Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01750

 

Н.Уын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаагцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1730 дугаар магадлалтай

Н.Уын нэхэмжлэлтэй,

Ц-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 22 274 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Црын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад Црын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 08 дугаар сарын 29 өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговор болох 3 966 224 төгрөгийг төлсөн. Харин нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шийдвэрийг биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Улмаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-нийг хүртэлх хугацааны олговор 27 643 242 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг ханган, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 сарын 31-ний өдрийн тогтоолоор тус тус шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, 27 643 242 төгрөгийн олговор авсан. Иймд хариуцагч Црын дарга нь ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 17 сар 16 өдрийн цалин, хөлстэй тэнцэх олговор 1 сарын цалин 1 256 511 төгрөг, 1 өдрийн цалин 57 110 төгрөгөөр тооцон нийт 22 274 447 төгрөгийг Цраас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Црын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний 526 дугаар тушаалын Н.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Уыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 03 сар 12 хоногийн хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Цраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т заасны дагуу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 3 996 224 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард Н.Ут олгосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Н.Уыг ажилд томилох асуудлыг судалж, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад Н.У эрүүгийн 201501000144 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар хариу ирүүлсэн гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цраас ажилгүй байсан хугацааны олговорт 22 274 447 төгрөг гаргуулж Н.Ут олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Уын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон төлж,  дэвтэрт бичилт хийхийг Ц-т  үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар сарын 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.У улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Цраас 269 322 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1730 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1730 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.Уын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Н.Ут ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй талаар дүгнэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгох зохицуулалттай.

Н.Уын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн хэрэг нь Црын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хэрэг байх тул дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түүнийг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж, мөн 23.6 дах хэсэгт “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх заалтын дагуу Н.Уын талаар Авлигатай тэмцэх газраас лавлагаа авч эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад эрүүгийн 201501000144 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа талаар хариу ирүүлсэн байдаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй.” гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хуулийн тодорхойгүй байдал үүссэн.

Хариуцагчаас хүсэлт гаргасаар байтал анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Н.Уыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх талаарх лавлагааг авсан боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад баримтыг гаргуулан аваагүй, хүсэлтийг бүрэн гүйцэд хангаагүй.

Давж заалдах шатны шүүхээс ч гэсэн дээрх нөхцөл байдлыг үнэлэхгүй магадлалаа гаргажээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан бөгөөд шүүх хариуцагчийн “Н.Уын шалгагдаж буй эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.У нь Цт холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хүртэлх 17 сар 16 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 22 274 447 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Н.Уыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг Цт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр тэрээр шүүхийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж, шүүхээр шийдвэрлүүлж байсан үйл баримт тогтоогдсон байна.

Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны олговрыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтад нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохын тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас лавлагаа авах шаардлагатай, гэтэл тэрээр Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тухай хариу ирүүлсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хуулийн тодорхойгүй байдал үүссэн. Энэ талаарх  нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй, мөн Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх хүлээж аваагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх хэргийн оролцогчоос гаргасан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нотлох баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Ажилтан тухайн албанд шинээр томилогдохоор нэр дэвшиж буй этгээд биш тул хариуцагчийн хариу тайлбар болон гомдолд дурдсан үндэслэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, нэхэмжлэлийг татгалзах үндэслэлд хамаарахгүй бөгөөд  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1730 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД