Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2015/01287/И |
Дугаар | 00124 |
Огноо | 2017-06-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00124
Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00454 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч И.Отгоннямд холбогдох
“Гүйцэтгээгүй үүргийн дүн 3.672.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Отгоннямын “тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнээс татгалзах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч И.Отгоннямын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч И.Отгонням, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ишхүү овогтой Отгонням нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2.700.000 төгрөгөөр 42-66 ОРХ Avanti автомашиныг худалдан авахаар тохиролцож мөнгөө өгөлгүй өдийг хүрлээ. Гэрийн хаягаар очиж,утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн мөнгө /2 700 000 / хоёр сая долоон зуун мянган төгрөг, 2 сарын хүү 648 000 /зургаан зуун дөчин найман мянган/ төгрөгийг нийт 3 348 000 /гурван сая гурван зуун дөчин найман мянган төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Отгонням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нарантуяа нь уг машинаараа миний хүү Адьяасүрэнг жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж машинаар бариулж, таксидуулж хажууд нь өөрөө сууж мөнгийг нь хурааж явдаг байсан. Тэгээд уг машинаа ав гэж хүүд өгсөн байсан. Хүүд машинаа өгөхдөө үнэ мөнгө огт яриагүй өгсөн байсан. Тэгээд хүү маань өөрөө машин унах сонирхолтой байсныг нь ашиглаад машинаа өгсөн байхаар нь жолооны үнэмлэхгүй байж машин барих гэлээ гэж уурлаж уг машиныг бариулаагүй. Одоо болтол уг машин нь хашаанд хэн ч барихгүй байж л байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Нарантуяа нь биднийг анхнаасаа хууран мэхэлж унагаж янзалсан машинаа бидэнд өгч энэ доголдлын талаар биднээс нуусан байсан. Иймд машиныг худалдан авахаас татгалзаж машиныг нь буцаан өгөх саналтай байна. Машин худалдах худалдан авах гэрээг хийхдээ хүртэл үнэ мөнгө нь хамаагүй та нарын нэр дээр машиныг гэрчилгээг шилжүүлж өгөхөд зайлшгүй гэрээ хийдэг юм гэж итгүүлж гэрээг хийсэн. Иймд бид машиныг худалдан авахаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч И.Отгонням шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг нотариат дээр дуудсан. Яах гэж байгаа талаар асуутал нөгөө Адьяасүрэнд өгсөн машиныг чиний нэр дээр шилжүүлж өгье гэхээр нь очтол энэ гэрээн дээр гарын үсэг зур гээд шууд зуруулсан. Гарч ирээд үзтэл 2,7 сая төгрөгөөр машин худалдсан гэсэн гэрээ байсан. Бид 2 ерөөсөө мөнгө төгрөг дэр тохирч ярьсан юм байхгүй ингээд дураараа үнэ тавьчихаж болж байгаа юм уу гэтэл тэр хамаагүй одоо энүүгээрээ машинаа өөрийн нэр дээр болгож авахад л хэрэгтэй гэсэн. Ийм юм болоод өнгөрсөн. Гэтэл удаа ч үгүй шүүхээс дуудаад очтол энэ гэрээгээр надаас машины мөнгө нэхсэн байна. Уг гэрээгээр Нарантуяа нь надад унагаж засварласан хэн ч тоож авахгүй зарагдахгүй байсан машинаа бидний дуугүй байдлыг далимдуулан хууран мэхэлж төөрөгдүүлж өндөр үнээр зарж борлуулсан гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Нарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч И.Отгоннямын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Отгоннямтай гэрээ хийсэн нь үнэн. Гэтэл Отгонням нь машинаа өөрийн нэр дээр болгож авна гэсний дагуу нотариатраар батлуулсан. Отгонням нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 700 000 төгрөгийг өгнө гэж уулзах болгонд хэлдэг. 2015 оны 09 дүгээр сарын 29-нд яг өгч дуусгана гэж бичээд гарын үсэг зурсан. Би Отгоннямд унагаж хэмхэрсэн машин өгөөгүй, бүрэн бүтэн явж байсан машин хүлээлгэж өгсөн нь үнэн. Машиныг өгснөөс хойш удаа дараа утсаар ярихад хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг өгнө гээд алга болсон ба ярихаар утсаа аваад Улаанбаатарт байна удахгүй өгнө гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа байгаад сураггүй болсоны эцэст би шүүхэд өргөдөл өгсөн. Машин авснаас хойш бүтэн 6 сар болсны дараа машинтай мөргөлдүүлчихээд буцаана гэдэг нь хүн чанаргүй үйлдэл байна. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Нарантуяа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Би эвдэж сүйтгэсэн машиныг буцааж авахгүй, төдийгүй бидний гэрээ хүчин төгөлдөх гэж үзэж байна. Машин худалдах худалдан авахаар тохирсон 2 700 000 төгрөг, алданги 972 000 төгрөг, нийт 3 672 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00454 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч И.Отгоннямаас 3 672 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч И.Отгоннямын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 120 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58 150 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.Отгоннямаас 73 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч И.Отгонням давж заалдсан гомдолдоо: Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгёөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.
1- тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015-09-07ний өдөр нотриот дээр байгуулсан бөгөөд тээврийн хэрэгслийг гэрээ хийгдэхээс 1 сарын өмнө хүлээлгэн өгч авалцсан нь талуудын тайлбараар тогтоогддог. Тгэж ээврийн хэрэгслэлийг хүлээлцэхдээ биет байдлын доголдол байгаа эсэх, зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжтой эсэх эд ангиуд нь техникийн шаардлага хангасан эсэх зэргийг мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж, үзлэг оношлогоо хийлгээгүй ба нүдээр үзэж хараад авсан байдаг. Машины техникийн гэрчилгээнд уг 42-66 орх машин нь 2015-02-1 Знд техникийн хяналтын үзлэгт орсон бичилт байдаг. Эдгээр нөхцлүүдээр дүгнэвэл машиныг худалдан авах үед уг тээврийн хэрэгсэлд биет байдлын доголдол байсан эсэх, эд ангиуд нь техникийн нөхцөл шаардлага хангасан байсан гэж үзэх үндэслэл нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал биет байдлын доголдолгүй /унагаж, засварлагдаагүй/ машин худалдсан гэдэг нь нотлогдоогүй, энэ тухай нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангалаа.
2-авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлтээр дээрх тээврийн хэрэгсэл нь зүүн ар талруугаа гүн чихэгдсэн бүтэн замаск будганд орсон техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан болохыг тогтоосон. Энэ дүгнэлт нь уг тээврийн хэрэгсэл чанарын доголдолтой болохыг нотлож байгаа гол нотлох баримт байхад шүүх нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан мөн уг машин унаж бөгс нь чихэгдсэн байсныг засаж янзалсан машин юм гэсэн гэрч Мөнхэрдэнийн мэдүүлэг давхар нотлогдож байхад шүүх гэрчийн мэдүүлгийг нотлогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт өгсөн.
3-сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 254.1 болохыг дурьдаж, уг тээврийн хэрэгслийг худалдан авах үед унагаж зассан машин гэдгийг мэдээгүй. Энэ талаар худалдагч талаас мэдээлэл өгөөгүй зэргээс доголдолгүй машин гэж ойлгож худалдан авсан. Машины мөнгө нэхэгдээд өгч чадахгүй болохоор зарж борлуулан мөнгийг өгөхөөр мэдээллийн биржд зар явуулсанаар зарын дагуу ирж үзсэн хүмүүсээс уг машиныг унасан бүтэн замаскадаж дахин будганд орсон чанар байдлын хувьд доголдолтойг мэдсэн. Энэ тухай мэдээд худалдагч талд мэдэгдхэд юу яриад байгаа юм хүний зүв зүгээр машиныг авч явчаад олон юм яриад байхдаа яадгийн мөнгийг маань өг машиныг буцаахгүй гэж уурлаж халгаагаагүй явсаар шүүхэд хандсан байсан учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх доголдлын талаар гоидлын шаардлага гаргаагүй , тэрхүү доголдол нь нэхэмжлэгчтэй холбоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон. Нарантуяа нь уг машиныг өөрөө худалдаж аваад 20 хонолгүй миний хүүд өгч явуулсан байсан. Манай хүү машиныг унаж гэрлүүгээ авч явах үед нь машины копуд нь өөрөө сөхөгдөөд урд салхины шилээ хагалсан мөн өөрөө жолооны эрхгүй тул машиныг хашаандаа тавьсан. Нэг удаа авч гараад машиныг шүргүүлээд нөгөө шүргэсэн жолооч зурагдсан зураасыг бодисоор арчиж өгөөд зүгээр болсон үүнээс хойш дахин машиныг огт унаагүй зарах гэтэл хэн ч тоож авахгүй байсан. Иймд бид машиныг худалдан авахаас татгалзаж, Нарантуяатай байгуулсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 254.1-д заасны дагуу цуцлуулах эрхтэй учир сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Эсвэл Лэндс ХХК-н үнэлгээчний үнэлгээгээр гарсан 1,100,000 төгрөгөөр худалдан авахыг зөвшөөрч байгаа болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь хариуцагч И.Отгоннямаас тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт холбогдуулан 2.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч М.Отгонням 2015.09.07-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд 2015.09.07-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан 42-66 ОРХ улсын дугаартай aventi маркийн авто машиныг 2.700.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож 2015.09.07-ны өдөр гэрээг бичгээр байгуулж 2015.09.17-ны өдөр нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан ба машиныг 2015.09.19-ний өдөр И.Отгоннямын эзэмшилд шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хариуцагч И.Отгонням нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, авто машин худалдах худалдан авах шаардлага байгаагүй, миний хүү О.Адьяасүрэнг жолооны үнэмлэхгүйг мэдсээр байж машинаа бариулж таксинд явуулж өөрөө мөнгийг хурааж авдаг байсан, биднийг анхнаасаа хуурч мэхэлж, унагаж янзалсан машинаа бидэнд өгч, доголдлыг нуусан байсан, та нарын нэр дээр машинаа шилжүүлэхэд зайлшгүй гэрээ хийдэг гэж итгүүлэн гэрээн дээр гарын үсэг зуруулсан гэж мэтгэлцэж маргасан ба тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч И.Отгонням нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудаар нотолж чадаагүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т худалдаж байгаа тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой ба гэрээ байгуулах үед бусдад худалдаалагдаагүй, барьцаалагдаагүй битүүмжлэгдээгүй, түрээслээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж заасан нь хариуцагч гэрээ байгуулах үедээ ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг хүлээн авсан байна гэж үзэх боломжтой, хариуцагч И.Отгонням нь машины үнэ 2.700.000 төгрөгийг 2015.08.19-нөөс 08.29-ний дотор төлж дуусгахаар тохирсон нэхэмжлэгч Д.Нарантуяа 2015.08 дугаар сарын эхээр машиныг И.Отгоннямын хүү П.Адьяасүрэнгийн эзэмшилд шилжүүлсэн байх ба хариуцагч нь машин доголдолтой байсан талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан болох нь тогтоогдоогүй, 2015.09.07-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний 3.8-д худалдагч гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног дутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,4 хувь алданги төлүүлэхээр тохиролцсон нь хуульд нийцсэн гэж үзэж 90 хоногийн алданги 972.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд хариуцагч И.Отгоннямын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00454 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч И.Отгоннямын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч И.Отгоннямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ