж өгсөн тайлбарууд зэргээр хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн шийдвэр гаргах, шүүх хөндлөнгийн байр суурьнаас хэргийг шийдвэрлэх үүргээ үл биелүүлж, нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх мөн үүнийг анхаарч үзсэнгүй.

Шүүх маргааны гол үндэслэл болох ажлаас халах тушаалын хууль зүйн үндэслэл, гаргасан зөрчилд дүгнэлт хийхээсээ илүүтэйгээр, Ө.Быг ялгаварлан гадуурхаж ажлаас халсан гэж үзэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон. Нэхэмжлэгч Ө.Быг ялгаварлан гадуурхсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна энэхүү үйл баримт нь нотлогдоогүй болохыг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... Монгол улсын 1969.05.10-ны өдөр соёрхон баталсан Алагчлахгүй байх тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 1.1.а, 1.3-т заасан эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна” гэж шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Энэхүү конвенцийн 1.1.а

1 дүгээр зүйл 1. Энэхүү Конвенцийн зорилгоор “алагчлах” гэсэн нэр томьёо нь дараах утгыг агуулна: (а) арьс үндэс, арьсны өнгө , хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл; гэж заажээ.

Ө.Бын тухайд түүнийг арьсны өнгө, хүйс, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ялгаварлан гадуурхаж алагчилсан гэх дүгнэлтийг шүүх ямар нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Мөн шүүх 1 дүгээр зүйлийн 1.3-т гэж дурдан хүлээх үүргийг бичсэн байх боловч тус конвенцийн 1.3-т шүүхийн үндэслэх хэсэгт бичсэнчлэн заагдаагүй, харин 1.3-т “ Энэхүү Конвенцийн зорилгоор “ажил мэргэжил” болон “хөдөлмөр эрхлэлт” гэсэн нэр томьёо нь мэргэжлийн сургалт, тодорхой ажлын байр, ажлаар хангагдах боломж, хийж гүйцэтгэх ажлын нөхцөлийн асуудлыг хамаарна." гэсэн өөр утга агуулга бүхий заалт байгаа болно.

Цаашлаад дээрх конвенцийг шүүх хэрэглэхдээ 1969.05.10-ны өдөр соёрхон баталсан гэсэн үндэслэлээр шууд хэрэглэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Олон улсын гэрээ хүчин төгөлдөр болсон хэдий ч албан ёсоор нийтлэгдээгүй бол шүүх түүнийг хэрэглэхгүй. Анхан шатны шүүхийн хэрэглэсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенци нь Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн эсэх, хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа эсэх нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байгааг дурдаж байна.

2008.02.28-ны өдрийн 09 дугаартай Улсын Дээд шүүхийн тогтоолын: б.Монгол Улсын олон улсын гэрээг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхүүд дараах тохиолдолд шууд хэрэглэнэ:

6.1. Иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болж буй маргаантай харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн дотоодын хуулийн зүйл, заалтаас олон улсын гэрээний зохицуулалт өөр байгаа бол; гэснийг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүхийн хэрэглэсэн олон улсын гэрээ конвенци нь энэ хэрэг маргааны тухайд хэрэглэх шаардлагагүй, хэрэглэсэн зүйл заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд зохицуулахад тохироогүй гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичсэн боловч "... анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэж магадлалаа тайлбарласанд гомдолтой байгаа болно.

3. Түүнчлэн ажлын байран дээр хэдэн хүн архи уусан, тэдгээр ажилтанд ямар арга хэмжээ авсан нь нэхэмжлэлийн шаардлагатай огт холбогдолгүй, хамааралгүй юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэрэгт авагдаагүй баримт болох бусад ажилчдад авсан сахилгын арга хэмжээнд дүгнэлт хийж энэ хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн дүгнэлтийг нөгөө талаас нь харвал архи уусан ажилтнуудыг нэхэмжлэгч Ө.Бын адил бүгдийг нь ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн дүгнэлт болсон. Ажилтны гаргасан зөрчил, зөрчилд авсан сахилгын арга хэмжээ хоорондоо шууд шалтгаант холбоотой, үндэслэл бүхий байх ёстой.

Ө.Батай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Ө.Ба гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн гаднаас архи авч оруулж ирсэн” гэсэн тайлбар зэргээр хангалттай нотлогдож байгаа тул Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2018.01.22-ны өдрийн Б/03 тоот тушаал үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ө.Ба нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Ө.Быг архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 296 716 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, бусад ажилчдад авсан сахилгын арга хэмжээнд дүгнэлт хийж, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн дүгнэлт хийсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ө.Ба нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан, Сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.2., Хөдөлмөрийн дотоод журмын 11.6., Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.1., 7.1.3., Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1., 20.1.7.-д зааснаар “2018 оны 01 дүгээр сарын 17-нд ажлын байрандаа архи уусан, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр ажлаас нь халжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т: “ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” 40.1.2.-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус зохицуулсан, зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1.-д “ажлын байран дээр архи үнэртүүлсэн буюу архи уусан” бол ноцтой зөрчилд тооцохоор, Сургуулийн дотоод журмын 11.6.-д “Хөдөлмөрийн гэрээний нөхцлийн ноцтойд тооцогдохоор зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд ажлын байранд архи үнэртүүлсэн буюу уусан, ...зэрэг зөрчлүүдийг тооцно” гэж тус тус тохиролцсон, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д “төрийн болон төрийн бус байгууллагын албан байр”, 7.1.3.-т “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, ...”-д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан гэрч Ганзориг, Ундрахцэцэг, Очирхуяг нарын мэдүүлэг, Ганзориг, Наранцэцэг нарын сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, хүсэлт зэрэг баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 17-нд ажилтан Наранцэцэгийн төрсөн өдөр болж, ажилчид сургуулийн подволд төрсөн өдөр тэмдэглэж байгаад тарсан, улмаар Ө.Ба, Ганзориг, Ундрахцэцэг, Очирхуяг нар үлдэж, архив, бичиг хэргийн өрөөнд орж, Ө.Ба гаднаас нэг шил архи авчруулж архидан согтуурсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ө.Ба архи уугаагүй гэх боловч “архидах үед хамт байсан, ёсолсон, архи авчирсан” талаар маргаагүй, түүнчлэн хариуцагчийн “...Баттулга маргааш өглөө нь ажилдаа ирээгүй, утсаар дуудахад 11 цагт ирсэн, ...юу болсон талаар асуухад архи уусан гэдгээ хэлсэн...” гэх тайлбарыг үгүйсгээгүй, энэ талаар мэтгэлцээгүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан “...ажлын байранд архи уусан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин ажилтныг ажилдаа хайхрамжгүй хандсан, мэргэжлийн үнэмлэхгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2. дахь заалтыг ажлаас халсан тушаалд баримталсан байх боловч түүний ажилдаа хайхрамжгүй хандсан гэх нөхцөл тогтоогдоогүй, ажил олгогч анхнаасаа мэргэжлийн үнэмлэхгүй хүнийг анх ажилд авсан тул энэ үндэслэлээр ажилтныг ажлаас халах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хуульд нийцээгүй боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг үгүйсгэх, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн “...ижил зөрчил гаргасан 15 ажилтнуудаас зөвхөн Ө.Бад ажлаас халах шийтгэлийг ногдуулж ялгамжтай хандсан нь Үндсэн хууль, Алагчлахгүй байх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийг зөрчсөн...” гэх дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа “...Ө.Ба нь бусдын гуйснаар архи авчирсан, сэржим өргөсөн нь үнэн боловч архи уусан, архи уухыг зохион байгуулсныг ажил олгогч шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалынхаа бодит үндэслэлийг нотлоогүй...” гэж дүгнэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үндэслэлгүй тул Дд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн Ө.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД