Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 186

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.H, нэхэмжлэгч Г.Г-т, түүний өмгөөлөгч Б.А, Ж.Э, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Товогт Го-ийн Г-т 

Хариуцагч: БУДЦГХЗД Ц.Д,              

Нэхэмжлэлийн шаардлага: “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 2 дугаар  сарын 20-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 6.218.280 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“... Би Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Газар ашиглалт хариуцсан мэргэжилтнээр 2012 оны 1 дүгээр сараас томилогдон ажиллаж байсан.

Миний бие нь багадаа авсан гэмтлийн улмаас баруун гарын хөгжил дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд хамаардаг болно.

Гэтэл Т газрын дарга Ц.Д нь өөрийн хууль бус үйлдлээ хийхийг шаардах, эс биелүүлсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээ нотол гэх мэтээр доромжлон ажил хийх боломжийг хаах, гутаан доромжлох үйлдлийг удаа дараа гаргаж хавчин гадуурхаж ирсэн.

Улмаар миний биеийг иргэдтэй муухай харьцдаг, амралтын хугацааг хууль бусаар хэтрүүлсэн, мөнгө завшсан, байгууллагын компьютерийг бусдад ашиглуулсан, байгууллагын бичиг баримтыг архивт өгдөггүй, өргөдөл гомдлыг удирдлагын цохолтгүй авдаг, шийдвэрлэдэггүй, хуулийн хугацаа хэтрүүлдэг, хуурамч эмнэлэгийн магадлагаа өгч ажил тасалдаг гэх хууль бус, нотлогдож тогтоогдоогүй, үндэслэлгүй худал зүйлийг үндэслэл болгож 2017 оны 2 дугаар  сарын 20-ны өдөр Б/1 дугаар тушаал гаргаж ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Миний бие холбогдох дүрэм, журмын дагуу үр дүнгийн гэрээг байгуулж ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил алдаа дутагдлыг дээрхи тушаалд заасанчлан удаа дараа байнга гаргаж байгаагүй бөгөөд сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй болно. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, занапхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах”, мөн хуулийн 27.1.8-д “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эаасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлэгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” мөн зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгааагаар хангагдана”, мөн зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” эрхтэй болохыг тус тус хуульчилсан байна.

Гэтэл дээрхи хуулийн заалтыг үл тоон хууль бус үйлдэл хийхээс татгалзсаны төлөө ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.

Энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 2 дугаар  сарын 25-ны өдөр 2017 оны Б/1 дугаар хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл гомдлыг шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй дарагдуулж байна.

Миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, үр дүнгийн гэрээний биелэлтээр удаа дараалан “маш сайн" үнэлгээг авч байсан болно.

2017 оны 2 дугаар  сард ажлаас халагдсанаас хойш одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байгаа тул миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд зогсохгүй, амьд явах эрхийн баталгаа алдагдаж байгаа гэж үзэж байна.

Тус байгууллагын дарга Ц.Дгийн хувьд намайг ажлаас халах тушаал гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй болно” гэжээ. 

Нэхэмжлэгч Г.Гт нэхэмжлэлийн шаардлага дэмжиж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Би төрийн албанд 25 жил, улсад 34 жил ажилласан тангараг өргөсөн төрийн албан хаагч. Намайг 2017 оны 2 дугаар  сарын 20-нд ажлаас халах тушаал гаргасан. Миний хувьд тушаалын ажлаас халсан үндэслэлийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тайлбартаа бичсэн байгаа. Би хүүтэйгээ амьдардаг өрх толгойлсон эцэг хүн. Өөрийн эрх ашиг сонирхолд нийцүүлж намайг ажлаас халсан гэж үзэж байгаа. Тийм учраас энэ тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд  даалгаж өгнө үү“ гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... Хариуцагч талаас нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнд хариу тайлбар бичгээр өгсөн. Хариу тайлбарын агуулгыг харахад маргаан бүхий тушаалыг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай харагдаж байна. Хариу тайлбарт нэхэмжлэгчийн албан тушаал байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд хэцүү байна гэснээс биш ажлаас халах тушаал нь үндэслэлтэй гэдгийг нотолсон тайлбар ирүүлээгүй. Ийм тайлбар ирүүлснийг харахад ажлаас халах тушаалынхаа хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм болов уу гэж харагдаж байна. Маргаан бүхий акт дээр Төрийн болон албаны нууцын тухай хуультай холбоотой зүйл байхгүй байгаа. Г.Гтыг ажлаас халах тушаал гарах үед л хууль  хэрэглээ болон үйл баримтын хувьд тодорхой болсон байх ёстой байсан. Гэтэл шүүх дээр маргаан үүссэний дараагаар шинээр зөрчлүүд нэмж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“...Төрийн нууц, байгууллагын нууц ямар ялгаатай вэ? Маргаан бүхий захиргааны акт нь Т газрын дарга Ц.Дгийн гаргасан 2017 оны 2 дугаар  сарын 20-ны өдрийн Б/1 дугаартай ажлаас халах тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.6, 9.3.7 гэсэн хоёр эрхийн актыг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр талын маргаан дээрх хоёр эрхийн актын хүрээнд явагдах учиртай. 

Ажлаас халах тушаал дээр тушаах нь гээд “хүмүүсийг доромжилж харьцдаг, 5 хоногийн амралтын мөнгийг илүү авсан” гэх мэт зөрчлийн шинжтэй маш олон зүйлүүдийг бичсэн байдаг. Би өмгөөлөгчийн хувьд эдгээр зөрчлүүдийг нотлох баримтаар баталсан зүйл байхгүй байна гэж үзэж байна. 

Т газрын дарга Ц.Д нэхэмжлэгч Г.Гтыг “чи хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ нотол, 5 хоногийн цалин илүү авсан гэдгээ хүлээн зөвшөөр, илүү авсан цалингаа төл” гэх мэтийн хууль бус шаардлагууд тавьсан нь тодорхой байдаг. Ажлаас халах шийдвэр нь хууль зүйн үндэслэл байхгүй, бусдын эрх ашгийг хохироосон шийдвэр гэж үзэж байна.” гэв. 

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Бусдыг хэл амаар доромжилдог, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж амралтынхаа хугацааг хууль бусаар нэмэгдүүлсэн тооцоог гаргаж өгснөөр 2013-2017 онуудад жил бүр 5 хоногийн амралтын мөнгө буюу нийт 383.283 төгрөгийн төсвийн мөнгийг завшсан, албаны мэдээллийг бусдад задруулсан тус хамгаалалтын захиргааны Газрын ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Гтыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 2 дугаар  сарын 20-ны өдрийн “Ажпаас халах тухай" Б/1 дугаар тушаапаар ажлаас халсан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 658 дугаар “Г.Гт төрийн албаны болон бусад холбогдох хууль зөрчиж байгаа талаар” БОАЖ-ын сайд Д.О*******д хандсан албан бичиг явуулсны хариу БОАЖЯ-ны Ёс зүйн хорооны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11/54дугаар “Төрийн албаны тухай хуулийн 26.3 дахь заалтыг үндэслэн төсвийн захирагч өөрөө шийдвэрээ гарга” гэсэн дүгнэлт ирүүлсэн.

Г.Гтын оронд газар ашиглалт хариуцсан мэргэжилтнээр хүн аваагүй ба БОАЖЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлд хандан ажлын байрны сул орон тоо гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалт зарлуулах хүсэлтээ өгсөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 11 дүгэээр 28-ны өдрийн 10/7307 тоотоор газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Г.Гтын ажлыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Г, мэргэжилтэн Ц.Т, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.А нарыг байлцуулан ажил хүлээлцэх комисс байгуулж, ажил хүлээлцүүл гэсэн албан бичиг ирсний дагуу 2017.11.29-ний өдөр дээрхи бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус хамгаалалтын захиргааны аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Б*******д ажлыг нь хүлээлгэн өгсөн.

2017 оны эхний хагас жилийн ажлын тайланг дүгнэхэд Г.Гт нь үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй ба гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч ажлаа сайн дураар хүлээлгэн өгсөн.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... Ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл нь буюу Г.Гтыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.6.3, 9.6.4-т заасны дагуу ажлаас халсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасны дагуу тус хуулийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах арга хэмжээ авсан. 

Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг шат дараалан авалгүй, шууд ажлаас халах болсон нь дараах үндэслэлтэй байна. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ. 13 дугаар зүйлийн 13.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.7-д: “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах” гэж заасныг зөрчсөн. Тухайлбал дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн нь дараах байдлаар нотлогдож байна. “Төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үүрэгтэй” гэж заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн нууцад дараах мэдээллийг хамааруулна. 13.1.3-д “батлан хамгаалах болон улсын хил хамгаалах зориулалттай болон энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан байр зүйн зураг”, 13.1.3-т “улсын болон батлан хамгаалах нөөцийн бодит хэмжээ, байршил, тайлан, санхүүжилтийн тухай мэдээлэл”, 13.1.5-т “улсын онц чухал болон тусгай объектын байршил, олгосон газрын нэр, зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээлэл”-ийг зөрчсөн байна. 

Төрийн болон албаны тухай нууцын хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараах нийтлэг үүрэг хүлээнэ. 27.1.1-т “төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх”, 27.1.2: “танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх”, 27.1.3-т “төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж тус тус заасан. 

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолоор баталсан Төрийн нууцын жагсаалтын “А” хэсгийн 2 дахь заалтад “Улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий объектын байрлал, улсын тусгай хэрэгцээнд орсон газар нутгийн зураг, жагсаалт, холбогдох мэдээлэл, баримт бичиг”, 28 дахь заалтад “Улсын онц чухал болон тусгай объектын байршилд олгосон газрын нэр, зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээллийг тус бүр 20 жилийн хугацаатайгаар”, “В” хэсгийн 72, “Ё” хэсгийн 13, 49, 52, “И” хэсгийн 8, “Я" хэсгийн 13-т “Төрийн тусгай хамгаалалтай газар нутгийн байршил онцгой хамгаалалттай объектын газрын зураг, байршил зэрэг нь улсын нууцад хамаарна” гэж заасныг тус тус зөрчсөн. 

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон ч  үүнээс өмнө гаргасан зөрчилд хамаарна. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 32-т зааснаар 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг нь төрийн нууц байна гэж заасныг зөрчсөн. Байгууллагын дотоод журмын  13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг хүндлэн дээдлэх гэсэн заалтыг зөрчсөн нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдож байдаг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“...Ажлаас халах тушаалд “иргэдийг доромжилдог, ирсэн бичиг баримтыг бүртгэдэггүй, стандарт журмын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй” гэх мэт хэд хэдэн зөрчлүүдийг заасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх зөрчлүүдтэй холбоотой баримтууд байхгүй байна гэж байна. Гэтэл иргэдээс дээрх зөрчлүүдтэй холбоотой гомдлууд ирсэн байдаг. Иргэдээс гаргасан гомдлыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүдтэй холбоотой шүүхэд хандсан иргэн ч байгаа. Байгууллагын 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаан дээр Г.Гт өөрөө ч хэлдэг “харин тийм ээ би хүмүүстэй эвгүй харилцаад байдаг юм байна лээ” гэдэг. Дээрх тайлбараас нь үзэхэд нэхэмжлэгч өөрөө тухайн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын дэргэдэх зөвлөлийн 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дарга Ц.Д “манай байгууллагын бичиг баримт замбараагүй байна. Бичиг орж ирэхээр хэн оруулж ирсэн мэдэгдэхгүй байна” гэсэн байдаг. 

 Эмнэлгийн магадалгаатай холбоотой асуудал байдаг. Нэхэмжлэгч гэмтсэн гэсэн байдаг. Гэтэл уламжлалт анагаах ухааны эмнэлгийн эмчийн хүчингүй болсон тамгыг магадалгааны бичиг дээр дарсан зөрчил илэрсэн. Нэгэнт тамга, магадалгаа нь хуурамч юм бол энэ нь ажил тасалсан үйлдэл юм. Энэ зөрчлүүд дээр тулгуурлан энэхүү актыг гаргасан байдаг” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д: “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд... нэхэмжлэл гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д: “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо ... дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч иргэн Г.Гт нь маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “хуульд заасан эрх үүсээгүй байхад шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан“ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/1 дугаар тушаалыг  нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар тодорхойлсон ба уг захиргааны актаар нэхэмжлэгчийг удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, захиргааны байгууллагаас сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс зөрчлүүдийг нотлох баримтаар баталсан зүйл байхгүй, Г.Гтыг ажлаас халах тухай тушаал гарах тухайн үед үйл баримтын хувьд болон хууль хэрэглээний хувьд тодорхой болсон зөрчлүүд дээр арга хэмжээ авах ёстой атал ийнхүү хэрэгжүүлээгүй, холбогдох дүрэм журмын дагуу үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй байхад ийнхүү сахилгын шийтгэл ногдуулж, нотлогдож тогтоогдоогүй баримтаар үндэслэлгүй ажлаас халсан нь хууль бус гэж маргаанаа тодорхойлж байгаа бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг бусадтай хүндэтгэлгүй харьцдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хүний нөөц хариуцан ажиллаж байсан давуу байдлаа ашиглан өөрийн ээлжийн амралтыг илүү хугацаагаар тооцож мөнгө завшсан, хуурамч эмнэлэгийн магадлагаа гаргуулж ажил тасалсан зэрэг нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон, сахилгын шийтгэлийг шат дараалан авах шаардлагагүй байсан, захиргааны акт хуульд нийцсэн зэргээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байв.

Маргаан бүхий захиргааны акт  нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлйин 26.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.6, 9.3.7, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.7, БОАЖЯ-ны Ёс зүйн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11/54дугаар дүгнэлт, даргын дэргэдэх зөвлөл болон хамт олны өргөтгөсөн хурал зэргийг үндэслэн гарчээ. Энэхүү захиргааны актын хууль зүйн үндэслэлийг авч үзье.

Хариуцагч буюу захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг шийдвэрийнхээ үндэслэл болгосон ба энэ нь “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийн нэг төрөл байна. Уг шийтгэлийг ногдуулахын тулд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцлийг хангах ёстой бөгөөд уг зүйл, хэсэгт: “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”; 

Хөдөлмөрийн дотоод журмын  9.3.6-д: “төрийн үйлчилгээ явуулж байгаа алба хаагчдын иргэд, бусад ажиллагсадтай ёс бусаар харьцах, доромжлох, гуртаах зэрэг үйлдэл нь ажлаас халах хүртэл арга хэмжээ болно”, 9.3.7-д: “бичиг хэргийн ажилтан ирсэн бичгэнд карт наан удирдлагад танилцуулсны дараа мэргэжилтнүүдэд хуваарилан гарын үсэг зуруулан өгч хугацаатай бичгүүдийг шаардаж авна. Удирдлагад танилцуулахгүйгээр мэргэжилтнүүдэд ирсэн бичиг тараавал ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авна”;

Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.7-д: “баримт бичгийн бүртгэлийн дугаар нь түүнийг бичиг хэрэгт бүртгэх үед олгосон тооны болон үсэг тооны холимог индекс болно. Баримт бичгийн бүртгэлийн дугаар нь зохион байгуулалтын нэгжийн индекс, тухайн баримт бичгийн бүртгэлийн дугаараас бүрдэнэ .... огноо байхгүй, бүртгэлийн дугаар аваагүй баримт бичгийг гадагш явуулахыг хориглоно”;

БОАЖЯ-ны Ёс зүйн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11/54дугаар дүгнэлтэд : “иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн гомдол нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд заасан заалтыг зөрчсөн нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг үндэслэн Т газрын дарга Төсвийн шууд захирагчийн хувьд өөрөө шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнэв” гэжээ.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад  “даргын дэргэдэх зөвлөл болон хамт олны өргөтгөсөн хурал”-ыг үндэслэсэн гэх бөгөөд хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 8 сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд : “...эцэст нь Г.Гт ээлжийн амралтаа эдэлж байгаа хүн дээр яригдаж байгаа асуудал учраас арга хэмжээ авч болдог болдоггүй талаар яаманд танилцуулж, ТЗУГ, болж өгвөл сайдаас зөвлөгөө, чиглэл авъя...”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олны 2017 оны 9 сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд  бүхэлдээ нэхэмжлэгчийн талаар авч хэлэлцсэн байх бөгөөд уг тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын талаар ямар шийдвэрийг тухайн үед гаргасан нь тодорхой бус байна.

Шүүх маргаан бүхий захиргааны актыг зөрчлийн шинж байдалд тохироогүй, зөрчил нэг бүрийг шалган тогтоогоогүй, бодит байдалд тохироогүй шийдвэр байна, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэлээ. Яагаад гэвэл, ажлын хэрэгцээний комьпютерийг бусдад ашиглуулан, өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан гэх зөрчил нь гэрч Д.Г*******, М.А*******ын мэдүүлгээр няцаагдаж, архив, бичиг хэргийн ажилтанд хамаарах хөдөлмөрийн дотоод журмын зарим заалтыг мэргэжилтэн Г.Гтод сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй, энэ талаар тогтоосон баримт байхгүй, амралтын олговроос илүү мөнгийг өөртөө завшсан гэх зөрчлийг мөн тогтоогоогүй байна. Ажилтныг ажлаас халах зорилгоор бүх зөрчлийг түүвэрлэн актдаа дурдсан, хэрхэн ямар шалтгааны улмаас яагаад ийм зөрчил гарах болсон, уг зөрчлүүдийг сануулах байдлаар засах арга хэмжээг захиргаа хэрхэн хэрэгжүүлсэн зэрэг нь тодорхойгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас халагдахгүй байх Төрийн албаны тухай хуульд /27.2.1/ заасан баталгаа, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим зэрэг нь зөрчигдсөн байна.

Түүнчлэн захиргааны байгууллага болох Т газрын дарга нь сахилгын шийтгэл ногдуулах тухай буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26.9-д: “сахилгын шийтгэл ногдуулах... түүнд гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэснээр Засгийн газрын 1996 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан журмыг   одоо хүчин төгөлдөр үйлчилж байгааг анхаарч, уг журамд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгах, зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, нэмэлт тайлбар хийх зэрэг эрхүүдийг хангаагүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай байна гэж шүүх дүгнэлээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тухай захиргааны үйл ажиллагааны зарчим,  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох ажиллагаа тус тус зөрчигджээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүүгүй хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй талаарх хуулийн заалт зарим талаар зөрчигдсөн гэж шүүх үзлээ. Захиргаа 2017 оны 8 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Г.Гт нь сахилгын зөрчил бүхий асуудлуудыг өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актад тусгагдсан зөрчлүүдийг гаргаж байгаа талаар тодорхой ярьж хэлэлцэн зарим зөрчлүүдийг илрүүлсэн гэж үзэхээр, мөн “2013-2017 оны ээлжийн амралтын олговрыг давуу байдлаа ашиглан илүү авсан” гэх сахилгын зөрчилд ногдуулах дээрх хуулийн “зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүүгүй хугацаа өнгөрсөн бол” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэ хугацааг анхаарч шийдвэрээ гаргаагүй хэмээн үзэхээр байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр бодитой, биелэгдэх боломжтой байх зарчмыг баримтлан хэдийгээр ажил олгогч хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч, тухайн байгууллагын орон тоо, цалингийн санд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт ёсоор түүний хэрэгжүүлж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байгааг шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан зэрэгт дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал, одоогийн бүтцэд хамаарах нэршлийн албан тушаалд томилох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан талаарх шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн тул үүний үр дагаврыг шийдүүлэхийг хүсэж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 6.218.280 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай” шаардлага мөн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Г.Гтын эрхэлж байсан албан тушаал болох Газар ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд нэхэмжлэгч нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д: “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг хамтад нь хэрэглэж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заажээ. Шүүх нэхэмжлэгч Г.Гтыг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож тухайлсан албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн тул хуулийн энэ заалтыг хэрэглэж, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д: “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” хэмээн хохирол шаардах эрхийг хуульчилсан, шүүх захиргааны байгууллагын гаргасан актыг хууль бус гэж үзсэн, нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй “цалин” нь нэхэмжлэгчийн хувьд ямар нэг байдлаар ирээдүйд олох байсан орлого эсхүл, дам байдлаар үүссэн хохирол бус, харин түүнд учирсан бодит хохирол байна гэж үзэж, мөн уг хуулийг хэрэглэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Тэгэхээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр , цалингийн түүвэр  ёсоор үндсэн цалин 628344 төгрөг дээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд цалингийн 25% буюу 157086 төгрөг, зэргийн нэмэгдэлд цалингийн 15% буюу 94252 төгрөг нийт 879682 төгрөгийг ажиллаагүй хугацаа болох 2017 оны 10 сарын 20-оос 2018 оны 3 сарын 21 хүртэлх хугацаагаар тооцож 4439904 төгрөгийг гаргуулж, хавсран ажилласны нэмэгдэл, хоолны хөнгөлөлт зэрэгт хамаарах үнийн дүнг оруулж тооцсон зөрүү мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д: “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, мөн зүйлийн 101.2-т: “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж хуульчилснаар хариуцагч  нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албанаас халагдахгүй байх эрхүүдийг зөрчсөн буруутай байх тул хохиролд тооцон нэхэмжилсэн ажиллуулаагүй үеийн цалинг ажилласнаар тооцон хариуцагчийн ажиллаж буй захиргааны байгууллагын санхүүгээс гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласан ба уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өөрийн ажилтнуудад хоолны хөнгөлөлтөнд сар бүр олгодог мөнгөн дүнг болон нэхэмжлэгч нь ажиллаж байхдаа авч байсан хавсран ажилласны нэмэгдлийг тус тус нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдэлд оруулахгүй болохыг тэмдэглэж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус хуульчилж өгсөн байна. Хариуцагч байгууллагад хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг тус тус харгалзан шаардлагын энэ хэсгийг мөн ханган даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилаж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно. Уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гтын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/1 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Г.Гтыг урьд эрхэлж байсан албан тушаал болох Газар ашиглалт хариуцсан /Газар зохион байгуулалт/ мэргэжилтний албан тушаалд томилохыг Т газрын дарга /Ц.Д/-д даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гтын нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн олговроос илүү нэхэмжилсэн 1778376 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний ажиллаагүй хугацааг 2017 оны 10 сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 сарын 21-нийг хүртэлх хугацаагаар тооцож, 4439904 /дөрвөн сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч / Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН