| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2015/09489/И |
| Дугаар | 001/ХТ2018/01679 |
| Огноо | 2018-11-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/01679
“С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00844 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1359 дүгээр магадлалтай
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Б” ХХК, “Ө” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох
Гэм хорын хохиролд 164 413 000 төгрөг гаргуулж, үерийн усны шуудууг техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэпүрэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани 2012 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд газар худалдан авч, үйлдвэрийн байр байгуулан авто угаалга, хуванцар хоолойн үйлдвэрлэлийн шугам тохиргооны ажил хийж, 2014 оноос бүтээгдэхүүн гаргаж, үйлдвэрлэл явуулж эхэлсэн. 2014 онд нийт 7 232 400 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан. 2014 оны 4 дүгээр сараас манай үйлдвэрийн барилга байгууламжийн урд талд “Б” ХХК нь шинээр барилгын ажил эхлүүлсэн бөгөөд замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоороо булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5, 9 дүгээр саруудад удаа, дараа замын гадаргуугийн цугласан ус замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон. Энэ талаар 1900-1200 утсанд удаа, дараа хандан гомдол гаргасан ба барилгын захиалагч Ч.Өлзийсайханд утсаар ярьж, арга хэмжээ авахыг шаардсан. Энэ дагуу “Б” ХХК ус зайлуулах хоолой хийсэн боловч тэр нь чанарын шаардлага хангаагүйн улмаас бөглөрч, манай ажлын байр луу дахин ус орж ирснийг бид өөрсдийн хүчээр цэвэрлэж, үйлдвэрлэлийн ажлаа үргэлжлүүлж байсан. Үүнээс гадна “Б” ХХК-ийн урд талд Өн цаг нэртэй төв ажилладаг болсон бөгөөд өөрийн талбайд автомашин оруулахын тулд үерийн даланд суваг цутгаж гаргасан боловч тэр нь ус нэвтрүүлэхдээ хангалтгүйгээс үргэлж бөглөрч байдаг болсон. Тэр үед “Ө” ХХК барилгаа барьсан, 70-ын диаметртэй сувгийн ус зайлуулах хоолойг хийсэн. Өөрийнхөө караоке болон дэлгүүр рүү машин оруулах зорилгоор хоолойг цутгаж хийсэн. Тэр нь бөглөрөөд усанд автаад байж байсан. Ингээд 2014 онд “Т” ХХК барьсан. Замын гадаргуу дээрх ус зайлуулах хоолойн чиглэлийг өөрчилсөн. Замын 2 талд нэлээн өргөн, нэлээн өндөр суваг замын доогуур шуудуугаар урсдаг байсан ба тэрийг “Б” ХХК болон “Т” ХХК нар өөрчилсөн. “Т” ХХК 90 см хүрэх үгүйтэй төмөр хоолой тавьсан. “Б” ХХК нь жалганы аман дээр 1500-ын диаметртэй хоолойг 1000 болгож нарийсгаад, 90 градусын огцом эргэлт хийсэн. Тэр үед хийж болохгүй, үер их ордог гэж Өлзийсайхантай би уулзаж хэлж байсан. 90 см-ын хоолойг өөрсдөө газар доор цутгасан. Тэгээд 1000-ын кольцонууд нийлүүлээд тавиад явсан. “Б” ХХК өөрийн хашаагаа бариад, залгаад “Ө” ХХК байрладаг. “Ө” ХХК нь 50 см, 1000 диаметртэй кольцонууд өөрсдөө цутгасан. Гол зорилго нь төв замаас шууд өөрийн талбай руу автомашин тавих талбай бэлтгэсэн. “Ө” ХХК-ийн хийсэн кольцонууд хоорондоо их завсар зайтай, шороо ордог байсан. 2016 онд шороо асгаж дүүргээд бетондсон. Тэгээд үерийн усны даланг өөрсдийн машины зогсоол болгосон. 2016 онд 70 см-ын хоолойгоо дахин ухаж аваад өөд өөдөөс нь хавсраад тавьсан. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бороо орж, тэр үед “С” ХХК, “Б” ХХК, “Ө” ХХК болон тэр хавийн айлууд бүгд усанд автсан. “Т” ХХК замын эсрэг талд өндөржилт ихтэй учир усанд автаагүй. Эдгээр байгууллагууд дур мэдэн шаардлага хангасан зураг төсөлгүй, өөрсдийн эзэмшил газар биш, нийтийн эзэмшлийн шуудуу байсныг өөрчилснөөр манайд хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч нар сувгийг өөрчлөхдөө техникийн нөхцөл авах ёстой байсан. Эндээс хэр зэрэг ус ирэх, тэр усыг хэдэн см-ын диаметртэй хоолойгоор дамжуулах уу гэсэн тооцоолол хийлгэх байсан. Замын доогуур байгаа хоолойноос нарийсгаж хийсэн. 90 градус эргүүлсэн нь үерийн үеэр даралттай ус дамжиж явахгүй, хоолой нь буудсан. Хол зайтай хамааралгүй зүйл бол биш. “Ө” ХХК-ийн шуудуу өөрсдийнх нь хашаанд, зам дагуу ус зайлуулах шуудуу “Б” ХХК-ийн хашаанд, замын нөгөө талд “Т” ХХК шуудууны аманд байрлаж байгаа. Мэргэжлийн байгууллагаас техникийн нөхцөлөө аваад, олгосон нөхцөлийнх нь дагуу зураг төслөө зуруулаад хийлгэхийг хүсэж байна. Замын доогуур явж байгаа диаметрээс буулгахгүй байх хэрэгтэй. Үүнийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Манайд учирсан гэм хорын хохирол 161 413 000 төгрөг юм. Тоног төхөөрөмжийн хохирлын үнэ 86 440 000 төгрөг, түүхий эд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний үнэ 69 113 000 төгрөг, ажлын байрны нөхөн сэргээгдэх өртөг 5 860 000 төгрөг болно. Энэ хохирлыг 3 хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 6 дугаар гудамж, иргэн Б.Өлзийсайхан, Л.Сансар нарын эзэмшлийн газар дээр 80 айлын орон сууцыг барьж гүйцэтгэн, иргэдийн оршин суух нөхцөлийг бүрдүүлэн улсын комисст амжилттай хүлээлгэн өгч ажилласан. Манай компанийн барьсан барилга нь иргэн Б.Өлзийсайхан, Л.Сансар нарын эзэмшлийн газар байсан бөгөөд анх байсан үеэсээ эхлэн тухайн газар нь үер усны онцгой бүсэд байрладаг, байнгын үерт автдаг автозамаас нам дор газар байсан. Үер усны гамшиг олон жил болж байсан газар бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшил газар мөн адил энэ аюултай бүс газарт байрлаж, хэд хэдэн талаасаа усанд автаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин бид иргэд болон барилгын аюулгүй байдлыг хангахын тулд барилгын орчмын газрыг 2 метрээр өндөрлөж, “Ө” ХХК-ийн хийсэн үерийн усны хоолойн төгсгөл хэсгийг автозамын доорх нүхэн хоолой руу холбон 2000-н шугам хоолойг барьж гүйцэтгэснээр тухайн орчинд үер усны аюул гарах эрсдэлийг бууруулсан тодорхой бодитой ажил болсон юм. Мөн автозамын ус зайлуулах сувгийг үерийн ус зайлуулах шугам руу холбосон зэрэг өөрсдийн хүч, хөрөнгөөр төрийн хийгээгүй ажлыг бид гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанийг ... замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоороо булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5, 9 дүгээр саруудад удаа, дараа замын гадаргуугийн цугласан уг замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон" гэж үндэслэлгүй гүтгэж, байнгын үерт автдаг, нэн аюултай бүсэд байрладаг байснаа мартаж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл манай компани нэхэмжлэгч компанид аливаа гэм хор учруулаагүй, гэм буруутай үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа үерийн усны шуудууг холбогдох байгууллагын хяналтын дор техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг батлуулан, шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж, өөрчлүүлэх хэмээн нэмэгдүүлсэнд хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, гэм буруугүй бөгөөд байгалийн давагдашгүй хүчний улмаас бусдад учирсан хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн “Б” ХХК нь орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгч бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу ажил гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл үерийн усны суваг шуудууг өөрийн хөрөнгө, мөнгөөр гүйцэтгэж учирч болох аюул, үерийн усны гамшгийг багасгах талаар арга хэмжээ авч ажилласан бөгөөд энэ нь хэн нэгний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө” ХХК-ийн харьяа Өн цаг төв нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 2012 оны 1 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайн орчиндоо хамгийн анх байгуулагдсан газар юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг Өн цаг төв нь “С” ХХК-ийн барилга байгууламж баригдсаны дараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн газар биш болно. Хариуцагч болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй тус газрын байдал нь нам дор, үер усны онцгой бүс ба ердийнхөөс илүү хэмжээний бороо ороход л байнга үерт автаж, борооны устай хамт урсан орж ирсэн лаг шавар, хог хаягдлын улмаас байнга усаар дүүрдэг газар бөгөөд бид өөрийн хөрөнгөөр болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн уснаас хамгаалах сувгийг барилгынхаа урдуур хийж, хашаагаа бетон болгох гэх мэтээр хамгаалах бусад арга хэмжээг авч, улмаар урсаж орж ирсэн хог хаягдлыг дан ганц өөрийн хүчээр зайлуулж, цэвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч болон тэр орчимд үйл ажиллагаа явуулж буй газруудаас тусалж, хамтран ажиллаж байсан удаагүй атлаа суваг бөглөсөн мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж болзошгүй үер усны онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг хирнээ үерийн уснаас эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, үерийн уснаас учрах хор хөнөөлийг багасгах ямар ч арга хэмжээг аваагүй бөгөөд улмаар өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж учирсан хохиролдоо эргэн тойрондоо үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг буруутгаж байгаа нь зүйд нийцэхгүй явдал болно. Тухайн үерийн онцгой бүсэд Өн цаг төв, “С” ХХК, “Б” ХХК барьсан орон сууцны барилга, шатахуун түгээх станцын барилга гэсэн объектууд байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрөө л биш бол өөр хэн нэгэн, хэн нь ч хамаагүй надад учирсан хохирлыг төлөх ёстой гэсэн байдлаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэр бүхий байгууллагуудыг хариуцагчаар татсан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан 2014 оны 5, 7, 9 дүгээр саруудад үйлдвэр нь усанд автах үед замын гадаргуугийн ус зайлуулах шуудуу чухам хаана бөглөрч, хэнийх нь буруутай үйлдлээс болсныг тухайн үед газар дээр нь шалгасан Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид тогтоосон атлаа тус компанийг үндэслэлгүйгээр буруутган, хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компани өөрсдөө хууль зөрчин үерийн усны аман дээр байдаг бөгөөд үерийн усны хамгаалалт ус зайлуулах инженерийн байгууламжийг шийдэлгүй барилга байгууламжаа барьсан нь бусдыг буруутгах үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлдээ: ...дээрх газрууд зохих байгууллагын зөвшөөрөлгүй, ямар ч зураг төсөлгүй дур мэдэн өөрчилсөн үерийн далан шуудууг стандартын дагуу хийлгэхийг шаардан газруудад хандсан, албан шаардлагыг хүлээн авсан боловч огт ажил хийгээгүй... гэжээ. Энэ нь бодит үнэн байдалд огт нийцэхгүй юм. Учир нь манай компани шатахуун түгээх станцаа барихдаа мэргэжлийн зураг төслийн компаниар хийлгэн, холбогдох байгууллагуудаар батлуулсан. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн борооны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчидтай манай менежер уулзан зураг төсөл болон холбогдох бичиг баримтуудаа танилцуулсан бөгөөд байгууламжаа газар дээр нь үзүүлсэн ба манай компанид дахин энэ асуудлаар хандаагүй болно. Тухайн байршлыг товчхон хэлэхэд 3 замын уулзвар дээр байдаг. Үерийн усны онц аюултай бүс бөгөөд зүүн талдаа уулархаг, өндөр учир ус их орж ирдэг. Баруун талаасаа Баянхошуу, телевизийн уулзвар орж ирдэг байршилтай. Замын эсрэг талдаа “Т” ХХК байрладаг, манай хойд талаар далан байдаг. 2015 оны 7 дугаар сард болсон бороо бол байгалийн гамшиг болсон гэж үздэг. Тухайн үеийн онцгой байдлын илтгэх хуудас, хавтас хэрэгт авагдсан бичлэг байгаа. Үндсэн нэхэмжлэлд дур мэдэн барилга байгууламж барьсан гэж буруутгадаг. Манайх газар эзэмших гэрчилгээний дагуу шатахуун түгээх станцыг 2013 онд барьсан. Үүийг зураг төсөлгүй барьсан гэж байгаа нь үндэслэлгүй. Зохих байгууллагуудаас батлагдсан зураг төслийн дагуу хийсэн нь хавтас хэрэгт тайлбартайгаа байгаа. Манай зураг төсөл болон ус зайлуулах байгууламжийн зураг төслийг “Престиж инженеринг” ХХК гэх мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн. Тэр үед зураг төслийг баталгаажуулдаг байгууллага нь Улаанбаатар нэгтгэл гэж байгаагүй Барилга хөгжлийн төв гэж байсан. 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт гаргасан байдаг. Энэ мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу Шатахуун түгээх станц болон ус зайлуулах байгууламжийг хийлгэсэн. Шатахуун түгээх станц нь өөрөө онцгой бүсэд хамаардаг. Энэ хавь өөрөө үер усны аюултай бүс учир албан байгууллага, айл өрхүүд бүгд дор бүрнээ хамгаалах арга хэмжээ авдаг. Хуулиар ч гэсэн ийм үүрэгтэй. Бодит байдалд “Т” ХХК замын эсрэг талд ус зайлуулах хоолойн гаралтын хэсгийг хариуцдаг. Дээрээс ирсэн усыг гаралт хэсэгт чөлөөтэй нэвтрүүлэх үүрэг хүлээдэг. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь үзээд хамааралтай хэсгийн даалгаврыг өгдөг. Бид үүрэг даалгавраа зохих ёсоор биелүүлж ирсэн. Энэ үйл явдал болсны дараа мэргэжлийн байгууллагууд ирж шалгахад “Т” ХХК нь шууд хамааралгүй юм гэсэн. Хашлагаа давж ирж байгаа ус бол хуримтлагдсан хог, сул шороо зэрэг нь оролтын хэсэгт бөглөрөөд дамжуулах сувгийг хааснаар үүсэж байгаа учир хүний хүчин зүйлээс болсон зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралгүй зүйл байна. Учир нь ус зайлуулах байгууламжгүй зам тавигдсан. Энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага төсвөө батлаад шийдэх ёстой ба Улаанбаатар нэгтгэлд үүрэг өгсөн байдаг. Гэтэл одоо хүртэл шийдэж өгдөггүй. Мөн дүүргийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн газар хариуцах ёстой. Гэм хорын хохирлын үнэлгээг тогтоохдоо эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. “Т” ХХК нь мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу баригдсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шууд хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00844 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХК нараас гэм хорын хохиролд тус бүр 53 804 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 53 804 333 төгрөгийн, хариуцагч “Т” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХК нарт үерийн усны байгууламжийг зохих хууль, стандартын дагуу барьж байгуулахыг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 035 215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 426 972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, шинжээчийн зардалд “С” ХХК, “Б” ХХК, “Ө” ХХК нараас тус бүр 1 000 000 төгрөг гаргуулан шинжээч Г.Нансалмаа, С.Төмөрбат нарт олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1359 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00844 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б” ХХК-иас төлсөн 427 000 төгрөг, “Ө” ХХК-иас төлсөн 427 000 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж миний бие давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1359 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
...Магадлалд “... шинжээчээр томилогдсон Г.Нансалмаа, С.Төмөрбат нар нь талуудын маргааны зүйл болох ус зайлуулах хоолой, үерийн байгууламжийг стандартын дагуу хийгдсэн талаарх дүгнэлт гаргах тусгай мэдлэг чадвартай болохыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай. Гэтэл шүүх шинжээчээ томилж байгаа этгээдийн хувийн байдлыг тодруулаагүйгээс гадна тэдгээрийн мэргэжил ур чадварын талаар нотолсон баримтгүй байхад тэдгээрийг шинжээчээр томилсон нь буруу байна” гэж дурдсан. Анхан шатны шүүх дээрх шинжээчдийн тусгай мэдлэг чадвар, туршлага, ажилласан жил болон бусад шаардлагатай бүх асуудлыг тодруулж асуусан талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь талд авагдсан бөгөөд уг баримтыг давж заалдах шатны шүүх бодитой үнэлээгүй. Шинжээчийн танилцуулга, хуульд тайлбарласан баримтууд хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүгч болон шинжээчид гарын үсгээ зурсан байна.
Магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан гэж дүгнэсэн боловч уг дүгнэлт нь үндэслэлгүй. Хариуцагч нар шинжээчийн мэдлэг чадвартай холбоотой асуудлаар бус, тухайн дүгнэлтэд дурдагдсан асуудал “илтэд алдаатай, бодит байдалд нийцээгүй, үнэн зөв хийгдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй” гэсэн үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргаж байсан байдаг.
Анхан шатны шүүх дахин шинжилгээ хийлгэх тухай хариуцагч нарын хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн, шийдвэрлэсэн байдаг, дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй болох нь хэрэгт авагдсан зарим нэгэн нотлох баримтаас тодорхой харагддаг.
Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1359 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “С” ХХК нь “Б” ХХК, “Ө” ХХК, “Тэс петролиум” ХХК-иудад холбогдуулан гэм хорын хохиролд 164 413 000 гаргуулж, үерийн усны шуудууг 2000 мм-ийн диаметртэй хоолойгоор, техникийн нөхцлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч “Тэс петролиум” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК, “Ө” ХХК-иас тус бүр 53 804 333 төгрөг гаргуулан, үерийн усны байгууламжийг зохих хууль, стандартын дагуу барьж байгуулахыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар “Тэс петролиум” ХХК, “Б” ХХК, “Ө” ХХК-иуд нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 6 дугаар гудамжид байрлах өөрийн эзэмшлийн газарт барилгын ажил эхлүүлж, үйл ажиллагаа явуулахдаа үерийн ус зайлуулах шуудууг булж тэгшлэн, үерийн усны чиглэлийг өөрчилсөн, ус зайлуулах хоолой хийх, урд байсан хоолойг сунгахдаа хоолойны диаметрийг нарийсгах, ус зайлуулах сувгийг зохих байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчилж, стандартын дагуу хийгээгүйгээс ширүүн борооны үед байнга бөглөрч, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжоор хязгаарлагдсанаар нэхэмжлэгчийн хөрөнгө байршиж байгаа газарт их хэмжээний ус тогтож, улмаар түүний хөрөнгөд хохирол учрахад нөлөөлсөн гэжээ.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх Усны барилгын зөвлөх инженер Г.Нансалмаа, С.Төмөрбат нарыг шинжээчээр томилж, шинжээч нь “барилга байгууламжийн өндөржилтийн төлөвлөлтийн байдал, үерт автаж буй шалтгаан, үер усны хамгаалалтын байгууламжийн хийц байдлын талаар” дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болжээ.
Дээрх дүгнэлттэй холбогдуулан шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа “...анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 20 дугаар зүйлийн 20.1.-д заасан “...шинжээчээр томилж байгаа этгээдийн хувийн байдлыг тодруулаагүй, тэдгээрийн мэргэжил ур чадварыг нотлосон баримтгүй байхад шинжээчээр томилсон, ...шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ...” гэсэн заалтыг зөрчсөн...” гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтад нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаас гадна хэргийн 201 дүгээр талд авагдсан Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн шинжээчээр ажиллах боломжтой экспертүүдийн нэрсийн жагсаалтад Г.Нансалмаа, С.Төмөрбат нарын нэрс байхгүй байхад шүүх ямар үндэслэлээр дээрх хүмүүсийг шинжээчээр томилсон нь тодорхойгүй, хэргийн оролцогч нарт шинжээчээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг асуугаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 16 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх зөрчлийг хяналтын шатны шүүхээс зөвтгөж, засах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1359 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 696 033 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД