Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 0013

 

    Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дугаартай шийдвэртэй,

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, Х б-ы Булган салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А /онлайнаар/

        Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Х б-ны Булган салбарын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр нийт 5 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 2017 онд шилдэг теллерээр шалгарч байсан. Намайг Х б-ны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд чөлөөлсөн үндэслэлээ ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан үйлдэл гаргасан гэжээ. Надад дээрх үйлдлийг гаргасан асуудал байхгүй. Түүнчлэн Х банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан асуудал байхгүй. Мөн харилцагч, байгууллага хоёрт ямар нэгэн хохирол учруулаагүй. Мэдээллээ алдсан гэх харилцагч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Х б-ны гомдол хүлээн авах мэдээллийн лавлах 1917 тоот  утсанд хандаж гомдлоо буцаасан. Түүний гомдол буцаах шалтгаан нь харилцагч хоорондын үл ойлголцол, хардалтаас болсон бөгөөд үүнийгээ ойлгоод гомдлоо татсан. Миний дээрх үйлдэл нь тухайн байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй боловч ноцтой хохирол учруулаагүй бөгөөд ажил үүргийн дагуу тогтвортой депозит татах зорилгоор ажлын байрны давуу талаа ашиглаж дансны мэдээллийг задруулаагүй гүйлгээг лавласан. Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь надад хүндэдсэн гэж үзэж байна. Зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад надад хэлэлгүй шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Х банкны Булган салбарын Рашаант тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э нь Х б-ны Булган салбарын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 01 дүгээр сараас ахлах теллерээр нийт 5 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын ямар нэг шийтгэл хүлээж байгаагүй. Түүнийг Х б-ны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн дансны мэдээллийг лавласан, задруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна. Ц.Э нь 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр харилцагч Э-ын дансны мэдээллийг лавласнаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ мэдээлэлийг лавлаад хэн нэгэн этгээдэд дамжуулсан, задруулсан зүйл байхгүй, Ц.Э-т ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан гэх зөрчлийн үр дагаварт тохироогүй, өөр арга хэмжээ авч болох байсан. Гаргасан зөрчилтэй нь холбоотойгоор Х б-ны дотоод аудит шалгалт хийсэн бөгөөд  гарсан дүгнэлт нь нэг талыг барьж гарсан. Өөрөөр хэлбэл уг дүгнэлтийг нэхэмжлэгч Ц.Э-т танилцуулаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх,  дүнэлтэд бичсэн зүйлүүд үнэн зөв эсэх талаар холбогдох хүмүүсээс тайлбар аваагүй, дүгнэлт талуудын оролцоог хангаагүй. Нэхэмжлэгч Ц.Э нь дотоод Аудитын хүмүүст өгсөн тайлбартаа банкны хууль ёсны эрх, ашиг сонирхолд харш, сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаагүй гэж бичсэн. Мөн харилцагч, байгууллага хоёрт ямар нэгэн хохирол учруулаагүй. Ц.Э-ийг ажлаас халах тушаалд олон үндэслэл зааж, эрх зүйн баримт бичгийн олон зүйл заалт дурдагдсан байсан. Жишээ нь: Банкны Нууцын журмын 2.2.3 дахь заалт дотроо 7 зүйлийг заасан, эдгээрээс аль нь Ц.Э-ийн гаргасан  зөрчилд хамаарч байгааг дурдаагүй, мөн 3.2.2 дахь заалт  4 зүйл хэсэгтэй бөгөөд үүнээс алийг зөрчсөн нь тодорхойгүй. 3.2.2-т ажил үүргийн дагуу харилцагчийн мэдээлэлтэй танилцсан этгээд гуравдагч этгээдэд задруулсан гэж заасан бөгөөд харилцагчийн мэдээллийг задруулсан зүйл баримтаар нотлогдоогүй байна. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7.1, 5.7.2, 5.7.3 гэж ерөнхий заалтуудыг баримталсан. Хаан банкны Ёс зүйн дүрмийн 2.1.10-д хөдөлмөрийн ноцтой зөрчилд ямар зөрчил хамаарах нь тодорхой байх ёстой байтал тодорхойгүй байна. Х б-ны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаал хуульд нийцэж гараагүй тул Ц.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Х б-ны Булган салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, Хаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус үндэслэн ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир Ц.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ц.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д  хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгасан бөгөөд Ц.Э нь үүнийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ц.Э нь ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан. Энэ үйлдэл нь Х б-ны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологийн журмын Хориглох зүйлийн 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.10-д зааснуудыг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Ц.Э-ийн гаргасан зөрчлийн улмаас харилцагч гомдол ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу Аудитын шалгалт хийгдэж зөрчлийг тогтоосон. Иймд Х б-ны Булган салбарын зархирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаал хуульд нийцсэн учир Ц.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х б-ны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 тоот тушаалаар Ц.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ц.Э-ийн гаргасан зөрчил нь харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дансны мэдээлэлийг лавласан, бусдад задруулсан ноцтой зөрчил юм. Энэхүү зөрчил  нь Х б-ны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.7.1, Банкс программ ашиглах технологийн журмын Хориглох зүйлийн 1.8, 02-01-01, Нууцын журмын 2.2.3, 3.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.69, 2.70, 2.73, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.10-д заасныг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Ц.Э-ийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар хэрэгт авагдсан байгаа. Харилцагч Э-ын гомдлын дагуу Аудитын шалгалт хийгдэж уг зөрчлийг илрүүлсэн. Дотоод Аудитын шалгалтаар зөрчил гаргасан гэж үзсэн учраас хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон. Ахлах теллерээр ажиллаж байсан Ц.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харилцагч Н.Т-т харилцагч Э-ын дансны мэдээлэлийг өгсөн ба уг үйлдэл нь камерийн бичлэгт тодорхой харагдаж байгаа. Мөн харилцагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн өдөр Э-ын дансны мэдээлэл рүү 11 удаа хандсан нь дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Иймд Ц.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

 

Гэрч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний дансанд 1000000 төгрөг орсон бөгөөд ямар хүнээс мөнгө орсон болохыг мэдэхээр банк орсон. Харилцагчийн нэрийг асууж очсон болохоос Э-ын дансны мэдээллийг хараад өгөөч гэж хэлээгүй. Тэгээд ч ахлах теллер Ц.Э харилцагчийн нууц гээд хэлж өгөөгүй. Э бид хоёрын дунд мөнгөний тооцоо байсан учраас дансанд орж ирсэн мөнгө хэнээс орж ирснийг мэдэх гэж л очсон гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрээр:

   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х б-ны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргасан нотлох баримт эргэлзээтэй байхад үнэн зөвд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, ажилтныг ажлаас халсан Х б-ны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны 67 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг зөв дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээ тодорхой тайлбарлая.

Нотлох баримтыг эргэлзээтэй байхад буруу үнэлсэн талаар: а/. Хариуцагч тал шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө харилцагчийн төвд хандсан харилцагч Э-тай хийсэн ярианы ауди бичлэг, Ц.Э-ийн ажлын байрандаа Т-тэй харилцсан видео бичлэгийг нотлох баримтаар ирүүлжээ. Эдгээр бичлэг нь зөвхөн банкны зүгээс гаргасан баримт байх бөгөөд уг бичлэгт дүрс, дуу оролцож байгаа, өөрөөр хэлбэл харилцаж байгаа хүмүүст танилцуулж, ийм үйлдэл яриа болсон гэдгийг гарын үсгээр буюу тэмдэглэлээр баталгаажуулаагүй тул үнэн зөв баримт гэж шууд үзэх боломжгүи байна. Техник, мэдээллийн технологийн одоогийн түвшинд ийм бичиг баримтыг өөрийгөө зөвтгөхийн тулд нэг тал дангаар үйлдэх боломжтой.

б/. Х б Ц.Э-ийн гаргасан гэх зөрчлийн талаар харилцагч Э-аас 2018.01.30-ны өдөр ирүүлсэн гомдлыг үндэслэсэн гэх тодотгол үндэслэлтэйгээр өөрийн дотоод хяналтаар буюу Мэдээлэл технологийн аудитын газраараа шалгалт хийлгэж 2018.02.09-нд 60-07/08 тоот аудитын дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд дурдахдаа Рашаант тооцооны төвийн камерийн бичлэгийг үзсэн, Ц.Э-ээс тайлбар бичүүлж авсан, харилцагч Э-тай утсаар холбогдож тодруулга авсан гэж дурдсан байдаг бөгөөд сүүлд гаргаж өгсөн шиг 1917 төвийн ажилтан Э-тай гомдлыг хүлээж авч харилцсан тийм бичлэг, ажилтны мэдүүлэг тайлбар байдаггүй нь дээр дурдсан дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

 в/. Дотоод аудит дээр дурдсан дүгнэлтээрээ Ц.Э Х б-ны "Нууцын журам", "Ёс зүйн дүрэм" зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Ажилтан Ц.Э-т холбогдох энэ дүгнэлтээ зөрчил гаргасан гэх этгээд буюу Ц.Э-т танилцуулж зөвшөөрөх эсэх, тайлбар гаргах эсэх, дээд шатны алба, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй байгаа нь нэг талын дангаар гаргасан ганцхан энэ дүгнэлтээр түүнд хууль зүйн хариуцлага ноогдуулах үндэслэлгүйг харуулж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: а/. Х б-ны Б салбарын захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны 67 тоот тушаал нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлахдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь зохицуулалтыг бүхэлд нь баримталжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь хэсэг нь дотроо 28 зөрчлийг агуулсан байна. Хууль тогтоомжийг удирдлага болгох буюу өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан 28 төрлийн зөрчлийг ажилтан гаргасан гэх агуулгаар тушаалын үндэслэх хэсэг бичигдсэн байна. б/. Тушаалын шийдвэрлэсэн хэсэгт хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3 дахь заалтыг баримталсан нь хөдөлмөрийн хуулийн заалттайгаа давхардаж байгааг буруу гэж үзэхгүй байлаа гэхэд уг журмын илүү нарийвчилсан зохицуулалт 4.4.2 дахь заалтыг баримтлаагүй байна. в/. Тушаалын шийдвэрлэсэн нь хэсэгт Х б-ны нууцын журмын 2, Ёс зүйн дүрмийн 5, хөдөлмөрийн гэрээний 5 заалтыг дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж  хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гол үндэслэлийг ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой   зөрчил   гаргасан   гэж   тодорхойлсон.   Ажилтан   Ц.Э-тэй   байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т "Х б-ны ажилтны ёс зүйн дурэм"-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тодорхойлсон. Ийнхүү заасан ноцтой зөрчилд адилтган тооцох хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т шууд хамаарах заалт нь Ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт юм. Гэтэл энэ заалтыг тушаалд баримтлаагүй байна. г/. Х б-ны 67 дугаар тушаал бол эрх зүйн онолын хувьд банкны салбар өөрийн эрх хэмжээний хүрээнд эрхийг бүтээж байгаа хэлбэр юм. Энэхүү эрхийг бүтээхдээ бусад хэм хэмжээнд байгаа зохицуулалтыг иш татан нэрлэж заах аргаар /бланкетный/ эрхийн хэм хэмжээг нөхөж гүйцээн бүтээж байгаа бол ёс зүйн дүрмийн 2.1.10 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 4.4.2 дахь заалтыг заавал иш татах замаар бүтээх ёстой. Иш татсан заалт нь хоёрдмол хандлагатай, эсхүл тухайн хэм хэмжээг нөхөн зохицуулж чадахгүй байгаа бол эрхийн хэм хэмжээг зөв бүтээсэн гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 ч өөрөө мөн ийм бланкетный хэм хэмжээ болно. Мэдээж банкны ажилтан ажил үүрэгт нь хамаарах бүхий л журмыг баримтлах, биелүүлэх үүрэгтэй боловч хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтын дотор тодруулж тухайлан нэрлэж заасан журам нь "Ёс зүйн дүрэм"-ийн дээрх 2.1.10 дахь заалт байгаа болно. д/ Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасан Х б-ны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн /Харилцагч данс, хадгаламж, банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ татсан, нийтэд банкыг найдваргүй гэж зарласан зэрэг/ ямар нэгэн үр дагавар гарсан баримт байхгүй байна. е/. Эрх зүйн нийтлэг зарчмаар бол ажилтан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн субъектын ёс зүйн асуудал эрхэлсэн дотоод бүтэц /Ёс зүйн хороо, комисс/ зөрчлийг шалгаад дүрэмд заасан хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд шилжүүлдэг.

Дүгнэлт, санал: а/. Банкны ажилтан Ц.Э харилцагч Э-ын харилцах дансны мэдээлэлд нэвтэрч харсан гэдэг үйл байдал тогтоогдсон. Гуравдагч этгээд Т-т ямар мэдээлэл дамжуулсан, түүнээс болж банк болон харилцагч Э-д ямар хохирол сөрөг үр дагавар учирсан гэх баримт энэ хэрэгт тогтоогдоогүй. б/ Б-ны салбарын захирлын 67 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтын шаардлагыг хууль зүйн хувьд хангаагүй, эрх зүйн зөрчилтэй. в/. Ц.Э-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, түүний үр дагаварт тохироогүй байх тул анхан шатны шүүхийн 239 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Ц.Э-т гаргасан зөрчилд дүйцэх бусад сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь хөөн хэлэлцэх хугацааны дотор ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах тул шүүх тусгайлан энэ талаар заах шаардлагагүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь Х б-ны Булган салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь ” Ц.Э нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.  

Нэхэмжлэгч Ц.Э нь Х б-ны Булган салбарын Рашаант тооцооны төвд 2012 оны 10 дугаар сараас теллер, 2018 оны 1 дүгээр сараас ахлах теллереер тус тус ажиллаж байсан ба Х банкны Булган салбарын захирлын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогч байгууллага нь Ц.Э-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус баримталж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ц.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр харилцагч С.Т-ийн гуйлтаар харилцагч Б.Э-ын харилцах дансанд 11 удаа хандаж дансны мэдээллийг нь лавлаж, бусдад задруулсан үйл баримт болсон нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д ”... Х б-ны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”, 5.7.2-д “... Х б-ны ажилтан ёс зүйн дүрэмд, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан”, 5.7.3-т “... эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах ... аливаа үйлдэл эс үйлдэхүй гаргасан” зэрэг тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар Х б-ны ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.10-т тусгасан байна.

 Ажилтан Ц.Э-ийн гаргасан ноцтой зөрчлийг Х б-ны Мэдээллийн Технологийн Аудитын газраас тогтоож 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дүгнэлт гаргасныг үндэслэн ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хуулийн зохицуулалттай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий эрх зүйн харилцаан дахь хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... нотлох баримтыг эргэлзээтэй байхад буруу үнэлсэн ... хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн... ” гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.  Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

 

    ШҮҮГЧИД                                                                   С.УРАНЧИМЭГ                                                                          

                                                                                                             М.ХҮРЭЛБААТАР