Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байх, “Силк рөүт трейдинг” ХХК /РД:5683351/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 40д-67 тоотод оршин байх, “Сүүн сүлд” ХХК /РД:5669561/-д холбогдох,

 

3,066,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чимбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Силк рөүт трейдинг” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Сүүн сүлд” ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” байгуулан бараа нийлүүлж эхэлсэн. Манай компани “Сүүн сүлд” ХХК-д барааг зээлээр нийлүүлж явсаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлэхэд барааны үнэ 1,429,749 төгрөгийн үлдэгдэл тооцоотой байсан. Түүнээс хойш дахин бараа нийлүүлж явсаар 2014 оны 12 дугаар сарын байдлаар 2,044,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд “Сүүн сүлд” ХХК-иас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн байна. “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний 5.3 дахь заалт, Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг тус үндэслэн тооцоход нийлүүлсэн барааны үнэ 2,044,000 төгрөг, алданги 1,022,000 төгрөг, нийт 3,066,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч “Сүүн сүлд” ХХК-иас барааны үнэ 2,044,000 төгрөг, алданги 1,022,000 төгрөг, нийт 3,066,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Силк рөүт трейдинг” ХХК нь “Сүүн сүлд” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулж бараа нийлүүлж эхэлсэн. Ингээд бараа нийлүүлж явсаар 2014 оны 05 сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд 1,529,749 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Түүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын байдлаар 2,044,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан бөгөөд уг төлбөрийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн алданги тооцоход 1,022,000 төгрөг болсон. Ингээд хуулийн дагуу алданги 1,022,000 төгрөгийн алдангитай, нийт 3,066,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14/1577 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт хариуцагч байгууллагын зүгээс “...танай 2,044,000 төгрөгийн дүнг зөвшөөрөхгүй” гэж бичсэн байгаа. Энэ үнийн дүнгийн талаар бичсэн бичиг нь өөрөө хариуцагчийг биднээс бараа бүтээгдэхүүн авч байсныг болон гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч барааны төлөх ёстой үнийн дүн дээрээ л маргаж байгаа. Хариуцагч талаас уг гэрээг “Сүүн сүлд” ХХК-ийн гэрээ байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж тайлбарлаж байна. Гэрээ байгуулах эрхгүй этгээд гэдгийг манай талаас тухайн үед шалгах боломжгүй байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад хариуцагчийн зүгээс гарын үсгээ зураад тамгаа дарсан байгаа.  Иймд уг гэрээг хуулийн хүчинтэй гэж үзэж байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Сүүн сүлд” ХХК нь “Силк рөүт трейдинг” ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” байгуулаагүй. Учир нь “Сүүн сүлд” ХХК-ийн захирал нь В.Болормаа миний бие бөгөөд уг гэрээнд би гарын үсэг зураагүй, ийм гэрээ байгуулагдсаныг ч мэдээгүй. “Сүүн сүлд” ХХК-ийг төлөөлөх эрх нь захирал В.Болормаа надад л байгаа. Гэтэл дэлгүүрийг түрээслэгч В.Нарангараваар гарын үсэг зуруулан “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” байгуулсныг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. В.Нарангарав нь манай компанийг төлөөлөх эрх байхгүй, манай компанид ажилладаггүй. Нэхэмжлэгч байгууллагын “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-н дээр миний бие гарын үсэг зураагүй болно. 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Силк рөүт трейдинг” ХХК нь “Сүүн сүлд” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. Энэхүү акт дээр “Сүүн сүлд” ХХК-ийн өмнөөс ня-бо В.Нарангарав гээд гарын үсэг зурсан боловч В.Нарангарав нь манай компанийн ня-бо биш, тийм мэргэжлийн ч хүн биш. Мөн гарын үсэг нь В.Нарангаравын гарын үсэгнээс өөр байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээг  “Сүүн сүлд” ХХК-ийн удирдах албан тушаалтан, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан байгуулаагүй. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар уг гэрээг түүний талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох тухай зохицуулсан. Гэрээнд “Силк рөүт трейдинг” ХХК-ийн тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан боловч гэрээний нөгөө тал болон “Сүүн сүлд” ХХК-ийн хаяг, нэрийг бичсэнээс өөр бичвэр байхгүй.  Иймд уг гэрээнээс үүсэх үүргийн хариуцлагыг манай компани хариуцах үндэслэлгүй.  2014 оны бэлтгэн нийлүүлэх гэрээний хавсралтад В.Нарангарав гарын үсэг зурж, тамга дарсан байх бөгөөд уг гэрээ нь өөрөө байхгүй, хавсралт нь байгаа юм. В.Нарангарав нь “Сүүн сүлд” ХХК-ийн захирал В.Болормаагийн төрсөн дүү нь бөгөөд “Сүүн сүлд” ХХК-ийн “Сүүн сүлд” дэлгүүрийг түрээсээр ажиллуулж байхдаа В.Болормаад мэдэгдэлгүй байгууллагын тамгыг нь авч дарсан асуудал бий. Гэхдээ энэ нь “Сүүн сүлд” ХХК-ийг гэрээг байгуулсан гэсэн үг биш гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  “Силк рөүт трейдинг” ХХК болон “Сүүн сүлд” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”, хавсралтуудын хамт авагдсан байна /хх 8-16 хуудас/.  

 

Нэхэмжлэгч “Силк рөүт трейдинг” ХХК нь хариуцагч “Сүүн сүлд” ХХК-д холбогдуулж дээрх гэрээний дагуу шилжүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 2,044,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 1,022,000 төгрөг, нийт 3,066,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ /хх 1, 18 хуудас/.

 

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14/1577 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт хариуцагч байгууллагын зүгээс “...танай 2,044,000 төгрөгийн дүнг зөвшөөрөхгүй” гэж бичсэн байгаа бөгөөд энэ үнийн дүн нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг харуулж байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,044,000 төгрөг, алданги 1,022,000 төгрөг, нийт 3,066,000 төгрөгийг бид шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан /хх 18 хуудас/. 

 

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “Силк рөүт трейдинг” ХХК нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, НЦГ-ын албан хаагчдын орон сууцны 1 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг “Сүүн сүлд” дэлгүүрт тодорхой хэмжээний бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн болон уг дэлгүүрийг “Сүүн сүлд” ХХК хариуцан ажиллуулдаг талаар зохигчид маргаангүй.

 

Түүнчлэн хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1,245,700 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн “Тооцоо нийлсэн акт” дээр тухайн үед “Сүүн сүлд” дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн В.Нарангарав гарын үсэг зурсан эсэх талаар талууд маргаагүй.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлыг “...2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг хариуцагч байгуулаагүй. Хариуцагч компанийн захирал В.Болормаагийн төрсөн дүү В.Нарангарав нь уг дэлгүүрийг түрээслэж байхдаа хувиараа нэхэмжлэгчээс бараа авсан. Нэгэнт компани нь ямар ч бараа бүтээгдэхүүн аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  “Силк рөүт трейдинг” ХХК болон “Сүүн сүлд” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”, гэрч В.Нарангаравын “...Би дэлгүүрт байдаг бичиг баримтын өрөөнөөс тамгыг нь аваад дарсан. Зарим тохиолдолд эгчээс асууж байгаад тамга дардаг байсан” гэх мэдүүлэг, 2014 оны 02 дугаар сарын 15, 3 дугаар сарын 01, 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд “Сүүн сүлд” ХХК-иас “Силк рөүт трейдинг” ХХК руу мөнгө шилжүүлж байсан бэлэн мөнгөний орлогын баримтууд,  2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний хавсралтад хариуцагч “Сүүн сүлд” ХХК-ийн тамга дарагдсан нөхцөл байдал зэргүүдийг харьцуулан судлахад нэхэмжлэгч “Силк рөүт трейдинг” ХХК-ийн зүгээс хариуцагч “Сүүн сүлд” ХХК-д тодорхой хэмжээний бараа нийлүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

 

Худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг зохицуулсан иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэх бөгөөд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгээр байгуулдаг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...талуудын хооронд хийгдсэн гэрээнд хариуцагч компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй. 

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн нийлүүлсэн барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт” дээр  хариуцагч байгууллагын дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан гэх В.Нарангарав гарын үсэг зурсан эсэх тал дээр маргаагүй тул уг үнийн дүнг буюу 1,245,700 төгрөгийн хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч “Силк рөүт трейдинг” ХХК нь “Сүүн сүлд” ХХК-д нийлүүлсэн гэж үзэхээр байна. Иймд 1,245,700 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ /хх 17 хуудас/.

 

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заасан.  

 

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-нд   “Сүүн сүлд” ХХК-ийн тамга дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй, харин гэрээний хавсралтуудад хариуцагч байгууллагын тамга дарагджээ. Нэгэнт 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-нд гэрээний хавсралт уг гэрээний салшгүй хэсэг байх тухай зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрээний хариуцлага болох алдангийн талаар тохироогүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсээгүй байна /хх 8-16 хуудас/.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Сүүн сүлд” ХХК-иас 1,245,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Сүүн сүлд” ХХК-иас 1,245,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Силк рөүт трейдинг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,820,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сүүн сүлд” ХХК-иас 34,447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Силк рөүт трейдинг” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Н.ХАНГАЛ