Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01831

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/01663 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1653 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Д-д холбогдох,

6 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Д- нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 6 150 000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалт хийж өгнө үү гэсний дагуу би БНСУ-д амьдардаг охин Л.Байгалмаагаас уг мөнгийг авч, Д.Д-эд зээлдүүлсэн. Гэтэл Д.Д нь зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байна.

Иймд Д.Д-ээс 6 150 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Н.Байгалмаа нь тухайн үед Солонгос улсад ажиллаж амьдарч байсан. Тэрээр өөрөө Түмка (Түвдэн) гэх найзынхаа ятгалгаар сүлжээний бизнест орохоор болж, өөрийнх нь өмнөөс бэлэн мөнгийг нь аваад барилга гэх сүлжээнд хөрөнгө оруулалтаар намайг очоод бүртгүүлээд өгөөч гэж гуйсны дагуу би түүний хүсэлтээр мөнгийг аваачиж тушааж тус болсон. 

Түүний сонгосон Барилга гэх сүлжээний бизнесийн компани маш олон хүнийг хамруулж, өдөрт нь бэлэн мөнгө тарааж, олон хүмүүсийг татаж байсан тэр “Лимитлесс бридж” ХХК нь хариуцах ёстой. Тэрхүү сүлжээ нь нэг хүн 2 050 000 төгрөгөөр элсэж ороход 7 хүн доор нь элсэж орсны дараа 5 000 000 төгрөг буцаан олгож байсан. Мөн 2 050 000 төгрөгөөр нэг хүний суудалд элсэж ормогц 300 000 төгрөгийн урамшуулал буцаан олгож байсан. Тэгээд 3 суудлаар буюу 6 150 000 төгрөгөөр элсэлт хийсэн юм. Гурван хүний шууд урамшуулалд 900 000 төгрөг олгогдохоос 300 000 нь дээд спонсорт нь олгогдсон. Харин үлдэх 600 000 төгрөгийг намайг түр авч хэрэглэхийг зөвлөсөн. Тэр мөнгийг аваад мөнгө нэмээд нэг суудлаар ороод 5 000 000 төгрөгийн ашгийг олж аваад 600 000 төгрөгийг буцааж төлөөрэй гэсэн юм.

Тухайн өдөр Л.Байгалмаа ээжээс мөнгө аваад тушаачих гэж хэлсний дагуу ээж рүү нь ярьсан. Би гэрт нь очиж 6 150 000 төгрөг аваад Барилга гэх сүлжээ ажиллуулж байгаа компани руу очих гэтэл орлого хүлээж авах цаг нь дуусах гээд байсан. Тэгээд өөрийн танил ах н.Баярсайхан бас тэр сүлжээнд орох гээд очсон байна гэсэн тул н.Баярсайхан ах руу утсаар яриад ...орлого авах цаг дуусахаас өмнө очиж амжихгүй байна. Та дансаар мөнгө аваад тушаагаад өгөөч гэж хэлсэн. Тэр хүн зөвшөөрч н.Наранчимэг гэх хүний дансаар хүлээн авч өөрийнхөө мөнгөтэй нийлүүлж 8 200 000 төгрөгийг “Лимитлесс бридж” ХХК-д бэлнээр тушааж, тус компанийн захирал н.Эрдэнэдалай гэх хүнтэй гэрээ хийсэн. Тэрхүү сүлжээний матрицаар мөнгө авч байгаагаа хөрөнгө оруулалт гэж хэлж зээлийн гэрээ хүртэл хийж байсан. Дээрх 6 150 000 төгрөгтэй холбоотой “Лимитлесс бридж” ХХК-д холбогдуулж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэж, хэргийг Улсын Мөрдөн байцаах газарт н.Эрхэмбаатар гэх байцаагч шалгаж байгаа. Тэгээд ч дээрх мөнгийг н.Баярсайханаас хүлээж авсан тус компани төлөх учраас би хүлээн зөвшөөрөхгүй. Би Л.Байгалмаагийн өгсөн зааварчилгааны дагуу түүний өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн. Дээрх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шийдэхгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/01663 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-ээс 6 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Д-ээс 113 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1653 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/01663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар хуульчилсан байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч болон хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, оршин байгаа газрыг зайлшгүй тусгах шаардлагатай. Ингэснээр нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч иргэний хэрэг үүсгэхдээ зохигчийн эрх зүйн байдлыг тогтооход ач холбогдолтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэж заасан байна. Л.Д нь Л.Байгалмаад өөрийг нь шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр олгосон байна.

Л.Байгалмаа нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Д.Д-эд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл дээрх итгэмжлэлийг олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Л.Д-ыг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг хавсаргасан. Мөн төлөөлүүлэгч Л.Д-ын бие муу тул Л.Байгалмаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцох талаар дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Л.Байгалмаа нь нэхэмжлэл гаргасан мэтээр дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан зохицуулалт нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих талаар хуульчилсан. Гэтэл Л.Байгалмаа нь Л.Д-ыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд жинхэнэ нэхэмжлэгчээр солих ажиллагаа хийгдэхгүй.

Иргэн шүүхэд гаргаж өгөх материал дээр буруу бичсэн зүйлээ шүүхэд өгөхөөс өмнө /шүүхэд өгсний дараагаар засварлах боломжгүй/ засварлах боломжтой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүхэд өгөхөөс өмнө нь штрикдэж засварласан нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Байгалмааг нэхэмжлэгч гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Негөөтэйгүүр Л.Байгалмаа нь Л.Д-ыг төлөөлөн оролцож байсан тул Л.Д нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Байгалмаагаас татгалзсан татгалзлыг шүүхэд өгсөн. Мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр У.Түвшин надад тус хэрэгт өөрийг нь төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг олгосон.

Иймд давж заалдах шатны шүүхийн 1653 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Хариуцагч Д.Д-эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчээр “Л.Д” гэж засварлан заасан боловч хариуцагч нэхэмжлэгчийг Л.Байгалмааг гэж хариу тайлбараа гаргасан, хариуцагчид гардуулсан нэхэмжлэлийн хувь хэрэгт авагдсан хувьтай нийцэж буй эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгчийг солих ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй учир давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус, зохигчийн мэтгэлцэх эрх хангалттай бүрэн хэрэгжээгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн ажиллагаанд үндэслэгдсэн шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1653 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 115 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН