Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01837

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01775 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1722 дугаар магадлалтай

Б.Оийн нэхэмжлэлтэй,

Эд холбогдох

Гэм хорын хохиролд 94 242 686 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламрагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд, Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О миний бие 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрөлт хэвийн, эрүүл саруул охин М.Нг төрүүлсэн. Ийнхүү төрснөөс хойш охин М.Н нь хийлгэх ёстой вакцинаа цаг тухайд нь хийлгэж, 4 сар хүртлээ 4 сартай хүүхэд ямар өсөлт, бойжилттой байдаг, ямар хариу үйлдэл үзүүлдэг хэвийн өсөлт бойжилттой байсан. Ингээд 2009 оны 5 дугаар сарын эхээр миний охин ханиад хүрч, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад Э рүү шилжин хэвтэж, эмчлүүлсэн. Улмаар 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 45 минутад тус эмнэлгийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.О нь миний охины баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгирийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарыг хийхдээ уушгийг хатгаснаас уушгийг нь гэмтээж, улмаар хяналтгүй орхисноос, мөн эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмч ажилтай С.О нь тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд миний охины баруун эгэмэнд гуурс тавьсныг хяналтгүй орхиж, 8 цагийн дараа үзлэг хийхэд мэс ажилбарын хүндрэл гарч, улмаар тухайн шөнө миний охины зүрх 1 цаг гаруй зогссоноос болж тархины цусан хангамж байхгүй болж тархины 80 хувь гэмтсэн байсан. Ингээд миний бие цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсны дагуу тэдний гэм буруутай үйлдлийг шалгаад Баянгол дүүргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор эмч Б.О, С.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоод, миний охин М.Нд учирсан гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Өнөөдөр миний охин 10 настай, эрүүл саруул төрсөн хүүхэд. Тухайн үед С.О, Б.О эмчийн буруутай, ажилдаа хайнга хандсанаас болж миний охин 10 настай гэхэд эрүүл байхдаа тархи нь ямар байсан тэр чигээрээ байгаа. Эмч нарын гэм буруутай нь 2012 онд шүүхээр тогтоогдсон. Миний бие нийгмийн халамжийн байгууллагаас өвчтэй хүүхэд харсан гэж 64 000 төгрөгийн халамж, охин М.Нд байнгын эмчилгээний зардал гэж 118 000 төгрөг сар бүр өгдөг. Охин бид 2 энэ мөнгөөр амьдарч байна. Миний охин мэдрэлийн чиглэлийн хамгийн хүнд оношоор буюу 3 дугаар зэргийн оноштой байдаг. Миний охины онош тархины саажилттай, дээр нь байнгын унаж татдаг гэсэн оноштой. Иймд 2015 оны 01 дүгээр сараас хойш 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хүүхэд асрагчийн төлбөр 19 800 000 төгрөг, баримтад би болон асрагч охин бид хоёр гарын үсэг зурсан байгаа. Охин М.Нгийн памперсний мөнгө 4 806 585 төгрөг, би ажил хийж байсан бол олох ёстой байсан орлого 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 7 488 000, охины нийгэмшүүлэх гэж Монгол улсад нэг л байгаа тусгай цэцэрлэгт өгсний төлбөр 4 350 000 төгрөг, багцийн шинжилгээнд 2 удаа орсны төлбөр 265 500 төгрөг болсон. Шүүх хуралд материал өгөхөд нотариатаар гэрчлүүлсний төлбөр 15 900 төгрөг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шийдвэрийн дагуу мөнгө олгож байгаа гээд түүнээс авсан суутгал 120 000 төгрөг, жолоочийн хөлс 7 200 000 төгрөг, эм тарианы төлбөр 196 700 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, нийт 94 242 685 төгрөгийг Эөөс 100 хувь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.О, Б.О нараас төлбөр гаргуулсан 3 шатны шүүхийн шийдвэр байгаа. Б.Оийн нэхэмжлэлд дурдаад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 120 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлбөрийн хамт шилжүүлчихсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч С.О, Б.О нарыг эрүүгийн хэргийн шүүх гэм бурууг тогтоосон. Үүний дагуу 17 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараа 2016 онд 3 шатны шүүхээр яваад гэм хорын хохирол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу 30 сая төгрөг гаргуулахаар 2 удаа шийдсэн. 2009 онд хүүхдэд буруу эмчилгээ хийсний улмаас 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны мөнгийг нэхэмжилж байна. Буруу эмчилгээтэй холбоотой асуудлаар 2014 оны 12 дугаар сарыг дуустал нийт 47 сая төгрөгийг Б.От Эөөс гаргаж өгсөн. Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд заасны дагуу Б.О Эөөс нэхэмжлэлийг гаргаж байгаа. Охины одоогийн биеийн байдал ямар байгаа гэдгийг тогтоолгох гэж бид удаа дараа шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч хангаж байгаагүй. Хүүхдийн памперсний мөнгө 4 806 585 төгрөг, цэцэрлэгийн төлбөрөөс 2 700 000 төгрөг, эмчийн үзлэг, шинжилгээний төлбөр 265 500 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 15 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа, Б.О нь сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлүүлэх үед эд материалын болон сэтгэл санааны хохирлыг шүүх шийдээд нэгэнт гаргаад өгчихсөн учраас дээрх 50 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хуульд заасан төлбөрүүдийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нотариатын зардлын хувьд Б.Оээс өөрөөс нь гарсан зардал учраас хүлээн зөвшөөрч байна. Харин шийдвэр гүйцэтгэлд өгсөн гэх 120 000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 30 125 120 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 308 575 төгрөгийн хамт гаргуулахаар шийдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эөөс улсын тэмдэгтийн хураамж болох 308 575 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрт заагдсан 30 125 120 төгрөг дээр нэмээд 120 000 төгрөг, нийт 30 245 120 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2617001560 тоот дансанд шилжүүлсэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Мэдээж мөнгө төлөх ёстой, гэхдээ нэгэнт бид журмын дагуу шүүх хурал хийгээд материал бүрдүүлээд явж байгаа учраас хэрэг дотор байгаа баримттай танилцахад зарим баримтад Б.Оийн гарын үсэгтэй тохирохгүй баримтууд харагдсан. Сэтгэл санааны хохирлын хувьд өнөөдөр хууль зүйн зохицуулалт байхгүй байгаа. Иймд хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.Оийн байдлыг ойлгож байгаа. Өмнөх хурлуудаар 47 сая төгрөгийг авсан, энэ нь 2 жил төлөгдөж байгаа төлбөр. Яагаад энэ асуудлыг яриад байгаа вэ гэхээр С.О сард 720 000 төгрөгийн цалин авдаг юм. Энэ цалингаас гар дээр 650 000 төгрөгийг авдаг. Дээд шүүхийн тогтоолоор 50 хувийг эмнэлэг хариуцна, 25 хувийг С.О, 25 хувийг Б.О хариуцна гэсэн юм. н.Лхагважавын 11 400 000 төгрөгийг зөвшөөрч, н.Золзаяа нь давхар ажил хийсэн байгаа учраас татгалзаж, памперсний төлбөрийг зөвшөөрч, олох ёстой байсан орлого гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. Цэцэрлэгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, жолоочийн төлбөрийн асуудлыг татгалзаж байна. Эмчилгээ хийлгэх талаар санал тавихад та нараар эмчилгээ хийлгэхгүй гэдэг тайлбарыг Б.О хэлдэг. Ганцхан С.О, Б.О нараар эмчилгээ хийлгэх гэсэн биш тангараг өргөсөн зөндөө эмч нар байгаа. Жолоочийн асуудлыг ч мөн адил эмнэлгээс гэрээ байгуулаад зөөлгөх боломжтой. Сэтгэл санааны хохирлын хувьд зөвшөөрөх боломжгүй байна. Эмчийн шинжилгээний 265 000 төгрөг, нотариатын төлбөр зэргийг зөвшөөрч байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан саналыг зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзэж байгаа 2 эмч байгаа гэж байна. Яг үнэндээ бол гэм буруутай этгээд нь эмнэлэг байгаа юм. Хэрэгт шийдвэр байгаа, энэ дээр зориулалтын бус зүү, тариур гэж бичсэн, мөн хий гаргадаг аппарат нь тарагны саваар хийсэн гэж байгаа. Энд эмнэлэг буруутай юм. Анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол дээр тухайн үед гэм буруутай гэж шийтгэсэн. Гэхдээ иргэний хариуцагчаар эмнэлгийг татсан байгаа юм. Зөвхөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 гэхээр гэм буруутай этгээдээс гэж үзэх юм бол энэ хэргээс сугарах гэж байгаа юм шиг санагдаад байгаа юм. Гэтэл эмнэлэг гэм буруутай гэдэг нь тогтоогдчихсон гэдгийг шүүхэд хэлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01775 дугаар  шийдвэрээр: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эөөс 35 195 985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57 546 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 333 930 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1722 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Ч.Болдбаатар миний бие Баянгол Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, Б.Оийн нэхэмжлэлтэй, Э /цаашид Э гэх/-д холбогдох иргэний хэрэг маргаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон билээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01775 тоот шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 23-ний өдрийн 1722 тоот магадлалаар тус тус хэргийг шийдвэрлэхдээ Иргэний Хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд Иргэний хуулийн 498.1, 505.1, 506.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Эөвөөс гэм хорын хохиролд тооцон 35 195 985 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Хариуцагч Э нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 35 195 985 төгрөгөөс живхний мөнгө болох 4 806 585 төгрөг, цэцэрлэгийн төлбөр 2 700 000 төгрөг, эмчийн үзлэг, шинжилгээ 265 500 төгрөг, нотариат 15 000 төгрөг, нийт 7 787 085 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас хүүхэд асрагчийн хөлс 19 800 000 төгрөг, нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого 7 488 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны 120 000 төгрөг, нийт 27 408 000 төгрөгийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч О нь Э.Золзаяатай "хөлсөөр ажиллах гэрээ" байгуулан 2015.01-2016.06 сар, 2016.08-2017.05 сарын хооронд нийт 29 сарын хугацаанд хүүхэд асрах ажил хийлгэн, сар бүр 600 000 төгрөгийн хөлс төлсөн гэжээ.

Гэтэл Э.Золзаяагын хүүхэд асарсан гэх 29 сарын хугацаатай давхцан 2015.01-2016.06 сар, 2016.08-2017.05 сарын хооронд буюу 18 сарын хугацаанд нь М.Н охин “Хүслийн ордон” хүүхэд хөгжүүлэх төвд хамрагдаж байсан болох нь Б.О болон “Хүслийн ордон” хүүхэд хөгжүүлэх төвийн хооронд хийсэн гэрээ, тус төвд төлсөн төлбөрийн баримтаар нотлогдож байна.

“Хүслийн ордон” хүүхэд хөгжүүлэх төв болон О нарын хооронд байгуулсан гэрээний 5.8-д "... хүүхэд хүлээн авах цаг нь 08.30, тарах цаг нь 16-17 хүртэл байх ба үүнээс хойш авсан тохиолдолд... илүү цагийн хөлс төлөх үүрэгтэй..." гэж тохирсон байна. Мөн О болон Э.Золзаяа нарын хооронд байгуулсан "Хөлсөөр ажиллуулах гэрээ"-ний 2.8-д "... хөлсөөр ажиллагч нь ... өглөөний 10.00 цагаас оройны 18.00 цаг хүртэл хугацаанд ажиллана..." гэжээ.

Шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ М.Н охины асаргаа сувилгааны зардалд тооцон хүүхэд асрагчын хөлс 19 800 000 төгрөг болон, цэцэрлэгийн төлбөр 2 700 000 төгрөгийг хамтад нь гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Гэтэл дээр дурдсан гэрээний заалтуудаас харахад М.Н охиныг цэцэрлэгт хамрагдаж байх хугацаанд Э.Золзаяад хүүхэд асарсны хөлс төлж байсан гэж харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг хүнийг нэг ижил цаг хугацаанд, хоёр өөр газар асарч, сувилж байсан байна.

Иргэний хуулийн 505.1, 506.1 дэх заалтад заасны дагуу хүүхэд асарч сувилсны хөлс төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цэцэрлэгийн зардлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа юм.

"Хөлсөөр ажиллуулах гэрээ" болон мөнгө төлсөн баримт нь хувь хүмүүс хоорондоо гараараа бичиж үйлдсэн, мөн О нь өөрөө орлогогүй гэх бөгөөд хүүхэд асрагчийн хөлсийг ах, эгч нараасаа авсан гэх боловч хэн гэдэг, ямар ах, эгчээсээ мөнгө авсан тухай тодорхой баримт шүүхэд гаргаж өгөөгүй, гэрээний төлбөрийг ямар эх үүсвэрээс төлсөн болох нь нотлогдохгүй тодорхойгүй, мөн Нийгмийн даатгалын газраас ирсэн лавлагаагаар хүүхэд асрагч гэх Э.Золзаяа нь “Байгаль кашмир” ХХК-д 2015 оны 01 сараас одоог хүртэл ажил эрхэлдэг болох нь тогтоогдож байгаа зэрэг хэрэгт цугларсан баримтаас харахад "Хөлсөөр ажиллах гэрээ" нь хуурамчаар нөхөж үйлдсэн байх боломжтой юм.

Гэтэл шүүхээс уг баримтыг үндэслэн хүүхэд асрагчын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 38.4-т "... хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргахыг... хориглоно...", мөн хуулийн 38.5-д "... нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй..." гэсэн хуулийн заалтуудыг зөрчин мөн хуулийн 40.2 дах заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байна.

Мөн шүүхээс нэхэмжлэгч Б.Оийн олох ёстой байсан орлогод тооцон 7 488 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 505 зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, 506 зүйлд 16 нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгах талаар тус тус ялган хуульчилж өгсөн байна.

Э-ийн эмч С.О, Б.О нарын буруутай үйл ажиллагааны улмаас 2009 онд М.Н гэх охины эрүүл мэндэд хохирол учирсан. Иргэний хуулийн 506.1, 505.1-д 16 нас хүрээгүй хүмүүст учирсан гэм хорыг арилгахдаа асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байхаар хуульд заасан байна.

Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ М.Нгийн ээж Б.От дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчин олох ёстой байсан орлогод тооцон мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Э-ийн эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас Б.Оийн эрүүл мэндэд гэм хор учраагүй байтал Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлийг үндэслэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 116.2-т “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж байна.

О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...миний бие Нийгмийн халамжийн байгууллагааас өвчтэй хүүхдээ хардаг гэж сар бүр 64 000 төгрөгийн халамж, охин М.Нд байнгын эмчилгээний зардал гэж 128 000 төгрөг... өгдөг...” гэсэн байх бөгөөд уг тэтгэмж нь гэм хорын хохирлоос хасагдах ёстой юм.

Иймд БГД-ийн ИХАШШүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01775 шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 1722 тоот магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 27 408 000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.О нь Эд холбогдуулан гэм хорын хохиролд 94 242 686 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 7 787 085 төгрөгийг зөвшөөрч, үлдсэнийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 35 195 985 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2009 оны 05 дугаар арын 06-ны өдөр охин М.Н 4 сартайдаа уушигны хатгаа оноштойгоор Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтсэн, 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баруун эгэмний доорх венийн судсанд Селденгерийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарын үед уг тавьсан гуурс уушгийг хатгаснаас уушгийг гэмтээж, улмаар хяналтгүй орхисноос хүндрэл гарч, тархины цусан хангамж байхгүй болж, тархины 80 хувь гэмтэж, орчны ямар ч харьцаагүй, байнгын таталт өгч, идэж уух, шээж баах рефлексгүй болж, 100% бусдаас тусламж авч, байнгын асаргаанд орсон. Дээрх үйлдэлд эмч Б.О, С.О нар зохих буруутай болох нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн. Иймд Эөөс 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртлэх хугацааны хүүхэд асрагчийн ажлын хөлс, памперсний мөнгө, олох ёстой орлого, тусгай цэцэрлэгийн төлбөр, эмчийн үзлэг, шинжилгээний төлбөр, таксины төлбөр, эм, эмчилгээний зардал,нотариатын зардал, шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн албадах ажиллагааны төлбөрт 44 242 686 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, нийт 94 242 685 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас шинжилгээний төлбөр, эм, эмчилгээний зардал, памперсний үнэ, цэцэрлэгийн төлбөр, нотариатын зардлыг зөвшөөрнө, 2016 онд шүүхийн шийдвэрээр 47 000 000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.Оийн охин М.Нгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, байнгын бусдын асаргаанд орсонд Эийн эмч нар буруутай болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон үндэслэлээр өөрт учирсан хохирлоо хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримтаар тогтоогдсон хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1., 506 дугаар зүйлийн 506.1.,  498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгчийн хүүхэд асрагчтай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-д зааснаар хүүхэд асрагчийн ажиллах цаг хүүхдийг хүүхэд хөгжүүлэх төвд хүмүүжсэн 18 сарын хугацаатай давхацсан байх тул энэ хугацаанд хүүхэд асрагчид төлсөн хөлсийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн Б.О нь өөрөө орлогогүй гэх бөгөөд хүүхэд асрагчид хөлс төлсөн үндэслэлээ нотлоогүй, тэрээр ажил хийдэг талаарх баримт хэрэгт авагдсан байхад ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр олгуулахдаа нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, мөн тэрээр халамжийн тэтгэвэр авдаг тул түүнд олгогдох хохирлоос хасагдаж, зөрүү төлөгдөх учиртай, шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэжээ.

“...Хохирогч М.Н байнгын таталт өгдөг, татахаараа савж унадаг, биед нь байнга тайвшруулах массаж хийж, булчинг сулруулж байх шаардлагатай, эмээ уусан ч бараг унтдаггүй учир 24 цаг хажууд нь унтахгүйгээр харах ёстой болдог, хүүхэд том болсон тул хооллож ундлах, өргөж тэврэхдээ даахгүй болсон зэргээс ганцаараа асрах боломжгүй тул асрагч хөлслөн ажиллуулдаг, асрагч амралтын өдрөөр ч ажилладаг, ...байнгын асаргаа, хараа хяналт шаардлагатай тул орхиж яваад ажил хийх боломжгүй...” зэрэг үндэслэлээр өөрт учирсан хохирол, зайлшгүй гарсан зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ хариуцагч нь нотлоогүй,  тухайн зардал гараагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн хохирогчийн эмчилгээ, асрамжид зориулж олгосон халамжийн тэтгэмж нь тухайн асрамжид байгаа этгээдэд зориулагдах тул нэхэмжлэгчийн зайлшгүй олох байсан орлогоос хасагдаж тооцогдохгүй,  нэхэмжлэгч нь ажил эрхэлж, орлого олж байсан ч тус халамжийг авах эрх үүссэн тул нэхэмжлэгчид олгогдох хохирлыг буруу тооцсон талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01775 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1722 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД