Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

 

 

 2021        03          30                                  2021/ШЦТ/209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  өмгөөлөгч Р.Батцогт,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун,

шинжээч Б.Батзориг, О.Болороо /онлайн/,

гэрч Г.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга  Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б.Э, Бүдүүн овогт Н.Б нарт холбогдох эрүүгийн 1803006870480 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 50 настай, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 19 дүгээр байр 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Б.Э

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 52 настай, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын 1 дүгээр гудамж 128 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бүдүүн овогт Н.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: яллагдагч Б.Э, Н.Б нар нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Быг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровисын ШТС-ын баруун талын замд “Тоёота Круйзер-120” маркийн 30-34 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөнөөс замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан амь хохирогч С.Алтангэрэлийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий эд мөрийн баримт болох дүрс бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад “Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч амь хохирогч С.Алтангэрэлийг мөргөж унагааж байгаа нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Улмаар Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, ... зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг даарах тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед” гэсэн заалтад заасан үүргээ биелүүлэлгүй зөрчсөн, өөрөө хэлбэл осол гарсны дараа тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, гадаа харанхуй болсон, бороотой цаг агаарын таагүй нөхцөлтэй байхад аюул саад байна шүү гэдгийг араас ирж буй жолооч нар, эсрэг урсгалын жолооч нарт анхааруулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй улмаас 12 минутын дараа “Тоёото Круйзер-120” загварын 30-34 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь ирж замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан амь хохирогчийг дайрч байна.

 Мөн дүрс бичлэгээс харахад амь хохирогч С.Алтангэрэл нь замын зорчих хэсэг дээр анх “Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Эад мөргүүлсэн байдал, анх унасан байдлаараа огт хөдөлгөөнгүй хэвтэж буй байдал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1820 дугаартай шинжээч эмчийн: “...4.11 Талийгаач нь дээрх гавал тархины амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болно. ... 8. Мөргөгдөх үед дагзны ясны шугаман хугарал, зүүн шант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтэлтэй хавсарч тархины ямар гэмтэл авсныг тогтоох боломжгүй тул ямар хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. ...” гэх дүгнэлт, шинжээч эмч О.Болорын өгсөн: “...амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийг босоо байрлалаас мөргөгдөх, хэвтээ байрлалд дайрагдах зэргийн алинаас нь авсан болохыг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг зэргээс үндэслэн амь хохирогч С.Алтангэрэлийн амь насыг түүнийг анх мөргөсөн шүүгдэгч Б.Э нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохироосон гэж шүүх үзэв.     

Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас нэг хүний амь насыг хоёр өөр цаг хугацаанд, хоёр өөр тээврийн хэрэгслийн жолооч хохироосон байх боломжгүй бөгөөд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт, нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлгүүдээр “Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь амь хохирогч С.Алтангэрэлийг мөргөсний дараа амь хохирогч амьд байх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт авагдсан эд мөрийн баримт, нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын зорчих хэсэг дээр хэвтээ байрлалд байсан амь хохирогчийн толгойн хэсгээр дайрсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч нэгэнт нас барсан хүний биед хүндэвтэр,  хүнд гэмтэл учруулсан, амь насыг нь хохироосон гэж үзэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй тул Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, ял дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шүүх шийдвэрлэв.  

 

2. Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 28 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Петровис" ШТС-ын баруун талын замд "Benz-SL320” загварын 15-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", мөн дүрмийн 6.3-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, ... зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч С.Алтангэрэлийг мөргөж амь насыг хохироосон гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түүнтэй уулзсан, тэрээр ер нь манайд ирдэг байсан юм. Тэгээд сураггүй байхаар нь найз Энхболд руу залгасан 3 хоног ирээгүй гэхээр нь би өөрөө 102-т түүнийг алга болсон талаар мэдээлэл өгсөн. Тэгтэл ингээд осолд ороод нас барсныг нь саяхан мэдлээ, би гомдолтой байна, дүүгийнхээ амийг алдсанд гомдолтой байна, буяны зардлыг бүрдүүлж өгнө" гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40х/,

- гэрч Г.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бэлх рүү салдаг замын Петровис ШТС-аас хойш 500 метр зайтай харалдаа авто осол болсон байсан. Саарал өнгөтэй 2 хаалгатай жижиг суудлын Бенз машин байсан, би дугаарыг нь хараагүй, аваараа асаасан, замын хөдөлгөөн удааширсан байсан, ...саарал өнгийн Бенз маркийн автомашины зүүн хойд талд 2 урсгалыг тусгаарлах үргэлжилсэн цагаан шугам дээр хүн хэвтэж байхыг харсан. ...хэвтэж байсан хүнийг зүүн талынхаа автомашины толиороо хараад өөрийн мэдэлгүй автомашинаасаа буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр очсон чинь улаан цамцтай, хар өмдтэй, 40 орчим насны эрэгтэй хүн байсан. ...би урьд 103-т 2014-2016 он хүртэл ажиллаж байсан юм, тэгээд тэр хүнд туслахаар очиход найдваргүй болсон мэт сэтгэгдэл төрсөн" гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67х/,

- гэрч Ж.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед: "...мөргүүлсэн хүн нь зорчих хэсгийн голын тусгаарлах цагаан шугам дээр хөндлөн байрлалтай толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй харсан хэвтэж байсан. Мөн ослын гэрэл дохиогоо асаасан автомашин хохирогчийн хажуу талд зорчих хэсгийн 2 дугаар эгнээ болон нэгдүгээр эгнээний голын тусгаарлах цагаан шугам дээр баруун гар талын 2 дугуй нь гарсан байдалтай урагш харсан байрлалтай зогсож байсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 76-77х/,

- хэргийн газрын үзлэгийн: "Зам тээврийн осол болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын завсрын буудал буюу Петровис ШТС-ын баруун талын замд байх бөгөөд Бенз маркийн 15-53 УНГ дугаартай Б.Э жолоочтой автомашин зогсож байх,..." гэх тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-24х/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн: "...21 цаг 21 минут 30 сек зам тээврийн осолд орж нас барсан гэх 35-40 орчим насны зүүн гартаа таяг тулсан, зүүн мөрөн дээгүүр хар бараан өнгийн цүнх үүрсэн саравчтай малгайтай эрэгтэй Болор мини маркет дэлгүүр рүү орж бичлэгийг цааш үргэлжлүүлэх үзэхэд 21 цаг 28 минут 19 сек бичлэгийн зүүн дээд буланд Болор мини маркет дэлгүүр лүү орсон хэн болох нь тогтоогдоогүй 35-40 орчим насны эрэгтэй харагдах ба ертөнцийн зүгээр зүүн тийш зам хөндлөн гарч байх үед 21 цаг 28 минут 30 секундэд цайвар өнгийн суудлын хоёр хаалгатай автомашин мөргөж, автомашинд мөргүүлсэн эрэгтэй ертөнцийн зүгээр зүүн тийш унаж замын голд толгой баруун тийш харсан байдалтай унасан ба мөргөсөн гэх суудлын автомашин ослын гэрлээ асаан зам дээр зогсож..." гэх тэмдэглэл /1хх-ийн 36-37х/,

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1820 дугаартай шинжээчийн дүгнэлт: /1хх-ийн 104-108х/,

- шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны үед: "Талийгаачийн биед учирсан дагз ясны шугаман хугарал зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлүүдийг босоо байрлалд автомашинд мөргөгдөх үед, ...авсан..." /1хх-ийн 109-110х/ ,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн 5712 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт авто зам болон явган хүний замын хэсгийг харуулсан хяналтын дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018-08-15 21:28:30 секундэд замын зорчих хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч автомашинд мөргүүлж байгаа дүрс дүрслэгдсэн байна ...” /хх-ийн 122-126х/,

- Тээврийн цагдаагийн албаны 642 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Benz-SL320 маркийн 15-53 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг, мөн дүрмийн 6.3-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, ... зайд байрлуулна.

Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” /1хх-ийн 190-192х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дүгнэлт: гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1173 дугаартай: "...2018-08-15 21:28:30 секундэд автомашины зорчих хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч автомашинд мөргүүлж байгаа дүрс дүрслэгдсэн байна ..." гэх дүгнэлт /2хх-ийн 55-62х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Э Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөгч С.Отгонсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 6.292.190 төгрөгийг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан нэхэмжилсэн бөгөөд Б.Э нь хохирогч талд нийт 6.292.190 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Эад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл  болох согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөвшөөрөгдсөн явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарснаас шалтгаалан тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлынхоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг micro SD /1хх-ийн 32х/, 4 ширхэг ДиВиДи зэрэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт хураагдсан Б.Эын жолоодох эрхийн үнэмлэхийг жолоодох эрх 3 /гурав/ жил хассан нэмэгдэл ялыг эдлүүлэх, түүнд хяналт тавиулахаар B ангиллын ¹77536 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэв.

Мөн хэрэгт хураагдсан Н.Бын B ангиллын №394172 дугаартай  жолоодох эрхийн үнэмлэхийг түүнийг шүүх цагаатгасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, хэсгүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Бүдүүн овогт Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Б.Э Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Эыг  оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг micro SD /1хх-ийн 32х/, 4 ширхэг ДиВиДи зэргийг хэрэгт үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Н.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Энэ хэрэгт хураагдсан Б.Эын жолоодох эрхийн үнэмлэхийг жолоодох эрх 3 /гурав/ жил хассан нэмэгдэл ялыг эдлүүлэх, түүнд хяналт тавиулахаар B ангиллын ¹77536 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

9. Энэ хэрэгт хураагдсан Н.Бын B ангиллын №394172 дугаартай  жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ