Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 1041

 

 

  

 

 

 

                                                      

                               

 

 

 

           МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС               

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 34 дүгээр байрны 20 тоотод түр   оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар 22950693, Shao Xinsheng-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 7 дугаар байрны 1-9 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66040260, Боржигон овогт Бөөрөөгийн Байгалмаад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 329 626 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр  сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Shao Xinsheng шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:БНХАУ-ын иргэн би 2015 оны 7 дугаар сарын 28-нд Б.Байгалмаад 290 тонн цагаан будаа зээлээр худалдсан, Б.Байгалмаа надад дээрх будааны үнэнд 1 531 200 юань өгөх ёстойгоос 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 200 000 юань, дараа нь 100 000 юань, 2015 оны 11 дүгээр арын 23-нд 32 000 юань, 2016 оны 6 дугаар сарын 20-нд 79 200 юань бүгд 611 200 юань өгч одоо 920 000 юанийн үлдэгдэлтэй байна.Иймд Б.Байгалмаагаас 920 000 юань буюу 329 626 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Shao Xinsheng 2012 оноос хойш Б.Байгалмаатай хамтарч будааны наймаа хийсэн бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нааш нь 290 тонн цагаан будааг Б.Байгалмаад ачуулсан.Shao Xinsheng 10 дугаар сард өөрөө ирээд будааныхаа мөнгийг аваагүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 15-нд Б.Байгалмаагаас 60 тонн будааг буцаан авсан.Тэгээд Б.Байгалмаагаас 230 тонн будааны үнэ авахаар байсан ба энэ 2 өмнө нь тооцоотой байсан.Тэгээд 230 тонн будаа нь 1 214 400 юань болж байсан.

 

Өмнө нь Shao Xinsheng Б.Байгалмаатай 12 167 890 юанийн тооцоотой байснаас Б.Байгалмаа 10 215 415 юань өгч 1 952 490 юанийн үлдэгдэлтэй байсан.Энэ дүнд 290 тонн будааны үнэ орсон байгаа, дахин 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тооцоо хийхэд 60 тонн будааны үнийг хассан байгаа.Б.Байгалмаа будааны үнийг өгөхгүй байсан тул Shao Xinsheng Монголд ирээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тооцоогоор 1 107 190 юань үлдсэн гээд баримт үйлдсэн байдаг бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирэхдээ 1 100 000 юанийн үлдэгдлээр тэгшлэхээр болсон.Ингээд 920 000 юань үлдсэн, 2006 онд 400 000 юань өгнө, 2017 онд үлдсэн юанийг өгнө гэж тохирсон боловч Б.Байгалмаа тохирсон хугацаандаа мөнгө өгөөгүй.Одоо Б.Байгалмаагаас 920 000 юань буюу 329 626 800 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч Б.Байгалмаа шүүхэд шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь цагаан будааны төлбөрийн 920 000 юань буюу 329 626 800 төгрөг нэхэмжлэхдээ Монгол банкны юанийн ханшийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн буюу 358,29 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрөхгүй байна, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хятадаас цагаан будааг Монгол улсад оруулж ирсэн тул Монгол банкны 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн юанийн ханш 318,68 төгрөг байсан тул үүний зөрүү 36 468 800 төгрөг хасагдах ёстой.Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монголд ирээд 50 тонн буюу 2000 уут цагаан будааг өөрөө аваад Барс худалдааны төвийн борлуулагч Соёлмаад 1 уутыг 46 500 төгрөгөөр бодож 93 000 000 төгрөгийг өөрөө авсан, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөн 10 тонн буюу 400 уут цагаан будааг Shao Xinsheng Эрдэнэт рүү ачуулаад 18 600 000 төгрөгийг өөрөө авсан.2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 60 тонн цагаан будааг ачуулсан ачигч нарын хөлс 150 000 төгрөгийг надаар төлүүлсэн.Анх би Shao Xinsheng-ээс 1 уут будааг 40 920 төгрөгт бодож худалдаж авсан ба монголд 1 уут будааг би 51 500 төгрөгөөр худалдаж байсан.Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Shao Xinsheng 1 уут будааг 46 500 төгрөгт бодож бусдад худалдаж өөрөө мөнгийг нь авсан.Иймд ханшийн зөрүү 36 468 800 төгрөг, Shao Xinsheng-ийн авсан 60 тонн будааны мөнгө, ачигчийн мөнгө нийт 111 750 000 төгрөг нийт 148 218 800 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.Мөн 1 уут будааг би 51 500 төгрөгөөр борлуулах ёстой байхад 46 500 төгрөгөөр борлуулж алдагдалтай болгосон зөрүү 12 000 000 төгрөгийг нэмж хасуулах хүсэлтэй байна, 290 тонн цагаан будааны гаалийн татварт 62 000 000 төгрөг, тээврийн хөлс 36 000 000 төгрөг нийт 98 000 000 төгрөг төлсөн ба хоёр хувааж төлөхөд 49 000 000 төгрөгийг Shao Xinsheng-ийн нэхэмжилсэн мөнгөнөөс хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Байгалмаа 2012 оноос хойш будаа борлуулж байгаа.Б.Байгалмаа Shao Xinsheng-ээс 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 290 тонн будаа авсан, үүний үнэ 1 531 200 юань болсон.2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тооцоо гарагж 920 000 юань төлөх баримт байгаа.Талууд тооцоогоо нийлээд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 200 000 юань, үүний дараа 100 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100 000 юань, 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 100 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 32 000 юань, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 79 200 юань нийт 611 200 юанийг эхэлж өгсөн.Үлдэгдэл 920 000 юанийн 400 000 юанийг 2016 онд өгнө гэсэн боловч чадаагүй бөгөөд нэхэмжлэлд бичигдээгүй 2015 оны 8 сарын 11-нд 200 000 юань, 2015 оны 8 сарын 19-нд 100 000 юань, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260 000 юань, 2015 оны 11 сарын 24-ны өдөр 135 000 юанийг Б.Байгалмаад төлсөн байгааг нэхэмжлэгч тал зөвшөөрч байгаа.Мөн буцаан авсан 60 тонн будааны үнэ 920 000 юаньд багтсан байсан.Ингээд Б.Байгалмааг будааны үнийг бүрэн төлж дууссан байгаа, өмнөх тооцоо гэсэн баримт хэрэгт байхгүй, гэрчээр О.Сүхбодийг асуулгах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Shao Xinsheng хариуцагч Б.Байгалмаад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 329 626 800 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна.

 

Хариуцагч Б.Байгалмаа 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Shao Xinsheng-ээс 1 531 200 юанийн үнэтэй, 290 тонн будаа худалдан авсан үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүнсний будаа худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна.

 

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн гэх баримтад /хх-6/ “Shao Xinsheng 290 тонн будаа, нэг бүрийн үнэ 132 юань авсан нийт дүн 1 531 200 юань болсон, одоо үлдэгдэл 920 000 юань тооцох ёстой, үүнээс өгсөн 7 сарын 29-нд 200 000 юань, 7 сарын 18-нд 100 000 юань, 11 сарын 23-нд 100 000 юань, 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 100 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 32 000 юань, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 79 200 юань тооцов.Одоо үлдэгдэл тооцоо 2016 онд багтааж 400 000 юань тооцоо хийхээр тохиролцов” гэжээ.

 

Дээрх баримтаас үзэхэд тухайн тооцоог будааг худалдан авсан өдрөө хийх боломжгүй учраас хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан баримтын төгсгөлд бичигдсэн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноог үндэслэн тооцоог талууд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хийсэн байна гэж үзэхээр байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Б.Байгалмаа нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр худалдан авсан 290 тонн будааны үнээс 611 200 юаныг худалдагч талд эргүүлэн төлсөн байх бөгөөд 920 000 юань үлдсэн гэж байна.

 

Нэхэмжлэгч Shao Xinsheng нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 60 тонн будааг Б.Байгалмаагаас буцаан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэхүү 60 тонн будааны үнэ 316 800 юаныг хасаж тооцоход 603 200 юанийг Б.Байгалмаа нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Мөн хариуцагч Б.Байгалмаа нь 2015 оны  8 дугаар сарын 11-ний өдөр 200 000 юань, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 100 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 135 000 юань нийт 695 000 юанийг нэхэмжлэгч Shao Xinsheng-д шилжүүлсэн болох нь Хаан банк болон Голомт банкны гадаад гуйвуулгын даалгаварын баримтууд болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн баримтад Б.Байгалмаагийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авсан будааны үнээс өөр буюу талуудын хоорондын өмнөх тооцооны үлдэгдэл төлбөр энэхүү тооцоонд орсон байна гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө үүссэн үүргийн үлдэгдэл төлбөр байгаа эсэх, хэрэв байгаа бол хэдий хэмжээний төлбөр байгаа болох нь тодорхой бус байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээр талуудын хооронд өмнө нь тооцоо байсан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Shao Xinsheng-ийн Б.Байгалмаагийн будааны үнийн үлдэгдэл төлбөр 920 000 юань буюу 329 626 800 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Б.Байгалмаагаас 329 626 800 /гурван зуун хорин есөн мянга зургаан зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулах хүссэн Shao Xinsheng-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 806 084 /нэг сая найман зуун зургаан мянга наян дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН