Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01683

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01144 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1415 дугаар магадлалтай

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

Тоёота Аллион маркийн 27-16 УНТ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн 43-06 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, түүнчлэн гэрээний үр шимд 6 518 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базарсадын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Батбаяр нь “И” ХХК-ийн Гүүд автоломбарднаас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр GGD1806 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 27-16 УНТ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 6 сарын хугацаатай, 4 000 000 төгрөгийг, иргэн Б.Мөнхбайгаль нь тус автоломбарднаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр GGD1666 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай өөрийн эзэмшлийн 43-06 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээлж авсан. Тухайн үед хууль дүрмийн дагуу материал бүрдүүлэн Г.Батбаяр, Б.Мөнхбайгаль нарт зээл олгосон бөгөөд тухайн барьцааны тээврийн хэрэгслийн гэрчилгээг Автотээврийн үндэсний төвд бүртгүүлэн нэр дээрээ шилжүүлж авсан. Ингээд зээлдэгч нар зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхгүй, эргэн төлөлт хийгээгүй тул гэрээний дагуу үүргийг тээврийн хэрэгслүүдээр хангуулахаар болсон. Гэтэл тус тээврийн хэрэгслүүд манай “И” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхад хариуцагч “Т” ХХК нь уг тээврийн хэрэгслүүдийг барьцаанд авсан байсан. “И” ХХК-ийн эдийн засагч А.Амгаланхэрлэн “Т” ХХК-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж “И” ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийг чөлөөлж манайд шилжүүлэх тухай мэдэгдэхэд тухайн үед “И” ХХК-д 7 000 000 төгрөг төлөх саналыг “Т” ХХК-иас тавьж байсан. Тээврийн хэрэгслүүд “И” ХХК-ийн нэр дээр байгаа нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, барьцааны гэрээ зэргээр нотлогдоно.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцаа болон түүний үр шимийн талаар зохицуулсан. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт заасны дагуу тооцоолол гарсан бөгөөд машин тус бүрээс зээлийн болон барьцааны гэрээний хүү буюу үр шимийг тооцсон. Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хариуцагчид байсан, байхгүй эсэхийг тодруулахаар нэхэмжлэгч талаас оролцуулсан гэрчийн мэдүүлгээр тухайн машин байсан нь нотлогддог. Хариуцагч талаас 43-06 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Т" ХХК-д байгаа бөгөөд Б.Мөнхбайгальтай харилцан гэрээ байгуулсан гэж хариуцагч тал зөвшөөрсөн тайлбар өгч байсан. Иймд "Т" ХХК-ийн хууль бус эзэмшлээс 43-06 улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн, 27-16 УНТ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, гэрээний үр шимд нийт 6 518 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК болон Г.Батбаяр нар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 27-16 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, Г.Батбаярт 6 500 000 төгрөг зээлдүүлж, мөн өдрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд бүртгүүлэх гэхэд уг машин нь “И” ХХК-ийн нэр дээр байсан. Үүнтэй холбоотой хуулийн байгууллагаар шалгуулахаар Автотээврийн үндэсний төвөөс бичиг ирсэн бөгөөд уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүлээж аваагүй. “И” ХХК-ийн нэр дээр уг тээврийн хэрэгсэл шилжсэний үндсэн дээр уг тээврийн хэрэгслүүдийг шаардаж байна. Энэ асуудлаар эрүү болон захиргааны шүүхээр шалгагдаж байсан. Г.Батбаяр бусдын нэр дээрх тээврийн хэрэгслийг “Т” ХХК-д барьцаалсан асуудал эрүүгийн журмаар шалгагдах ёстой. Хэрвээ “И” ХХК-ийн нэр дээр шилжсэн нь хууль ёсны гэж тогтоогдвол Г.Батбаяр залилангийн гэмт хэрэг үйлдсэн болох юм. Уг иргэний хэрэг нь тухайн эрүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой. Барьцааны зүйл болох тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэгдсэн тогтоолууд нотлох баримтаар ирж байгаа бөгөөд уг иргэний хэргээр шийдвэр гарсан ч гэсэн эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тухайн битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг гаргаж авах боломжгүй буюу битүүмжилсэн тогтоолууд хүчинтэй байх бөгөөд шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь эргэлзээтэй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Б.Мөнхбайгальтай 43-06 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан зүйл байхгүй бөгөөд энэ талаар манай талаас тодорхойлолт гаргаж өгсөн. Манай компанийн хувьд тээврийн хэрэгслүүдийг гаргах боломжгүй юм.

Уг Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн хувьд манай компани шударга эзэмшигч гэж үзэж байгаа бөгөөд холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Шударга эзэмшигчээс өмчлөлийн талаар шаардах эрх байхгүй бөгөөд бид Г.Батбаярын нэр дээрх тээврийн хэрэгслийг аваад 6 500 000 төгрөг төлсөн шударга эзэмшигч гэж үзнэ. Зээлийн гэрээний үр шим буюу 6 518 000 төгрөгийг зээл авсан иргэдээс нэхэмжлэх шаардлагатай байхад манай компаниас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Дан ганц гэрчийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслүүдийг манай компанид байгаа гэж нотлох боломжгүй бөгөөд давхар нотлох баримтаар тогтоогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01144 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 27-16 УНТ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион загварын, мөн 43-06 УБӨ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийг гаргуулж, “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “гэрээний үр шим 6 518 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 248 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1415 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01144 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 27-16 УНТ улсын дугаартай, Тоёота Аллион маркийн, мөн 43-06 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, гэрээний үр шимд 6 518 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базарсад хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1415 дугаартай магадлалыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянаж магадлал гаргахдаа Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг баримтлан маргаан бүхий тээврийн хэрэгслүүд нь хариуцагч талын эзэмшилд байгаа нь өмчлөх эрх шилжсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу, үндэслэлгүй байдлаар тайлбарлаж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Учир нь эдгээр тээврийн хэрэгслүүд нь зохих хууль, гэрээний дагуу “Т” ХХК-д шилжсэн эсэх, хариуцагч талд эдгээр тээврийн хэрэгслүүдийг өмчлөх эрх үүссэн эсэх, өмчлөх эрхийн үндсэн шаардлага, шинжийг хангасан эсэх, эдгээр тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрх холбогдох хууль, гэрээний дагуу зохих ёсоор хариуцагч “Т” ХХК-д шилжүүлсэн, шилжүүлэн авсан гэж үзэхгүй байна.

Тухайлбал: Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Батбаяр нь “Т” ХХК-иас зээл авахдаа хуурамч баримт бичиг ашиглаж бусдыг санаатайгаар хууран мэхэлж зээл авсан. Энэ талаар “Т” ХХК нь холбогдох хуулийн байгууллагад шалгуулж байгаа нь уг тээврийн хэрэгслийн өмчлөл үнэхээр хариуцагч талд шилжсэн эсэх тодорхойгүй, эргэлзээтэй байгааг харуулж байна.

Мөн зээлдэгч Батбаяр зээл авч тээврийн хэрэгслээ барьцаалахдаа хуурамч баримт бичиг ашиглаж Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөрчсөн шинжтэй байгаа, мөн “И” компанитай байгуулсан гэрээний дагуу хэрэв өөр этгээдэд барьцаалах, шилжүүлэх тохиолдолд барьцаалагчид энэ тухай мэдэгдэх, зөвшөөрөл авах зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан Өмчлөгч хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ эзэмшиж ашиглах, захиран зарцуулах гэсэнд нийцээгүй ба хариуцагч эдгээр тээврийн хэрэгслүүдийг хууль ёсоор эзэмшилдээ авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Батбаярт энэ хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах зэргээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй юм.

Авто тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тухай Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжинэ гэх ба Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлд зааснаар Авто тээврийн хэрэгслийн өмчлөл нь бүртгэл дээр үндэслэх тухай хуулийн зохицуулалт байгаа, мөн нөгөө талаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн бүртгэл нь хууль бус байгаа талаар нөхцөл байдал тогтоогдоогүй буюу бүртгэл нь хуулийн хүчин төгөлдөр байхад тус давж заалдах шатны шүүхээс тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байгаа нь өмчлөл шилжсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба үүний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасангүй.

Тодруулбал: Эдгээр тээврийн хэрэгслийн эзэмшил нь хариуцагч талд байгаа боловч “Т” ХХК нь эдгээр тээврийн хэрэгслүүдийг бусдад худалдах, барьцаалах, шилжүүлэх боломжтой юу гэдэг асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл “Т” ХХК-д Иргэний хуульд заасан хууль болон гэрээгээр олгосон эрхийг зөрчихгүйгээр хуулийн хүрээнд өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулах буюу өмчлөх эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой юу? Гэдэг асуудал байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтууд болон холбогдох хууль тогтоомжуудыг авч үзвэл нэхэмжлэгч “И” ХХК нь зохих бүртгэлийн байгууллагад нь бүртгүүлж зээлдэгч нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч “И” ХХК-д эдгээр тээврийн хэрэгслүүдийг захиран зарцуулах эрх нь үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцсоноос үзэхэд тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрх Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны бүртгэлд тусгагдсан байдлаар ойлгох нь зүйтэй.

Гэтэл өнөөдөр хариуцагч “Т” ХХК нь Батбаяр гэх хүнд итгээд 6 сая төгрөг зээлдүүлээд хохирсон тухайгаа цагдаа, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эдгээр тээврийн хэрэгслүүдийг хууль ёсоор эзэмшиж, өмчилсөн байдал нь тодорхойгүй /өөрсдийн хууль бус эзэмшилдээ/ байгааг мэдсээр байж Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг ...бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн Иргэний хуулийн 154.5 хэсэгт заасан барьцааны зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана гэх зэргээр нэхэмжлэгч “И” ХХК-ийн хууль болон гэрээгээр олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1415 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 27-16 УНТ улсын дугаартай Тоёота Аллион маркийн, мөн 43-06 УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулан, хохиролд 6 518 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Тоёота Аллион маркийн автомашиныг хууль бусаар эзэмшээгүй, Тоёота Приус автомашин хариуцагчийн эзэмшилд байхгүй гэх үндэслэл зааж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Т” ХХК-иас тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6 518 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар “И” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн Г.Батбаяртай Зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7%-ийн хүүтэй зээлдүүлж, зээлийн барьцаанд барьцаалсан зээлдэгчийн өмчлөлийн Тоёота Аллион маркийн автомашины бүртгэлийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлсэн, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Мөнхбайгальтай Зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7%-ийн хүүтэй зээлдүүлж, зээлийн барьцаа хөрөнгө Тоёота Приус автомашины бүртгэлийг мөн л өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн байна.

Улмаар зээлдэгч нар зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр зээлийн барьцаа хөрөнгийг “Т” ХХК-иас гаргуулахаар шаардсан үйл баримт тогтоогджээ.

Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтаар зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байх учиртай.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж, 112 дугаар зүйлийн 112.1.-д “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэжээ.

Нэхэмжилж буй 2ш автомашин нь “И” ХХК-ийн өмчлөлд хуульд заасан дээрх үндэслэлээр болон бодитоор шилжиж ирээгүй, зөвхөн өмчлөх эрх бүртгэлээр шилжсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө байсан тул “И” ХХК-ийг тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар тухайн эд хөрөнгийг бусдын эзэмшлээс шаардах эрхгүй. Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй этгээдийн хувьд дээрх шаардлагыг гаргах эрхтэй боловч энэ нь зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсний дараа хэрэгжүүлэх эрх юм.     

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжилж буй эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.4.-т нийцсэн, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шийдвэрийг хэвээр үлдээх талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1415 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базарсадын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД