Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00249

 

Ш Ш Ш-/SH X SH-/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02365 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2253 дугаар магадлалтай,

Ш Ш Ш-/SH X SH-/-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 329 626 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн би 2015 оны 07 дугаар сарын 28-нд Б.Б-д 290 тонн цагаан будаа зээлээр худалдсан, дээрх будааны үнэнд 1.531.200 юань өгөх ёстойгоос 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 200.000 юань, дараа нь 100.000 юань, 2015 оны 11 дүгээр арын 23-ны өдөр 32.000 юань, 2016 оны 06 дугаар сарын 20-нд 80.000 юаньд тооцож цаг өгсөн бүгд 611.200 юань өгч, одоо 920.000 юанийн үлдэгдэлтэй байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-нд Б.Б-гаас 60 тонн будааг буцаан авсан бөгөөд 230 тонн будааны үнэ авахаар байсан. Ингээд 920 000 юанийн үлдэгдэлтэй болсон талаар тооцоо хийж 400 000 юанийг 2016 онд, 520.000 юанийг 2017 онд өгөхөөр тохирсон ч төлбөрөө өгөөгүй. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хугацааг тохироогүй учир шүүхэд хандсан. Одоо Б.Б-гаас 290 тонн цагаан будааны үлдэгдэл болох 920.000 юань буюу 329.626.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б- нь Ш Ш Ш-/SH X SH-/-д  бүх төлбөрөө төлсөн. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 290 тонн цагаан будаа зээлээр худалдан авч 1.531.200 юань төлөхөөр харилцан тохирч аман гэрээ хийсэн. Үүний дагуу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 200.000 юань, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 200 000 юань, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 100 000 юань, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260 000 юанийг хүү О.Сүхбодиор дамжуулж түүнтэй хамт явж Чен Хен Вин гэдэг хүний дансанд шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 60 тонн цагаан будааг Ш Ш Ш-/SH X SH-/ өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үнэ нь 316 800 юань болсон. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 юань шилжүүлсэн, 32.000 юань бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 135.000 юанийг хүү О.Сүхбодиор дамжуулж Чен Хен Вин-ий дансанд шилжүүлсэн, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100.000 юань бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 79.200 юань бэлнээр буюу цаг өгсөн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 100.000 юань өгч, нийт 1.623.000 юань төлсөн. Б.Б- нь хүмүүст будаа өгч залилуулж цагдаагаар их явсан, хүнд өвчнөөс болоод сэтгэл санаагаар унаж зарим нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй байсан. 2017 оны 04 сард эдгээр баримтуудыг хүү нь гаргаж ирсэн. Гэрч хэлэхдээ өмнө нь авсан будааны төлбөрийг төлөөд дахин будаа авдаг гэсэн. Иймд өмнө нь ямар нэгэн тооцооны үлдэгдэл байхгүй байсан гэдэг нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч мөн өмнөх тооцоогоо бичээгүй байсан. Мөн гэрч нь Чен Хен Вин гэж хүнийг нэхэмжлэгчийн эхнэр гэдгийг нотолж өглөө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02365 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б-гаас 329.626.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш Ш Ш-/SH X SH-/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш Ш Ш-/SH X SH-/-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.806.083 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2253 дугаар магадлалаар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 143.316.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шау шин шен /SH X SH-/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 186.310.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.806.083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Б-гаас 874.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шау шин шен /SH X SH-/-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хэргийн 6, 7 дугаар талд авагдсан “Одоо үлдэгдэл тооцоо 920.000 юань 2016-7-29, Байгальмаа” гэж үйлдсэн нотлох баримтаас 520.000 юаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр юм. Талууд тооцоо нийлж 2015-12-15-нд 1.100.000, 2016-7-29-нд 920.000 юань дээр баримт үйлдсэн байтал Сүхбодь гэгчээс Чен Вен Ян гэгч хүний дансанд шилжүүлсэн 395.000 юань Шао Шин Шинд хамааралгүй мөнгө болохыг давж заалдах шатны шүүх зөв шийдвэрлэсэн болно. Хэргийн 107 дугаар талд авагдсан Сүхбодиос 2016-4-22-нд Чен Вен Яны дансанд шилжүүлсэн 100.000 юань яагаад тооцоонд ордоггүй, ямар учиртай гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй. Нэхэмжлэгч 2015-11-15-ны өдөр 60 тонн будаа буцааж аваад түүнээс хойш 2 удаа тооцоо нийлж баримт үйлдсэн бөгөөд огноо цаг хугацаа бүгд тодорхой байхад үүнийг давж заалдах шатны шүүх баримт үйлдсэн хугацаанаас хойш болгож 316.800 юаныг 920.000 юанаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч 2 удаа тооцоо нийлэхэд 316.800 юань буюу 117.216.000 төгрөгийг мартаж тооцсон уу. Б.Б- нь банкны өр зээлтэй гэх мөртлөө нэхэмжлэгчид 91.000 юань буюу 33.670.000 төгрөг илүү шилжүүлчихээд үүнийгээ огт нэхэхгүй, ярихгүй орхиж, мөн нэхэмжлэгч Ш Ш Ш-г Улаанбаатарт 5-6 удаа ирээд уулзах гэхээр зугтаад уулзахгүй, утсаа ч авахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Дээрх үйлдлүүд нь цаг хугацааны хувьд тооцоо нийлэхээс өмнө хийгдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул ямар ч заль мэх хэрэглэх нь ач холбогдолгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Б- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэрт магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.3-т шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийн 7-р талд байгаа баримтанд хариуцагч одоо үлдэгдэл тооцоо болох 2016 онд багтаан 400.000 юань тооцоо хийхээр тохиролцов гэж дурдаж гарын үсэг зурсан байна гэж дүгнээд шууд дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч Шау шин шен нь цагаан будаа худалдах-худалдан авах тохиролцооны дагуу хариуцагчаас 400.000 юанийг Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхэд хариуцагчийн хүү О.Сүхбодийн 2015-10-26-ны өдрийн Чен Вен Винг гэх хүний дансаар 260.000 юань, 2015-11-24-ний өдрийн 135.000 юань шилжүүлсэн баримтуудтай хамт хариуцагч Б.Б-гийн 2015-8-11-ний өдөр 200.000 юань, 2015-8-19-ны өдөр 100.000 юань нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх үнэлээгүй байж О.Сүхбодийн шилжүүлсэн төлбөрийн баримтууд цаг хугацааны хувьд талуудын тооцоо нийлэхээс өмнө хийгдсэн байна гэж үндэслэлгүй дүгнэсэн ба учир нь дээрх хариуцагчийн шилжүүлсэн 2015-8-11-ний өдөр 200,000 юань, 2015-8-19-ний өдрийн 100.000 юань, 2015-11-15-нд нэхэмжлэгч 60 тн цагаан будааг буцааж авсан талаар хэргийн 7-р талд байгаа хариуцагчийн тооцоо нийлсэн баримтанд ороогүй байгааг цаг хугацааны хувьд талуудын тооцоо нийлэхээс өмнө хийгдсэн баримт байгааг анхаараагүй. Нэхэмжлэгч тал 2017.04.12-ны өдрийн болон 2017.09.05-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б.Б-гийн хүү О.Сүхбодийн шилжүүлсэн мөнгөний баримтыг үгүйсгэж татгалзсан талаар нэг ч тайлбар хийгээгүй, нотлох баримт гаргаж ирээгүй ба нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч Батцэнгэл нь Чен Вен Винг гэх хүнийг нэхэмжлэгчийн эхнэр нь гэж хэлэхэд үгүйсгэж чадаагүй. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо эмэгтэй хүний зурагтай паспорт гэх баримтыг хуулбарлан, хуулийн шаардлага хангахгүй баримт хавсаргасан ба нэхэмжлэгчийн эхнэр мөн эсэхийг мэдэхгүй баримт хавсаргаж нэхэмжлэгч Kong-XIAO Fang гэдэг хүнийг Сhen Wien Yang болгож шийдвэрлэсэн гэж гомдолдоо бичсэн байна. Давж заалдах шатны шүүх О.Сүхбодийн төлсөн гэх мөнгийг Чен Вен Юн гэгч хүлээн авах эрхтэйг нотлох баримт байхгүй болон 2016.08.20-ны өдрөөс хойш хариуцагч нэхэмжлэгчид төлбөр төлсөн талаар баримтгүй байгааг дурдах нь зүйтэй гэсэн нь дээрх нэхэмжлэгчийн гомдолд хавсаргасан баримтыг үнэлж байгаа юм шиг дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэсэн мөртлөө давж заалдах шатны шүүх нь өөрөө дээрх хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш Ш Ш-/Sh h sh/ хариуцагч Б.Б-д холбогдуулж худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн барааны үнийн үлдэгдэл 920.000 юань буюу 329.626.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх 400.000 юанийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч Ш Ш Ш-/Sh h sh/ хариуцагч Б.Б-д 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 290 тн цагаан будаа нийлүүлж, хариуцагч үнэд 1.531.200 юань төлөхөөр зохигч тохиролцсноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хэргийн 6, 7 дугаар талд авагдсан нотлох баримтыг зааж, уг баримтаар хариуцагч Б.Б- 920.000 юань төлөх тооцоотой гэснийг, хариуцагч  эс зөвшөөрч 2015 оны 8 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сард мөнгө болон будаа буцаан өгсөн нь дээрх тооцоонд ороогүй байсан, төлбөр төлөгдсөн гэж маргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болгосон баримтад цагаан будааны  төлбөрийн үлдэгдлийг 920.000 юань бус 400.000 юань гэж тодорхойлсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь уг баримтад “290 тн цагаан будааны үнэ 1.531.200 юань болсон, үлдэгдэл тооцоо 920.000 юань үүнээс гээд... 611.200 юаныг хасч, 2016 онд багтааж, 400.000 юань тооцоо хийхээр тохиролцов” гэсэн агуулга илэрхийлэгдсэн байх тул үнийн үлдэгдлийг 920.000 юань гэж үзэх боломжгүй.

Талуудын хооронд тооцоо нийлж, цагаан будааны үлдэгдлийг 400.000 юань гэж тодорхойлсон баримт нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байхад анхан шатны шүүх тухайн баримт үйлдэгдсэн цаг хугацаанаас өмнөх үйл явдал буюу хариуцагч 316.000 юаны 60 тн цагаан будааг буцаан өгсөн, мөн хариуцагчийн хүү О.Сүхбодийн Chen Wen Ying-ний дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэж төлбөр төлөгдсөн гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримт үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагч, тооцоо хийхэд дээрх төлбөрүүд тооцогдоогүй гэснийг нэхэмжлэгч үгүйсгэж, буцаасан цагаан будаа өмнөх будааны тооцоонд орсон, Chen Wen Ying надад хамааралгүй гэж маргасан, хариуцагч нэхэмжлэгчийн энэ тайлбарыг няцаах буюу нэхэмжлэлээс татгалзаж буйгаа өөрөө нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж 400.000 юань буюу 143.316.000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дээрх байдлаас зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2253 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ш Ш Ш-/Sh h sh/ улсын тэмдэгтийн хураамжид 868.780 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Б.Б- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2017/15620 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 874.530 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ