Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01670

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01412 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1549 дүгээр магадлалтай

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Сү” ХХК-д холбогдох

Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэд 3 066 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхандын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Сү” ХХК-тай бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлэхэд барааны үнэ 1 429 749 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Түүнээс хойш дахин бараа нийлүүлж 2014 оны 12 дугаар сарын байдлаар 2 044 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд “Сү” ХХК-иас удаа дараа төлбөрөө шаардсан боловч төлөөгүй. Иймд бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний 5.3, Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг тус үндэслэн нийлүүлсэн барааны үлдэгдэл үнэ 2 044 000 төгрөг, алданги 1 022 000 төгрөг, нийт 3 066 000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч “Сү” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “Сү” ХХК нь “С” ХХК-тай бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулаагүй. Учир нь “Сү” ХХК-ийн захирал В.Болормаа би гэрээнд гарын үсэг зураагүй, ийм гэрээ байгуулагдсаныг ч мэдээгүй. “Сү” ХХК-ийг төлөөлөх эрх нь захирал В.Болормаа надад байгаа. Гэтэл дэлгүүрийг түрээслэгч В.Нарангараваар гарын үсэг зуруулан бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулсныг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. В.Нарангарав нь манай компанийг төлөөлөх эрхгүй, манай компанид ажилладаггүй. 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “С” ХХК нь “Сү” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэхүү акт дээр “Сү” ХХК-ийн өмнөөс нябо В.Нарангарав гээд гарын үсэг зурсан боловч В.Нарангарав нь манай компанийн нябо биш. Мөн гарын үсэг нь В.Нарангаравын гарын үсэгнээс өөр байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01412 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Сү” ХХК-иас 1 245 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 820 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сү” ХХК-иас 34 447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1549 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01412 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэд 3 066 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 447 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1549 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэж үзэж байна.

“С” ХХК болон “Сү” ХХК-ийн нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг нь гэрээний хавсралтуудад тус компанийн тамга дарагдсан, компанийг төлөөлж Нарангарав гэдэг хүн гарын үсэг зурсан байдал болон талуудын хооронд бараа нийлүүлсэн, хүлээн авсан баримтууд, тооцоо нийлсэн актууд, төлбөр төлөгдсөн тухай нотлох баримтуудаар нотлогддог.

Тухайн үед компанийг төлөөлж гэрээ байгуулсан Нарангарав нь уг дараа тооцоогоор бараа нийлүүлэх гэрээний саналыг “С” ХХК-иас хүлээн авсан, гэрээг байгуулж, тамга дарсан, энэ дагуу бараа авсан, төлбөр тооцоо хийсэн гэдгээ гэрчээр асуугдахдаа хангалттай тайлбарласан, зөвшөөрсөн. Тодруулбал, үндсэн гэрээн дээр гарын үсэг зураагүй хэдий ч В.Нарангарав нь гэрчээр асуугдахдаа “барааг зээлээр авахын тулд гэрээ байгуулсан, гэрээн дээр тамга дарсан” гэдгээ хэлдэг. Энэ нь талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэнийг хангалттай нотолж байна. Мөн 2014 онд барааны нэр төрлөө нэмж дахин гэрээнд хавсралт хийж тамга гарын үсгээр баталгаажуулсан нь хавтаст хэргийн 15-р хуудаст авагдсан байгаа.

Гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн байсан тухайд: Байгууллагын захирал тамгаа өөрийн төрсөн дүү Нарангарав гэх хүнд өгөөд гэрээ балгуулж, тамгаа даруулж байгаа нь байгууллагыг төлөөлөх бүрэн эрхээ олгосон гэсэн үг. Байгууллагын тамга бол Монгол улсад нэгдсэн бүртгэлтэй регистрийн дугаараар тамганы үйлдвэрийн дугаараар ялгарах, цорын ганц хийгддэг, тус байгууллагыг бусад этгээдийн өмнө хариуцлага хүлээлгэх гол хэрэгсэл.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын Дөрөвдүгээр зүйлийн 36 дахь заалтад “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд бөх бат саванд хадгална.”, 42 дахь заалтад “Энэ заавар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллага ...-д нэгэн адил хамаарна.” гэж заажээ.

Тамга тэмдгээ хадгалалт, хамгаалалтгүй орхиод дараа нь би зөвшөөрөөгүй гэж тайлбарлаад хариуцлагаас зугтаах боломжгүй. Мөн “Сү” ХХК-ийг төлөөлөөд Нарангарав гэдэг хүн анхан шатны шүүх хурлын өмнөх өдөр хүртэл тооцоо нийлнэ гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай ирж уулзсан, энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Р.Чинбаа өмгөөлөгчтэй ярьж зөвлөгөө аваад, уулзсан тухайгаа тэмдэглэл үйлдсэн бөгөөд уг тэмдэглэлийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. Тэмдэглэлд “Сү” ХХК-ийг төлөөлж Нарангарав гээд гарын үсэг зурсан. Гэтэл маргааш нь хурал дээр гэрчээр оролцсон. 2013 оноос хойш “Сү” ХХК-ийг төлөөлж явж байгаад тэр шүүх хурал болсон өдрөөс хойш гэнэт түрээслэгч хувь хүн болж өөрчлөгдсөн. Энэ бол төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх үед гарсан жижиг техникийн алдаан дээр дөрөөлж “Сү” ХХК хариуцлагаас зугтааж байгаа хэлбэр гэж ойлгож байна. Түрээсийн гэрээний хувьд эгч дүүсийн хооронд хэзээ л бол хэзээ гэрээг нөхөөд байгуулах боломжтой, түрээсийн төлбөр төлж байсан баримт гаргаж өгөөгүй. Иймд зөвхөн түрээсийн гэрээ болон гэрч гэх Нарангаравын мэдүүлэг нь хангалттай нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Сү” ХХК нь өөрийн компанийн тамга тэмдгийг өөрийн ажлын байрандаа хадгалж байсан бөгөөд тус компанийг төлөөлөн В.Нарангарав гэх хүн “С” ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, “Сү” ХХК-ийн тамга, тэмдгээр баталгаажуулсан байна. Гэвч үндсэн гэрээн дээр гарын үсэг зурагдаагүй тул гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү талуудын \хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1549 дүгээр магадлалын хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01412  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК нь “Сү” ХХК-д холбогдуулан бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 3 066 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй... ” гэж маргажээ.    

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1 245 700 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ “С” ХХК, “Сү” ХХК-иудын хооронд байгуулагдсан, 2013, 2014 тоот “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний хавсралт, тооцоо нийлэх нөхцлийг тодорхойлсон баримтад “Сү” ХХК-ийн тамга дарагдаж, В.Нарангарав гарын үсэг зурсан, /хх-8-16/, 2014 оны 02 дугаар сарын 24 өдрийн Тооцоо нийлсэн актад “Сү” ХХК-ийг төлөөлж ня-бо В.Нарангарав гарын үсэг зурсантай маргаагүй /хх-17/, “С” ХХК-иас “Сү” ХХК-д хүргүүлсэн үлдэгдэл төлбөр 2 044 000 төгрөгийн тооцоогоо хийж дуусгахыг мэдэгдсэн мэдэгдлийг В.Нарангарав хүлээн авч, үнийн дүнг зөвшөөрөхгүй талаар тооцоо хийж, тайлбар бичиж, гарын үсгээ зурж байсан, “Сү” ХХК-ийн нэрээр нэхэмжлэгчид барааны үнийг төлж байсан, В.Нарангарав нь хариуцагч “Сү” ХХК-ийн захирал В.Болормаагийн төрсөн дүү, тухайн үед “Сү” ХХК-ийн дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан, “Сү” ХХК-ийн тамгыг хэрэглэж байсан үйл баримт тогтоогджээ /хх-18/.

Давж заалдах шатны шүүх гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

“Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-нд хариуцагч гарын үсэг зураагүй боловч В.Нарангарав нь “Сү” ХХК-ийн нэрээр бараа, бүтээгдэхүүн хүлээн авч, тооцоо нийлсэн акт үйлдэж, бүтээгдэхүүний үнийг төлж, хариуцагчийн нэрээр бичигдсэн төлбөр төлөх мэдэгдлийг хүлээн авч харилцаж байсныг нотлосон баримтыг үгүйсгээгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбар, татгалзлаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, шийдвэрийг хүчингүй болгосон дүгнэлт хэргийн үйл баримттай нийцээгүй байна.

“Сү” ХХК нь тухайн үед дэлгүүрийг В.Нарангарав ажиллуулж байсныг нотолж түүнтэй байгуулсан Түрээсийн гэрээг хэрэгт өгсөн боловч түрээслэгч энэ хугацаанд түрээсийн төлбөр төлж байсан эсэх нь тодорхойгүй, тухайн хэлцэл бодитоор хэрэгжсэн болохыг нотлоогүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэстэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан бичгээр байгуулагдаагүй боловч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа бодит байдалд хэрэгжсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 232 дугаар зүйлийн 232.3. дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1549 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхандын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД