Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1345

 

 

 

 

 

       2017          06            09

                     1345

 

 

 

Шао Шинцэний /Shao Xingshen/ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01041 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Шао Шинцэний /Shao Xingshen/ нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Байгалмаад холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 329 626 800 төгрөг гаргуулах тухай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Шао Шинцэний /Shao Xingshen/ нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: БНХАУ-ын иргэн би 2015 оны 7 дугаар сарын 28-нд Б.Байгалмаад 290 тонн цагаан будаа зээлээр худалдсан, Б.Байгалмаа надад дээрх будааны үнэнд 1 531 200 юань өгөх ёстойгоос 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 200 000 юань, дараа нь 100 000 юань, 2015 оны 11 дүгээр арын 23-нд 32 000 юань, 2016 оны 6 дугаар сарын 20-нд 79 200 юань бүгд 611 200 юань өгч одоо 920 000 юанийн үлдэгдэлтэй байна.

Шао Шинцэн 2015 оны 11 дүгээр сарын 15-нд Б.Байгалмаагаас 60 тонн будааг буцаан авсан бөгөөд Б.Байгалмаагаас 230 тонн будааны үнэ авахаар байсан. 230 тонн будаа нь 1 214 400 юань болж байсан.

Б.Байгалмаа төлөгдөөгүй 920 000 юаныг 2006 онд 400 000 юань, 2017 онд үлдсэн юанийг төлөхөөр тохирсон боловч мөнгийг өгөөгүй тул  Б.Байгалмаагаас 920 000 юань буюу 329 626 800 төгрөгийг гаргуулна гэжээ.

 Хариуцагч Б.Байгалмаагийн болон түүний төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь цагаан будааны төлбөрийн 920 000 юань буюу 329 626 800 төгрөг нэхэмжлэхдээ Монгол банкны юанийн ханшийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн буюу 358.29 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хятадаас цагаан будааг Монгол улсад оруулж ирсэн тул Монгол банкны 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн юанийн ханш 318.68 төгрөг байсан тул үүний зөрүү 36 468 800 төгрөг хасагдах ёстой. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монголд ирээд 50 тонн буюу 2000 уут цагаан будааг өөрөө аваад Барс худалдааны төвийн борлуулагч Соёлмаад 1 уутыг 46 500 төгрөгөөр бодож 93 000 000 төгрөгийг өөрөө авсан. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөн 10 тонн буюу 400 уут цагаан будааг Шао Шинцэн Эрдэнэт рүү ачуулаад 18 600 000 төгрөгийг өөрөө авсан. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 60 тонн цагаан будааг ачуулсан ачигч нарын хөлс 150 000 төгрөгийг надаар төлүүлсэн. Анх би Шао Шинцэнээс 1 уут будааг 40 920 төгрөгт бодож худалдаж авсан ба Монголд 1 уут будааг би 51 500 төгрөгөөр худалдаж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шао Шинцэн 1 уут будааг 46 500 төгрөгт бодож бусдад худалдаж өөрөө мөнгийг нь авсан. Иймд ханшийн зөрүү 36 468 800 төгрөг, Шао Шинцэний авсан 60 тонн будааны мөнгө, ачигчийн мөнгө нийт 111 750 000 төгрөг нийт 148 218 800 төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Мөн 1 уут будааг би 51 500 төгрөгөөр борлуулах ёстой байхад 46 500 төгрөгөөр борлуулж алдагдалтай болгосон зөрүү 12 000 000 төгрөгийг нэмж хасуулах хүсэлтэй байна. 290 тонн цагаан будааны гаалийн татварт 62 000 000 төгрөг, тээврийн хөлс 36 000 000 төгрөг нийт 98 000 000 төгрөг төлсөн ба хоёр хувааж төлөхөд 49 000 000 төгрөгийг Шао Шинцэний нэхэмжилсэн дүнгээс хасуулах хүсэлтэй байна.

 Б.Байгалмаа 2012 оноос хойш будаа борлуулж байгаа бөгөөд Шао Шинцэнээс 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 290 тонн будаа авсан, үүний үнэ 1 531 200 юань болсон. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тооцоо гаргаж 920 000 юань төлөх баримт байгаа.Талууд тооцоо нийлээд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 200 000 юань, үүний дараа 100 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100 000 юань, 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 100 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 32 000 юань, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 79 200 юань нийт 611 200 юанийг өгсөн.Үлдэгдэл 920 000 юанийн 400 000 юанийг 2016 онд өгнө гэсэн боловч нэхэмжлэлд бичигдээгүй 2015 оны 8 сарын 11-нд 200 000 юань, 2015 оны 8 сарын 19-нд 100 000 юань, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260 000 юань, 2015 оны 11 сарын 24-ны өдөр 135 000 юанийг Б.Байгалмаад төлсөн байгааг нэхэмжлэгч тал зөвшөөрч байгаа. Мөн буцаан авсан 60 тонн будааны үнэ 920 000 юаньд багтсан байсан. Ингээд Б.Байгалмааг будааны үнийг бүрэн төлж дууссан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Байгалмаагаас 329 626 800 /гурван зуун хорин есөн мянга зургаан зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн Шао Шинцэн /Shao Xinsheng/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 806 084 /нэг сая найман зуун зургаан мянга наян дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Хариуцагч Б.Байгалмаа нь нэхэмжлэгч Шао Шинцэн /Shao Xinsheng/-д 920 000 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй болох талаар тооцоо нийлж 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гараар бичсэн мөн шүүхэд өгсөн хариу тайлбарууд болон 2016.12.16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандахдаа хүртэл энэ талаар бичиж нотолж өгсөн байдаг.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хэргийн 7-р хуудсанд авагдсан баримтын төгсгөлд бичигдсэн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноог үндэслэн тооцоог талууд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хийсэн гэж үзэхээр байна" гэжээ. Гэтэл хариуцагч Б.Байгалмаагийн өөрийн гараар бичиж өгсөн баримтын огноо нь 2016 оны 07 дугаар сарын 29-нд байдаг.

Шүүх хурлын өдөр хариуцагч талаас гаргаж өгсөн тооцоо нийлсэн актаас өмнөх огноотой Хаан болон Голомт банкны гадаад гуйвуулгын даалгаврын баримтуудыг үндэслэж төлбөрийг төлж барагдуулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн түүнчлэн иргэн О.Сүхбодиос БНХАУ-ын иргэн Cheng Weng Xin-ы дансанд хийсэн /260 000 юань + 135 000 юань=395 000 юань/-ийг ямар үндэслэлээр Шао Шинцэн /Shao Xinsheng/-ийн будааны төлбөрт өгсөн гэх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан "нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор нэхэмжлэгч Шао Шинцэн /Shao Xinsheng/, хариуцагч Б.Байгалмаа нарын хоорондох тооцооны талаар мэдэх н.Батцэнгэл, н.Соёлмаа нарыг гэрчээр асуулгах" тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа уг шүүх хурал хэдний өдөр болсон нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэл, захирамжийн огноо зөрүүтэй, мөн хүсэлт гаргагч уг хүсэлтээс татгалзаагүй байхад шүүх гэрчүүдийг дуудаж асуухгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшингийн 2017 оны 02 сарын 22-ны өдөр гаргасан гэрчээр О.Сүхбодь, Батхүү нарыг асуулгах хүсэлтийг хүлээн авсан ба 2017 оны 04 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хурал завсарлахаас өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар орхигдуулсан мөн тэмдэглэлийн ирцэд дурдсан гэрч С.Бодьхүү гэгч хэний хүсэлтээр шүүхэд ирсэн нь тодорхойгүй зэрэг алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгч Шао Шинцэн /Shao Xinsheng/ нь Ч.Болормаад 2017 оны 04 сарын 11-ний өдөр итгэмжлэлийг олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа нь хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 04 сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн банкны баримтуудтай танилцах боломжоор хангалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 зүйлүүдэд заасан түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл үүсч байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Шао Шинцэн /Shao Xinsheng/ нь хариуцагч Б.Байгалмаад холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 329 626 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 531 200 юанийн үнэтэй 290 тн цагаан будааг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 290 тн цагаан будааг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч үнийг төлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тооцоо нийлсэн баримт гэх хэргийн 6,7 дугаар талд авагдсан гар бичмэлийг үндэслэж тодорхойлжээ. Шүүх уг баримтыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн гэж дүгнэсэн хэдий ч уг баримтад 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн болон 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тооцоог заасан байх тул уг баримтаар хариуцагчийг  920 000 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдгийг баталгаажуулсан баримт гэж эргэлзээгүй дүгнэн үзэх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Б.Байгалмаа будааны үнийг төлсөн үйл баримтыг нотлохоор хар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр ирүүлснийг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хэргийн 100, 102 дугаар тал дахь О.Сүхбодь гэгчээс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 135 000 юань шилжүүлсэн баримтыг хариуцагчаас төлөх будааны үнийн дүнд оруулан тооцон хариуцагчийг төлбөрийн үлдэгдэлгүй гэж үзэж талуудаас ирүүлсэн баримтуудыг харьцуулан дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтыг нэг тал нь үйлдсэн, уг баримттай холбоотой үүрэг дуусгавар болсон эсэхэд талууд маргаантай байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гэрч н.Батцэнгэл, н.Соёлмаа нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүгч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3714 дугаартай захирамжаар хүлээн авч, н.Батцэнгэл, н.Соёлмаа нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөн гэж тооцогдох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 1 806 084 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

                     

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

        ШҮҮГЧИД                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                 А.МӨНХЗУЛ