Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00412

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр                       Дугаар 142/ШШ2017/00412                                      Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7а-ийн, 6-604 тоотод оршин суух Боржигон овгийн Дарьзавын Итгэл /регистрийн дугаар ШБ64042801/

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7а-ийн, 6-604 тоотод оршин суух Тоорой овгийн Бямбажавын Энхбат /регистрийн дугаар ЦБ63052311/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын Төрд холбогдох гэм хорын хохиролд 27 502 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч прокурор Ц.Мөнхтуяа, иргэдийн төлөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Итгэл, Б.Энхбат бид эхнэр нөхөр хүмүүс бөгөөд хувийн "Эрхэст- Оргил" ХХК-ийн нэр дээр хувийн хэвшлийн чих, хамар, хоолойн эмнэлгийг зохих зөвшөөрөл, лицензийн дагуу ажиллуулдаг. Бид эмнэлгээ өргөтгөх, нөхцөлийг сайжруулах зорилгоор 2004.10.04-нд "Царс импекс" ХХК-ийн 1026 м.кв байрыг урт хугацааны гэрээгээр худалдан авахаар гэрээ хийж, эзэмших болсон. "Царс импекс" байрны өмчлөлийг хожим шилжүүлэн өгсөн. Би эмнэлгийн хүмүүс зах зээлийн хандлага, барилгын ашиглалт, орлого зэргийг дутуу тооцсоноос гэрээний үнэ төлөлт хангалттай байж чадахгүй байсан тул худалдагчийн саналаар 2007.02.25-ны өдөр дахин гэрээ хийж, өмнөх гэрээг хүчинтэй үлдээгээд төлбөр хийгдэх хүртэл түрээс төлж байхаар тохиролцсон. Түрээс зарим үед саатсан ч төлөгдөж явсан. Гэтэл "Царс импекс" ХХК-ийн захирал Б.Ванчинсүрэн агсан барилга олигтой ашиглаж, эсхүл зарж үрж мөнгө төлж чадахгүй байна гэж гомдоллон 2009 онд Цагдаагийн байгууллагад хандсанаар 2009 оны 10 дугаар сарын 28-нд Эрүүгийн 20925363 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ингээд бидэнд 2009 оны 11 дүгээр сарын 16, 17-нд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөн өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар сэжигтнээр татсан. Улмаар 2010 оны 2 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 148.4 буюу онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгосон. Энэ зүйл ангиар сонсгосон ял Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны 14 тоот цагаатгах тогтоол гартал хэвээр үргэлжилсэн ба 2014 оны 05 сарын 30-ны Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаар энэ ял, хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд

а. Прокуророос: 2011 оны 07 сарын 30-нд 89 тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/, 2012 08 сарын 25-ны 128 тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/, 2012 оны 06 сарын 19-нд 97 тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/, 2013 оны 01 сарын 17-нд 04 тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/, 2013 оны 11 сарын 18-ны 151 тоот яллах дүгнэлт /ЭХ-ийн 148.4/ тус тус үйлдэн шүүхэд шилжүүлж,

б.Орхон аймаг дахь анхан шатны шүүхээр: 2010 оны 10 сарын 13-нд хэлэлцэж хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай 76 тоот шүүхийн тогтоол, 2011 оны 10 сарын 10-ны 151 тоот шийтгэх тогтоол, 2012 оны 07 сарын 04-ний Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хэргийг буцаах шүүгчийн 172 тоот захирамж, 2013 оны 03 сарын 23-ны 43 тоот цагаатгах тогтоол, 2014 оны 01 сарын 13-ны 14 тоот цагаатгах тогтоол тус тус гарсан.

в.Давж заалдах шатны шүүхээр: 2010 оны 12 сарын 07-ны 58 тоот магадлал /76 тоот шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн/, 2011 оны 12 сарын 15-ны 78 тоот магадлал / 151 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн/, 2013 оны 05 сарын 21-ний 39 тоот магадлал / 43 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон/, 2014 оны 03 сарын 26-ны 31 тоот магадлал /14 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн/ тус тус гарчээ. Эдгээрийн 2 нь гэм буруутай гэж үзсэн, 1 нь шалга гэсэн, 1 нь гэм буруугүй гэсэн агуулгатай байна.

д.Хяналтын шатны шүүхээр: Дээд шүүхийн 2012 оны 03 сарын 14-ний 130 тоот тогтоол /хэрэгт ач холбогдол бүхий байдлыг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаасан/

Дээд шүүхийн 2014 оны 05 сарын 30-ны 199 тоот тогтоол /Цагаатгах тогтоол, магадлалыг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн.

е.Бусад байдлууд: Прокурор Д.Итгэл, Б.Энхбат нарыг яллуулахаар 3 удаа давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн, Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед байгаагүй Эрүүгийн хуулийн зүйл ангиар буюу 148.4-өөр 5 удаа шүүхийн өмнө ялласан, Д.Итгэл энэ хэргийн улмаас 186 хоног /хорих ангид хүргэгдэж ял эдлэх, цагдан хоригдох байдлаар/ хоригдсон. Энэ хэрэгтэй холбогдуулан бүх өмчийг 2010 оны 4 дүгээр сарын 20-28 хооронд битүүмжилсэн нь шүүхийн 2013.03.12-ны 708 тоот захирамж гартал хэвээр байсан. Анх сэжигтнээр тооцож таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2009 оны 11 сарын 16-наас сүүлчийн цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх 2014 оны 01 сарын 13 хүртэл 1593 хоног таслан сэргийлэх арга хэмжээтэй, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татсан 2010 оны 02 сарын 24-өөс цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шүүхээр хэвээр үлдэх 2014 оны 03 сарын 26 хүртэл 1410 хоног яллагдагчийн эрх зүйн байдалтай, 73 хоног цагаатгагдсан этгээд гэсэн нэртэй явсан. Д.Итгэл, Б.Энхбат нар 5 удаа яллах дүгнэлттэй шүүхэд шилжин, 4 удаа шүүх хуралдаан дээр яллагдан Д.Итгэл нь энэ хэргийн учир цагдан хоригдох, хорих газарт ял эдлэх байдлаар 186 хоног хоригдсон, Д.Энхбат торгох ялаар шийтгэгдэж байсан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг /388-397 дугаар зүйл/-ийг баримтлан гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэх хохирлууд:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн 186 хоногт оногдох цалин хөлсийг 2011 оны 10 дугаар сарын 10-аас 2012 оны 4 сарын 16 хүртэл тооцон 1 235 000 төгрөг,

2.Эрүүгийн хэргээс энэ нэхэмжлэлийг гаргахын тулд нотлох баримт хуулбар хийлгэн авч бүрүүлсэн зардал 47 500 төгрөгийг ЭБШХ-ийн 390.1.4-т зааснаар,

3.Энэ хэргийн учир МӨХ, МХХ-ны гишүүн өмгөөлөгч Р.Нямцэрэнийг 4 жил 7 сар ажиллуулж төлсөн хууль зүйн туслалцааны хөлс 4 200 000 төгрөг, өмгөөлөгч А.Төмөрчулууныг нэг удаа ажиллуулсан хөлс 1 000 000 төгрөг, бүгд

5 200 000 төгрөгийг ЭБШХ-иин 390.1.5-д зааснаар,

4.Д.Энхбат, Б.Итгэл нарын эзэмшдэг "Эрхэст-Оргил" ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөгийг ЭБ111Х-ийн 393.1-д зааснаар,

Сэтгэл санааны үр дагавар хохирлыг:

а. Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нэг хоногт 50 000 төгрөгөөр тооцон /186х 50 000/ 9 300 000 төгрөг,

б.Д.Итгэлийн таслан сэргийлэх арга хэмжээтэй, удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцож /1209 х 4000/ 3 627 000 төгрөг,

в.Б.Энхбатын байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож /1395 х 4000/ 5 580 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг ЭБШХ-ийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх заалт, 391 дүгээр зүйлийг үндэслэн тус тус гаргуулна уу. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл хураамжаас чөлөөлөгдөнө.Нэхэмжлэлийн нийт дүн 27 502 300 төгрөг болно” гэжээ.

Гуравдагч этгээд Орхон аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:”...2009 оны 09 сарын 14-ний өдөр иргэн Б.Ванчинсүрэн нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагад гаргаж 2009 оны 10 сарын 17-ны өдөр ЭБШХ-ийн 166, 173 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. ЭБШХ-ийн 44 дүгээр бүлэгт дараах 2 тохиолдолд төрөөс хохирол гаргуулахаар зохицуулсан. ЭБШХ-ийн 388 дугаар зүйлийн 388.1 “...хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол...”, 389 дүгээр зүйлийн 389.1 “...иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон...”.Энэ заалтаар иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн тохиолдлуудад төрөөс гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр заасан. Эрүүгийн 20935363 тоот хэрэгт Д.Итгэл, Б.Энхбат нарт ЭБШХ-ийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Д.Итгэлийг анх 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон байна. 2011 оны 11 сарын 17-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар Д.Итгэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгсөн ба 2011 оны 2 сарын 15-ны өдрийн 78 тоот магадлалаар Сум дундын шүүхийн 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Д.Итгэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон.Дээрх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэлүүдээс үзэхэд хэргийг шалгах үндэслэл байсан. Цагдан хорих гарцаагүй нөхцөл байдал байхгүй байхад хууль бусаар цагдан хорьсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол буюу байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан гэх Д.Итгэлийн цагдан хоригдсон хорих ял эдэлсэн нэг хоногт /186x50000/ төгрөгөөр тооцон 9 300 000 төгрөг, Д.Итгэл, Б.Энхбат нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож Д.Итгэл /1209x40000/ 3 627 000 төгрөг, Б.Энхбат /1395x4000/ 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч сэтгэл санааны гэм хорыг арилгах талаар хуульд зохицуулаагүй, хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг тооцох аргачлал байхгүй байхад юуг үндэслэж хоногийн 4000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэл гаргахын тулд эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлаж авсан зардал 47500 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хэргийн зохигч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу нотлох баримт бүрдүүлсэн зардлыг төрөөс гаргуулах боломжгүй юм. “Эрхэст-Оргил” ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2512800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцна'' гэж заасан бөгөөд өөрсдийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх нь өмчлөгчийн үүрэг тул 2 512 800 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нар Монгол улсын төрд холбогдуулан гэм хорын хохирол 27 502 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бидэнд холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас удаа дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 148.4-д зааснаар яллаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шүүх цагаатгах болон шийтгэх тогтоол гаргаж байсан.2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 199 тоот дээд шүүхийн тогтоол гарч бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.Иймд бид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389 дүгээр зүйлд заасны дагуу гэм хорын хохирол болох 27 502 300 төгрөгийг МУ-ын төрөөс нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.

Гуравдагч этгээд Орхон аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хяналтын прокурор Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд “...Өнөөдрийн хэргээс харахад Д.Итгэл, Б.Энхбат нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлага байсан. 2-рт Д.Итгэл 186 хоног цагдан хоригдсон боловч эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэстэй байна. Мөн энэ гэмт хэргийн тухайд удаа дараа шүүхээс гэм буруутай гэж шийдвэр, магадлал гарсан байдаг. Тийм учраас хэргийн хувьд илтэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шалгасан зүйл биш юм. Хэдийгээр дээд шүүхээс эцсийн байдлаар цагаатгагдсан хэдий боловч тухайн үедээ Эрүүгийн хэрэг үүсгэгдэж, шалгагдах шаардлагатай байсан. Шат шатны шүүхээр тэднийг гэм буруутайд тооцож, дүгнэлт өгч байсан. Тийм учраас бид нар буруугүй хүнийг буруутай гэж шалгаагүй. Иргэний хуулинд сэтгэл санааны хохирол гэсэн заалт байдаг боловч сэтгэл санааны хохиролд 4000, 5000 гэж ямар тооцоогоор нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нотлох баримт хуулбарласан 47 000 төгрөгийн зардлыг мөн гаргах боломжгүй. Иргэний хуулинд нэхэмжлэгч өөрөө нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Түүний дагуу эдгээр баримтуудыг бүрдүүлсэн учир гаргагдах боломжгүй юм. Мөн эд хөрөнгө битүүмжилсэнээс үл хөдлөх хөрөнгийн татварт 2 512 800 төгрөгийг төлсөн гэж байна. Энэ бол тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн боловч өөр газар үйл ажиллагаа явуулж байсан, мөн өөрсдийнх нь нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө учраас тэр татварыг нэхэмжлэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрөх дүн байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

Орхон аймгийн Цагдаагийн газраас Д.Итгэл, Б.Энхбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар ял сонсгож ялдагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн хэргийг Орхон аймаг дахь Сум дундын шүүх хянан хэлэлцээд 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 76 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн, Прокуророос дахин 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.Итгэл, Б.Энхбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Итгэл, Б.Энхбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчилж Д.Итгэлийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Б.Энхбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн, энэ тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 78 тоот магадлалыг тус тус хянаад Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 130 дугаар тогтоол гарч дээрхи шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан, Прокурор дахин 2012 оны 06 дугаар сарын 19-нд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 43 дугаар цагаатгах тогтоол гарч шүүгдэгч Д.Итгэл, Б.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр магадлалаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Прокурор дахин шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 дүгээр цагаатгах тогтоол гаргасныг давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31, Улсын дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээж Д.Итгэл, Б.Энхбат нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Итгэл, Б.Энхбат нарыг цагаатгаж шийдвэрлэсэн үйл баримт болсон нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол, сэжигтэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтүүд, шийтгэх болон цагаатгах тогтоолууд, Улсын дээд шүүхийн тогтоолууд, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Д.Итгэл, Б.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 дүгээр цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нар Эрүүгийн байцаан шийтгэх 388 дугаар зүйлийн 388.1-д зааснаар өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж  авах бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус заасан.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нарыг хууль бусаар ял шийтгэсэн, Д.Итгэлийг цагдан хорьсон болон Д.Итгэл, Б.Энхбат нарт 2009-2014 оны хооронд гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсаны улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.Итгэл 2011 оны 10 дугаар сарын 10-наас 2012 оны 4 дүгээр сарын 16 хүртэл 186 хоног буюу 6 сар гаруй хугацаанд цагдан хоригдсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар дээрхи хугацаанд нэхэмжлэгчийн аваагүй цалин болох 1 235 000 төгрөгийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт үндэслэн,

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.4-д ….иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардлыг эд хөрөнгийн хохиролд тооцож нөхөн төлнө гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч нарын эрүүгийн хэргээс нотлох баримт бүрдүүлэхэд төлсөн зардал болох 46 500 төгрөгийг,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг хохиролд тооцож нөхөн төлнө гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч нарын хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 5 200 000 төгрөгийг / хэрэгт авагдсан баримтаар 5 500 000 төгрөг байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд / хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2-д Эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.Энхбат 1998 оноос одоог хүртэл Эрдэнэт хот, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эмнэлэг сувилалын алба, “Эрхэст Оргил” ХХК-ийн чих, хамар хоолойн эмнэлэгт эмчээр, Д.Итгэл 2003 оноос “Эрхэст Оргил” ХХК-ийн чих, хамар хоолойн эмнэлэгт менежерээр ажиллаж Орхон аймгийн ард иргэдэд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан байх ба нэхэмжлэгч нарыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж 2009-2014 оны хооронд гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Д.Итгэлийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Б.Энхбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн, Д.Итгэлийг 2011 оны 10 дугаар сарын 10-наас 2012 оны 4 дүгээр сарын 16 хүртэл 186 хоног буюу 6 сар гаруй хугацаанд цагдан хорьсон, нэхэмжлэгч нарын холбогдсон хэргийн талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 18 507 000 төгрөг нэхэмжилсэнийг мөн хангах үндэстэй гэж үзэж, нийт 24 988 500 төгрөгийг төрөөс гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нарын “Эрхэст-Оргил” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 2 512 800 төгрөг, эрүүгийн хэргээс нотлох баримт авсан зардал нь баримтаар 46 500 болох нь тогтоогдож байх тул илүү нэхэмжилсэн 1000 төгрөг, нийт 2 513 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Эрхэст-Оргил” ХХК үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 24 988 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 513 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА

                                               ШҮҮГЧИД                                               Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                               Б.ХИШИГДАВАА