Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01836

 

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01032 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1640 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Г болон “Л” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 93 925 ам.доллар буюу 227 399 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 100 000 ам.долларыг зээлдүүлсэн гэх 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Г нь “Л” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.доллар, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 ам.доллар, нийт 100 000 ам.долларыг зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нар зээлсэн мөнгөнийхөө хүүг цаг тухайд нь төлөхгүй хоцроож, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн, мөн санхүүгийн байдал нь доройтож зээлийн буцаан төлөлтөд хүндрэл учруулсан. Ж.Г- 2017 оны 11 сард маш удаан хугацаанд шаардсаны эцэст үндсэн зээлийн төлбөрөөс 15 000 ам.долларыг буцааж авсан.

Хавтаст хэрэгт 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 50 000 ам.долларын гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 100 000 ам.долларын 3 тоот гэрээ, 2016 оны 4 тоот 100 000 ам.долларын гэрээнүүд авагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт хоёр удаагийн үйлдлээр нийт 100 000 ам.долларыг өгсөн боловч хэрэгт 4 зээлийн гэрээ байгаа нь зохигчдын эрх зүйн мэдлэггүйгээс болсон.

Талууд энэ гэрээг нэмэлт өөрчлөлт оруулан баталгаажуулах байдлаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 4 зээлийн гэрээ байгуулсан, эдгээр гэрээ тус бүр өөр, өөр зээлийн хүүтэй байгаа.

Иймд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр болох 85 000 ам.доллар, алданги 25 000 ам.доллар нийт 110 000 ам.доллар буюу 266 317 700 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 85 000 ам.доллар, үүн дээр 2017 оны 12 сараас эхлээд өнөөдрийг хүртэлх буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацааны 85 000 ам.долларын хүүг нэг сарын 2,1 хувиар тооцоход 1 785 ам.доллар ба 5 сарын хүү 8 925 ам.доллар, нийт 93 925 ам.долларыг хариуцагч Н.Г болон “Л” ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч нар 2013 онд 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар, 2014 онд мөн 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар нийт 100 000 ам.долларыг зээлж, буцаагаад нийт 144 600 ам.долларыг буюу зээлийн хүү болон үндсэн төлбөр, алдангийн хамтаар төлсөн. Энэ олон гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байгуулсан. Тийм учраас хариуцагч эдгээр гэрээний сунгалтын дагуу ямар нэг мөнгө зээлээгүй.

Иймд хүү алдангийн хамтаар зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Н.Г нь Ж.Г-тай 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.долларыг зээлж, зээлийн гэрээ байгуулан түүний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Г-аас 100 000 ам.доллар зээлж аваагүй бөгөөд 50 000 ам.доллар зээлж авсан. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 100 000 ам.долларыг 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, 2016 оны 02 дугаар сард юм уу, 8 дугаар сард байгуулсан эсэх нь тодорхойгүй, он сар нь засвартай байна. 2016 оноор огноолсон гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулахдаа Ж.Г та нар хэдийгээр мөнгө зээлж аваагүй ч гэсэн 2013 онд зээлсэн 50 000 ам.доллараа хүүгийн хамт бүрэн төлж дуусаагүй байгаа, мөн 2014 онд зээлсэн 50 000 ам.долларын зөвхөн хүүг төлж байгаа тул 100 000 ам доллар зээлсэн гэж баталгаажуулж байна гэж хэлж байсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 онд зээлсэн 100 000 ам.доллараас 15 000 ам.доллар төлсөн гэж бичсэн нь үндэслэлгүй. Учир нь өмнө нь байгуулсан хоёр гэрээний хугацаа дууссан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний нэхэмжлэгч надад 2016 оны 08 дугаар сард хийсэн гэж тайлбарласан тул би 2016 оны 08 гэж дарж бичсэн юм. Мөн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлээс харахад 8 дугаар сар байсан. Хариуцагч талын гаргаж өгсөн зарлагын баримтаас үзэхэд дандаа зээлийн хүүг төлж байсан байна. Үндсэн зээл төлсөн зүйл нэг ч байхгүй байна. Ганц нэг зээл төлөв гэсэн баримт байгаа ба энэ нь өмнөх сард төлсөн 2 100 ам.долларын хүү байгаа. Тэгэхээр энэ нь үндсэн зээлд төлсөн зүйл биш. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар мөнгө өгсөн гэж маргаагүй. Юу гэхээр 2013 оноос хойш үүссэн зээлийн гэрээний харилцааны асуудлаар хүүг нь бууруулаад хугацааг сунгаад гэрээ байгуулсан. Үүнийг талууд хүлээн зөвшөөрөөд хүүг төлөөд явж байснаар талууд хүсэл зоригоо илэрхийлээд хийсэн. Тэгэхээр энэ гэрээг дүр үзүүлж хийсэн гэж үзэх аргагүй. Энд мөнгө өгсөн өгөөгүйгээс үл хамаараад тухайн хэлцэл энд хамаарах үндэслэлгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж ямар хэлцлийг хэлэх вэ гэхээр өрөөсөө тухайн хэлцлийг байгуулах хүсэл зориг байгаагүй байх юм бол дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хэлнэ. Гэтэл энэ гэрээнүүд дээр нөгөө дүр үзүүлэн хийсэн гэх гэрээний хүү болон үлдэгдэл мөнгө, хугацааг тохирсон харилцаанаас харахад энэ хэлцэл дүр үзүүлсэн хэлцлийн шаардлагыг хангахгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан хэлцэл биш байна. Дараагийн зүйл гэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж байгаа боловч ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор энэ 3-4 удаагийн зээлийн гэрээг байгуулсан юм бэ, ямар ч тийм нуусан гэрээ байхгүй, тэгэхээр 2016 оны гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01032 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Л” ХХК болон Н.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 85 000 ам.доллар буюу 205 790 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 608 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 100 000 ам.долларыг зээлдүүлсэн гэх 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 489 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 186 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1640 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...85 000 ам.доллар буюу 205 790 950 төгрөг...” гэснийг “...28 925 ам.доллар буюу 69 969 575 төгрөг” гэж, “...21 608 050...” гэснийг “...196 348 125...” гэж, 3 дах заалтын “...1 186 905...” гэснийг “...507 797...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс зөрүүтэйгээр үнэлж, яагаад зөрүүтэй үнэлсэн болох хуулийн үндэслэлээ дурдахгүйгээр анхан шатны шүүхийн нэхэмжлэгчид олгосон 85 000 ам.долларыг 28 925 ам.доллар болгож багасгаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзээгүйгээс зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүг буруу тооцож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

...Хариуцагч 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчээс 100 000 ам.долларыг зээлж авсан үүнийг төлөх үүрэгтэй байсан гэдгээ мэдэж байсан учир нэхэмжлэгчтэй дахин зээлийн гэрээ байгуулж тус гэрээгээр зээлийн хүү 4 хувь байсныг буруулж сарын 3 хувь байхаар тохиролцож гэрээнд заасны дагуу cap бүр зээлийн хүү болох 3 000 ам.долларыг нэхэмжлэгчид төлж ирсэн. Мөн нэхэмжлэгч, хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож 100 000 ам.долларын зээлийн хүү 3 хувь байсныг 2.1 хувь болгон бууруулж зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан. Дээр дурдсанчлан хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн хүү төлсөн баримтаар дээр дурдсан гэрээнүүдэд заасан хүүгийн хувь хэмжээгээр зөвхөн зээлийн хүүг төлж байсан болох нь тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийг үндсэн зээлийг төлж байсан одоо төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 28 925 ам.доллар байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх нь “анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна” гэсэн атлаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг талуудын хооронд үргэлжилж байсан зээлийн гэрээний харилцаатай холбож тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг илт үгүйсгэн зээлийн гэрээний хүү болгон төлж байсан хүүг үндсэн зээлээс хасч тооцсон нь давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэж хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзэхээр байна.

...Түүнчлэн, нэхэмжлэгч нь хавтас хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудыг хариуцагч нарт “нягтлан бодогч ажлаасаа гараад бүх баримт алга болсон санхүүгийн баримт дээр дахиад зураад өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу тэдэнд хууртагдан баримтуудыг нягтлан шалгахгүйгээр гарын үсэг зурсан нь түүнийг их хэмжээний хүү авч байсан мэт харагдуулж байгаа юм. Нэхэмжлэгч нэгэнт хариуцагч нарт хууртагдан гарын үсэг зурсан өөрийн буруутай үйлдэл байгаа тул хариуцагч нарын гаргаж ирсэн хуурамч нотлох баримтуудын талаар маргаан үүсгэхгүйгээр үлдэгдэл мөнгөө аваад салая гэсэн бодолтой байгааг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч би дурдаж, хэлж байсан. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон магадлал гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу гэрээний тал үүргээ биелүүлсэн тухай хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргаж байна.

...Миний зүгээс 2 удаа хугацаатай байгуулсан гэрээний дагуу хүү нь 36 000 ам.доллар, үндсэн зээл 100 000 ам.доллар төлөх ёстой тооцоо гарч байгааг бүрэн төлж дуусгасан болно. Хариуцагчийн хувьд 2016 оны 08 дугаар сарын 24-нд 100 000 ам.долларыг хоёр жилийн хугацаатай зээлүүлсэн гэх гэрээний дагуу ямар ч мөнгө төгрөг хүлээн аваагүй тул энэ гэрээний дагуу ямар ч үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ гэрээний дагуу ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч тал мөн баталж хэлсэн байгаа. Энэ гэрээнээс хуульд заасны дагуу татгалзах эрх нээлттэй боловч хуульд заасны дагуу зээл авсанд тооцох үндэслэл үүсээгүй болно. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бусад гэрээнээс ялгагдах хуулийн нэмэлт зохицуулалттай байна. Гэтэл энэ гэрээгээр үүрэг хүлээсэн гэж дүгнээд, түүний дагуу хүү төлсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс нөхөж үйлдэхдээ нийт төлсөн мөнгөнд тохируулж Ж.Г-ийн хүссэн мөнгөн дүнг бичиж тэмдэглэсэн баримтыг талуудын зээлсэн мөнгөний хүүтэй тохирч байна гэж дүгнэж буй нь нэг талыг барьсан болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр зээлийн хүү төлөв, зээл төлөв гэсэн хоёр янзын бичиглэл байгаа болно.

Өнөөдөр нийт 144 000 ам.доллар төлж үүргээ бүрэн биелүүлсэн байхад дахин 28 950 ам.доллар төлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                    

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч “Л” ХХК болон Н.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93 925 ам.доллар буюу 227 399 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч тал шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч талын хүлээх үүргийн хэмжээг тооцоолсон байна.

Нэхэмжлэгч Ж.Г нь Н.Г-той 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 50 000 ам.долларыг 9 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Зохигч нь мөн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 50 000 ам.долларыг нэмж зээлдүүлж, талууд нийт 100 000 ам.долларыг 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж гэрээгээр тохиролцжээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Г нь 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.долларыг “Л” ХХК-ийн дансаар хариуцагч Н.Г-т шилжүүлсэн ба дараагийн 50 000 ам.долларыг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөн компанийн бэлэн мөнгөний орлогын баримтаар Н.Г-т өгчээ.

Хариуцагч нь 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 144 900 ам.долларыг нэхэмжлэгчид төлжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтад хамааруулсан нь үндэслэл бүхий болжээ. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг болно.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан талуудын хооронд байгуулагдсан хоёр удаагийн зээлийн тооцоог нарийвчлан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас хангах хэмжээг багасган тооцсоныг буруутгах болон үгүйсгэх үндэслэлгүй байна. Зохигч нь 2014 онд 100 000 ам.долларын гэрээ байгуулах үед энэхүү үнийн дүнд багтсан эхний 50 000 ам.долларын зээлийн үүргээс хариуцагч зарим хэсгийг биелүүлсэн байсныг анхан шатны шүүх анхааралгүй тооцооны алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх зээлийн хүүгийн талаар бичгээр гэрээ байгуулсан үеэс эхлэн хүүгийн тооцоо гаргах ёстой гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан зүйл, заалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудын агуулгаар магадлалыг өөрчлөн, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1640 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 507 798 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН