Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01823

 

Б.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01622 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 1565 дугаар магадлалтай

Б.Оын нэхэмжлэлтэй

Б.Нд холбогдох

2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 25 дугаар байрны 4 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булган, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Т” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Нисоро цамхагийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан GS центр нэртэй фитнес клубт фитнесийн багшаар ажиллаж байхад 2017 оны 01 дүгээр сард менежер н.Оюунтуяа өөрийн фэйсбүүкдээ уг фитнес клубийн тоног төхөөрөмж, кофе шопийн төхөөрөмж хэрэгслийг худалдана гэсэн зар бичсэн байсан. Би түүнийг сонирхож н.Оюунтуяагаас асуухад удалгүй “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булган надтай уулзаад чи фитнес клубийг энэ чигээр нь үргэлжлүүлээд ажиллуул, чамд фитнес клубийн бүх тоног төхөөрөмж болон кофе шопийн тоног төхөөрөмжийг энэ хэвэнд нь 66 800 000 төгрөгөөр худалдая, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 46 800 000 төгрөгийг удаан хугацаагаар төлөх зээлийн гэрээ байгуулаад төлчих гэсэн тул би аав ээжтэйгээ зөвшилцөөд аавынхаа хуримтлуулсан 20 000 000 төгрөгийг “Т” ХХК-ийн дансанд тушааж, үлдэгдэл 46 800 000 төгрөгийг цувуулан төлөхөөр, зээлээр худалдах- худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Гэтэл “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булган ярилцаж тохиролцсоноо эрс өөрчилж, янз бүрийн арга заль зохион байгуулан фитнес төвийн менежер Б.Нгаар надад 46 800 000 төгрөгийг бэлнээр зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг мөн байгуулуулсан юм. Миний бие тухайн үед фитнес клубийг байгаа байдлаар нь ажиллуулбал тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 46 800 000 төгрөгийг тохиролцсон хугацаагаараа цувуулаад төлж болно гэж тооцож байсан боловч “Т” ХХК 2017 оны 01 дүгээр сараас эхлэн “Сорани” ХХК-д түрээсийн төлбөр төлөхгүйгээр шүүхэд маргаан үүсгээд, цаашид хэвийн ажиллуулах боломжгүй болсон талаар Б.Булган надад мэдээлэл өгөөгүйгээс би хохиролд ороод байгаа.

“Т” ХХК-ийн GS центр нэртэй фитнес клубийн менежер Б.Н фитнесийн тоног төхөөрөмжийн үнийн талаар анх тохиролцсон үнээс зээлээр цувуулан төлөх, 46 800 000 төгрөгийг өөрөөсөө бэлнээр зээлж буй дүр үзүүлсэн гэрээний төслийг бэлдэн ирж надаар гарын үсэг зуруулаад, мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бэлдэж гарын үсэг зуруулж нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээг би фитнесийн болон кофе шопийн тоног төхөөрөмж хэрэгслийн үнийн үлдэгдлийг цувуулж төлөх гэрээ гэж үзсэн учраас орон сууцаа барьцаалж гарын үсэг зурсан болохоос Б.Нгаас 46 800 000 төгрөгийг бэлнээр зээлж авсан гэрээ биш юм. Гэтэл фитнес төв ажиллах боломжгүй, доторх тоног төхөөрөмж, хэрэгслийг авах боломжгүй болсныг мэдээд байрныхаа гэрчилгээг авъя гэтэл 46 800 000 төгрөг төлөөд ав гэсэн ойлгомжгүй шаардлага тавиад байна.

  Б.Н энэ зээлийн гэрээг захирал Б.Булганыхаа зааврын дагуу зохион байгуулж хийсэн болох нь надтай 2017 оны 03 дугаар сарын 12-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулчихаад 14-ний өглөө Сансарын ШТС-ын “Хаан банк” ХХК-ийн салбарт очуулж миний эзэмшлийн Хаан банкны дансанд 46 800 000 төгрөг оруулаад тэр дор нь шууд гаргуулан өөрөө буцааж авч явсан. Энэ үйлдэл нь 2 өдрийн өмнө надтай хийсэн зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр өгсөн дүр үзүүлсэн болох нь ойлгогдож байна.

Иймд Б.Нгийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Отай байгуулсан 46 800 000 төгрөгийн зээлийн гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд зохигч нар гарын үсгээ зурж нотариатчаар гэрчлүүлсэн тул хуурч мэхэлсэн төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн шаардлага хангуулсан. Нэхэмжлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүн тул хүсэл зоригийн дагуу үйлдлийнхээ үр дагаврыг хариуцах чадвартай байх ёстой. Зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан талаар нэхэмжлэгч тал харин маргахгүй байна. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг мөнгө эсхүл эд хөрөнгө шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байна. Энэ хүн надаас 40 000 000 төгрөгийг зээлж эргүүлж төлөх үүрэг хүлээсэн. Үүргээ баталгаажуулж орон сууцаа өөрөө барьцаалсан.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа Иргэний хуулийн 56.1.1, 5.1.2, 56.1.3-т зааснаар тайлбарлаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа боловч нэхэмжлэлдээ 46 800 000 төгрөгийг цувуулаад тохиролцсон хугацаагаар төлж болно гэж тооцож байсан, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр миний Хаан банкны дансанд 46 800 000 төгрөг оруулсан гэж өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01622 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар 2017 оны 03 сарын 12-ний өдрийн Б.Нтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Оын хариуцагч Б.Н нарын 2017 оны 03 сарын 12-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Баянгол дүүрэг 1-р хороо Алтай хотхон Энгельс гудамж 25-4 тоотод байрлах, 49.4 мкв талбайтай О.Болдбаатарын өмчлөлийн 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эрхийн бүртгэлийн Ү-2205056623 дугаартай гэрчилгээг хариуцагч Б.Нгаас гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 101/ШЗ2018/03252 тоот захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 1565 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Нтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.Н нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 25 дугаар байрны 4 тоотод байрлах, 49.4 м.кв талбайтай О.Болдбаатарын өмчлөлийн 2 өрөө орон сууцны үл хөдлөх эрхийн бүртгэлийн Ү-2205056623 дугаартай гэрчилгээг хариуцагч Б.Нгаас гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай” гэж өөрчлөн найруулж, “3” гэж дугаарласныг “2” гэж, “4” гэж дугаарласныг “3” гэж, “5” гэж дугаарласныг “4” гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ны өдрийн 1565 дугаартай магадлалд хариуцагчийн төлөөлөгч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хууль буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан. Зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй. Зохигч нар анхнаасаа зээлийн болон барьцааны гэрээг байгуулах хүсэлт зорилготой байсан бөгөөд үүнийгээ гэрчлүүлж нотариатын үйлчилгээ авсан. Халхавчлах зорилго бүхий өөр хэлцэл, хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Талууд хоорондоо 46 800 000 төгрөгийг шилжүүлээгүй, харин 66 800 000 төгрөгийн үнэ өртөг бүхий эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг шилжүүлсэн нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 66 800 000 төгрөгийн үнэ өртөг бүхий эд хөрөнгө шилжүүлсэн бөгөөд 20 000 000 төгрөгийг бэлнээр урьдчилан авч худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Үлдсэн 46 800 000 төгрөгийг нэхэмжлэгч бэлнээр өгөх боломжгүй байсан тул 1 жилийн хугацаанд хүү тооцож төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Үүргээ баталгаажуулж барьцааны гэрээ байгуулсан. Өөрсдийн хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр гэдгээ гэрчлүүлж нотариатчийн үйлчилгээ авсан. Гэтэл давж заалдах шатны шүүх зохигч нарыг зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн 46 800 000 төгрөгийг авсан, буцаасан гэрчийн мэдүүлэг, бусад тайлбар дээрээс зээлийн болон барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүй болгож хариуцагчийг хохироож байна. Зохигч нар ямар шаардлагаар зээлийн гэрээ байгуулсан болох, юу хоорондоо шилжүүлэх гэж гэрээ байгуулсан болохыг тодруулж үзэлгүй зөвхөн мөнгө шилжүүлээгүй, буцааж авсан гэдэг үндэслэлээр зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа нь буруу байна. Зээлийн гэрээний дагуу мөнгө эсхүл эд хөрөнгө шилждэг, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгө нэгээс нөгөөд шилждэг. Зохигч нарын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анзаарч үзэхгүй хуулийн буруу тайлбарлаж хэрэглэж байна. Иймд шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй болж чадахгүй байгаагаас хариуцагчийг илт хохироосон шийдвэр гарч байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шүүхийн магадлалд зохигч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон боловч гэрээний дагуу шилжүүлсэн тоног төхөөрөмж, эд хогшлыг нэхэмжлэгч талаас гаргуулахгүйгээр орхигдуулж, хариуцагчийн хуульд байгаа эрх ашгийг ноцтой хөндөж хохироож байна. Зохигч нарын хооронд байгуулсан бараа, хөрөнгө хүлээлцсэн гэрээ, актууд байсаар байхад хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг шийдвэрлэхгүй орхигдуулж хохироож байна. Худалдсан эд хөрөнгөө хаанаас хэнээс хэрхэн авах талаар шүүх шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу гэрч Б.Булганаас мэдүүлэг аваагүй шүүх хурлыг хийсэн. Хэрэгт шүүгчийн захирамжтай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Гэрчээс нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдүүлэг авсан боловч хариуцагчийн төлөөлөгч мэдүүлэг авч чадаагүй хурал хойшилсон. Хавтас хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан үзлэг, тэмдэглэл ямар ч тохиолдолд хэрэгт үдэгдэж хадгалагдах ёстой. Гэтэл гэрчээс нэхэмжлэгчийн төлөөлөгч татгалзсан үндэслэлээр нөгөө тал нь иш татах эрхтэй нотлох баримтыг устгаж ноцтой зөрчил гаргасан. Энэ талаар гомдол гаргаад гэрч Б.Булганаас мэдүүлэг авсан 2 хуудас баримтыг хайгаад явж байгаа. Хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан гэрчийн оршин суугаа хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.5 дахь хэсгийг хэрэгжүүлж гэрчийг албадан авчирч болох байсан боловч хууль хэрэгжүүлээгүй. Мөн гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй.

Зохигч нарын хооронд 46 800 000 төгрөгийг шилжүүлж буцаасан нотлох баримт байхгүй атал энэ талаар үйл баримт тогтоогдсон гэж үзэн зээлийн болон барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232.4-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчид нийт 66 800 000 төгрөгийн эд хөрөнгө шилжүүлсэн нь үнэн бөгөөд тухайн үед бэлнээр нь өгөх боломжгүй байсан тул хүү тооцож төлөхөөр өөрийн хүсэлтээр зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх зохигч нар зээлийн гэрээ огт байгуулаагүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 56.1.3 дахь заалтаар үзэж хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь хариуцагч талд ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч тал тоног төхөөрөмжөө хүлээгээд авчихсан, одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрөө төлсөн зэрэг байдлаас харахад үлдсэн 46 800 000 төгрөгийн төлбөрийг зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр төлж барагдуулахаар зөвшөөрч гарын үсгээ зурж гэрээ байгуулсан байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О нь Б.Нд холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 25 дугаар байрны 4 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  нэхэмжлэгчид 66 800 000 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжийг кофе шопын тоног төхөөрөмжийн хамт худалдсан, 20 000 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн тул худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үлдэх 48 600 000 төгрөгт нь зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эд хөрөнгийн үнийг жилийн хугацаанд сар сард нь хувааж төлөхөөр тохиролцсон. Ямар ч баталгаа, барьцаа байхгүй хүнд үнэтэй эд хөрөнгөө зээлээр өгөх боломжгүй учир нэхэмжлэгч нь аавынхаа байрыг барьцаалсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн GS центр нэртэй фитнес клубын болон кофе шопын тоног төхөөрөмжийг 68 600 000 төгрөгөөр худалдан авахаар “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булгантай тохиролцож, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсний дараа үлдэх төлбөрийг  цувуулан төлөхөөр тус компанийн менежер Б.Нтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч хүлээн авсан боловч “Т” ХХК-ийн төлбөрт барьцаалагдсан байгаа гэх үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ” хэрэгжээгүй, зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус гэрээний үүргийг хангах зорилгоор байгуулагдсан “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож  шийдвэрлэжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй ч эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар талууд маргаагүй, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан,  үнийг нь бүрэн төлөөгүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг  барьцаалсан үйл баримтад эрх зүйн талаас нь дүгнэлт хийгээгүй байна.

Мөн худалдан авсан эд хөрөнгө одоо хэний эзэмшилд байгаа болох нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байна. 

Хоёр шатны шүүхийн дүгнээгүй үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т” ХХК-ийн захирал Б.Булганыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчил шийдвэрийг хүчингүй болгох  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтад хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01622 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 1565 дугаар магадлалыг тус тус хүингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяраас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД