| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2016/01235/И |
| Дугаар | 00107 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 00107
Д.Сүхбатын нэхэмжлэлтэй,
хариуцагч М.Энхчулуун, Худалдаа хөгжлийн
банкинд холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Д.Сүхбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Энхчулуун, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох,
Хариуцагч М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг, Худалдаа хөгжлийн банкинд даалгах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Д.Сүхбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сүхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний бие Д.Сүхбат нь Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбарт хандан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №407235135 дугаарын данстай хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж охин Сүхбатын Тэмүүлэнд эхний хадгаламжийг 1 500 000 төгрөгөөр нээж, хамтран эзэмшигчээр миний бие өөрөө болон охины ээж М.Энхчулууныг бүртгүүлсэн билээ. Ийнхүү миний бие тус дансанд өөрийн орлогоосоо 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 600 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, мөн өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-нд мөн 2 000 000 төгрөгний орлого хийж нийт 6 250 000 төгрөг болсон билээ. Гэтэл 2014 онд тус мөнгөн хадгаламжийг хамтран эзэмшигч М.Энхчулуун нь миний зөвшөөрөлгүйгээр Худалдаа хөгжлийн банкны Орхон салбараас дээрхи хадгаламжийг барьцаалан зээл авсан байх ба зээлээ төлөлгүй орхиж, мөнгөн хадгаламжийг зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт суутгасан нь хамтран эзэмшигч миний төдийгүй хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаас Худалдаа хөгжлийн банк мөнгөн хадгаламж барьцаалсан зээл олгохдоо эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр олгосныг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадгаламжийн дансны хуулгыг банкнаас аваад мэдсэн болно. Үүнээс Худалдаа хөгжлийн банк Иргэний хуулийг зөрчиж зээл олгосон нь харагдаж байна. Иймээс М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкыг төлөөлөн Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг Худалдаа хөгжлийн банкинд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаснаа нэмэгдүүлж, 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2013/0007/000287/0120 тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2013/0007/000287/0133 тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/0007/000287/ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2014/0007/000287/0150 тоот гэрээнүүдээр М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг Худалдаа хөгжлийн банкинд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна гэжээ.
Хариуцагч М.Энхчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.Сүхбаттай 2004 онд танилцаад, 2006 оноос 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтран амьдарч, 2 охин төрүүлсэн. Хамтран амьдарч байхдаа буюу 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Тэмүүлэнгийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкны Орхон салбарт хүүхдийн мөнгөн хадгаламж 1 500 000 төгрөгөөр нээлгэсэн. Энэ хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 600 000 төгрөгийг би өөрөө, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, мөн өдрөө 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-нд 2 000 000 төгрөгийн орлогыг бид нарын зүгээс хийсэн. Анх уг хүүхдийн хадгаламжийг нээхдээ баримт дээр Д.Сүхбат бид хоёр хоёулаа 1-р гарын үсэг зурсан болохоор банк бид хоёрын аль нэгнийх нь гарын үсгээр зарлагын гүйлгээ болон хадгаламж барьцаалсан зээл авах боломжтойг тайлбарлан өгч байсан. Хадгаламж барьцаалж зээл авахыг Д.Сүхбат өөрөө санаачилж надаар авахуулж өөрөө ашигладаг байсан ба юунд зарцуулсанаа Д.Сүхбат өөрөө сайн мэдэж байгаа. Иймд Д.Сүхбатын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхээс М.Энхчулууны нэхэмжлэлтэй Д.Сүхбат хариуцагчтай хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах иргэний хэргийг хянан хэлэлцэж 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж гаргасан. Д.Сүхбат болон М.Энхчулуун нарын хоорондох эд хөрөнгө хуваах тухай хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул М.Энхчулууны банктай байгуулсан Мөнгөн хадгаламж барьцаалсан гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй Д.Сүхбатын нэхэмжлэлтэй дээрх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,108 дугаар зүйлийн 108.4-д заасныг баримтлан М.Энхчулуун, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2013/0007/000287/0120 тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2013/0007/000287/0133 тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/0007/000287/ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2014/0007/000287/0150 тоот гэрээнүүдээр М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг Худалдаа хөгжлийн банкинд даалгах тухай нэхэмжлэгч Д.Сүхбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Сүхбат давж заалдсан гомдолдоо:
Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь заалтуудыг үндэслэн Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч хэлцэл хийнэ гэж заасны дагуу С.Тэмүүлэнг төлөөлж эх М.Энхчулуун хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээ байгуулагдах үед С.Тэмүүлэн 5 настай байсан болох нь хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтэнд авагдсан рөгистрийн дугаараар нотлогдож байна. Иргэний эрх зүйн чадамжгүй охин С.Тэмүүлэнг бүрэн төлөөлөх эрх эх М.Энхчулуунд байгаа төдийгүй 407235135 дансны үндсэн эзэмшигч нь С.Тэмүүлэн тул түүнээс зөвшөөрөл авахыг шаардах үндэслэлгүй байна. Шүүхээс С.Тэмүүлэнгийн хамтран эзэмшигч нь Д.Сүхбат, М.Энхчулуун нар бөгөөд тухайн дансны хамтран эзэмшигч нь үндсэн эзэмшигчтэй адил эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байна гээд эх М.Энхчулууны бусадтайгаа хамтран эзэмшиж байгаа хөрөнгө болох уг хадгаламжийг захиран зарцуулсан үйлдлийг зөвтгөж охин С.Тэмүүлэн болон эцэг Д.Сүхбат нарын өмчлөх эрхэнд халдсан байна. Эх М.Энхчулуун нь охин С.Тэмүүлэнгээс уг хадгаламжийг барьцаалж зээл авах тухай зөвшөөрөл авахгүй ч хамтран эзэмшигч болох Д.Сүхбатаас зөвшөөрөл авч уг зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж барьцаалсан зээл авах эрхээ эдлэх нь хуульд нийцнэ. Гэтэл хамтран эзэмшигч Д.Сүхбатын зөвшөөрлийг аваагүй атлаа мөнгөн хадгаламжийг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан байна. Нэгэнт охиныхоо нэрийн өмнөөс эцэг Д.Сүхбат болон эх М.Энхчулуун нар нь хэлцэл хийх эрхтэй учраас тэдний хоорондын харилцан зөвшөөрлииг үндэслэж маргаан бүхий зээлийн гэрээг байгуулахаар байсан тул Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн холбогдох заалтууд, Банк зээлийн эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хадгалагч /банк/-ийн үүргээ зөрчсөн гэж үзэхгүйгээр шууд гэрээний заалтыг хариуцагч нарт ашигтайгаар тайлбарлан шмйдзэрлэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэнг илтгэж байна. Мөнгөн хадгаламжийн гэрээний 2.13-д зааснаар хамтран эзэмшигч зарлагын гүйлгээ хийх, хадгаламжийг барьцаалан зээл авах эрхтэй, 4.1.4, 7.1, 7.2-д заасан зохицуулалттай холбон М.Энхчулууныг дангаараа буюу бусад хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж болохоор буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлыг зарчим нь хуульд заасан тухай бүрт нь заавал зөвшөөрөл авах үүргээс урьдчилан чөлөөлөх бус хуулийн хүрээнд энэхүү зөвшөөрөл авч байх учиртай байтал ийнхүү Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлтээс үзвэл Д.Сүхбат намайг хамтран өмчлөгч мөн...гэх утгатай дүгнэлтийг хийсэн атлаа миний зөвшөөрөл өгсөн тухай нотлох баримт, итгэмжлэл, миний байгуулсан гэрээ, гэрээний хавсралт байхгүй байтал ийнхүү үндэслэх хэсгийн дүгнэлтээсээ огт өөр агуулга бүхий шийдвэрийг ТОГТООХ хэсэгтээ хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Сүхбат нь хариуцагч М.Энхчулуун, Худалдаа хөгжлийн банкинд холбогдуулан М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүүг тооцохыг худалдаа хөгжлийн банкинд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0120 тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0133 тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0150 тоот гэрээнүүдээр М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг худалдаа хөгжлийн банкинд даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,108 дугаар зүйлийн 108.4-д заасныг баримтлан М.Энхчулуун, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2013/0007/000287/0120 тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2013/0007/000287/0133 тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/0007/000287/ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2014/0007/000287/0150 тоот гэрээнүүдээр М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг Худалдаа хөгжлийн банкинд даалгах тухай нэхэмжлэгч Д.Сүхбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.Сүхбат нь М.Энхчулуунтай хамтын амьдралтай байхдаа Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбартай охин С.Тэмүүлэнгийн нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг гаргажээ./ х/х -ийн 32 дугаар хуудас / ,
Дансанд хамтран эзэмшигч бүртгүүлэх хүсэлтийн дагуу 407235135 дугаар дансыг хамтран эзэмшигчээр М.Энхчулууныг бүртгүүлжээ. /х/х-ийн 33 дугаар хуудас / ,
Тухайн өдрөө Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбартай Сүхбат овогтой Тэмүүлэн хадгалуулагч, Д.Сүхбат, М.Энхчулуун нар хамтран эзэмшигчээр оролцож хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Д.Сүхбат уг дансанд 2013 оны 08 дугаар сарын 12 ноос 2014 оны 04 дүгээр сарын 30 өдрийн хооронд 3 удаа нийт 5.650.000 төгрөг,М.Энхчулуун 1 удаа 600.000 төгрөг нийт 6.250.000 төгрөгний орлого хийжээ. /х/х-ийн 33 дугаар хуудас /
Хамтран эзэмшигч М.Энхчулуун уг хадгаламжийг барьцаалж 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 700.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1.900.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 970.000 төгрөгний зээлийг тус тус авчээ. х/х-ийн 45, 47, 51, 54 дүгээр хуудас / ,
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Д.Сүхбатын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Д.Сүхбатын давж заалдсан гомдолдоо дурдсан үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Сүхбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сүхбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.Сүхбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.БАТТӨР