Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00698

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00698

     Улаанбаатар хот

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “ТБ” ХХК -д холбогдох

Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  Д.Т нь 1995 онд МУИС-ийн эдийн засгийн сургуулийг статистик, эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1995-1996 онд Булган аймгийн Засаг Даргын тамгын Газарт эдийн засагч, 1996-1999 онд Ардын Банк /Сэргээн Босголтын Банк/-ны Булган аймаг дах салбарт зээлийн эдийн засагч, ерөнхий нягтлан бодогч, 1999-2000 онд Монгол Шуудан банкинд нярав, нягтлан бодогч, эдийн засагчаар, ерөнхий нягтлан бодогчоор  ажиллаж байсан. 2010-2013 онд Хадгаламж банкинд ахлах эдийн засагч, хэлтсийн захирлын ажил албан тушаалыг эрхэлж байсан. Ажлаас халагдах хүртэл нийт 22 жил банк, санхүүгийн салбарт ажиллаж ирсэн.

ТБинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажилласан. ТБанд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. ТБны дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллаж байсан. Гэтэл ТБны тэргүүн орлогч захирлын ахалсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Тгийн ажлыг хүлээж авсан байдаг. Д.Тгийн ажлыг хүлээж авахдаа ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр гараагүй, танилцуулаагүй. Шийдвэр, тушаал гараагүй байхад ажил хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй. Үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан. Ажил хүлээж авснаас хойш 20 хоногийн дараа тус банкны гүйцэтгэх захирлын Б/1417 тоот “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гаргасан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэл болгон ТБны бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр ажлаас халсан байдаг.

            Тус банкны гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/1417 тоот “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэлээ банкны бүтэц зохион байгуулалт, шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас таттгалзсан гэж хуульд байхгүй үндэслэлээр ажлаас халсан.

            Бүтэц шинээр батлагдсан боловч энэ хүний ажиллаж байсан хэлтэс нь өмнөх нэрээрээ үйл ажиллагаа явуулж байсан. Ажил албан тушаалыг бүрэн хүлээлгэж өгөөгүй байхад өөр хүнийг түүний оронд томилсон. Төлбөр тооцооны хэлтсийн захирлаар А.Ц гэдэг хүн ажиллаж байгаа. Газар, хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэдэг нь харагдахгүй байна. Бүтэц, орон тоо баталсан өмнөх тушаалыг одоогийнхтой харьцуулахад ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, нэр нь хэвээрээ байгаа. Ажлаас халсан тушаал хууль бус гэж үзэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Ажлаас халсан тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтооолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл /ажлын 95 хоног/ ажилгүй байсан. Ажиллаж байх хугацаандаа сард 2 700 000 төгрөг авдаг байсан. Өдрийн цалин 128 570 төгрөг болж байгаа. Үүнийг ажлын 95 хоногт үржүүлэхэд 11 930 232 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “ТБ” ХХК нь Сангийн яам болон “Хадгаламжийн Даатгалын Корпораци” ХХК-ийн хувь нийлүүлсэн, төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд ТБны эрх барих байгууллагын бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг. Нэхэмжлэгч Д.Т нь өмнөх бүтцээрээ /ТУЗ-ийн 19 тоот тогтоолоор баталсан/ Төлбөр тооцооны болон бүртгэлийн газрын харьяа төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажиллаж байсан. Түүнээс өмнө төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд тус банкны бүтэц, зохион байгуулалт хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан.

            ТБны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захиралд эрх олгосоны дагуу төлбөр тооцооны хэлтсийн захирал байсан Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан байгаа. Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид 8 100 000 төгрөгийг олгосон. Мөн газар хэлтсийн бүтцийн харъяалал, захирлын ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шалгуур зэрэг нь өөрчлөгдсөн. Төлбөр тооцооны хэлтэс гэдэг нэршил нь хэвээрээ байгаа боловч хэлтсийн үйл ажиллагаа, чиг үүрэг нь өөрчлөгдсөн байгаа. Д.Тгийн өмнө нь ажиллаж байсан байсан албан тушаал нь ТБны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэгдэн баталсан бүтэцтэй зэрэгцээд хүчингүй болсон зохион байгуулалтын бүтцэд багтаж байсан болно.

            Өмнөх бүтцээр төлбөр тооцооны хэлтсийн захирал гэх албан тушаал байсан бөгөөд Д.Ттай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед төлбөр тооцооны хэлтсийн шууд харъяалан удирдах газар нь бүртгэлийн бодлогын газар байсан, ерөнхийлөн харъяалах албан тушаалтан нь санхүү хариуцсан дэд захирал байсан. Санхүү хариуцсан дэд захирал нь гүйцэтгэх захирлын орлогч гэх албан тушаалтанд өөрийн ажил үүргийг тайлагнадаг байсан бөгөөд гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнадаг байсан.  Тухайн үеийн төлбөр тооцооны хэлтэс нь шууд харъяалан удирдах шат дараалалсан 4 бүтцийн газар, албан тушаалтантай байсан. Шинээр бүтцээр төлбөр тооцооны хэлтсийн шууд харьяалан удирдах газар нь Төлбөр тооцоо бүртгэлийн газар гэх шинэ бүтцийн газар бөгөөд ерөнхийлөн харъяалан удирдах албан тушаалтан нь Санхүү хариуцсан захирал гэх шинэ албан тушаал юм. Санхүү хариуцсан захирал нь гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнадаг байхаар шинэчлэн батласан.     

Д.Тд мэдэгдэх хуудас өгснөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байр санал болгосон боловч Д.Т хүлээн аваагүй татгалзсан. Иймд тус банкны хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар төлбөр тооцооны хэлтсийн захирал гэх албан тушаалыг хашиж байсан Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 73/12 тоот шийдвэр гарсан.

            ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалаар төлбөр тооцооны хэлтсийн захирал гэх албан тушаалд ажиллаж байсан Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцласан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нэхэмжлэгч Д.Тг эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Т нь нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Д.Т нь өөрийгөө бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг  П.Еркебуланд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэлээр олгосон, мөн “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь тус банкыг шүүхэд төлөөлөх /эвлэрэхээс бусад эрхийг/ хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Жавхланд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, Н.Байгальд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус тус итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 3, 68, 82 тал/

            Д.Т нь “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар тус банкны төлбөр тооцооны хэлтсийн захирлаар  томилогдон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ТБ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоол, тус банкны бүтэц, схем тогтоолын хавсралт, тус банкны дүрэм, тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/110 тоот тушаал болон тушаалын хавсралт, хөдөлмөрийн дотоод журам зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-12, 45-56, 74-77, 95-96 тал/

            ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалаар Д.Тг төлбөр тоооцооны хэлтсийн захирлын албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1., ТБны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118, 125 дугаар тогтоолууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 68 тоот хурлын шийдвэрийг үндэслэжээ. /х.х-ийн тал/

            Ажил олгогчийн дээрх тушаалд “... ТБны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан ...” гэх үндэслэлийг заажээ. /х.х-ийн тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... төлбөрийн тооцооны хэлтсийн захирлын  эрхлэж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа  төлбөр тооцооны хэлтсийн захирлын гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, орон тоо хасагдсан гэж үзэхгүй” гэж, 

Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Н.Байгаль нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... тус банкны төлбөр тооцооны хэлстийн захирал байсан Д.Тгийн  ажиллаж байсан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан  үндэслэлээр ажлаас халах мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалаар Д.Тг төлбөр тооцооны хэлтсийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн. 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Иймд ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлсэн, хууль зөрчөөгүй ...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байгаа болно.

 Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн  гэсэн зохицуулалтын аль нэг үндэслэлд нь хамруулж дүгнэх нь боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Түүнчлэн бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотгол хийхдээ ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эсэх байдал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгар цуцалсан үйл баримтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлох тул шүүх орон тоон цомхотголтой холбоотой ажил олгогчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шалгах үүрэгтэй.

ТБны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор ТБны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байх бөгөөд тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/331 тоот тушаал гарч газар, хэлтэс, алба, төвийн чиг үүрэг орон тоог баталж, төв банкны орон тоог 518 байхаар тогтоожээ. /х.х-ийн 33-34, 138-148 тал/

            Мөн А/331 тоот тушаалд ... тус банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн холбогдуулан, батлагдсан чиг үүрэг орон тоонд нийцүүлж ажилтануудтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахыг даалгасан байх ба төлбөр тооцооны хэлтсийн захирал Д.Тд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “мэдэгдэх хуудас” хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 87-93, 149-151 тал/

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн аваагүй гэх боловч, хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.

            Байгууллагын орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг нь тухайн орон тоо, бүтцийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан, шийдвэр бодитой буюу орон тоо хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болсон байх үйл баримт юм.

“ТБ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 тоот тогтоолоор ТБны зохион байгуулалтын бүтцийг шинэчилж батлахдаа “... төлбөр тооцооны хэлтэс нь бүртгэлийн бодлогын газарт, бүртгэлийн бодлогын газар нь санхүү хариуцсан дэд захирал, гүйцэтгэх захирлын орлогчид тус тус ажлаа тайлагнаж, үйл ажиллагаа нь шат дараалсан байдлаар зурагдаж, бүтэц зохион байгуулалт хийгджээ. /х.х-ийн 33-34, 148 тал/

.... Ажил олгогч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй ч тус банкны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрыг хүлээн аваагүй ... гэж нэхэмжлэгчийг буруутган тайлбарлаж боловч, аль нэг дээд буюу төв байгууллагад системийн болон үйл ажиллагааны хувьд харъяалагдаж байгаа нэгж, газар, хэлтэс, алба төвийн харъяалал өөрчлөгдөх нь тэнд ажиллаж байгаа ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шалтгаан болохгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

            Иймд Д.Ттай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаал үндэслэлгүй байна.

            Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн урьд нь эрхлэж байсан төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажил албан тушаал, гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг хэвээр байгааг орон тоо хасагдсан гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна.

            ТБны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ажил олгогчийн гаргасан гэх Б/1417 тоот тушаалд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх байдал тусгагдаагүй, түүнчлэн өмнөх бүтэц, орон тоог харьцуулан тушаалын үндэслэлээ нотлоогүй, Д.Тгийн ажиллаж байсан төлбөр тооцооны хэлтсийн захирлын орон тоо, ажлын чиг үүрэг бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн гаргасан дээрх шийдвэр бодитой биш, орон тоо хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болоогүй гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч Д.Тг “ТБ” ХХК-ийн төлбөр тооцооны хэлтсийн  захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Харин ажил олгогч ажилтан хоорондоо зөвшилцөн төлбөр тооцооны хэлтсийн захирлын албан тушаалтай адил чанарын, ажил албан тушаалын талаар тохиролцох эрх нээлттэй юм.

Хариуцагч “ТБ” ХХК нь нэхэмжлэгч Д.Тд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болох 8 100 000 төгрөгийг олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Тг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11 930 232 төгрөг байхаар тогтоон, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 8 100 000 төгрөг хасаж тооцон, 3 830 232 төгрөгийг хариуцагч “ТБ” ХХК-иас гаргуулах нь зүйтэй. /х.х-ийн 92 тал/

Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 2 700 000 төгрөг байхаар тооцов. /х.х-ийн  2, 10-12, 92 тал/

Ажилгүй байсан бүх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 95 хоног байна.

            Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлдээ ...“ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч Д.Тг “ТБ” ХХК-ийн төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “ТБ” ХХК-иас 3 830 232 /гурван сая найман зуун гучин мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч  “ТБ” ХХК нь нэхэмжлэгч Д.Тгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ТБ” ХХК-иас 76 233 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                             Ж.ЦЭНГЭЛ