Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01864

 

Н.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00816 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1497 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “О Т” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “О Т” ХХК-ийн Хангамжийн хэлтэст гэрээний ажилтан, 2011 оны 07 дугаар сараас мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2014 оны 06 дугаар сараас Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалаар ажлаас халагдсан. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Манай компани нийт 3000 гаруй ажилтантай, түүний дотор миний ажиллаж байсан Хангамжийн хэлтэс 5 менежер, нийт 70 орчим ажилтантай бөгөөд зөвхөн миний ажлын байрыг цомхотголд оруулсан. Миний гүйцэтгэж байсан ажил үүрэг компанийн үйл ажиллагаанаас хасагдаагүй ба Стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, барааны гэрээ хариуцсан менежерт 2 хувааж шилжүүлсэн. Стратегийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаалыг 2017 оны 06 дугаар сард шинээр бий болгосон нь миний ажлын байрыг шилжүүлэх зорилготой байсан нь харагдаж байна.

“О Т” ХХК-ийн үйл ажиллагааны Хангамжийн хэлтсийн үйлчилгээний гэрээний баг жилд дунджаар 150 сая ам.долларын зарцуулалт бүхий гэрээнүүдийг хариуцдаг бөгөөд миний орон тоог хассан дүр үзүүлж, миний гүйцэтгэж байсан бүх ажил үүргийг шинээр бий болгосон Стратеги гэрээний менежер гэх албан тушаалд шилжүүлэн өгсөн нь бизнесийн үйл ажиллагааны зайлшгүй шаардлага байгаагүй зөвхөн Хангамжийн хэлтсийн дарга Эван Хиллийн үзэмжээр намайг ажлаас халахын тулд цомхотгол нэрийдлээр хийж байгаа хууль бус үйлдэл юм. Тус компани намайг ажлаас халахын тулд өөр нэршил бүхий менежерийн албан тушаалыг зохиомлоор бий болгосон. Би үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд ажилласан 3 жилийн хугацаанд нийт 57.8 сая ам.долларын хэмнэлт, 660 орчим үйлчилгээний ханган нийлүүлэгчдийн тоог цөөрүүлж, 330 болгосон, дотоодын үйлчилгээний ханган нийлүүлэлтийг 76 хувиас 90 хувь болтол нэмэгдүүлсэн зэрэг үр бүтээлтэй сайн ажилласан ба энэ хугацаанд манай багийн гишүүд худалдан авалт, ёс зүйн дүрэм журмуудыг чанд мөрдөн ажиллаж байсан.

Намайг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр компанийн Хүний нөөцийн хэлтсээс дуудаж, албан ажлын хэрэгцээний эд хогшлыг хураан авч, ажиллах боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг зогсоож, ажлын багаж хэрэгслийг хураан авсан ба ажлын байранд нэвтрэх эрхгүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халж, тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг компани зөрчиж, дээрх тушаалыг гаргасан.

Иймд компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. 

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, дундаж цалин 10 848 691 төгрөг, нийт 45 441 686 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“О Т” ХХК-ийн зардлыг бууруулахтай холбоотой компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хуулийн дагуу ажилтнуудыг ажлаас халсан бөгөөд тухайн үйл ажиллагаагаар зарим орон тоо хасагдаж, зарим ажилтны тоо цөөрсөн. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж ажил олгогчоос хуулийг үндэслэлтэй хэрэгжүүлсэн байна. 

“О Т” ХХК-ийн хувьд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Хангамжийн үйлчилгээний менежерийн орон тоо хасагдсан учраас Н.Ө-ыг ажлаас халсан. 

Иймд “О Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00816 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө-ыг хариуцагч “О Т” ХХК-ийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЭйчАр4007/17 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч “О Т” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44 874 123 /дөчин дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ө-д олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч “О Т” ХХК-д даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 567 563 /таван зуун жаран долоон мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “О Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382 320 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1165105733 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1497 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00816 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч “О Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хариуцагч талаас орон тооны бүтцийг баталсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 Гүйцэтгэх захирлын тушаал, тушаалын хавсралт болох Хангамжийн хэлтсийн орон тооны бүдүүвчийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба тус хэрэгт нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, тушаалын хавсралт нь гол нотлох баримт болох билээ.

Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн болон маргаанд гол ач холбогдол бүхий нотлох баримт хэмээн үзэж байгаа орон тооны бүтцийг баталсан гэх орчуулгын тамга бүхий “Хангамж орон тооны бүдүүвч” гэсэн бичиглэл бүхий схем нь Гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 тушаалын хавсралт гэж огт тусгагдаагүй, мөн огнооны хувьд баруун доод буланд 3/5/2018 хэмээн бичигдсэн үүнээс үзэхэд 2017 оны батлагдсан бүтэц биш харин 2018 онд батлагдсан бүтэц гэж ойлгогдохоор, түүнчлэн Үйл ажиллагааны хэлтсийн монгол ажилчдын тоо 2017 оны 4-р улиралд 61 байхаас 2018 оны 4-р улиралд мөн 61 байхаар тусгагдсан зэргээс харахад орон тоо огт хасагдаж, цөөрөөгүй тусгагдсан байгаа ба тиймээс ч эдгээрээс үзвэл хариуцагчийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл огт байхгүй байна.

Харин ч тухайн баримт нь хэргийг шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий боловч эргэлзээтэй, үнэн зөв биш атал давж заалдах шатны шүүх орон тоо бүтцийн өөрчлөлт хийсэн болох нь хэрэгт авагдсан бүтцийн схем гаргасан тушаалаар нотлогдож байна. Энэ талаарх орчуулгын товчоогоор орчуулагдсан баримт хэрэгт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ” хэмээн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгч мөн өдрөө нэхэмжлэгчийг компанийн Хүний нөөцийн хэлтсээс дуудаж түүний хэрэглэж байсан гар утас, компьютер зэрэг албан ажлын хэрэгцээний эд хогшлыг бүгдийг нь хураан авч, ажиллах боломжгүй болгосон.

...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралд хариуцагчийн албан тушаал, ажилтнууд буюу бүтцийг тодорхойлох эрх олгоогүй болох нь хариуцагчийн дүрмийн хуулбараар тогтоогддог. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ/2018/03139 дүгээр захирамжаар Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулан авсан “О Т” ХХК-ийн дүрмийн 6(Ь)-д “Компани нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон албан тушаал, чиг үүрэг бүхий ажилтнуудтай байж болох бөгөөд үүнд хамгийн наад зах нь Гүйцэттэх захирал байна” хэмээн тусгажээ. Үүнээс үзэхэд “О Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр бүтэц буюу албан тушаал, чиг үүрэг бүхий ажилтнуудыг тодорхойлох бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар “О Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Гүйцэтгэх захиралд хариуцагчийн албан тушаал чиг үүрэг буюу бүтцийг тодорхойлох эрх олгоогүй болох нь дүрмээр нотлогдож байна. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь Гүйцэтгэх удирдлагын гэрээнд “Ажилтнуудыг ажилд авах, тэдэнд цалин хөлс олгох, мөн тэдгээрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох болон компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг батлах” эрхтэй гэж заасан уг эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2 дахь заалтад зааснаар ажилтны ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгах ба Хангамжийн стратегийн менежерийн ажил үүрэг нь Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил үүрэгтэй давхцаж байгаа болох нь ажлын байрны тодорхойлолтын орчуулга, хуулбараар нотлогддог. Тухайлбал Хангамжийн стратегийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод “Худалдааны таатай гэрээ байгуулах” харин нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод “Худалдааны ашигтай гэрээ байгуулах” хэмээн тусгагдсан байгаагаас үзэхэд дээрх 2 ажлын байрны үндсэн зорилго аль аль нь “Худалдааны гэрээ байгуулах” гэсэн адил чиг үүрэг бүхий байгааг харуулж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Н.Ө-ын хувьд 2010 оны 07-р сараас эхлэн “О Т” ХХК-ийн Хангамжийн хэлтэст “Гэрээний ажилтан”, 2011 оны 07-р сараас мөн хэлтсийн “Ахлах Мэргэжилтэн”, 2014 оны 06 сараас Хангамжийн “Үйлчилгээний гэрээ хариуцсан Менежер”-ийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, бөгөөд “О Т” компани нь нийт 3000 гаруй ажилтантай, түүний дотор  нэхэмжлэгчийн  ажиллаж байсан Хангамжийн хэлтэс нь таван (5) менежер, нийт 70 орчим ажилтантай бөгөөд бараа үйлчилгээ худалдан авах чиг үүрэг одоо ч компанид байгаа болно. Тиймээс нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно.

Иймд дэрхи үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Н.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “О Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR400\17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “О Т” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, зардлыг бууруулахтай холбоотой компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсны улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаал байхгүй болж, орон тоо хасагдсан учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар эсрэг дүгнэлт бүхий шийдвэр гаргасан нь маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаатай холбоотой гэж үзэхээр байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын орон тоо хасагдсан эсэх талаар хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийхдээ хариуцагч “О Т” ХХК-ийн ажиллагсадын бүтэц орон тоог компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 417 дугаартай “бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалын эрх зүйн үндэслэлийг заасан байна.

“О Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал компанийн ажиллагсадын орон тоог хасах бүрэн эрхтэй эсэх талаар талууд маргаж, хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр, магадлал үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна.

“О Т” ХХК-ийн дүрмийн 6-b заалтад “Компани нь Төлөөлөн Удирдах зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон албан тушаал, чиг үүрэг бүхий ажилтнуудтай байж болох”-оор тусгасан ба компанийн гүйцэтгэх удирдлага нь дүрмийн заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн баталсан гэрээний нөхцөлийн дагуу өөрийн үүргээ хэрэгжүүлэх талаар дурджээ. Харин “Гүйцэтгэх удирдлагын гэрээ”-ний 3.3.\g\-д гүйцэтгэх удирдлага нь “ажилтнуудыг ажилд авах, тэдэнд цалин хөлс олгох, мөн тэдгээрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох болон компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг батлах” бүрэн эрхтэй болохыг тусгажээ. Гэрээний заалтыг харьцуулан үзвэл компанийн гүйцэтгэх захирал нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу ажиллагсадын орон тоог цөөрүүлэх, хасах ажиллагааг явуулах ёстой гэж ойлгогдож байх боловч компанийн “бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 417 дугаартай тушаал Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ямар шийдвэрт үндэслэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх гүйцэтгэх удирдлагын гэрээний нөхцөлийн талаар дүгнэлт хийхдээ тухайн гэрээ бүрэн эхээр хэрэгт авагдаагүй болохыг анхаараагүй байна. Тухайлбал, гэрээний монгол хэл дээрх орчуулгын хувь нь англи хэл дээрх хувиас зүйл, заалтаараа дутуу, гарчгийнхаа агуулгаас бага хэмжээтэй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарахаас гадна гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог. Гэрээ бүтнээрээ хэрэгт авагдаагүй нөхцөлд хоёр шатны шүүх тухайн гэрээний холбогдох заалтыг тайлбарлаж, дүгнэлт хийснийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч “О Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47\17 дугаар тушаалаар батлагдсан компанийн шинэ бүтэц, орон тооны тухай баримт хэрэгт авагдсан боловч ийнхүү өөрчлөгдөхөөс өмнөх хуучин бүтэц, орон тооны талаарх баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан эсэх талаар хэрхэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор хуульд заасан байхад шүүх “орон тооны бүтцэд өөрчлөлт хийснээс хойш 3 сарын хугацаа өнгөрөөгүй байна” гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан ба ийнхүү хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны мэдэгдлийг ажил олгогч ажилтанд өгсөн боловч ийнхүү мэдэгдэл өгсөн өдрөөс эхлэн ажлын хэрэгслийг хураан авч, ажлын байранд нэвтрүүлээгүй гэж нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх анхааралгүй хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар сарын өмнө мэдэгдэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан зохицуулалтыг ажил олгогч хэлбэр төдий биелүүлсэн байх магадлалыг тодорхой болгоогүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00816 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1497 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН