Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 01415

 

       "И" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн      Иргэний      хэргийн     давж     заалдах      шатны      шүүхийн      Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01144 дүгээр шийдвэртэй, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Т" ХХК-д холбогдох

Тоёота Аллион маркийн 27-16 УНТ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн 43-06 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд болон гэрээний үр шимд 6 518 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч "И" ХХК-ийн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б нь "И" ХХК-ийн Гүүд автоломбарднаас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр GGD1806 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 27-16 УНТ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 6 сарын хугацаатай, 4 000 000 төгрөгийг, иргэн Б.М нь тус автоломбарднаас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр GGD1666 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай өөрийн эзэмшлийн 43-06 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээлж авсан. Тухайн үед хууль дүрмийн дагуу материал бүрдүүлэн Г.Б, Б.М нарт зээл олгосон бөгөөд тухайн барьцааны тээврийн хэрэгслийн гэрчилгээг Автотээврийн үндэсний төвд бүртгүүлэн нэр дээрээ шилжүүлж авсан. Ингээд зээлдэгч нар зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхгүй, эргэн төлөлт хийгээгүй тул гэрээний дагуу үүргийг тээврийн хэрэгслүүдээр хангуулахаар болсон. Гэтэл манай "И" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхад хариуцагч "Т" ХХК нь уг тээврийн хэрэгслүүдийг барьцаанд авсан байсан. "И" ХХК-ийн эдийн засагч А.А "Т" ХХК-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж "И" ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийг барьцаанд авсан байна, үүнийг чөлөөлж манайд шилжүүлэх тухай мэдэгдэхэд тухайн үед "И" ХХК-д 7 000 000 төгрөг төлөх саналыг "Т" ХХК-иас тавьж, тээврийн хэрэгслүүдийг "И" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, барьцааны гэрээ зэргээр нотлогдоно.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцаа болон түүний үр шимийн талаар зохицуулсан байгаа. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт заасны дагуу тооцоолол гарсан бөгөөд машин тус бүрээс зээлийн болон барьдааны гэрээний хүү буюу үр шимийг тооцоход хангалттай гарч байна. Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан, байхгүй эсэхийг тодруулахаар нэхэмжлэгч талаас оролцуулсан гэрчийн мэдүүлгээр тухайн машин байсан нь нотлогддог. Хариуцагч талаас 43-06 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Т" ХХК-д байгаа бөгөөд Б.М-тай харилцан гэрээ байгуулсан гэж хариуцагч тал зөвшөөрсөн тайлбар өгч байсан. Иймд "Т" ХХК-ийн хууль бус эзэмшлээс 43-06 улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн, 27-16 УНТ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, гэрээний үр шимд нийт 6 518 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Т" ХХК болон Г.Б нар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 27-16 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, Г.Б-т 6 500 000 төгрөг зээлдүүлж, мөн өдрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд бүртгүүлэх гэхэд уг машин нь "И” ХХК-ийн нэр дээр байсан. Үүнтэй холбоотой хуулийн байгууллагаар шалгуулахаар Автотээврийн үндэсний төвөөс бичиг ирсэн бөгөөд уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүлээж аваагүй. "И" ХХК-ийн нэр дээр уг тээврийн хэрэгсэл шилжсэний үндсэн дээр уг тээврийн хэрэгслүүдийг шаардаж байна. Энэ асуудлаар эрүү болон захиргааны шүүхээр шалгагдаж байсан. Г.Б бусдын нэр дээрх тээврийн хэрэгслийг "Т" ХХК-д барьцаалсан асуудал эрүүгийн журмаар шалгагдах ёстой. Хэрвээ "И" ХХК-ийн нэр дээр шилжсэн нь хууль ёсны гэж тогтоогдвол Г.Б залилангийн гэмт хэрэг үйлдээгүй болох юм. Уг иргэний хэрэг нь тухайн эрүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой. Барьцааны зүйл болох тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэгдсэн тогтоолууд нотлох баримтаар ирж байгаа бөгөөд уг иргэний хэргээр шийдвэр гарсан ч гэсэн эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тухайн битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг гаргаж авах боломжгүй буюу битүүмжилсэн тогтоолууд хүчинтэй байх бөгөөд шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь эргэлзээтэй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Б.М-тай 43-06 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан зүйл байхгүй бөгөөд энэ талаар манай талаас тодорхойлолт гаргаж өгсөн. Манай компанийн хувьд тээврийн хэрэгслүүдийг гаргах боломжгүй юм.

Уг Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийн хувьд манай компани шударга эзэмшигч гэж үзэж байгаа бөгөөд холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Шударга эзэмшигчээс өмчлөлийн талаар шаардах эрх байхгүй бөгөөд бид Г.Б-ын нэр дээрх тээврийн хэрэгслийг аваад 6 500 000 төгрөг төлсөн шударга эзэмшигч гэж үзнэ. Зээлийн гэрээний үр шим буюу 6 518 000 төгрөгийг зээл авсан иргэдээс нэхэмжлэх шаардлагатай байхад манай компаниас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Дан ганц гэрчийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслүүдийг манай компанид байгаа гэж нотлох боломжгүй бөгөөд давхар нотлох баримтаар тогтоогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 27-16 УНТ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион загварын, мөн 43-06 УБӨ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийг гаргуулж, И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үр шим 6 518 000 төгрөг гаргуулж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 248 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Я.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тул хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас "И" ХХК-ийн нэр дээр Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг бүртгэсэн үйлдэл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох"-оор сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тээврийн хэрэгслүүдийн хууль ёсны өмчлөгч биш тул хариуцагчаас шаардах эрхгүй болохыг нотлох үүднээс хууль зөрчиж бүртгэсэн уг үйлдлийг хүчингүй болгуулахаар хандсан юм. "И" ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тул зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаанд хураагдсан эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх эрх үүснэ. Зээлдэгч Г.Б-ын зээл төлөх хугацаа 6 сарын дараа буюу 2016 оны 09 дүгээр сард дуусах бөгөөд энэ хооронд өөрийн эд хөрөнгөө хэдэн удаа, хаана ч барьцаалах эрхтэй байхаас гадна өмнөх зээлээ төлөөд дараагийн зээлээ авах боломжтой. Гэтэл энэ байдлыг харгалзахгүйгээр "И" ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдэл нь хууль зөрчихөөс гадна "Т" ХХК-ийг давхар хохироосон байдаг. "Т" ХХК тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бичиг баримтыг шалган зээлийн гэрээнд хавсаргаж, улсын бүртгэлийг үнэн зөв гэдэгт итгэж 6 500 000 төгрөгийг иргэн Г.Б-т зээлдүүлснээс гадна 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Тоёото аллион маркийн автомашиныг Г.Б-аас худалдан авсан үйлдлээрээ Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч тул түүнээс тээврийн хэрэгслийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Мөн Г.Б-т холбогдох эрүүгийн хэрэг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шалгагдаж, Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар битүүмжлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Энэ талаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах, хэргийг түдгэлзүүлэх хүсэлтүүдийг хариуцагчаас гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

2. "Т" ХХК нь Б.М гэх хүнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байгаагүй талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхөөс гадна дээрх машин хариуцагчийн эзэмшилд байдаггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй болохоос хариуцагч нотлох боломжгүй. Мөн гэрчийн мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиртай. Сайн ломбардны хашаанд хоёр ширхэг байтугай хорин ширхэг приус маркийн автомашин байх боломжтой. Тэгтэл хоёр байсны нэгийг нь худалдаж авсан гэх, 2 жил гаруйн өмнөх болсон үйл явдлаас автомашины улсын дугаарыг цээжлээд яваад байсан юм шиг хэлж байгаа үйлдэл, нэхэмжлэгч байгууллага гэрчийг хэрхэн олж ирсэн зэрэг эргэлзээ төрүүлэх зүйлүүд байсаар байхад ганц гэрчийн мэдүүлгээр тээврийн хэрэгслийг байгаа эсэхийг дүгнэх нь үндэслэлгүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигт "43-06 УНТ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинтай холбоотой мэдээлэл байхгүй" гэж хариу ирсэн байхад хариуцагчийн эзэмшилд байгаа нь нотлогдож байна гэж анхан шатны шүүхээс хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 27-16 УНТ улсын дугаартай Тоёота Аллион маркийн мөн 43-06 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл болон гэрээний үр шимд 6 518 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч “И” ХХК нь Г.Б-тай 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр GDD1806 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 27-16 УНТ улсын дугаартай, Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, 4 000 000 төгрөгийг, Б.М-тай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр GDD1666 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, 43-06 УБӨ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдүүлсэн байна.

  Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшил шилжсэнээр өмчлөх эрх үүснэ.

    Хэрэгт авагдсан баримтаар иргэн Г.Б нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “27-16 УНТ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашиныг 4 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, 6 сарын хугацаатай төлөхөөр тохиров, энэ хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд миний автомашиныг хураан авахыг зөвшөөрч байна” гэж баталгаа гаргасан байдал тогтоогдсон болохоос эдгээр автомашины бодит эзэмшлийг шилжүүлэх замаар өмчлөгч болсон гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. /1 хав 14/

Харин хариуцагч “Т” ХХК-ийн хувьд дээрх автомашинуудыг бодитойгоор эзэмшилдээ авсан үйл баримтыг хууль бус гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “И” ХХК-ийн өмчлөлийн зүйлийг хариуцагч өөрийнхөө эзэмшилд хууль бусаар авсан гэх нөхцөл байдал мөн хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцлийг шаарддаг. Нэхэмжлэгч нь дээрх автомашинуудыг зээлийн барьцааны гэрээний дагуу эзэмшилдээ шилжүүлэн авсныг дээрх хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болсон гэж үзэхгүй. Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч байх шаардлага хангагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.   

Анхан шатны шүүх зээл, барьцааны гэрээний үр шим болох 6 518 000 төгрөгийн нхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 27-16 УНТ улсын дугаартай, Тоёота Аллион маркийн, мөн 43-06 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, гэрээний үр шимд 6 518 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

    Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01144 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 27-16 УНТ улсын дугаартай, Тоёота Аллион маркийн, мөн 43-06 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, гэрээний үр шимд 6 518 000 төгрөг гаргуулах тухай нэхмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР     

                                                                                                         Д.БАЙГАЛМАА