Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2018/00641/И |
Дугаар | 001/ХТ2018/01667 |
Огноо | 2018-11-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2018/01667
З.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1547 дугаар магадлалтай
З.Бгийн нэхэмжлэлтэй
“Х” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2016, 2017 оны ээлжийн амралтын олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл “Х” ХХК-ийн Дэлгэр супермаркетад ажилласан. Би тус дэлгүүрт анх худалдагчаар ажилд орж, маш сайн ажилласан тул цалингаа сар бүр нэмүүлж, 4 хүний хийх ёстой ажлыг хүртэл ганцаараа хийж байсан. Гэтэл Б.Ариунтуяа менежер өрөөндөө дуудаж 2 жил хамтран сайхан ажиллалаа, бид хамаатныхаа хүнийг ажилд авахаар болсон гэж хэлсэн. Ингээд тооллого тооцоогоо хийж, тооцоо нийлсэн акт үйлдэж ажлаа хүлээлгэн өгсөн. Бичиг баримт болох эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халах тухай тушаалаа авах гэсэн боловч тушаалыг чинь өгөх боломжгүй байна гэсэн. Нягтлан бодогч намайг дуудаж ар гэрийн гачигдлаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл бичиж өг гэсэн. Би ингэж халагдаагүй болохоор тийм зүйл бичиж өгөөгүй. Ажилд орсноосоо хойш анх удаа нийгмийн даатгалын дэвтрээ авсан. Гэтэл миний нийгмийн даатгалын дэвтэрт маш бага мөнгөөр төлөлт хийгдсэн, нүүрэн хэсэгт нь бичилт хийгдээгүй байсан. Би учрыг нь асуухад нягтлан би мэдэхгүй, захирал мэдэж байгаа гэсэн. Би 2 жил ажиллахдаа ээлжийн амралтын мөнгө аваагүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зөв бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, дэмжиж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. З.Бг ажлаас халсан тушаалыг өөрт нь өгөх гэсэн боловч аваагүй. Тушаал 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсныг нэхэмжлэгч мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын дотор гомдол гаргах ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай байсан. Хэтрүүлсэн хугацааг сэргээх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Хууль мэдэхгүй гэх байдал нь хугацаа сэргээх нөхцөл болохгүй. З.Б нь “Мөнх бурхан буудай” ХХК болон “Хаппи трейд” ХХК-иудаас өгсөн урамшууллын 2 ширхэг будаа агшаагчийг өөртөө авч ашигласан. Өөрийн “Хаан банк” ХХК-ийн дансруу 155 700 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл, “Хаппи трейд” ХХК-иас ирүүлсэн жагсаалт албан бичгээр бас нотлогдсон. Мөн НӨАТ-ын баримтуудыг өөр дээрээ бүртгүүлж, татвараас буцаан олголт авсан. Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, дэх хэсэгт заасан үндэслэлүүдтэй бүрэн нийцэж байгаа. Мөн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3 дахь хэсэгт ямар зөрчил гаргавал халагдах тухай шууд заасан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажлын байраа хувийн зорилгодоо ашигласан ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар З.Бг “Х” ХХК-ийн Дэлгэр супермаркетын худалдагчийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 4 588 305 төгрөгийг гаргуулж З.Бд олгож, үлдэх 603 695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-иас ажилтны 2016, 2017 онуудын ээлжийн амралтын олговорт 1 664 000 төгрөг гаргуулж З.Бд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Х” ХХК-иас 144 987 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1547 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын даалгасугай гэснийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дуугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт 1 664 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 4 дэх заалтыг 3, 5-ыг 4, 6-г 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцээд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1547 дугаар магадлал гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул дараах үндэслэлүүдээр энэхүү гомдол гаргаж байна.
Хариуцагч “Х” ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дахь хэсгийн заалтуудын дагуу цуцалсан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү хууль, тогтоолын заалтыг үл хэрэгссэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдээ тухайн үедээ тушаалдаа маш тодорхой заасан. Уг үндэслэлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гарган өгсөн олон нотлох баримтуудаар нотлогдсон.
Давж заалдах шатны шүүх “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэлээ нотлох, нотлох баримт гарган өгөх үүргээ биелүүлээгүй" гэж илэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийж хууль зөрчлөө. Харин ч анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг болон гэрчүүд асуулгах хүсэлтийг үндэслэлгүй хүлээн аваагүйд хуулийн дагуу дүгнэлт хийж шийдвэрийг зөвтгөх ёстой байв.
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хуульд заасан хугацааг нэг сар 28 хоног хэтрүүлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцалсныг тухайн үед мэдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх мөн нэг талыг барьж хууль зөрчсөн шийдвэр гаргалаа.
Нэхэмжлэгч шүүхийн харьяаллын бус гомдлууд гаргасан байгаад ч давж заалдах шатны шүүх хуулийн дагуу дүгнэлт хийсэнгүй. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1547 дугаар магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Б нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2016, 2017 оны ээлжийн амралтын олговор нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаснаас гадна шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг “Х” ХХК-ийн “Дэлгэр” супермаркетийн худалдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 588 305 төгрөгийг, 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт 1 664 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ээлжийн амралтын олговорт 1 664 000 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэгчид олгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
З.Б нь 2016 оны 02 дугаар сараас “Х” ХХК-ийн “Дэлгэр” супермаркетэд худалдагчаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн, “Х” ХХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байхад нэхэмжлэгч нь “ажил олгогч шийдвэрээ гардуулж өгөөгүй” гэх үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч нь “...нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж аваагүй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэж тус тус тайлбарлажээ.
Гэвч талууд өөрсдийн тайлбар, үндэслэлээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн хариу тайлбарыг няцааж мэтгэлцээгүй байна.
Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2.-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас ажил үүргээ гүйцэтгээгүй талаар маргаагүй, мөн тэрээр нэхэмжлэлдээ “...2017 оны 12 дугаар сард захирал өрөөндөө дуудаж “чамайг ажиллуулахаа болилоо” гэж хэлээд ажлаас халсан, ажлаас халагдаад нийгмийн даатгалын дэвтрээ авч үзсэн...”, гэж бичсэн, шүүх хуралдаанд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийгмийн даатгалын дэвтрээ авсан талаар хэлсэн /хх- 127/ зэргээс үзэхэд хариуцагч нь ажлаас халагдсан тухайгаа ажил олгогчийн ажлаас халсан гэж хэлсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн, тушаал гардуулж өгөөгүй гэх боловч тушаал гарсан талаар Нийгмийн даатгалын дэвтрийг ажил олгогчоос авсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн тул нийгмийн даатгалын дэвтрийг авснаар тушаалыг гардаж авсан гэж үзэхээр байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн шаардах эрх нийгмийн даатгалын дэвтрийг гардаж авсан үеэс эхэлж 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дууссан байхад тэрээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг “...нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн талаар 2018 оны 02 дугаар сард мэдсэн байх тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн.
Давж заалдах шатны шүүх “ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гардуулж өгсөн, ажилтан гардаж авахаас татгалзсан тухайгаа хариуцагч нотлоогүй” гэх үндэслэлээр ажилтанд тушаал гардуулж өгөөгүй тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн, эрх зөрчигдсөн хугацааны талаарх бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн талаар лавтай сайн мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээх хүндэтгэн үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1547 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар “Х” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2016, 2017 оны ээлжийн амралтын олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэн З.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160 987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД