Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1640

 

Ж.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, бүрэлдэхүүнд шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01032 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Г болон “Л...” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 93 925 ам.доллар буюу 227 399 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн 100 000 ам.долларыг зээлдүүлсэн гэх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгч Г.Уранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг гаргасан тайлбартаа: Ж.Г нь "Л..." ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр         50 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 ам.доллар нийт 100 000 ам.долларыг зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нар зээлсэн мөнгөнийхөө хүүг цаг тухайд нь төлөхгүй хоцроож гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн, мөн санхүүгийн байдал нь доройтож зээлийн буцаан төлөлтөд хүндрэл учруулсан. Ж.Г 2017 оны 11 сард маш удаан хугацаанд шаардсаны эцэст үндсэн зээлийн төлбөрөөс 15 000 ам.долларыг буцааж авсан. Хавтаст хэрэгт 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 50 000 ам.долларын гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 100 000 ам.долларын 3 тоот гэрээ, 2016 оны 4 тоот 100 000 ам.долларын гэрээнүүд авагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт хоёр удаагийн үйлдлээр нийт 100 000 ам.долларыг өгсөн боловч хэрэгт 4 зээлийн гэрээ байгаа нь зохигчдын эрх зүйн мэдлэггүйгээс болсон. Талууд энэ гэрээг нэмэлт өөрчлөлт оруулан баталгаажуулах байдлаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 4 зээлийн гэрээ байгуулсан, эдгээр гэрээ  тус бүр өөр, өөр зээлийн хүүтэй байгаа. Иймд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр болох 85 000 ам.доллар, алданги 25 000 ам.доллар нийт 110 000 ам.доллар буюу 266 317 700 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 85 000 ам.доллар, үүн дээр 2017 оны 12 сараас эхлээд өнөөдрийг хүртэлх буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацааны 85 000 ам.долларын хүүг нэг сарын 2,1 хувиар тооцоход 1 785 ам.доллар ба 5 сарын хүү 8 925 ам.доллар, нийт 93 925 ам.долларыг хариуцагч Н.Г болон "Л..." ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Л..." ХХК болон Н.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар 2013 онд 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар, 2014 онд мөн 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар нийт 100 000 ам.долларыг зээлж, буцаагаад нийт 144 600 ам.долларыг буюу зээлийн хүү болон үндсэн төлбөр, алдангийн хамтаар төлсөн. Энэ олон гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байгуулсан. Тийм учраас хариуцагч эдгээр гэрээний сунгалтын дагуу ямар нэг мөнгө зээлээгүй. Иймд хүү алдангийн хамтаар зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г нь Ж.Г-тай  2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.долларыг зээлж, зээлийн гэрээ байгуулан түүний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Г-с 100 000 ам.доллар зээлж аваагүй бөгөөд 50 000 ам.доллар зээлж авсан. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 100 000 ам.долларыг 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, 2016 оны 02 дугаар сард юм уу, 8 дугаар сард байгуулсан эсэх нь тодорхойгүй, он сар нь засвартай байна. Эн.э 2016 оноор огноолсон гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулахдаа Ж.Г та нар хэдийгээр мөнгө зээлж аваагүй ч гэсэн 2013 онд зээлсэн 50 000 ам.доллараа хүүгийн хамт бүрэн төлж дуусаагүй байгаа, мөн 2014 онд зээлсэн 50 000 ам.долларын зөвхөн хүүг төлж байгаа тул 100 000 ам доллар зээлсэн гэж баталгаажуулж байна гэж хэлж байсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 онд зээлсэн 100 000 ам.доллараас 15 000 ам.доллар төлсөн гэж бичсэн нь үндэслэлгүй. Учир нь өмнө нь байгуулсан хоёр гэрээний хугацаа дууссан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний нэхэмжлэгч надад 2016 оны 8 дугаар сард хийсэн гэж тайлбарласан тул би 2016 оны 08 гэж дарж бичсэн юм. Мөн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлээс харахад 8 дугаар сар байсан. Хариуцагч талын гаргаж өгсөн зарлагын баримтаас үзэхэд дандаа зээлийн хүүг төлж байсан байна. Үндсэн зээл төлсөн зүйл нэг ч байхгүй байна. Ганц нэг зээл төлөв гэсэн баримт байгаа ба энэ нь өмнөх сард төлсөн 2 100 ам.долларын хүү байгаа. Тэгэхээр энэ нь үндсэн зээлд төлсөн зүйл биш. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар мөнгө өгсөн гэж маргаагүй. Юу гэхээр 2013 оноос хойш үүссэн зээлийн гэрээний харилцааны асуудлаар хүүг нь бууруулаад хугацааг сунгаад гэрээ байгуулсан. Үүнийг талууд хүлээн зөвшөөрөөд хүүг төлөөд явж байснаар талууд хүсэл зоригоо илэрхийлээд хийсэн. Тэгэхээр энэ гэрээг дүр үзүүлэх хийсэн гэж үзэх аргагүй. Энд мөнгө өгсөн өгөөгүйгээс үл хамаараад тухайн хэлцэл энд хамаарах үндэслэлгүй байна. Тиймээс Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж ямар хэлцлийг хэлэх вэ гэхээр өрөөсөө тухайн хэлцлийг байгуулах хүсэл зориг байгаагүй байх юм бол дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хэлнэ. Гэтэл энэ гэрээнүүд дээр нөгөө дүр үзүүлэн хийсэн гэх гэрээний хүү болон үлдэгдэл мөнгө, хугацааг тохирсон харилцаанаас харахад энэ хэлцэл дүр үзүүлсэн хэлцлийн шаардлагыг хангахгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан хэлцэл биш байна. Дараагийн зүйл гэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж байгаа боловч ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор энэ 3-4 удаагийн зээлийн гэрээг байгуулсан юм бэ, ямар ч тийм нуусан гэрээ байхгүй, тэгэхээр 2016 оны гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л... ХХК болон Н.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 85 000 ам.доллар буюу 205 790 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 608 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 100 000 ам.долларыг зээлдүүлсэн гэх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчии\ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 489 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 186 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч "Л..." ХХК болон Н.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийн талаар Н.Г би Ж.Г-тай  2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №3/2013/01 дугаартай гэрээ байгуулж 50 000 ам.доллар зээлж авсан ба үүний дагуу үндсэн зээл, түүний хүүг бүрэн төлж дуусгасан байгаа. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа 2016 онд зээлсэн 100 000 ам.доллараас ердөө 15 000 ам.доллар төлсөн гээд бичсэн нь хуулийн ямарч үндэслэлгүй юм. Гэрээгээр үүрэг хүлээсэн гэж дүгнээд, түүний дагуу хүү төлсөн гэж шүүхээс дүгнэж буй нь хуулийн үндэслэлгүй нэг талыг барьсан шийдвэр болсон. Ингэснээр төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхээс талуудын 2013, 2014 онд байгуулсан гэрээний хугацаа, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэдэн төгрөг үндсэн зээлд, хэдэн төгрөг хүүнд төлөв гэдэгт дүгнэлт өгөөгүй. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээнд 100 000 ам.доллар гэж бичсэн боловч 50 000 ам.доллар л зээлж авсан. Сарын 3 хувиар 12 сарын хугацаанд 36 000 ам.доллар төлөх тооцоо гарч байгаа. 2014 оны 9 дүгээр сарын гэрээг байгуулах үед өмнөх гэрээнээс хүүд 18 000 ам доллар, үндсэн зээлд 22 000 ам.доллар төлсөн тооцоо гарч байсан юм. Энэ гэрээнд өмнө байгуулсан 2013 оны гэрээг дурьдсан, нэмж 50 000 ам.доллар зээлүүлэх тухай заалт ерөөсөө байхгүй бөгөөд шүүх хуралдааны явцад талууд ингэж мэтгэлцээгүй юм. Гэтэл шүүх шийдвэрийнхээ дүгнэх хэсэгт "2014 оны 9 дүгээр сарын 17 ны өдөр мөн зээлийн гэрээ байгуулагдаж, 50 000 ам.доллар нэмж олгон нийт 100 000 ам. долларыг 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна" гэж санаанаас зохион дүгнэж 3 000 ам.долларын хүү төлж байсан" болгоод нэг талд үйлчиллээ. Шүүх гэрээнд заагдаагүй өгүүлбэр нэмж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг дахин үйлдсэн, эдгээр баримтад дурьдсан хэмжээний мөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан гэдэг дээр талууд маргаагүй болно. Өнөөдөр нийт 144 000 ам доллар төлж үүргээ бүрэн биелүүлсэн байхад дахин 85 000 ам.доллар төлүүлэхээр шийдсэн нь шүүх нэг талыг барьсанг нотлож байна. Н.Г-н зүгээс зээл болон түүний хүү төлсөн баримтыг алга болгочихлоо дахин үйлдэж гарын үсэг зуран баталгаажуулья гэсэн хүсэлт гаргахад нэхэмжлэгч Ж.Г нь хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ сар болгон төлсөнөөр баримт үйлдвэл  гарын үсэг зурна гэсэн саналыг Ж.Г гаргасан тул баримттай болохын тулд арга буюу сар бүр мөнгө төлж байсанаар бичсэн. Энэ баримтыг нөхөж үйлдсэн гэдгийг нэхэмжлэгч тал шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч “Л...” ХХК болон Н.Г-т  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 85 000 ам.доллар, хүү 8925 ам.доллар нийт 93 925 ам.доллар буюу 227 399 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Г нь Н.Г-той 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 50 000 ам.долларыг 9 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, мөн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 50 000 ам.доллар нэмж олгон, нийт 100 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон, гэрээний зүйлийг зээлдэгч Н.Г-т 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Л...” ХХК-ийн дансанд шилжүүлсэн,  2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Л...” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкний дотоод шилжүүлгийн маягт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдсон, хариуцагч 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 144 900 ам.доллар төлсөн зэрэг үйл баримын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 4-14/

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна. Мөн шүүх 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон, уг зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй байгаа нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд  хамаарахгүй болохыг зөв дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин  шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 85 000 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-т олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Талуудын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус тус зээлийн гэрээ бичгээр хийгдсэн боловч эдгээр гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, харин хүү тогтоосон 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болон 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэхэд ач холбогдолтой.

Зээлийн 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 50 000 ам.долларыг 9 сарын хугацаатай, 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон боловч уг гэрээний хугацаа дуусаагүй байхад 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин гэрээ байгуулж, /хх-ийн 6/ 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 4 хувийн хүү тооцохоор тохиролцсон тул хариуцагч үндсэн зээл 50 000 ам.доллар, 11 сар, 17 хоногийн хүү 23 133  ам.доллар, нийт 73 133 ам.доллар төлөх үүрэгтэй. Үүнээс хариуцагч 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 38 000 ам.доллар төлсөн тул 35 133 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй байсан.

Талууд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 50 000 ам.доллар нэмж олгосноор уг гэрээнд зээлийн мөнгөн хөрөнгийг 100 000 ам.доллар гэж тодорхойлсон боловч өмнөх гэрээний үүргийн үлдэгдэл 35 133 ам.доллар байсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байгаа тул энэ зээлийн гэрээний үндсэн зээл 100 000 ам.доллар бус 85 133  ам.доллар гэж үзэх  үндэслэлтэй.

Иймд 85 133  ам.долларыг 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээ 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэж үзэх нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцнэ гэж үзлээ.

 Энэ гэрээний дагуу хариуцагч үндсэн зээл 85 133 ам.долларыг, зээлийн хүү 30 648 ам.долларыг /2554 *12/, нийт 115 781 ам.долларыг төлөх үүрэгтэйгээс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийж сунгах хүртэл 60 400 ам.долларыг төлсөн тул 55 381  ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй байсан.

Талууд 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээг сунгасан гэрээг бичгээр хийгээгүй тул  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийх хүртэл энэ хооронд хүү тооцох үндэслэлгүй байна.

Харин  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийж уг гэрээнд зээлийн мөнгөн хөрөнгийг 100 000 ам.доллар гэж тодорхойлсон боловч өмнөх гэрээний үүргийн үлдэгдэл 55 381 ам.доллар байсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байгаа тул энэ зээлийн гэрээний үндсэн зээл 100 000 ам.доллар бус 55 381 ам.доллар гэж үзэх  үндэслэлтэй.

 

Сүүлийн гэрээгээр зээлийн хүүг 2,1 хувь болгохоор талууд тохиролцсон байх тул энэ гэрээний дагуу хариуцагч үндсэн зээл 55 381 ам.долларыг, зээлийн хүү 20044 ам.долларыг /1163 $ *17 сар, 7 хоног/, нийт 75 425  ам.долларыг төлөх үүрэгтэйгээс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл нийт 46 500 ам.долларыг төлсөн тул хариуцагч 28 925 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд хариуцагч “Л...” ХХК буюу Н.Г-с  28 925 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2419 төгрөгт шилжүүлж 69 969 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-т олгоохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.