Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/01032

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/01032

Улаанбаатар хот

                                                                                               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 18 дугаар байр, 17 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Д овогт Ж ын Г  /рд:ЧП63122518/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 61 А байр, 22 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, Б овогт, Нийн Г /рд:НЭ74121769/,

 

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Шинэ тэрэг плаза төвд байрлах, “Л ” ХХК /рд: 5347319/-д тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 93 925 ам.доллар буюу 227 399 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 100 000 ам.долларыг зээлдүүлсэн гэх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Ж /ШТЭҮД-2201/, хариуцагч “Л” ХХК болон Н.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Г  нь хариуцагч “Л” ХХК-ийн эзэд болох Н.Г, н.Санжаажав нартай найз нөхдийн холбоотой байсан тул тэдний хүсэлтээр “Л” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 ам.доллар нийт 100 000 ам.долларыг зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нар зээлсэн мөнгөнийхөө хүүг цаг тухайд нь төлөхгүй хоцроож гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн, мөн санхүүгийн байдал нь доройтож зээлийн буцаан төлөлтөд хүндрэл учруулсан. Ж.Г  2017 оны 11 сард маш удаан хугацаанд шаардсаны эцэст үндсэн зээлийн төлбөрөөс 15 000 ам.долларыг буцааж авсан. Хавтаст хэрэгт 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 50 000 ам.долларын гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 100 000 ам.долларын 3 тоот гэрээ, 2016 оны 4 тоот 100 000 ам.долларын гэрээнүүд авагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт хоёр удаагийн үйлдлээр нийт 100 000 ам.долларыг өгсөн боловч хэрэгт 4 зээлийн гэрээ байгаа нь зохигчдын эрх зүйн мэдлэггүйгээс болсон байх. Талууд энэ гэрээг нэмэлт өөрчлөлт оруулан баталгаажуулах байдлаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 4 зээлийн гэрээ байгуулсан, эдгээр гэрээ гэрээ тус бүр өөр, өөр зээлийн хүүтэй байгаа. Иймд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр болох 85 000 ам.доллар, алданги 25 000 ам.доллар нийт 110 000 ам.доллар буюу 266 317 700 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 85 000 ам.доллар, үүн дээр 2017 оны 12 сараас эхлээд өнөөдрийг хүртэлх буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 5 сарын хугацааны 85 000 ам.долларын хүүг нэг сарын 2,1 %-иар тооцоход 1.785 ам.доллар ба 5 сарын хүү 8.925 ам.доллар, нийт 93.925 ам.долларыг хариуцагч Н.Г болон “Л” ХХК нараас гаргуулахаар багасгаж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар 2013 онд 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар, 2014 онд мөн 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар нийт 100 000 ам.долларыг зээлж, буцаагаад нийт 144 600 ам.долларыг буюу зээлийн хүү болон үндсэн төлбөр, алдангийн хамтаар төлсөн. Энэ олон гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байгуулсан. Хариуцагч нар өртэй болохоороо дарамтад ороод гарын үсэг зурсан болохоос биш хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөд, би гэрээгээ сунгуулъя, дараагийнхаа хүүг төлье гэсэн зүйл байгаагүй. Тийм учраас хариуцагч эдгээр гэрээний  сунгалтын дагуу ямар нэг мөнгө зээлээгүй. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ 12 сарын хугацаатай, гэтэл гэрээний хугацаа дууссан хэдий ч хариуцагч үүргээ биелүүлж чадаагүй тул сар бүр мөнгө төлж байсан” гэж маргасан. Хэрэгт өгсөн баримтуудыг нэхэмжлэгч тал маргахгүй гэсэн ба нэхэмжлэгчийн хэлснээр хариуцагч сар сараар нь бичиж өгсөн байгаа. Иймд хүү алдангийн хамтаар зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г нь Ж.Г тай 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.долларыг зээлж, зээлийн гэрээ байгуулан түүний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Г аас 100 000 ам.доллар зээлж аваагүй бөгөөд 50 000 ам.доллар зээлж авсан. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 100 000 ам.долларыг 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, 2016 оны 02 дугаар сард юм уу, 8 дугаар сард байгуулсан эсэх нь тодорхойгүй, он сар нь засвартай байна. Энэ 2016 оноор огноолсон гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулахдаа Ж.Г  та нар хэдийгээр мөнгө зээлж аваагүй ч гэсэн 2013 онд зээлсэн 50 000 ам.доллараа хүүгийн хамт бүрэн төлж дуусаагүй байгаа, мөн 2014 онд зээлсэн 50 000 ам.долларын зөвхөн хүүг төлж байгаа тул 100 000 ам.доллар зээлсэн гэж баталгаажуулж байна гэж хэлж байсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 онд зээлсэн 100 000 ам.доллараас 15 000 ам.доллар төлсөн гэж бичсэн нь үндэслэлгүй. Учир нь өмнө нь байгуулсан хоёр гэрээний хугацаа дууссан. Тэр гэрээний хугацаанд мөнгөө төлөөд явж байсан. Хэрэв Н.Г тухайн үед зээлсэн мөнгөний талаар тооцоо нийлээд нийт хэдэн ам.доллар зээлсэн, түүнээс үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл хэд байгаа талаар баталгаажуулан тооцоо нийлсэн баримт үйлдсэн байсан бол өдийд ингэж 100 000 ам.доллар гэсэн дүр үзүүлсэн гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Мөн дээрх гэрээ нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.      

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Энэ 2016 оны гэрээ засвартай гэрээ биш. 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний нэхэмжлэгч надад 2016 оны 8 дугаар сард хийсэн гэж тайлбарласан тул би 2016 оны 08 гэж дарж бичсэн юм. Мөн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлээс харахад 8 дугаар сар байсан. Хариуцагч талын гаргаж өгсөн зарлагын баримтаас үзэхэд дандаа зээлийн хүүг төлж байсан байна. Үндсэн зээл төлсөн зүйл нэг ч байхгүй байна. Ганц нэг зээл төлөв гэсэн баримт байгаа ба энэ нь өмнөх сард төлсөн 2100 ам.долларын хүү байгаа. Тэгэхээр энэ нь үндсэн зээлд төлсөн зүйл биш юм. Сөрөг нэхэмжлэлийг аваад үзэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хуулиар заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл байна гэсэн үндэслэл байна гэж харж байна. Энэ үндэслэлээ хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар мөнгө өгсөн гэж маргаагүй. Юу гэхээр 2013 оноос хойш үүссэн зээлийн гэрээний харилцааны асуудлаар хүүг нь бууруулаад хугацааг сунгаад гэрээ байгуулсан. Үүнийг талууд хүлээн зөвшөөрөөд хүүг төлөөд явж байснаар талууд хүсэл зоригоо илэрхийлээд хийсэн байна. Тэгэхээр энэ гэрээг дүр үзүүлэх хийсэн гэж үзэх аргагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх боломжгүй. Энд мөнгө өгсөн өгөөгүйгээс үл хамаараад тухайн хэлцэл энд хамаарах үндэслэлгүй байна. Тиймээс 1-рт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 2-рт: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж ямар хэлцлийг хэлэх вэ гэхээр өрөөсөө тухайн хэлцлийг байгуулах хүсэл зориг байгаагүй байх юм бол дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хэлнэ. Гэтэл энэ гэрээнүүд дээр нөгөө дүр үзүүлэх хийсэн гэх гэрээний хүү болон үлдэгдэл мөнгө, хугацааг тохирсон харилцаанаас харахад энэ хэлцэл дүр үзүүлсэн хэлцлийн шаардлагыг хангахгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан хэлцэл биш байна. Дараагийн зүйл гэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж байгаа боловч ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор энэ 3-4 удаагийн зээлийн гэрээг байгуулсан юм бэ, ямар ч тийм нуусан гэрээ байхгүй, тэгэхээр 2016 оны гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г  нь хариуцагч Л ХХК болон Н.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 85 000 ам.доллар, алданги 25 000 ам.доллар нийт 110 000 ам.доллар буюу 266 317 700 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 85 000 ам.доллар, хүү 8925 ам.доллар нийт 93 925 ам.доллар буюу 227 399 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 100 000 ам.долларыг зээлдүүлсэн гэх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Г  болон хариуцагч Л ХХК, Н.Г нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 50 000 ам.долларыг 9 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мөн зээлийн гэрээ байгуулагдаж, 50 000 ам.доллар нэмж олгон, нийт 100 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд юмсыг шилжүүлэхийг шаарддаг бөгөөд нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 33 590 ам.доллар, 22 800 000 төгрөгийг хариуцагч Л ХХК-ийн Голомт банкны 1405002940 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 ам.долларыг Л ХХК-д хүлээлгэж өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож байхаас гадна хариуцагч зээл 100 000 ам.долларыг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарт нийт 100 000 ам.долларыг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Л” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 ам.доллар нийт 100 000 ам.долларыг зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нар зээлсэн мөнгөнийхөө хүүг цаг тухайд нь төлөхгүй хоцроож гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн, мөн санхүүгийн байдал нь доройтож зээлийн буцаан төлөлтөд хүндрэл учруулж, удаан хугацаанд шаардсаны эцэст үндсэн зээлийн төлбөрөөс 15 000 ам.долларыг буцааж авсан. ... хариуцагч нарт хоёр удаагийн зээлийн гэрээгээр нийт 100 000 ам.долларыг өгсөн боловч хэрэгт 4 зээлийн гэрээ байгаа бөгөөд эхний гэрээг нэмэлт өөрчлөлт оруулан баталгаажуулах байдлаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 4 зээлийн гэрээ байгуулсан, эдгээр гэрээ гэрээ тус бүр өөр, өөр зээлийн хүүтэй байгаа” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч нар 2013 онд 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар, 2014 онд мөн 9 сарын хугацаатай 50 000 ам.доллар нийт 100 000 ам.долларыг зээлж, буцаагаад нийт 144 600 ам.долларыг буюу зээлийн хүү болон үндсэн төлбөр, алдангийн хамтаар төлсөн. Энэ олон гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байгуулсан. Хариуцагч нар өртэй болохоороо дарамтад ороод гарын үсэг зурсан болохоос биш хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөд, би гэрээгээ сунгуулъя, дараагийнхаа хүүг төлье гэсэн зүйл байгаагүй. Тийм учраас хариуцагч эдгээр гэрээний  сунгалтын дагуу ямар нэг мөнгө зээлээгүй. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ 12 сарын хугацаатай, гэтэл гэрээний хугацаа дууссан хэдий ч хариуцагч үүргээ биелүүлж чадаагүй тул сар бүр мөнгө төлж байсан” гэж марган, 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 19 сарын турш зээлийн хүүнд сарын 2000 ам.доллар нийт 38 000 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5 556 000 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сард тус бүр 3000 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 21-нд 1600 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 17-нд 3000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 17-нд 2500 ам.доллар, 2015 оны 4 дүгээр  сарын 17-нд 3000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 19-нд 5 822 190 төгрөг буюу 3000 ам.доллар, 2015 оны 6 дугаар сарын 18-нд 5 696 850 төгрөг буюу 3000 ам.доллар, 2015 оны 7 дугаар сарын 17-нд 5 964 000 төгрөг буюу 3000 ам.доллар, 2015 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал сар бүр 3000 ам.доллар буюу нийт 15 000 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал 23 сарын турш сар бүр 2100 ам.доллар нийт 48 300 ам.долларыг зээлийн хүүд, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн зээлд 15 000 ам.доллар төлсөн баримтыг тус тус хэрэгт гаргаж өгсөн.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор, шударгаар зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 100 000 ам.долларыг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй учраас Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. ...”, “222.5 дах хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг буцааж төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаанд тохирох хэмжээний хүүг гаргуулах учиртай. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд зээлсэн мөнгөний төлөгдөөгүй мөнгөн төлбөрийн үүрэгт тохирсон хүү шаардах эрхтэй.

 

Хариуцагч үндсэн зээл 100 000 ам.долларыг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас талууд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 100 000 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, энэхүү гэрээний дагуу хариуцагч 2016 оны 1 дүгээр сараас хойш нийт 13 сарын турш сарын 2100 ам.долларыг хүүг нэхэмжлэгч талд төлсөн зэргээс хариуцагчийг зээлийн хүүг бууруулан тогтоосон зээлийн гэрээг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, зээлийн гэрээг сунгахдаа хүүг багасгаж тохиролцсон тохиролцоо, хариуцагчид зээл төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаарх гэрээ байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарыг дуустал зээлийн хүү төлсөн байдлыг энэ хүртэл зээлийн гэрээг үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй тул дээрх хугацаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүүг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.  

 

Түүнчлэн зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгөөгүй нөхцөл нь зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй болохоос тохиролцсон гэрээг шууд хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлд хамаарахгүй байх тул 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Дээрхийг нэгтгэн хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 85 000 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8925 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 489 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 186 905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л ХХК болон Н.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 85 000 ам.доллар буюу 205 790 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 608 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 100 000 ам.долларыг зээлдүүлсэн гэх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 489 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 186 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г т олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ