Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01680

 

П.М, М.Э, М.Ч нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаар шийдвэр

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 201/МА2018/00017 дугаар магадлалтай

П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй

Мд холбогдох

2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай Нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.М, М.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч П.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд охиноо оюутан болоход нь Улаанбаатар хот руу шилжиж явсан. 2015 оны 7 сард төрсөн нутаг болох Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3-р багт ирж малчнаар ажиллаж байна. Эхнэр Ж.Энхтуяа гэр бүлийн газрыг бидний зөвшөөрөлгүйгээр аавдаа шилжүүлсэн байсныг 2015 оны 10 сард мэдсэн. Тухайн үед нотариатч Б.А гэдэг хүнтэй хуйвалдаж газрыг бидний зөвшөөрөлгүйгээр авсанд гомдолтой байна. 2003 онд хууль ёсны дагуу өмчилж авсан газрыг хууль бусаар авсан тул нотариатч Б.Аы бэлэглэлийн гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 9 сарын 26-ны өдөр хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Би 1987 онд төрсөн. Тухайн үед буюу 2005 онд 18 насанд хүрсэн байсан. Гэтэл надаас зөвшөөрөл авалгүй ээж Ж.Энхтуяа нь бидний гэр бүлийн газрыг нотариатаар батлуулсан байсныг 2015 оны 10 сард мэдсэн. Би дээд сургуулиа төгссөний дараа ажил хийж байгаад 2009 онд амралтаараа нутагтаа ирсэн. Тэгээд гэрээрээ ороход танай юмыг огт хөдөлгөөгүй бүх юм байрандаа байгаа гэж хэлэхэд байсан. Гэтэл 2015 оны 10 сард аав газрыг минь бусдад шилжүүлсэн байна гэдгийг хэлж мэдсэн. Иймд бидний гарын үсэггүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулж баталсан 2005 оны 9 сарын 26-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгох хүсэлтэй байна. Бид өөрсдийн хашаандаа байшин барьж амьдрах талаараа ярьж байхад хэн ч ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Би энэ асуудал гартал бидний газар, хашаа байшин хүнд шилжсэн гэдгийг мэдээгүй байсан гэжээ.

Нэхэмжлэгч М.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь 2005 оны 9 сарын 26-ны өдөр 21 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай болсон байсан. Гэтэл ээж Ж.Энхтуяа нь М.Э, П.М, М.Ч, миний бие М.Мөнхжаргал нараас зөвшөөрөл авалгүйгээр аав Жамсрандаа газар бэлэглэх гэрээ байгуулан шилжүүлсэн байна. Үүнийг нь нотариатч Б.А гэдэг хүн гэрчилж, бид өмчлөх эрхээ алдчихаад байна. Би 2005 онд 16 настай байсан. Ээж Ж.Энхтуяа нь эрх зүйн бүрэн чадамжгүй М.Мөнхжаргал миний өмнөөс гарын үсэг зурсан байгаагаа надад огт хэлээгүйд гомдож байдаг. Бид 2003 онд Улаанбаатар хот руу явахад би 13 настай байсан. Тэгээд би хотод сургуульд суралцан үлдсэн юм. Биднийг хот руу шилжихэд өвөө Жамсран, эмээ Долгорсүрэн нар нь бидний гэрийг харж үлдсэн. Миний бие 2005 онд хотод сурч байсан тул энэ гэрээ хэлцэл хийгдсэнийг мэдэх боломжгүй байсан. 2015 оны намар аав маань утсаар холбогдож хэлэхэд бидний газрыг бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжсэнийг мэдсэн. Би тухайн үед насанд хүрээгүй байсан ч одоо өмчлөх эрхээ алдаж байгаадаа гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нотариатаар заавал гэрчлүүлэх ёстой. Хэрэв хэлцэлд төлөөлөгчөөр дамжуулан оролцож байвал энэ талаар заавал тодруулж, бичгээр нотолсон баримтыг хавсаргах ёстой талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл Ж.Энхтуяа нь П.М нарын газрыг бусдад шилжүүлэх гэж байгаа тохиолдолд нотариатч нь эдгээр хүмүүс яагаад өөрсдөө ирээгүй болохыг асууж тодруулан, итгэмжлэл шаардах ёстой байсан. Мөн бэлэглэлийн гэрээгээр газар шилжүүлэн авч байгаа Жамсран заавал өөрийг нь ирүүлж гарын үсэг зуруулахыг шаардах ёстой байсан. Иймд тухайн нотариатч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан журмыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой байсан атал баримтлаагүй тул хууль бус үйлдэл хийсэн байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйл 276.4-т зааснаар ...бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр тодорхой эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэхийг бэлэглэлийн гэрээ гэж ойлгоно... гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд бэлэг хүлээн авагч нь заавал зөвшөөрсөн байх ёстой бөгөөд нотариатч дээр өөрийн биеэр ирж хүсэл зоригоо илэрхийлэх ёстой байсан. Гэтэл нотариатч энэ шаардлагыг хангаагүй байхад зөвхөн бэлэглэгчийн буюу Ж.Энхтуяагийн зөвшөөрснөөр бэлэг хүлээн авагчийг ирээгүй байхад бэлэглэлийн гэрээг баталсан хууль бус үйлдэл хийсэн байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.4-т зааснаар нотариатын үйлдэл хийхээс шууд татгалзах ёстой байтал татгалзаагүй байна. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйл 46.2-т зааснаар агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэлт зоригийг илэрхийлж байх ёстой гэж заасан ба хэрэв 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хангахгүй байвал шууд татгалзах үүрэгтэй байсан. Энэ тохиолдолд газрын бусад өмчлөгч нарын хүсэлт зориг тодорхой бус байхад нотариатын үйлдэл хийжээ. Нотариатч хүн хамгийн түрүүнд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай байдаг атал Б.А нь Ж.Энхтуяагийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлтэй эсэх талаар нь огт тодруулаагүй, хууль бус үйлдэл гаргасан. Иймд нотариатын тухай хууль болон бусад хуулийн зөрчсөн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогч нарын мэдүүлгээр, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын даамал Болормаагийн тайлбараар нэхэмжлэгч нар нь нотариатч хууль бус үйлдлээрээ бэлэглэлийн гэрээг батлан газрыг бусдад шилжүүлснийг 2015 оны 10 сарын дундуур мэдсэн байна. Иргэний хуульд зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан байдаг. Шаардах эрх үүссэн үеийг тоолохдоо эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс тоолно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар эрх нь хэзээ зөрчигдсөн гэдгийг гэрч нар болон газрын албаны өгсөн тайлбараас тогтоогдсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нар нь 2015 оны 12 сарын 27-ны өдөр нотариатын хууль бус үйлдлийг бүрэн мэдсэн байна. Иймд Иргэний хуулийн зохицуулалт дээр үндэслэн нэхэмжлэгч нарт 2015 оны 10 сараас эхлэн шаардах эрх нь үүссэн байна. Хөөн хэлэлцэх хугацааг ямар үед тоолох, тоолохгүй талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан байдаг. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хөөн хэлэлцэх хугацаа нь эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.5-д зааснаар эдийн бус хөрөнгөд ...бусдаас шаардах эрх олгох... асуудал орно гэж заасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь 2005 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг баталсан нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлага тавьж байгаа. Иймд шаардах эрх болон шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хууль бус үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа тогтоох ёсгүй. Иймд дээрх Иргэний хуулийн заалтыг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тооцох хэрэгтэй. Хэрэв хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх хэзээ үүссэн бэ гэдгийг тогтооё гэвэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2015 оны 10 сард мэдсэн болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн тайлбарлаж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулиар нотариаттай холбоотой аливаа асуудлыг зохицуулдаг. Нотариатын тухай хуулийн зорилго нь нотариатын үйл ажиллагааны зарчим, нотариатчийн эрх зүйн байдлыг тогтоож, нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Өөрөөр хэлбэл нотариатын үйлдэл хийх гэж байгаатай холбоотойгоор иргэд хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль юм. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллана гэж заасан байдаг. Гэтэл Б.А нь татгалзах ёстой байтал татгалзалгүй үйлчилгээ үзүүлээд байгаа тохиолдолд ёс зүйн дүрмийн дагуу Мийн дэргэдэх ёс зүйн хороо нь хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Нотариатын тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.1-т зааснаар ...Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавина гэж заасан байдаг. Тэгэхээр М нь өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаараа нотариатчдын үйлдэл тус бүр дээр хяналт тавих, удирдах, зохион байгуулах үүрэгтэй ажиллах ёстой. Нотариатын тухай хуулиар М нь нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн байна гэсэн нь Б.А Мын гадна талд үлдэх ёсгүйг харуулж байна. М нотариатчдын мэргэжлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлага, арга зүйн чиглэлээр хангах, нотариатчын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Гэтэл өнөөдөр маш хариуцлагагүйгээр Б.А чинь нас барсан хүн, нотариатын танхимд хамааралгүй, нотариатч гэдэг бол хүнийг хэлж байгаа болохоос нотариатын танхимыг хэлэхгүй гэж ярьж байгаа нь нотариатчдын эрх ашгаа хамгаалж чаддаггүй болохыг харуулж байна. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2-т зааснаар Нотариатын байгууллага нь Танхимын бүх гишүүдийн хурал, Танхим, түүний Удирдах зөвлөл, танхимын аймгийн болон нийслэл дэх дүүргийн тойргийн салбараас бүрдэх бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно гэж заасан байдаг. Иймд бүтэц зохион байгуулалтын хувьд Б.А нь Дорнод аймгийн нотариатчдын тойргийг төлөөлж байгаа нотариатын танхимд шууд харъяалагдаж байгаа хүн байсан. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-т зааснаар Танхимын дэргэд Сахилгын болон Хяналтын зөвлөл ажиллах бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-т зааснаар ...Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдсон бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж ажиллана... гэж заасан. Иймд ёс зүйн зөвлөл сахилгын хороо нь нотариатчдын хууль бус үйлдлийг хянаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Иймд хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх нь 2015 оны 10 сард үүссэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотариатчын үйлдэл нь хууль бус болох нь хангалттай тогтоогдож байна. Мөн хариуцагч субъект биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуульд нотариатын үйл ажиллагаа дуусгавар болох нөхцөлийг заахдаа нас барснаар гэж заасан байдаг. Энэ зөвхөн нотариатын үйл ажиллагааг л дуусгавар болгохыг хэлж байгаа юм. Хуульд зааснаар нотариатын хууль бус үйлдлийг шүүхэд хандан хүчингүй болгуулж болохоор заасан. Иймд П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй 2005 оны 9 сарын 26-ны өдрийн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2005 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг баталсан үйлдэл нь хүчингүй болгох үндэстэй байна. Өөрөөр хэлбэл нотариатч нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.4-т зааснаар үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал татгалзах ёстой гэж заасан байдаг. Нотариатч Б.А нь Ж.Энхтуяаг нэхэмжлэгч нарыг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг мэдэж байсан тул гэрчлэхээс татгалзах ёстой байсан. Гэтэл хоёр иргэний үнэмлэхээр нотариатын үйлдлийг хууль бусаар хийсэн байна. Өмнө нь шийдэгдсэн шүүхийн тогтоол хавтас хэрэгт байгаа ч тэр нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийгдэх ёстой байсан хэлцэл тул үүнийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Иймд тухайн тогтоол нь хэрэгт хамаарахгүй, өөр агуулгатай юм. Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэж байгаа тул сонирхогч этгээдийн хүсэлтээр хууль бус үйлдлийг нь шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Тунгалагтамир шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 оны 9 сарын 26-ны өдрийн нотариатч Б.Аы газар өмчлөх эрхийг бусдад бэлэглэхийг гэрчилсэн 105 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Монголын нотариатчын танхим нь нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар ...нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Тухайн нотариатчдын хийсэн үйлдлийг нотариатч өөрөө хариуцах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан бол хариуцагч гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл М нь өөрийн үйлдлээрээ нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулаагүй тул хариуцагч биш байна. Мөн тус үйлдэл нь 2005 онд болсон атал нотариатч гэрчилснээс хойш 12 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Нотариатч Б.А нь 2006 онд нас барсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж заасан байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Жамсрангийн бага охин нь юм. Хэрэг явдал 2005 онд болсон бөгөөд 3 шатны шүүхээр явж эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал. П.Мын гэр бүл нь 2003 онд Улаанбаатар хот явж хашаа байшингаа зарах зар өгч, манайх авахаар болж мөнгийг нь өгсөн. Энэ мөнгөөрөө Улаанбаатар хотод циркийн хажууд гарааш худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгчид мэдээгүй байх үндэслэл байхгүй. Одоо л эдгээр хүмүүс газраа худалдсанаа мэдээгүй гэж ярьж байна. Энэ маргаан гарсаны дараагаар би намайг залилж байна гээд цагдаагийн газарт өгч шалгуулахад Ж.Энхтуяа нь 3 сая төгрөгөөр гарааш худалдаж авснаа хүлээсэн байдаг. П.М нь Ж.Энхтуяад 3 сая төгрөгөөр хашаа байшингаа зарсан. Тэр мөнгөөрөө циркийн хажууд гарааш худалдаж авсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед цагдаа дээр энэ мэдүүлгүүд байсан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ мэдүүлгүүдийг байхгүй болгосон байсан. Би ээжээрээ Ж.Энхтуяатай утсаар яриулахад Ж.Энхтуяа нь өгсөн авсныг нотлох гэрч байхгүй юм чинь би мөнгө аваагүй гэж хэлсэн ч болно. Би танайхыг 10 жил амьдруулсан юм чинь хөлсөндөө авсан ч болно гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгч нар одоо ч хүртэл тухайн грашийг ашиглаж байгаа. 2015 оны 10 сард мэдсэн гэдэг нь худал. 2013 онд манайх хашаандаа том байшин барьсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. П.М нь манай байшинг хараад танайх шиг гоё байшинтай болох юмсан гэж хэлж байсан. П.М гэр бүлээрээ бүрмөсөн шилжиж явсан. Тэгээд Сэлэнгэ аймагт мал аж ахуй эрхэлж байсан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум нь газар тариалангийн бүс нутаг болсон тул малтай айл байлгахгүй гэж хөөгдөөд 2015 оны 4 сард П.М, Ж.Энхтуяа нар нь манай ах руу ярьж бид нар очих газаргүй боллоо гэдгээ хэлсэн. Тэгэхэд нь манайд хүрээд ир гэж хэлээд 7 сард Сэргэлэн суманд манай ахын дэргэд ирж буусан. Манай ахынх их ядруухан айл. Ирсэн цагаасаа хойш ахыг маань хөөж явуулна гэж их дарамталдаг байсан. 2015 оны 8 сард Ж.Энхтуяа нь орж ирээд энэ хашаанд байшин барина гэж хэлсэн. Тэгэхээр нь би та зарчихаад юу яриад байгаа юм бэ гэж хэлээд байшин барихыг нь зөвшөөрөөгүй. Ж.Энхтуяа нь 82, 83 настай, аав, ээж хоёртой минь их муухай харьцдагийг хүмүүс мэддэг. Гэр орноосоо хөөж, зүй бусаар хэлдэг байсан. Нэхэмжлэгч нар нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Гурван шатны шүүхээр дамжин 2017 оны 6 сарын 19-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Шүүхийн шийдвэрээр Ж.Энхтуяа, Жамсран нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул Ж.Энхтуяа нь бусад хүмүүсийнхээ хохирлыг барагдуулах ёстой. Жамсран нь шударга эзэмшигч байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Мд холбогдох 2005 оны 9 сарын 26-ны өдрийн Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 201/МА2018/00017 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч П.М, М.Ч, М.Э нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаартай шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ны 201/МА2018/00017 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дор дурдсан үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй.

Нэгдүгээрт: Нотариатчийн хууль бус үйлдэл болон нотариатч нас барсан тохиолдолд түүний хийсэн хууль бус үйлдлийг хүчингүй болгох тухай асуудалд үндэслэл муутай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор маргааныг шийдвэрлэхээс зайлсхийсэн, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн тухайд.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “үндэслэх нь” хэсэгтээ: Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 4 дүгээр зүйлийн 4.2, 24 дүгээр зүйлийн 24.1-ийг тус тус дурдаад “Дээрх заалтуудаас үзвэл нотариатчийн хууль бус үйлдэл болон нотариатч нас барсан тохиолдолд түүний хийсэн хууль бус үйлдлийг нотариатын танхим хариуцахаар, Нотариатын танхим нь нотариатчийн үйлдэлд эрх залгамжилж хариуцахаар зохицуулагдаагүй, харин нотариатч нь хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө, бусдад хохирол учруулсан тохиолдолд хариуцлагаа өөрөө хүлээхээр зохицуулсан байх тул Нотариатчийн танхимд холбогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Шүүхээс ийнхүү дүгнэлт хийсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болсон:

1) Нэхэмжлэгчдийн зүгээс Монголын нотариатын танхимыг хариуцагчаар тодорхойлсон ба шүүхээс “хууль бус үйлдэл хийсэн нотариатч нь нас барсан тохиолдолд түүний хийсэн хууль бус үйлдлийг нотариатын танхим хариуцахаар, түүнчлэн Нотариатын танхим нь нотариатчийн үйлдэлд эрх залгамжилж хариуцахаар зохицуулагдаагүй байна” гэж үзэж байгаа тохиолдолд тухайн тохиолдлын харилцааг зөв тодорхойлж, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл шүүх “Нотариатчийн танхимд холбогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор маргааныг шийдвэрлэхээс зайлсхийсэн, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн.

2) Шүүхээс: “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3- т зааснаар нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын шаардах эрхийг хуульчилж өгсөн байна” гэж, мөн “гэрчээр оролцсон Ж.Энхтуяа нь 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр бүлийн гишүүдийн итгэмжлэл болон зөвшөөрөл авалгүйгээр Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ-г бусдын өмнөөс гарын үсэг зурж эцэг С.Жамсранд шилжүүлж энэ талаар гэр бүлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр шилжиж явсан талаараа мэдүүлсэн мэдүүлгээс үзвэл тухайн үед буюу 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр, тэдэнд мэдэгдэлгүйгээр бэлэглэх гэрээ хийгдсэн үйл явдал болсон байна” гэж, түүнчлэн “харин нотариатч нь хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө, бусдад хохирол учруулсан тохиолдолд хариуцлагаа өөрөө хүлээхээр зохицуулсан байх тул ...” гэж тус тус дүгнэж байгаа тохиолдолд “2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай Б.Аны нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын дагуу уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх учиртай байсан. Өөрөөр хэлбэл шүүхээс нотариатч Б.Аны хууль бус нотариатын үйлдлийг Б.А өөрөө хариуцна гэж дүгнэж байгаа бол нас барсан нотариатчийн хууль бус үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа эсэх, тийм үндэслэл үгүйсгэгдэж байгаа бол ямар хуулийн, ямар зүйл заалтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулснаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй ба нэхэмжлэгч нарын шүүхэд мэдүүлэх эрх, шүүхээр хэрэг маргаанаа үндэслэл бүхий хянан шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн.

3) Шүүхээс: Нотариатч нас барсан тохиолдолд түүний гэрчилсэн хууль бус үйлдэл нь мөнхийн хууль бус тэр байдлаараа үлдэх мэт агуулга ойлгогдохоор дүгнэлт хийсэн ба Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасныг буруу ойлгогдохоор тайлбарлан, дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл энэ заалтын хууль зүйн агуулга нь “Хэрэв 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатч нас барсан бол нотариатчийн уг хууль бус үйлдлийг шүүхээс хүчингүй болгох боломжгүй, тийм үндэслэлгүй гэх агуулгаар огтхон ч тайлбарлагдахааргүй байна”. Тус заалтын шууд агуулга нь “31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүйд тооцно” гэж нотариатчийн үйлдэл нь 31.1-д заасныг зөрчсөн нь тогтоогдвол шүүх хүчингүйд тооцно гэж ойлгогдож, тайлбарлагдах ёстой байхад, энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, улмаар үндэслэлгүй шийдвэр гаргасан. Харин Нотариатын тухай хуулийн 19 дүгээр зүйлд нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болохыг зохицуулсан байгаа ба 19.1/Дараах тохиолдолд нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно: 19.1.1. нас барсан; 19.1.2. Монгол Улсын харьяатаас гарсан/-д нотариатч нас барснаар нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болохыг зохицуулсан байгаа болохоос “Нотариатчийн өмнө нь хийсэн хууль бус үйлдэл нас барсан гэсэн шалтгаанаар зөвтгөгдөн үлдэх агуулга огтхон ч байхгүй” байна. Нэгэнт 31 дүгээр зүйлийн 31.1-ийг зөрчсөн нь тогтоогдох тохиолдолд шүүх хүчингүйд тооцох эрх нь энэ заалтаар бүрэн олгогдсон байхад энэ заалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй.

Хоёрдугаарт: Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх нотлох баримтыг буруу үнэлсэн, иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “үндэслэх нь” хэсэгтээ: “Нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нар нь 2015 оны 10 сард өөрсдийн эрхийг зөрчиж өмчлөх эрх бусдад шилжсэнийг мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар нотлох баримт гаргаагүй ба нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна гэр бүлийн гишүүн Ж.Энхтуяа нь 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 105 дугаартай нотариатч Б.Анаар “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчлүүлсэн үйлдэл хийснийг гэр бүлийн гишүүд мэдээгүй гэх боломжгүй байна” гэж дүгнэсэн ба шүүхээс ийнхүү дүгнэлт хийсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болсон:

1) “... хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх нотлох баримт гаргаагүй...” гэж дүгнэсэн ба энэ хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх ойлголт нь нэхэмжлэгчдийн зүгээс өөрөө хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч, ийнхүү өнгөрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа дурдаж, түүнийгээ нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар шүүхэд гарган өгч, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөх замаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн үед хэрэглэгдэх ойлголт юм. Харин энэ тохиолдолд П.М, М.Э, М.Ч нар нь нотариатч Б.Аы нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчиж “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн үйлдэл хийснийг 2015 оны 10 сард мэдсэн бөгөөд уг нотариатын хууль зөрчиж гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж, шүүхэд хандсан байхад, шүүхээс нэхэмжлэгчийн өмнөөс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж ойлгож байгаа мэт агуулгаар тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх нотлох баримт гаргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн шүүхээс ингэж дүгнэж байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх хурал болохоос өмнө урьдаас ийнхүү дүгнэлт өгсөн байсан буюу субъектив байдлаар хөөн хэлэлцэх хугацааны тухайд хандсан гэдэг нь харагдаж байх ба талуудын тайлбар, хавтаст хэрэг авагдсан нотлох баримт зэрэгт үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1/Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ/, 40.2/Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ/, 40.3/Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй/- ийг тус тус зөрчсөн.

2) “... 2015 оны 10 сард өөрсдийн эрхийг зөрчиж, өмчлөх эрх бусдад шилжсэнийг мэдсэн гэж тайлбарлаж байгаагаа ...нотлох баримтаар нотолж чадаагүй...” дүгнэсэн илт үндэслэлгүй болсон бөгөөд энэ талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан. Тухайлбал, өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарын зүгээс Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт “2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр П.М нь танай тамгын газарт болон газрын асуудал хариуцсан мэргэжилтэнд дээрх газартай холбоотой асуудлыг тодруулахаар хандсан эсэх, хандсан бол ямар асуудлыг тодруулахаар хэрхэн хандсан тухай, хариу тайлбарыг ямар хэлбэрээр өгсөн зэрэг тайлбар тодорхойлолтыг гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргасан баримт, түүний хариуг “...” гэж ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Энэ нотлох баримт нь нотариатын хууль бус үйлдлээр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн хэргийн үйл баримтыг бодит байдал дээр тогтоосон нотлох баримтаар үнэлэгдэх бүрэн боломжтой байсаар байхад ийнхүү үнэлэхгүй орхигдуулсан ба шүүхийн шийдвэрт энэ талаар ямар нэгэн байдлаар дурдаагүй, тайлбарлаагүй байгаагаас тодорхой харагдаж байна. Мөн өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд “Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр баг Зангиатын 6-гийн 5 тоотод оршин суух хаягтай Гаруйдын Одонжавхлан /РД: ЖЯ 60012810/-г шүүх хуралд гэрчээр оролцуулж, хэргийн үйл баримттай холбоотой дараах асуудлуудыг тодруулж өгнө үү” хэмээн хүсэлт гаргаж Г.Одонжавхлан нь гэрчээр оролцож, “Иргэн П.М нь хэдэн оны хэдэн сард өөрийн өмчлөлийн газар нь өөр иргэний нэр дээр шилжсэн болохыг мэдэж, үүнийг хэрхэн яаж тодруулах талаар ирж асуусан болон П.Мад тухайн үед ямар зөвлөгөө өгсөн зэрэг асуудлуудын талаар тус тус тодруулж” гэрчээр оролцуулсан байхад гэрчийн мэдүүлгээр тодорхой болсон үйл баримтуудын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шүүхийн шийдвэртээ огт дурдаагүй нь өмнө дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-ийг тус тус зөрчсөн бөгөөд улмаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.

3) “...гэр бүлийн гишүүн Ж.Энхтуяа нь 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 105 дугаартай нотариатч Б.Анаар “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчлүүлсэн үйлдэл хийснийг гэр бүлийн гишүүд мэдээгүй гэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь шүүх хуралд гэрчээр оролцсон Ж.Энхтуяагийн энэ талаарх гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 10 дугаар хуудсанд: “гэрчээр оролцсон Ж.Энхтуяа нь 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр бүлийн гишүүдийн итгэмжлэл болон зөвшөөрөл авалгүйгээр Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ’-г өөрөө бусдын өмнөөс гарын үсэг зурж эцэг С.Жамсранд шилжүүлж энэ талаар гэр бүлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр шилжиж явсан талаараа мэдүүлсэн мэдүүлгээс үзвэл тухайн уед буюу 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр тэдэнд мэдэгдэлгүйгээр бэлэглэх гэрээ хийгдсэн үйл явдал болсон байна” гэж шүүх өөрөө “энэ талаар гэр бүлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр шилжиж явсан, тэдэнд мэдэгдэлгүйгээр бэлэглэх гэрээ хийгдсэн үйл явдал болсон байна” гэж зөв дүгнэлт өгсөн атлаа энэ дүгнэлттэйгээ нийцэхгүй илт үндэслэлгүй буюу “гэр бүлийн гишүүд мэдээгүй гэх боломжгүй байна” гэсэн ойлгомжгүй, хууль ёсны байж чадахгүй дүгнэлт өгсөн. “Мэдээгүй гэх боломжгүй” гэсэн нь нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргах тухай ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т заасан "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг тус тус ноцтой зөрчсөн ба “Боломжгүй байна” гэсэн хий хоосон ерөнхий таамаглал дээр үндэслэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зүйл заалтыг ҮНДЭСЛЭХ НЬ: хэсэгтээ “Дээрх үйл явдлаас хойш 13 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэж заасан заалтуудыг зөрчиж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж тайлбарласан нь дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

1) “Дээрх үйл явдлаас хойш 13 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар заасныг зөрчиж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь гэрч Ж.Энхтуяа, Г.Одонжавхлан нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн тайлбар, тодорхойлолт, мөн нэхэмжлэгч нарын тайлбар зэргээр 2015 оны 10 сард хууль бус нотариатын үйлдлээр эрх нь зөрчигдсөн болохыг мэдсэн гэдэг нь тогтоогдож байхад, 13 жилийн дараа шүүхэд хандсан гэж тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй болсон.

2) Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ” гэж заасныг сонгон авч хэрэглэхдээ: Тухайн тохиолдолд 76.1-д зааснаар “шаардах эрх үүссэн үе” хэзээ, хэрхэн яаж үүссэн гэж үзэхээр байгаа, түүнийг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримт яаж тогтоож байгаад нарийвчлан үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр 76.2-т заасан “эрх зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэсэн гурван тохиолдлын аль нөхцөлөөр хэрхэн дүгнэж байгаа үндэслэлээ болон түүнийг нотлох баримтын талаар тайлбарлаагүй. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч нар хууль бус нотариатын үйлдлээр “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн” үеийг 2015 оны 10 сар болохыг тайлбарлаж, энэ нь гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн тайлбар, тодорхойлолт зэргээр “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үе” нь тогтоогдож байхад ийнхүү үндэслэлгүй бөгөөд хууль ёсны бус тайлбар дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

3) Түүнчлэн шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх нь: хэсэгтээ буюу шийдвэрийн 9 дэх хуудсанд “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын шаардах эрхийг хуульчилж өгсөн байна” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй”, 84 дүгээр зүйлийн 84.5-д “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөнд хамаарна” гэснийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл нотариатын тухай хуулиар нотариатч заавал татгалзахаар үүрэг болгон заасан үйлдлийг Б.А нотариатч зөрчиж гэрчлэх үйлдлийг хийсэн ба энэ үйлдэл нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн бөгөөд уг хууль зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж болох “шаардах эрх”-ыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар заалтаар “хуулиар шаардах эрхийг олгосон” нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “... бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага ... нь эдийн бус хөрөнгөнд хамаарна” гэх ойлголтод шууд хамаарах бөгөөд “энэ шаардах эрх нь эдийн бус хөрөнгөнд хамаарах” утгаараа Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан “... хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй” гэсэн ойлголтоор тайлбарлагдах,  хэрэглэгдэх ёстой байхад уг хуулийн зүйл, заалтуудыг хэрэглээгүй. Түүнчлэн өмгөөлөгч нараас шүүх хурал дээр энэ талаар тайлбарласан байхад шүүхээс шийдвэртээ тайлбар, дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

4) Нэхэмжлэгч бид өөрсдийн хуулийн дагуу олж авсан өмчлөлийн зүйл болох газраа хэн нэгэн этгээд хууль бусаар захиран зарцуулаад явна гэдгийг мэдэх боломжгүй байсан нь тухайн газар бидний өмч бөгөөд хэн нэгэн этгээд эзэмшилдээ авах тохиолдолд заавал биднээс асуух хуулийн зохицуулалттай. Тийм ч учраас өөрсдийн хуулиар хамгаалагдсан өмчлөлийн зүйлд санаа тавилгүйгээр ахуй амьдралдаа анхаарч явсаар өдийг хүрсэн. Өмчлөлийн зүйл маань газраас өөр хөдлөх хөрөнгө байсан тохиолдолд шүүгчийн хэлдгээр чи өмнө нь мэдэх боломжтой байсан, яагаад одоо хандаад байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзвэл үндэслэлтэй байх байсан.

Гуравдугаарт: 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Давж заалдах шатны шүүх хурал болсон ба тухайн хуралд өмгөөлөгч Г.Ичинхоролыг нэмж авч байгаа тухай болон өмгөөлөгч Г.Ичинхоролын шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлтийг уламжлан, өмгөөлөгч нарын хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч хүсэлтийг маань хүлээн авалгүй Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг маань ноцтой зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 138/ШШ2018/00346 дугаартай шийдвэр, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ны 201/МА2018/00017 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.М, М.Ч, М.Э нар Мд холбогдуулан 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нотариатчийн үйлдлийг тухайн нотариатч өөрөө хариуцна, танхим хариуцагч биш гэж маргажээ.

Дорнод аймагт бүртгэлтэй, 105 дугаартай нотариатч Б.А 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн П.М, С.Жамсран нарын хооронд үйлдэгдсэн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн, тус гэрээгээр П.М нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 988 мкв талбайтай газрыг С.Жамсрангийн өмчлөлд шилжүүлж, гэрээнд П.М, Ж.Энхтуяа, С.Жамсран нар гарын үсэг зурж, М.Э, М.Ч, М.Мөнхжаргал нарыг төлөөлж Ж.Энхтуяа гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн газрыг бусад бэлэглээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй тул нотариатч хууль зөрчсөн үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч П.Мын эхнэр, нэхэмжлэгч М.Ч, М.Э нарын ээж Ж.Энхтуяа гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авалгүй гэрээнд бусдыг төлөөлөн гхарын үсэг зурж, газрыг өөрийн эцэг С.Жамсранд шилжүүлсэн талаар гэрчээр мэдүүлсэн, нотариатч Б.А 2006 онд нас барсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нотариатчийн хууль бус үйлдлийг Нотариатын танхим хариуцахгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Мөн нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн дүгнэлт хууль зөрчөөгүй байх ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэсэн, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1., 76 дугаар зүйлийн 76.1., 76.2. дахь зохицуулалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үйл баримт, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсоноор хууль бусаар бусдын эзэмшилд шилжсэн газар өмчлөх эрх нь сэргэх үндэслэл болно гэж тайлбарлах боловч маргааны зүйл болсон “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, тус шийдвэрээр “...бодитоор худалдах-худалдан авах хэлцэл хийгдэж, газар өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч П.М нь анхан шатны шүүх хуралдаанд Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авч, эрхээ хамгаалуулж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан товлогдсон өдөр Улаанбаатар хотоос Б.Батбаяр, Г.Ичинхорлоо гэх хоёр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч байгаа үндэслэлээр өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хэлэлцэхээр товлосон байна.

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.М нь өмгөөлөгч Б.Батбаяраас татгалзаж, өмгөөлөгч Г.Ичинхорлоо Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан, өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нар өмгөөлөгч Г.Ичинхорлоог хэргийг материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дэмжсэн тухай баримт  ирүүлжээ.

Нэхэмжлэгч П.Мын эрх ашиг, сонирхлоо хамгаалуулахаар хэлцэл хийсэн 3 өмгөөлөгч хурлын товыг мэдсэн боловч өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, өмгөөлөгч Г.Ичинхорлоод хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаа олгож, өмнө нь энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж байсан тул хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 165 дугаар зүйлийн 165.2. дахь заалтыг зөрчөөгүй тул Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүссэн нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 201/МА2018/00017 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                     Х.ЭРДЭНЭСУВД