Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1549

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“СР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01412 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “СР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “СС” ХХК-д холбогдох

 

Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэд 3 066 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Нэхэмжлэгч “СР” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “СР” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “СС” ХХК-тай “бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” байгуулсан. 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлэхэд барааны үнэ 1 429 749 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Түүнээс хойш дахин бараа нийлүүлж 2014 оны 12 дугаар сарын байдлаар 2 044 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд “СС” ХХК-иас удаа дараа төлбөрөө шаардсан боловч төлөөгүй. Иймд “бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний 5.3, Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг тус үндэслэн тооцоход нийлүүлсэн барааны үнэ 2 044 000 төгрөг, алданги 1 022 000 төгрөг, нийт 3 066 000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

“Хариуцагч “СС” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “СС” ХХК нь “СР” ХХК-тай “бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” байгуулаагүй. Учир нь “СС” ХХК-ийн захирал нь В.Болормаа би гарын үсэг зураагүй, ийм гэрээ байгуулагдсаныг ч мэдээгүй. “СС” ХХК-ийг төлөөлөх эрх нь захирал В.Болормаа надад байгаа. Гэтэл дэлгүүрийг түрээслэгч В.Нарангараваар гарын үсэг зуруулан “бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” байгуулсныг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. В.Нарангарав нь манай компанийг төлөөлөх эрхгүй, манай компанид ажилладаггүй. 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “СР” ХХК нь“СС” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэхүү акт дээр “СС” ХХК-ийн өмнөөс ня-бо В.Нарангарав гээд гарын үсэг зурсан боловч В.Нарангарав нь манай компанийн ня-бо биш. Мөн гарын үсэг нь В.Нарангаравын гарын үсэгнээс өөр байна гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “СС” ХХК-иас 1 245 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СР” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 820 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СС” ХХК-иас 34 447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СР” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх нь нэхэмжлэгчийн эрх ашигт хэт нийцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэхэмжлэгчид ашигтай нотлох баримтуудыг шийдвэртээ түүн бичиж, үндэслэлгүй дүгнэлт хийн хариуцагчийг буруутгахдаа хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч “СР” ХХК шүүхэд хандан, хариуцагч “СС” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 066 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “гэрээний харилцаа үүсээгүй, гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр татгалзан, маргажээ. 

            “СР” ХХК нь “СС” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээний дагуу бараа нийлүүлж байсан үйл баримт хэрэгт авагдсан бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг бичмэл баримтаар нотлогдож байна. /хх-8-17 дахь тал/

            Хэргийн баримтаас үзвэл, ганц гишүүнтэй хуулийн этгээд болох “СС” ХХК-ийн захирлаар В.Болормаа улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул түүнийг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ. /хх-19 дэх тал/ Нэхэмжлэгч “Силк рөүд трейдинг” ХХК, хариуцагч “СС” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний 9.1-д “энэ гэрээ түүнд аль аль тал гарын үсэг зурсан үеэс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасан, гэтэл маргааны зүйл болох гэрээнд худалдан авагчийн талд гарын үсэг зурагдаагүй байна. /хх-13 дахь тал/

            Хариуцагч компанийн  “СС” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүрийг 2013-2014 онд гэрч В.Нарангарав түрээслэн ажиллуулж, барааг хүлээн авч байсан болох нь түүний “... би “СС” ХХК-д ажилладаггүй, ... 2013 оноос тус компанийн ... 8 нэрийн дэлгүүрийг түрээслэж байсан, ... “СР” ХХК-ийн худалдааны төлөөлөгч н.Сарангэрэл зээлээр бараа нийлүүлэх тухай танилцуулахдаа компанийн тамга, тэмдэгтэй байх хэрэгтэй гэсэн, ... би дэлгүүрт байдаг бичиг баримтын өрөөнөөс зөвшөөрөлгүйгээр тамга авч дарсан ..., би барааг хүлээн аваад тооцоо хийдэг байсан учраас “СС” дэлгүүрийн нэрээр тооцоод гарын үсэг зурдаг байсан, компани гэж бодож зурдаггүй, ... төлбөрийг би төлөх ёстой ...” гэх мэдүүлэг, мөн хариуцагч компанитай байгуулсан түрээсийн гэрээ зэргээр нотлогджээ. /хх-40-42, 46-47 дахь тал/

Хэргийн 14-16 дугаар талд авагдсан 2013, 1024 тоот бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний хавсралтад “СС” ХХК-ийн тамга дарагдсан, тооцоо нийлсэн актад “компанийг төлөөлж ня-бо гэсний ард В.Нарангарав гарын үсэг зурсан байгаа боловч түүнд хариуцагч компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг захирал В.Болормаа олгоогүй байсан гэдэг нь дээрх үйл баримтаар тогтоогдсон байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин үйл баримтыг буруу тогтоосны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн             167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01412 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “СР” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэд 3 066 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 447 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ч.ЦЭНД