Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01743

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэр

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар магадлалтай

Ц.Эийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-ийн Б салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Х” ХХК-ийн Б салбарын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр нийт 5 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 2017 онд шилдэг теллерээр шалгарч байсан. Намайг “Х” ХХК-ийн Б салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд чөлөөлсөн үндэслэлээ ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан үйлдэл гаргасан гэжээ. Надад дээрх үйлдлийг гаргасан асуудал байхгүй. Түүнчлэн “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан асуудал байхгүй. Мөн харилцагч, байгууллага хоёрт ямар нэгэн хохирол учруулаагүй. Мэдээллээ алдсан гэх харилцагч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Х” ХХК-ийн гомдол хүлээн авах мэдээллийн лавлах 1917 тоот утсанд хандаж гомдлоо буцаасан. Түүний гомдол буцаах шалтгаан нь харилцагч хоорондын үл ойлголцол, хардалтаас болсон бөгөөд үүнийгээ ойлгоод гомдлоо татсан. Миний дээрх үйлдэл нь тухайн байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй боловч ноцтой хохирол учруулаагүй бөгөөд ажил үүргийн дагуу тогтвортой депозит татах зорилгоор ажлын байрны давуу талаа ашиглаж дансны мэдээллийг задруулаагүй гүйлгээг лавласан. Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь надад хүндэдсэн гэж үзэж байна. Зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад надад хэлэлгүй шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд “Х” ХХК-ийн Б салбарын Рашаант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн Б салбарын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, “Х” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус үндэслэн ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир Ц.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ц.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Ц.Э нь үүнийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ц.Э нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь “Х” ХХК-ийн ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологийн журмын Хориглох зүйлийн 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.10-д зааснуудыг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Ц.Эийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон. Иймд “Х” ХХК-ийн Б салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаал хуульд нийцсэн учир Ц.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хны Б салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 тоот шийдвэрийг давж заалдах шатаар хянасан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний 13 тоот магадлалыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргасан нотлох баримт эргэлзээтэй байхад үнэн зөвд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, ажилтныг ажлаас халсан “Х” ХХК-ийн Б салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны 67 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг зөв дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдсан боловч давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэл, хууль хэрэглээний онол, арга зүйн мэтгэлцээнд тодорхой дүгнэлт хийлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн, шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан хүсэлтийг хуулийн үндэслэлгүй шийдвэрлэсэн тул магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасан нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна.

1.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн талаар.

Хэргийн оролцогч надад шүүх бүрэлдэхүүний шүүгчид хариуцагч “Х” ХХК-ийн Б салбартай зээлийн гэрээний харилцаатай талаар батлагдаагүй мэдээлэл байсан тул би “Шүүгч нар хариуцагч талтай зээлийн харилцаатай бол өөрсдөө татгалзан гараач, хэрэв үгүй гэвэл хурлыг үргэлжлүүлж болно” гэж татгалзлаа тайлбарласан. Хурал даргалагч бүрэлдэхүүн гурвуулаа “Х” ХХК-ийн Б салбарт зээлтэй гэсэн тул миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан нөхцөл байдал бий болж байна гэж үзэж шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан.

Гэтэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд иргэний хувьд зээлтэй явдал ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл болохгүй гэж татгалзлыг хангахаас татгалзсан тогтоол гаргаснаа мэдэгдсэн. Тогтоолд гомдол гаргах эрхтэйг тайлбарлаагүйн дээр тогтоолыг уншиж танилцуулаагүй, тэгээд ч тухайн шүүхэд өөр бүрэлдэхүүн байхгүй тогтоолыг 7 дугаар сарын 25-нд хүлээн авсан тул гомдол гаргах боломж байгаагүй.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд энэ нөхцөл байдлыг нарийвчлан зохицуулж шүүгчид үүрэг хүлээлгэсэн байх тул шүүх бүрэлдэхүүн татгалзлыг хүлээн авах ёстой байсан. Олон жил ажилласан шүүгчид 2013 оны 07 сарын 01-ээс мөрдсөн эрх зүйн байдлын тухай хуулиа мэдэхгүй байх боломжгүй тул татгалзлыг хүлээн аваагүй нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэх дүгнэлтэд зайлшгүй хүргэж байна.

2.Нотлох баримтыг эргэлзээтэй байхад буруу үнэлсэн талаар.

Хариуцагч тал шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө харилцагчийн төвд хандсан харилцагч Энхтуултай хийсэн ярианы аудио бичлэг, Ц.Эийн ажлын байрандаа Түндэвтэй харилцсан видео бичлэгийг нотлох баримтаар ирүүлсэн. Эдгээр бичлэг нь зөвхөн банкны зүгээс гаргасан баримт байх бөгөөд уг бичлэгт дүрс, дуу оролцож байгаа, өөрөөр хэлбэл харилцаж байгаа хүмүүст танилцуулж, ийм үйлдэл яриа болсон гэдгийг гарын үсгээр буюу тэмдэглэлээр баталгаажуулаагүй тул үнэн зөв баримт гэж шууд үзэх боломжгүй байна. Техник, мэдээллийн технологийн одоогийн түвшинд ийм бичиг баримтыг өөрийгөө зөвтгөхийн тулд нэг тал дангаар үйлдэх боломжтой.

“Х” ХХК Ц.Эийн гаргасан гэх зөрчлийн талаар харилцагч Энхтуулаас 2018.01.30-ны өдөр ирүүлсэн гомдлыг үндэслэсэн гэх тодотгол үндэслэлтэйгээр өөрийн дотоод хяналтаар буюу Мэдээлэл технологийн аудитын газраараа шалгалт хийлгэж 2018.02.09-нд 60-07/08 тоот Аудитын дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд дурдахдаа Рашаант тооцооны төвийн камерын бичлэгийг үзсэн, Ц.Эээс тайлбар бичүүлж авсан, харилцагч Энхтуултай утсаар холбогдож тодруулга авсан гэж дурдсан байдаг бөгөөд сүүлд гаргаж өгсөн шиг 1917 төвийн ажилтан Энхтуултай гомдлыг хүлээж авч харилцсан тийм бичлэг, ажилтны мэдүүлэг тайлбар байдаггүй нь дээр дурдсан дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Дотоод аудит дээр дурдсан дүгнэлтээрээ Ц.Э “Х” ХХК-ийн “Нууцын журам”, “Ёс зүйн дүрэм” зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Ажилтан Ц.Эт холбогдох энэ дүгнэлтээ зөрчил гаргасан гэх этгээд буюу Ц.Эт танилцуулж зөвшөөрөх эсэх, тайлбар гаргах эсэх, дээд шатны алба, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй байгаа нь нэг талын дангаар гаргасан ганцхан энэ дүгнэлтээр түүнд хууль зүйн хариуцлага ногдуулах үндэслэлгүйг харуулж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг үнэн зөвд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх ба давж заалдсан энэ үндэслэлд 13 тоот магадлал хариулаагүй байна.

3. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар.

“Х” ХХК-ийн Булан салбарын захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны 67 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлахдаа ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь зохицуулалтыг бүхэлд нь баримталжээ. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь хэсэг нь дотроо 28 зөрчлийг агуулсан байна. Хууль тогтоомжийг удирдлага болгох буюу өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан 28 төрлийн зөрчлийг ажилтан гаргасан гэх агуулгаар тушаалын үндэслэх хэсэг бичигдсэн байна.

Тушаалын шийдвэрлэсэн хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3 дахь заалтыг баримталсан нь Хөдөлмөрийн хуулийн заалттайгаа давхардаж байгааг буруу гэж үзэхгүй байна гэхэд уг журмын илүү нарийвчилсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хамаарах зохицуулалт 4.4.2 дахь заалтыг баримтлаагүй байна.

Тушаалын шийдвэрлэсэн нь хэсэгт “Х” ХХК-ийн нууцын журмын 2, Ёс зүйн дүрмийн 5, Хөдөлмөрийн гэрээний 5 заалтыг дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гол үндэслэлийг ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсон. Ажилтан Ц.Этэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т “Хны ажилтны ёс зүйн дүрэм”-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тодорхойлсон. Ийнхүү заасан ноцтой зөрчилд адилтган тооцох хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т шууд хамаарах заалт нь Ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт юм. Гэтэл энэ заалтыг тушаалд баримтлаагүй байгаа нь Ц.Эийг сахилгын шийтгэлээр халсан тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т нийцэхгүй буюу хууль ёсны биш байна.

“Х” ХХК-ийн 67 дугаар тушаал бол эрх зүйн онолын хувьд банкны салбар өөрийн эрх хэмжээний хүрээнд эрхийг бүтээж байгаа хэлбэр юм. Энэхүү эрхийг бүтээхдээ бусад хэм хэмжээнд байгаа зохицуулалтыг иш татан нэрлэж заах аргаар /бланкетный/ эрхийн хэм хэмжээг нөхөж гүйцээн бүтээж байгаа бол Ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.2 дахь заалтыг заавал иш татах замаар бүтээх ёстой. Иш татсан заалт нь хоёрдмол хандлагатай, эсхүл тухайн хэм хэмжээг нөхөн зохицуулж чадахгүй байгаа бол эрхийн хэм хэмжээг зөв бүтээсэн гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 өөрөө мөн ийм бланкетный хэм хэмжээ болно.

Мэдээж банкны ажилтан ажил үүрэгт нь хамаарах бүхий л журмыг баримтлах, биелүүлэх үүрэгтэй боловч Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтын дотор тодруулж тухайлан нэрлэж заасан журам нь “Ёс зүйн дүрэм”-ийн дээрх 2.1.10 дахь заалт байгаа болно.

Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасан “Х” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн /Харилцагч данс, хадгаламж, банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ татсан, нийтэд банкийг найдваргүй гэж зарласан зэрэг/ ямар нэгэн үр дагавар гарсан баримт байхгүй байна.

Эрхзүйн нийтлэг зарчмаар бол ажилтан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн субъектийн ёс зүйн асуудал эрхэлсэн дотоод бүтэц /Ёс зүйн хороо, комисс/ зөрчлийг шалгаад дүрэмд заасан хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд шилжүүлдэг.

Иймд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох дараах үндэслэл байна гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдол буюу мэтгэлцээнд бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй хялбаршуулсан, оролцогчдын бүрэлдэхүүнийг татгалзах нөхцөл бодитой бий болсон байхад хүлээн аваагүй нь хууль зөрчсөн. “Х” ХХК-ийн Б салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтын шаардлагыг хууль зүйн хувьд хангаагүй, эрх зүйн зөрчилтэй. Ц.Эт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, түүний үр дагаварт тохироогүй байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг ханган, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот магадлалыг хүчингүй болгоно уу.

Ц.Эт гаргасан зөрчилд дүйцэх бусад сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь хөөн хэлэлцэх хугацааны дотор ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах тул шүүх тусгайлан энэ талаар заах шаардлагагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ц.Эийн  нэхэмжлэлтэй “Х” ХХК-ийн Б салбарт холбогдох хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.   

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямцэрэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4.-т заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,“Х” ХХК-ийн Б салбарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд тухайн шүүхийн бүх шүүгч оролцсон байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасан тохиолдолд хамаарч байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8.-д “...тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж заасан тул хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.  

Давж заалдах шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД