Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00241

 

2017 оны 02 сарын 17 өдөр Дугаар 142/ШШ2017/00241 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 17-18 тоотод байрлах Ньюлинк интернэшнл ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг, 34 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух Зөт овогт Шараагийн Эрдэнэцэцэг /регистрийн дугаар ФБ86020501/-т холбогдох хохирол 10 098 810 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Цалин, түрээсийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлд 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Ш.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, иргэдийн төлөөлөгч Г.Мэнд-Амар, нарийн бичгийн дарга М.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нью Линк Интернэшнл ХХК нь 1999 оноос хойш албан ёсоор оюутан сурагчдыг гадаадад сурч боловсрох, ажиллах боломж олгож зуучлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаад суралцахаар болсон оюутан Монголдоо заавал буцаж ирэх үндэслэл болгож ул хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлага уүсдэг болно. Учир нь гэрээгээр гадаадад суралцдаг оюутан, соёлын солилцооны хөтлбөрөөр явахдаа хугацаандаа буцаж ирэхгүй байх, гадаад улсын хууль дүрмийг зөрчиж харлаж визний зөрчил гаргах, гэмт хэрэгт ороолцолдох нь зуучлагч Нью Линк Интернэшнл ХХК үйл ажиллагаа хэвийн явуулахад хортой нөлөөтэй ба гадагш сурах чин хусэлтэй дараагийн хүүхдүүд гадаадад суралцах боломж алдагддаг, мөн гадаадын харилцагч байгууллагууд итгэл алдарч хамтран ажиллахаас татгалздаг ноцтой үр дагавартай болно. Иргэн Алтангэрэлийн Хэрлэн нь 2010 онд "АААА байгууллагын зуучлалаар барьцаа хөрөнгө тавьж АНУ-д явж байгаад 2011.02.25-ны өдөр манай Нью Линк Интернэшнл ХХК-ийн дэмжлэгээр Соёлын солилцооны хөтөлбөрийн 1/25 тоот гэрээ байгуулж үйлчилгээний ажилд 3 сараар АНУ-д ажиллах боломж олгож, улмаар Монголд буцаж ирэх баталгаа болгож 2011.04.12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж Содовын Алгаагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24-р гудамжны 09 тоот 102м2 талбайтай 2 давхар Үл хөдлөх Ү-2101008991 гэрчилгээтэй хөрөнгийг барьцаалах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан болно. А.Хэрлэн нь АНУ-д харлаж Монголд улсад ирэлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд найдваргүй харилцагчаас болж Нью Линк Интернэшнл ХХК нь үйл ажиллагаа нь доголдсон болно. Хэрэв А.Хэрлэн нь гэрээгээ зөрчөөгүй бол манай компани АНУ-ын хамтрагчийнхаа итгэлийг алдахгүй олон Монгол залуус АНУ-д сурч боловсрох эрх нээлттэй байх байсан билээ. Гэтэл А.Хэрлэн болон түүний ээж С.Алгаа нартай манай ажилтан Ш.Эрдэнэцэцэг хуйвалдан 2014.09.08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, бэлэн тамгатай бланк ашиглаж УБЕГ-т барьцааг чөлөөлөх хуурамч албан тоот бичиж хийж өгснөөс болж хууль бусаар барьцаа чөлөөлөгдөж манай компани барьцаа хөрөнгөөр хохирсон болно. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж Нью Линк Интернэшнл ХХК -ийн ажилтан байсан Ш.Эрдэнэцэгийг цагдаад өгч шалгуулахад тус аймгийн Прокурорын газраас 2016.04.19-ны өдөр 5/102 тоот тогтоол гаргаж хуурамч бичгийг хийж өгсөн гэсэн яллагдагчийн мэдүүлгээр тогтоогдож байна, хохиролоо иргэний журмаар нэхэмжил гэсэн болно. Мөн Эрдэнэт хот руу цагдаад асуугдаж байцаагдахдаа олон арван удаа Улаанбаатараас-Эрдэнэт, Эрдэнэтээс Улаанбаатар гэж ирж очиж их хэмжээний зардал гаргасан, зочид буудалд байрлаж хоол тээвэр гэх мэтээр 500 000 Т-ийн зардал гаргасан. Иймд 2011.04.12-ны өдрийн Барьцааны гэрээний үүрэгт 3865.81 $ буюу 9 598 807 төгрөгийг эрүүгийн хэрэгт шалгагдаж буруутай тогтоогдсон, гэм буруутай этгээд болох Ш.Эрдэнэцэгээс гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Барьцааны гэрээний үүрэгт 2422.79 $ буюу 4.450.000 Т төлсөн бөгөөд зөрүү 2577.21$ мөн тус гэрээний 2.3.1 дэх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2% алданги авах ёстой бөгөөд нийт үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 1288.60 $ авах учиртай гэж үзээд нийт 3865.81 $ буюу 9.598.807 Т-ийг болон зардалд 500.000 төгрөг, нийт 10.098.810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот дахь Нью Линк Интернэшнл ХХК-нь Ш.Эрдэнэцэцэг надаас барьцааны хөрөнгө чөлөөлсөн гэж 10 098 810 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй тул дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Ш.Эрдэнэцэцэг би Нью линк интернэшнл" ХХК-ий захирал Д.Ариунболдтой тохиролцсоны үндсэн дээр түүний Орхон аймаг дахь салбарын БНСУ-г хариуцсан менежер, салбарын ерөнхий менежер мөн Улаанбаатар салбарын БНСУ-г хариуцсан менежерээр 2011 оны 6-р сараас 2015 оны 2-р сар хүртэл ажилласан. Ингэж ажиллахдаа Орхон аймгаас гадаадад суралцахаар явж буй оюутан залуустай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд тэдэнтэй гэрээ байгуулах, цуцлахтай холбоотой асуудлыг нь захирал болон түүний орлогч Оюунцэцэг нарын өгсөн үүрэг даалгаварын дагуу гүйцэтгэсээр ирсэн. Би 2014 оны 9 сарын 8-ны өдөр Содовийн Алагаагийн Орхон аймгийн Баян- Өндөр сум Булаг багийн 24-р гудамжны 9 тоот газар, хашаа, байшин үл хөдлөх эд хөрөнгө нь Алтангэрэлийн Хэрлэн гэдэг оюутны барьцаанд байсан бөгөөд захирлуудын өөрсдийнх нь зөвшөөрлөөр /Содовийн Алагаа нь гэрээний хугацаанд барьцааны төлбөр болох 4 250 000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудыг үндэслэн чөлөөлсөн болно. Нью линк интернешнл ХХК-ийн захирал Д. Ариунболд, Т.Оюунцэцэг нар над руу гарын үсэг зурсан болон тэмдэг дарсан хэвлэмэл баланкыг явуулдаг байсан бөгөөд үүн дээр би орлого болон зарлага хийх, барьцааны гэрээ байгуулах болон цуцлан хариуг тэр дор нь өөрсдөд нь мэдэгддэг байсан. Зарим тохиолдолд гэрээг байгуулах болон цуцлахтай холбоотой асуудлаар Орхон аймгаас дээрх хүмүүстэй утсаар ярихад наанаа байгаа асуудлаа өөрөө л зохицуул гэдэг байсан юм. Тэрээр намайг нэхэмжлэлдээ хуйвалдаж, мөн нотлох баримт хуурамчаар үйлдэж барьцааг чөлөөлсөн гэжээ. Миний хувьд Содовын Алагаа болон А.Хэрлэн нартай хуйвалдсан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар Д.Ариунболд Орхон аймгийн аймгийн Цагдаагийн газарт удаа дараа гомдол гаргаж би шалгагдсаны эцэст хэрэгсэхгүй болсон билээ. Намайг Содовийн Алагаагийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 24-р гудамжны 9 тоот газар, хашаа, байшинг барьцаанаас чөлөөлсөн гэж гэрээний үүрэг 3,865,81 ам доллар, түүний алданги 1.288,60 ам доллар, замын зардал 500,000 төгрөг нийт 10,098,810 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Харин А.Хэрлэнгийн зүгээс түүнд нийт 4,450,000 төгрөгийг төлсөн байдаг. Би Нью линк интернэшнл ХХК-аас нэг ч төгрөг авч ашиглаагүй. Зөвхөн өөрсдийнх нь хэлсэний дагуу барьцааг чөлөөлсөн. Захирал Д.Ариунболд намайг ажиллах хугацаанд Зохимж ХХК-д өрөө түрээсэлж байхад 2014 оны 05 сарын 12-ны өдөр 1 сая төгрөгийг ХААН банкаар дамжуулан өрөөний түрээс гэж дамжуулсан бөгөөд үүнээс өмнө болон хойно үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зардал, мөнгө шилжүүлж байгаагүй. Цалингаа нэхэхээр захирал асуудалд орсон мөнгө шилжүүлэх боломжгүй үйлчлүүлэгч олж өөрсдийн цалингаа зохицуул гэдэг байсан ч компанийн нэр хүнд захирлаас болж унасан тул үйлчлүүлэгч олдохгүй удсан тул арга буюу эд хөрөнгийг нь 1 250 000 төгрөгийн барьцаанд үлдээгээд оффисыг нь хүлээлгэн өгсөн. Надтай анх 500,000 төгрөгний цалин өгч ажиллуулна мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэж тохирсон бөгөөд тэрээр надад 2011 оны 6 сараас 2014 оны 5 сар хүртэл сарын 400 000/ дөрвөн зуун мянган/ төгрөгний цалингаас даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасан ХААН банкаар шилжүүлж байсан бөгөөд ажлаас гарахдаа даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авахад 2012 оны 1-р сараас 2012 оны 9-р сар хүртэл нийт 9-н сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цалингийн доод хэмжээ болох 140400 төгрөгөөр төлөөд үлдсэн хугацааны шимтгэлийг төлөөгүй намайг хохироосон. 2014 оны 5-р сараас эхлэн нэг ч төгрөгний цалин өгөөгүй, мөн Зохимж ХХК дээр өрөө түрээсэлж байсан өрөөний түрээсийн төлбөрийг ч мөн төлөөгүй юм. Үүнтэй холбоотойгоор би сөрөг нэхэмжлэлээ гаргах болно. Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр намайг ажиллуулж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж олон дахин шаардсан боловч байгуулаагүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлэхийг надаас шаардах эрх уг нь энэ хүнд байхгүй юм билээ. Иймд Нью линк интернэшнл ХХК буюу Д.Ариунболдын Ш.Эрдэнэцэцэг надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Нью линк интернэшнл ХХК-ийн захирал Д.Ариунболдоос сөрөг нэхэмжлэл болгон дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд: Ш.Эрдэнэцэцэг би Нью линк интернэшнл ХХК-ий захирал Д.Ариунболдтой тохиролцсоны үндсэн дээр түүний Орхон аймаг дахь салбарт 2011 онд БНСУ-ыг хариуцсан харилцааны менежерээр анх ажилд ороод үүнээсээ Орхон аймаг дахь салбарын ерөнхий менежер, Улаанбаатар дахь салбарын БНСУ-ыг хариуцсан менежерээр 2015 оны 2-р сар хүртэл тус тус ажилласан. Ингэж ажиллахдаа Орхон аймгаас гадаадад суралцахаар явж буй оюутан залуустай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд тэдэнтэй гэрээ байгуулах, цуцлахтай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан юм. Надтай хамт миний төрсөн эгч Ш.Эрдэнэчимэг ажиллаж байсан болно /Намайг өөрийн удирдлагад ажиллах ажилтныг нэмж ажиллуулахыг тушаан шинэ ажилтан авч ажиллуулсан. Тэрээр надтай анх 500,000 төгрөгний цалин өгч ажиллуулна гэж тохирсон бөгөөд тэрээр надад 2011 оны 6 сараас 2014 оны 5 сар хүртэл сарын 400 000 төгрөгний цалинг ХААН банкаар шилжүүлж байсан бөгөөд 2014 оны 5-р сараас эхлэн 2015 оны 2-р сар хүртэл нэг ч төгрөгний хөдөлмөрийн хөлс өгөөгүй тул 10 сарын цалин 5,000,000 /таван сая/ төгрөг,/тэрээр миний эгч Ш.Эрдэнэчимэгт мөн л хөдөлмөрийн хөлс олгоогүй, мөн л хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно/. Нью линк интернэшнл ХХК Орхон аймагт 2011 оны 6-р сараас 2015 оны 2-р сар хүртэл үйл ажиллагаа явуулахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутагт оршин Зохимж ХХК-ийн байранд 1 сарын 380.000 төгрөгний төлбөртэйгээр өрөө түрээсэлж байсан бөгөөд өрөөний түрээсийн мөнгийг шилжүүлэхгүй байсан тул би 1 сая төргөгийг Зохимж ХХК-д тушааж байсан. Энэ талаархи санхүүгийн баримт нь бий. Би түүний өмнөөс түрээс төлөх үүрэггүй. Тэрээр над руу түрээсийн мөнгийг шилжүүлнэ гэж байсан тул дээрх 1 сая төгрөгийг уг байгууллагын санхүүд тушаасан. Иймээс түрээсийн мөнгө болох 1 сая төгрөг. Нью линк интернэшнл ХХК-ийн захирал Д.Ариунболд нь надад цалин өгөхдөө нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган өгдөг байсан боловч ажлаас гарахдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авахад 2012 оны 1 сараас 2012 оны 9-р сар хүртэл л цалингийн доод хэмжээгээр төлсөн байсан. Иймд Нью линк интернэшнл ХХК-ийн захирал Д.Ариунболдоос хөдөлмөрийн хөлс 5 сая төгрөг, түүний өмнөөс Зохимж ХХК-д төлсөн түрээсийн төлбөр 1 сая төгрөг, ажилд орсноос хойш цалингаас суутгаж байсан нийгмийн даатгалын хураамж 2011 оны 180 000 төгрөг, 2012 оны 255 000 төгрөг, 2013 оны 240 000 төгрөг нийт 6 675 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5/102 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг үндэслэн хариуцагч Ш.Эрдэнэцэцэгээс хохирол 10 098 810 төгрөг гаргуулах,

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэг нь цалин, түрээсийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлд 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компанид ажиллаж байсан Ш.Эрдэнэцэцэг нь А.Хэрлэн болон түүний ээж С.Алгаа нартай хуйвалдан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, бэлэн тамгатай бланк ашиглаж барьцаа хөрөнгө чөлөөлөх хуурамч албан тоот бичиж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгснөөс болж хууль бусаар барьцаа чөлөөлөгдөж манай компани барьцаа хөрөнгөөр хохирсон болно. Орхон аймгийн Прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 5/102 тоот тогтоол гаргаж Ш.Эрдэнэцэцэгийг хуурамч албан бичиг хийж өгч улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж А.Алгаагийн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн гэж үзсэн.Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Ш.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож компанийг өөрт учирсан хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээр нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу уг тогтоолыг үндэслэн Ньюлинк интернэшнл ХХК өөрт учирсан хохирол болох нийт 10 098 810 төгрөгийг Ш.Эрдэнэцэцэгээс нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Би С.Алагаагийн гэрээний хугацаанд барьцааны төлбөр болох 4 250 000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудыг үндэслэн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр захирал Д.Ариунболд, Т.Оюунцэцэг нарын өөрсдийнх нь зөвшөөрсний дагуу, өөрсдийнх нь над руу явуулсан тамга, гарын үсэг бүхий бланк дээр барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичиг бичиж улсын бүртгэлийн газарт явуулсан нь үнэн.Миний хувьд С.Алагаа болон А.Хэрлэн нартай хуйвалдсан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байхгүй. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 49 тоот шинжээчийн дүгнэлтээр Орхон аймгийн улсын бүртгэлийн газарт явуулсан барьцаа чөлөөлөх тухай албан бичигт зурагдсан гарын үсгийг намайг зурсан гэж тогтоогоогүй байхад прокуророос намайг гүйцэтгэх захирал Т.Оюунцэцэгийн гарын үсгийг хуурамчаар зурж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Би прокурорын энэ тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК А.Хэрлэнтэй 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Соёлын солилцооны хөтөлбөрийн гэрээ байгуулан гэрээгээр А.Хэрлэн нь төлбөрөө төлж 3 сарын хугацаанд АНУ-д сургалтанд хамрагдаж хугацаандаа буцаж ирэх, ирсэний дараа барьцааны гэрээнд нэрлэн заасан барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24 дүгээр гудамжны 09 тоот 102 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь зохигчдын тайлбар, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Соёлын солилцооны хөтөлбөрийн гэрээ, 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-ийн захирал Д.Ариунболд нь Орхон аймгийн Цагдаагийн газарт ...Ш.Эрдэнэцэцэг нь дур мэдэн бидэнд мэдэгдэлгүйгээр 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирал Т.Оюунцэцэгийн гарын үсгийг хуурамчаар зурж аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болохыг би олж мэдлээ...шалгуулмаар байна гэж гомдол гаргасны дагуу Орхон аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокурорт шилжүүлэн прокуророос 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 5/102 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол гарсан нь нэхэмжлэгчийн тайлбар, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлэх тогтоол, Прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 5/102 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-ийн хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдуулан гаргасан, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Үндэслэл нь 1-рт: нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 5/102 тоот Прокурорын ...хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Ш.Эрдэнэцэцэг нь Ньюлинк интернэшнл ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын захиралаар ажиллаж байхдаа компаниас явуулсан тамга, тэмдэг бүхий хоосон бланк дээр С.Алгаагийн үл хөдлөх хөрөнгийг барьцааны үүргээс чөлөөлөх тухай бичиж, тус компанийн гүйцэтгэх захирал Т.Оюунцэцэгийн гарын үсгийг хуурамчаар зурж аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж барьцаанаас чөлөөлүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үндэслэн хариуцагчийг өөрт нь хохирол учруулсан гэж үзэж түүнээс 10 098 810 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч дээрхи 5/102 тоот тогтоол нь хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биш учраас уг тогтоолыг үндэслэн хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 49 тоот шинжээчийн дүгнэлтэнд ...шинжлэгдэж буй гарын үсэг нь .......Ш.Эрдэнэцэцэг......гэх гарын үсгийн загвартай ерөнхий хэлбэр, бүтцээрээ тохирохгүй байна гэж дүгнэсэн байхад прокурор ямар баримт үндэслэн ....хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Ш.Эрдэнэцэцэг нь гүйцэтгэх захирал Т.Оюунцэцэгийн гарын үсгийг хуурамчаар зурж аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж барьцаанаас чөлөөлүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Тиймээс нэхэмжлэгчид учирсан гэх гэм хор хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй тул хариуцагчид үүрэг үүсэхгүй гэж дүгнэлээ.Харин нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хохиролоо гэрээний 1 тал болох А.Хэрлэнгээс нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн болно.

2-рт хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-нд холбогдуулан гаргасан 2014 оны 05 сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх 10 сарын цалин 5 000 000 төгрөг, Ньюлинк интернэшнл ХХК-ийн 2014 оны 07 дугаар сараас хойшхи хугацаанд Зохимж ХХК-д төлөх ёстой түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой 675 000 төгрөг, нийт 6 675 000 гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь хариуцагчийг Ньюлинк интернэшнл ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт тодорхой хугацаанд ажиллаж байсныг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргадаггүй боловч тэрээр 2014 оны 05 сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд тус компанид ажиллаж байсан эсэх нь, 2014 оны 05 сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд сард 500 000 төгрөгийн цалин авдаг байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд цалин хөлсийг хэдэн төгрөгөөр тохиролцсон талаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагч Ш.Эрдэнэцэцэг хэдэн төгрөгийн цалин авдаг байсан нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдоогүй байх тул Ньюлинк интернэшнл ХХК-ийг Ш.Эрдэнэцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэж үзэж компаниас 675 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн ...би Д.Ариунболд захиралаас түрээсийн төлбөрт 2014 оны 05 дугаар сард ирүүлсэн 1 000 000 төгрөгийг Зохимж ХХК-д шилжүүлсэн. Харин 2014 оны 07 сараас хойшхи түрээсийн төлбөрийг Зохимж ХХК надаас нэхсэн, Ньюлинк интернэшнл ХХК-иас 2014 оны 07 сард төлөх түрээсийн төлбөрийг над руу шилжүүлээгүй учраас би өөрөөсөө 1 000 000 төгрөгийг Зохимж ХХК-нд төлсөн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Ш.Эрдэнэцэцэг нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн буюу Ньюлинк интернэшнл ХХК-ийн 2014 оны 07 дугаар сараас хойш хугацаанд Зохимж ХХК-д төлөх ёстой түрээсийн төлбөр 1 000 000 төгрөгийг төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тиймээс дээрхи үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 550 төгрөг, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 121 750 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээх үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-ийн хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-нд холбогдуулан гаргасан 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 176 550 төгрөгийг, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 121 750 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

 

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

Б.ХИШИГДАВАА